С.Бадрал: Амьдралд тулгарах олон бэрхшээлээс хамгийн хэцүүг нь сонгож давахыг хүсдэг
2018 оны 1 сарын 23

Хэдий харь нутагт олон жил амьдарсан ч эх орон гэдэг хэзээд зүрх сэтгэлд уяатай эрхэм нандин орон зай болохыг С.Бадрал хэмээх энэ залуухан карьерист ноёнтны амьдралаас харж болно. Өдгөө Европын эрхэмсэг Данийг төлөөлөн эх орондоо томоохон төслийн менежерээр томилогдон ирсэн тэрээр ердөө 2 настайдаа хилийн чанад, Польш улсыг зорьж одож. Улмаар дунд сургуулийнхаа 8 жилийг л эх орондоо, Улаанбаатар сурч төгссөнийг эс тооцвол зуун хувь гадны боловсролын системд “чанагдсан” тэрээр цахилгааны инженер хэмээх ховор мэргэжилтэй. АНУ-д дээд сургууль дүүргэсэн тэрээр Америкт ажиллах олон боломжуудаасаа татгалзаж Монголдоо ирсэн нь эх орноо хөгжүүлэх, юу сурч мэдсэнээ сорих эр сэтгэл өвөрлөснийх. Ирэх ирэхдээ ирээдүйд тун ч амбицтай байж мэдэх салхин цахилгаан станцыг барьж байгуулах төслийн багт Дани улсыг төлөөлөн иржээ. Тодруулбал, С.Бадрал Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Цэций салхин” цахилгаан станцад Дани улсын талыг төлөөлсөн үйлчилгээний менежерээр ажиллаж байна. Өөрт оногдсон ажил үүргээ давуулан биелүүлж, сайжруулж байж санаа амардаг махруу зан, одоогийн залуусаас олдомгүй ховордсон чанар нэвт ханхлуулах залуу ноёнтон амьдралд тулгарах бэрхшээлийн амар хялбарыг биш, аль хэцүүг нь сонгож дав гэх хатуу шаардлагаар өөрийгөө хурцалдаг хэмээн ярих. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар үргэлж ямар нэг хувийн бизнес эрхэлж заншсан тэрээр энэ удаад эх орондоо номын сан бүхий кофе шоп ажиллуулах төслийг ч мөн эхлүүлжээ. Шинэ үеийн залуусын сэтгэлгээ, тархины vibe гэж энэ аж. Түүнтэй танилцъя.

-Өөрөө бүр цэцэрлэгийн наснаасаа гадаадад боловсрол эзэмшсэн юм билээ. Хэзээ эх орноосоо гарч эрдмийн аянд мордож байв?

-Манай аав Төв, ээж Ховд аймгаас гаралтай хүмүүс. Харин би Улаанбааатар хотод төрсөн. Хоёр настай байхдаа Польш явж, тэнд цэцэрлэгт орсон. Харин сургуульд орох үедээ Монголдоо ирж, Орос гуравдугаар сургуульд орж 9-р анги хүртлээ суралцсан. Тэндээсээ Америкт очиж high school-д шууд 12-р ангид дэвшин орсон юм. Улмаар Америкийн “Saint Cloud State University” хэмээх 20 мянган оюутантай улсын сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр суралцаж төгсөөд Монголдоо ирсэн дээ.

-Сургуулиа төгсөөд Америкт ажиллаж амьдрах олон боломж бололцоо байсан байх. Яагаад эх орондоо ирж ажиллахыг зорьсон бэ?

-Уг нь гадаадад үлдэх хоёр, гурван сонголт байсан. Мастертаа орох гээд бүр бэлдчихсэн байсан. Гэхдээ “Six sigma green belt masters program” хийчихээд ирсэн. Гэвч төрөлх улсын маань эдийн засаг маш хурдацтай хөгжиж байгаа нь намайг ийшээ дуудсан гэх үү дээ. Юу хийж чадахаа харж, өөрийгөө соримоор байна.

-Одоо ажиллаж байгаа Цэций салхин цахилгаан станцад Дани улсын талыг төлөөлсөн станцын менежерээр орохдоо ямар шалгуураар яаж сонгогдсон бэ? 

-Энэ компанид орохоос өмнө Америкийн “Женерал Электик” гэдэг компанид ажиллаж байсан юм. Дараа нь Салхитын цахилгаан станцад таван жил ажилласан. Энэ хугацаанд инженерээс засвар үйлчилгээний менежер, дараа нь станцын менежерийн түвшинд хүрч ажилласан. Тиймээс Данийн компанид сонгогдох шалтгаан болсон байх гэж боддог. Нөгөө талаар миний эзэмшсэн ур чадварыг үнэлсэн. Би өөрт оногдсон ажил үүргээ өндөр түвшинд хүргэж сайжруулж чадаж байж сэтгэл ханадаг. Хариуцсан ажлаа сайжруулж чаддаг гэсэн сертификат хүртэл авсан. Энэ нь барьж авч эхлүүлсэн ажлаа хаягдал, илүү зардалгүйгээр сайжруулж чаддаг гэж үнэлсэн утгатай юм л даа.

-Монголд сэргээгдэх эрчим хүчний хоёр салхин цахилгаан станц байдаг. Салхин станцууд байхын давуу ба сөрөг тал?

-Салхин цахилгаан станц олон давуу талтай. Өнөөдөр Улаанбаатарын утааны асуудал маш хэцүү байна гэж хэн хүнгүй л ярьж байна. Үүнийг жишээлбэл сэргээгдэх эрчим хүчээр шийдэж болно. Салхин цахилгаан станц ямар ч ус хэрэглэдэггүй. Энэ нь усны нөөц багатай манайх шиг оронд маш тохиромжтой. Мөн утаа тортог гаргадаггүй технологитой. Технологи юм чинь мэдээж 100 хувь эко биш л дээ. Гэхдээ л нүүрсэн цахилгаан станцтай харьцуулахад хамаагүй эко. Ерөнхийдөө байгаль дахь салхи гэдэг үнэгүй зүйлийг эрчим хүч болгодог ашигтай технологи. Харин сүүлийн таван жилийн хугацаанд сөрөг талыг нь судалж үзэхэд жилдээ 1-2 шувуу сэнсэнд мөргүүлж байгаа нь анзаарагдсан. Гэхдээ нүүрсэн цахилгаан станцаас болж шувуунууд олноороо хордож үхдэгтэй харьцуулахад маш бага тоо юм л даа.

-Манай улс цахилгаан эрчим хүчээ гаднаас импортлодог. Өөрсдөө үйлдвэрлэж хэрэгцээгээ чөлөөтэй хангах мөн гадагшаа экспортлох боломж бий юу?

-Үүнийг их олон жилийн өмнөөс судалж ирсэн. Манай Цэций цахилгаан станц нь энэ судалгааны нэг хэсэг. Эхний шат нь тавигдсан. Туршилтын төсөл ч гэж хэлж болно. Энэ төсөл амжилттай болох юм бол дараа дараагийн цахилгаан станцууд нэмэгдэж баригдана. Өндөр хүчдэлийн цахилгааны шугамуудаар Хятад, Орос, цаашлаад Япон, Солонгос руу сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх боломж бий. Үүний анхны алхам Цэций цахилгаан станц юм...

Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (28)
  • Retweet (21)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 12-01 09:46
    Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)