Мисс Ө.Буянхишиг: Монгол эрчүүд илүү романтик байгаасай
2018 оны 1 сарын 18

Одоогоос 7 жилийн өмнө 2011 онд 165 орны гоо бүсгүйчүүд оролцсон Дэлхийн миссийн тэмцээнээс “Бикини мисс” тэргүүн байрын шагнал хүртэн гэрлийн хурдаар олны танил болсон мисс бол Ө.Буянхишиг. “Шилдэг гоёлын даашинзтай дэлхийн хатан хаан”,  “Шилдэг тайзны алхаатай дэлхийн хатан хаан”, “Дэлхийн шилдэг авьяаслаг хатан хаан”, “Азийн шилдэг загвар өмсөгч хатан хаан” 4 номинацийн эзэн болж байсан тэрбээр тухайн цаг үедээ хит болж байсан мисс. ХУИС-ийг дүүргэсэн мисс бүсгүй англи хэлэнд “ус цас” гадаадын хөрөнгө оруулалттай компанид удирдах алба хашиж байсан юм. Загварын карьераа тийм ч тууштай хөөгөөгүй ч топын зиндааны гэж үнэлэгддэг цөөхөн моделиудын нэг байв. Ийм үүх түүхтэй бүсгүй өөрийн бие даасан үзэсэлэнгээ гаргаж “O Couture  шоуны тайзнаа алхлаа. Ээж болсон, гэр бүлийн амьдралд хөл тавьсан гээд сонин хачин ихтэй. Түүнтэй онлайнаар холбогдож яриа өрнүүллээ. Түүнийг “толгойгоороо амьдардаг мисс” гэж тухайн цаг үед тодотгож байсан нь зөвхөн эрчүүдтэй нэр холбогддоггүйд нь өгсөн үнэлгээ биш аж. Сайн ярилцагч байж оновчтой товч хариулт өгнө гэдэг өөрөө боловсролтой холбоотой асуудал. Нүүр тулж ярилцаагүй үед энэ чухал үзүүлэлт шүү.

-Төрсний дараах диет, бие галбираа үргэлж сайхнаар хадгалах охид бүсгүйчүүдийн хамгийн их сонирхох асуулт. Энэ талаар?

-Би төрсний дараа 28 кг нэмсэн. Хүүгээ 6 сар хүртэл нь хөхүүлсэн. Хөхүүл байх үед ямар нэгэн турах дэглэм болон дасгал хөдөлгөөн хийгээгүй. Угаасаа энэ үед нойр муутай байдаг болохоор хийвэл ядаргаанд орно л доо ээжүүд маань. Хүүгээ хөхнөөсөө гаргачихаад 2 сарын дотор бараг хэвийн жиндээ очсон. Гэхдээ яг төрөхийн өмнөх жин дээрээ очиход 4кг дутуу байсан. Миний диет бол маш амархан бөгөөд бүгд гэртээ хийх боломжтой, үр дүнгээ заавал өгдөг дэглэм. Давсны хэрэглээгээ багасгаж чихрийн хэрэглээг бүр болино. Өдөр бүр 108 удаа сунаж мөргөнө. Ингээд л боллоо. Давсгүйгээр идэхэд амттай хоолнууд хийж идэх хэрэгтэй. Жишээ нь өндөг, оугирци, улаан лоольны салад ч юм уу.

-Буянхишигийг сайхан бүсгүй чадварлаг модель гэдгийг мэднэ. Харин сүүлийн үзэсгэлэн чинь нууц хөзрөө дэлгэсэн явдал байлаа. Үзэсгэлэн гаргах хэмжээнд хүртэлх хэдэн жилийн хөдөлмөр байсан бэ?

-Би арван жилээ “Монгень” цогцолборын уран зургийн сонгоны ангийг төгссөн. Гэхдээ дунд сургуулиа төгсөөд өөр мэргэжлээр суралцаад гэр бүлтэй болох хүртлээ маш завгүй ажилладаг байсан. Тэгээд бие давхар болоод өөртөө амралт өгч зургаа зурж эхэлсэн юм. Эхийн хайр, хайр дурлал, аз жаргалын гоё тод өнгүүдийг нийгэм ийм бухимдалтай үед дэлгэж хүмүүст баяр баясал, тайвшрал өгөхийг хүссэн. Маш амжилттай болсонд баяртай байна.

-Өөр ямар авьяас байна?

-/инээв.сэтг/ Авьяас ч юу байх вэ. Ер нь хобби юм уу даа. Би хийх дуртай юм сонирхдог зүйл ихтэй хүн л дээ. Тэгж байж аз жаргалтай бас өөрийгөө өдөр бүр хөгжүүлж хөшиж хөгшрөхгүй амьдарч чадна гэж боддог. Өдөр бүр өөрийгөө сэдэлжүүлж аль болох хөдөлгөөнтэй, баяртай хөөртэй амьдрахыг хүсдэг. Тийм болохоор дуулах бүжиглэх, сүүлийн үед фитнесс болон бокс гэх мэт олон хоббитой болж байгаа.

-Загварын ертөнцийн он жилүүд өөрийн чинь амьдралд юу өгсөн бэ?

-Надад тоолж тоочиж барамгүй олон зүйлсийг өгч мэдрүүлж чадсан. Гоо зүйн хувьд болон хувь хүний хөгжлийн хувьд ч . Миссийн тэмцээнүүдийг хүмүүс гаднаас нь хараад л маш амархан гоё сайхан инээгээд л зогсож байдаг зүйл гэж боддог. Гэтэл тэнд үнэндээ биеэ авч явах соёл, ур ухаан, авьяас, мөн яагаад хүнлэг сайхан сэтгэлтэй байж хүмүүнлэгийн үйлсийн элч байх ёстой зэрэг маш олон зүйлсийг ойлгуулж олон орны охидтой өөрийгөө харьцуулж өсөж дэвжих сэдэл гэх мэт олон зүйлсийг өгч мэдрүүлдэг. Мөн тэмцээний үед маш завгүй олон цагийн хуваарьтай явдаг. Өдөрт бараг ихдээ 5-6 цаг л унтдаг. Гэхдээ яаж ч ядарсан хөөрхөн байх хэрэгтэй. /инээв.сэтг/ Тиймээс дараа нь амьдралд яаж ч ядарч цөөхөн цаг унтсан байлаа ч өвдөхөөс бусад үед өөртөө анхаар хөөрхөн байхыг зааж ойлгуулна.

-Тайзаа үгүйлэв үү? Топ моделийн хэмжээнд үзээд алдах бодол бий юу?

-Тайзан дээр гарах гоё мэдрэмж. Надад тийм бодол байхгүй ээ. Байсан бол загвараа орхихгүй эцсийг нь үзтэлээ явах байсан байх. Миний хувьд өсвөр насны охин байхдаа мөрөөдөж байсан мөрөөдлөө биелүүлсэн. Энэ л надад хангалттай. 120 гаруй орон оролцсон дэлхийн миссийн тэмцээнд түрүүлэх бол мартагдсан мөрөөдлөө биелүүлчихээд санасан гайхамшигтай мөч байсан. Мөн “Miss World 2011” тэмцээнд эх орноо төлөөлж явсан маш цөөхөн охинд олдох боломж шүү дээ.  “Desoft студийн Эрхэмээ ахад маш их баярлаж явдагаа энэ далимд хэлмээр байна.

-Өөрөө бас хувийн бизнес эрхэлж байсан. Ажил хэр байна даа?

-Миний ажил маш амжилттай сайн байгаа. Саяхан "Art of B" гэсэн өөрийн брэндийг гаргалаа. Анхны бүтээл болгож өөрийн зурсан зургуудаа 100 хувь ноолууран шааль “Говь” компаниар захиалан үйлдвэрлүүлж гаргасан байгаа. Хүмүүст маш их таалагдаж сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Маш их урам орж байна. Хамгийн гол нь би энэ шаальнуудыг амьдралын хамгийн нандин бас аз жаргалтай үедээ бүтээсэн. Нөмрөөд зүүгээд явж байгаа бүсгүй бүр дэгжин харагдахаас гадна тийм гоё жаргалтай байгаасай гэж бодож бүтээсэн. Шаальныхаа брэндийг сав баглаа боодлыг нь их анхаарч хийсэн. Ээждээ, хайртай эмэгтэйдээ, эхнэртээ өгөхөд нээж үзэхээс догдлом тийм байвал гэж бодож хийсэн. Гэтэл бүсгүйчүүд маань өөрсдөө л худалдаж аваад байдаг. Би уг нь хайртай хань нь үр хүүхэд нь авч өгөх байх гэж сав багалаа боодол дээрээ их анхаарч хийсэн. Гэтэл яагаад ч юм эрчүүдийн маань идэвх бага нь анзаарагдсан. Монгол эрчүүд илүү романтик болоосой. Эхнэр ээжийгээ гэнэтийн бэлгээр гоё баярлуулж байгаасай гэж хэлмээр байна.

-Гэр бүлийнхээ хүнийг албан ёсоор танилцуулаач. Хэвлэлд ярилцлага өгдөггүй хүнээс асуухгүй өнгөрвөл уншигчид зэмлэх байх?

-Манай хүнийг Тэмүүжин гэдэг. Миний ар тал, хамгийн сайн найз шиг л байдаг. Хайрын утга учрыг энэ хүнээс өдөр бүр мэдэрч хүүхэд байсан үеэсээ илүү эрх болох хандлагатай байгаа шүү. /инээв.сэтг/ Хүү маань аавтайгаа усны дусал шиг адилхан. Харахаар хүүхэд үетэй нь бас хамт байгаа юм шиг санагддаг.

-Буянхишигийн хамгийн тод ааш?

-Тэрийг надаас илүү нөхөр маань л хариулах байх даа. Эсвэл дүү маань ч юм уу.

 -Ширээний ном?

-Би ер нь нэг уншсан ном, үзсэн киногоо дахих дургүй. Харин ном, онч мэргэн үгс уншаад таалагдсанаа бүгдийг нь нэг дэвтэр дээр тэмдэглэж авдаг юм. Сэтгэл санаа тогтворгүй болох ч юм уу тийм үед тэрийгээ ширээний ном болгож эргүүлж хардаг.

-Нэгэнт үзэсгэлэн гаргачихлаа. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?

-Маш их урам орсон. Захиалгаар олон зураг зуруулах хүсэлт ирсэн болохоор уран бүтээлийн төлөвлөгөө бий. 
Сонирхуулахад сая миний "Үрийн заяа" шаальнаас худалдаж авсан 5 бүсгүй бие давхар болсон байсан. Бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болсон. Амьдралын аз жаргалтай мөчид эдэлж хэрэглэх зүйл тусдаа байдаг юм шиг ээ. Ялангуяа бие давхар үеийн эд зүйл, үйл явдал сэтгэлд тод үлддэг шүү дээ. 

-Загварын ертөнцийн юунд нь та хамгийн их шүүмжлэлтэй ханддаг вэ?

-Манай загварын ертөнц маш хурдацтай хөгжиж байгаад баяртай байна. Мэдээж болж байгаа олон зүйл болохгүй байгаа олон зүйл ч байгаа. Бас болохгүй байгаа болж байгаа хүмүүс зөндөө бий. Би ер нь юмыг аль болох болж байгаа талаас нь харах дуртай. Хүнийг болон юмсыг шүүмжлэхдээ тун болгоомжтой ханддаг. Миний бодлоор зөвөөр шүүмжилж, шүүмжлэл нь өөрт нь нөгөө талдаа зөв үр дүн авчрахаар шүүмжилж сурна гэдэг их том ур чадвар байх л даа. Би одоо бол шүүмжлэх биш суралцах насан дээрээ яваа гэж бодож байна.

-Чадварлаг модель болоход дан ганц гоо үзэсгэлэн, бие галбир хангалтгүй. Өөрийн чинь хувьд амжилтын нууц юу байсан бэ? -Зөвхөн модель гэлтгүй бүх зүйл дээр хичээл зүтгэл бас сэтгэл зүрхээ зориулах л амжилт авчирна гэж боддог.

-Таны ойрын 5 жилийн төлөвлөгөө?

-Олон зүйлийг төлөвлөж байгаа. Одоохондоо гэхдээ миний сэтгэл дотор л оршиж байг. Хүмүүст хэлэх биш харуулахыг хүсэж байна.

Бидний ярилцлага ийнхүү өндөрлөв. Мисс бүсгүйн сэтгэлээ шингээж урласан шааль маш богино хугацаанд трэнд болох шинжтэй. Миссүүдээс бид удахгүй өндөр хүлээлттэй суудаг болох нь. Тэмцээнд амжилт гаргах ёстой, амьдралаа яаж ч өөрчилсөн үргэлж гоё сайхан байх ёстой, авьяасаа хөгжүүлж бусдад хүртээлтэй амьдрах ёстой ... Миссийн амьдрал тэр чигээрээ бусдын сайн сайхан мэдрэмжийн төлөө зориулагддаг ч юм шиг. Төгсгөлд нь түүний зөвшөөрлөөр холбоо барих хаяг, утасны дугаарыг оруулахаар шийдсэн юм. Limited edition цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн энэхүү шаальнаас авах хүсэлтэй хүмүүс доорх мэдээллийн дагуу холбогдож болох юм. 

https://www.facebook.com/angelina.buchka

https://www.instagram.com/buyankhishig.unurbayar/ 

Холбоо барих утас: 99102729, 99105231

Танд баярлалаа.

Ярилцсан Б.Ундрал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-06 15:16
    Retweet (31)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-10 12:43
    Retweet (0)
  • 12-10 12:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:30
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:27
    Retweet (0)
  • Retweet (0)