Artist Tugu: Залуусын дунд хар тамхи тахал шиг тархсан
2018 оны 1 сарын 17

Залуусын дунд өөрийн өвөрмөц хэмнэл, онцгой аялгуунуудаараа нэгэн шинэ хуудсыг эхлүүлээд буй залуу уран бүтээлч, хөгжмийн продюсер Г.Төгөлдөрийг /artist Tugu/ өнөөдрийн ярилцлагын буландаа урилаа. Дуучин Siente-ийн Starry Night, Mixx хамтлагийн дуучин AMC-ийн Habibi, Жонон хамтлагийн Memories зэрэг түүний уран бүтээлүүд youtube суваг дээр хэдийнээ хоёр сая гаруй хандалт авчээ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Хуучнаар сайн дурын уран сайханч гэж намайг хэлэх байх. Бага наснаасаа урлагтай сэтгэл зүрхээрээ холбогдож, өнөөдрийг хүртэл хүсэл мөрөөдлөө даган амьдарч байна. Миний дотор яг ямар мэдрэмж төрж байна тэр болгоныг хөгжмөөр дамжуулж хүмүүсийн сэтгэлийн нэг хэсэгт хөг аялгуу болон хоногшихыг хүсдэг.

Улаанбаатар хотод төрсөн. КУДС-ийг  2011 онд дууны найруулагч мэргэжлээр төгссөн. Bros рекордсын продюсер Томоогийн шавь. Оюутан байхаасаа студиэр бичлэг хийж, мэргэжлийнхээ дагуу ажилладаг байсан. Одоо бол бусдад уран бүтээлээ танилцуулж эхлэх хангалттай туршлагажсан гэж бодож байгаа.

-Siente&Tugu гэдэг хослолыг мэдэхгүй хүн хөгжим сонирхогчид дунд байхгүй юм шиг байна лээ. Та хоёрын дуу аль хэдийнээ 2 сая гаруй хүний чихэнд хүрчихсэн, өөрийн фэнүүдтэй болсон байна. Хамтын уран бүтээл хийх санаа хаанаас төрсөн бэ?

- Бид хоёрын уран бүтээл хийх болсон түүх их сонирхолтой. Бид хоёр нэг студид ажилладаг байлаа, би хөгжмийн найруулга, тэр дүрс бичлэгийг нь хариуцдаг байсан юм. Хамт нэг өдөр караокед ороод, Siente-г дуулдаг гэдгийг тэгэхэд мэдсэн. Тэр үед манай студи дээр MIXX хамтлагийн дуучин АMC дуу хийлгүүлье гээд, шинэ дуун дээр нь дахилт дуулах хүн хэрэг боллоо. Би Siente-г дуул гэсэн, ерөнхийдөө би уруу татсан гэх үү дээ. “Би чадах юм болов уу” гээд нэлээн эргэлзсэн ч  яг миний хүсэж байснаар мэдрэмж нь гарч ирсэн. Дууны амин сүнс нь дахилтан дээрээ байгаа л даа. Хүмүүс ч яг тэр мэдрэмжээр гоё хүлээж авсан. Тэр дуу маань boost хийгээгүй хэрнээ клип нь тавигдсаны дараа хоёр сая гаруй хүн үзсэн байсан. Эхэлж байгаа хүмүүсийн хувьд энэ нь том амжилт шүү.

Siente багаасаа дуучин болох мөрөөдөлтэй, 10 жилээ төгсөөд СУИС-т шалгалт өгөх гэж байхад нь ээж аав нь зөвшөөрөөгүй хуулийн сургуульд оруулсан гэсэн. Тэгж байгаад зурагчин болоод сүүлдээ клип хийдэг болоод студийн ажил хийж байхдаа надтай танилцсан юм. Одоо бид хоёр шинэ цомгийнхоо ажилд орчихсон, Ж-Мобайл ивээн тэтгэгчээр орж байгаа сайхан мэдээтэй.

AM-C & SIENTE - HABIBI

-Ингэхэд клипэн дээрээ яагаад зөвхөн AMC, Жулдыз хоёрыг тоглуулдаг юм. Хосууд юм уу, тэр хоёрын хайрын түүхээс сэдэвлээд байгаа юм уу. Гурван ч клипэн дээр тэр хоёр байсан?

-Тэр хоёрыг тоглуулах санааг Siente өөрөө гаргасан. Хөгжим идэвхитэй сонирхдог, сонсдог хүмүүс нь арван жилийнхэн, оюутнууд байгаа ш дээ. Тэр насны хамгийн гоё зүйл нь хайр дурлал байдаг. Залуучуудын сонирхдог дүр төрхийг Жульдыз, MIXX-ийн Амараа гэж тодорхойлсон, тэр утгаараа тэр хоёрыг тоглуулсан. Habibi дууны клипний үеэр Амараа Жульдыз хоёр үерхэж эхэлсэн. Тэр дуу тэр хоёрын нэг хэсэг бэлэг тэмдэг шиг болчихсон. Habibi цацагдсанаас хойш хоёр жил өнгөрчээ.

-Чиний уран бүтээлүүд хэзээ ч сонссон шинэлэг мэдрэмж, амин сүнсээ хадгалаад байна. Нууц нь юундаа байна?

- Би өөрөө дуу амин сүнстэй байх ёстой гэж боддог. Хайрын тухай дуу үнэн байж л хүнд хүрдэг юм шиг санагддаг. Энэ жил өөр стиль жанарын цомог хийе гэж төлөвлөж байна. Дуунууд нь club-ын уур амьсгалтай хэрнээ chill out, хүнд тайвшралыг өгдөг, бүжиглэх сэдлийг төрүүлдэг тийм дуунууд хийж байгаа. Мөн Siente-гийн альбом дээр ажиллаж байна.

-Шулуухан асуучихад “ийм аяыг монголчууд хийлээ гэж үү, хулгайн дуу биш биз дээ” гэсэн сэтгэгдлүүд олон байсан. Ер нь бол хулгайн дуу гэдэг хардлага байдаг. Хулгайн дууг таних ямар арга байдаг юм?

-Таних амархан шүү дээ. Миний мэдэхийн Shazam гээд аппликэйшн байна. Аппликэйшнээ нээгээд  дуугаа тавихад ямар дуу вэ гэдгийг шууд гаргаад ирдэг.

Анх ая хийж эхэлсэн процесс ч өөрөө эндээс эхэлсэн байхгүй юу. Тухайн үед би хип хоп хамтлагт дуулдаг байсан. Хамтлаг дуучид гадны аян дээр шууд дуу хийчихдэг байсан. Тэр нь надад ерөөсөө таалагддаггүй, өөрсдөө л аяа хийх ёстой гэж боддог байлаа. Тухайн үед ямар ч байсан өөрсдөө аяа хийгээд болгоод л байдаг байсан. Миний мэргэжил дээр хэрхэн ая зохиох талаар сургалт орж байгаагүй ч цэвэр хоббигоороо сурсан.

-Долоон тэрбум хүн долоон ноттой байхад давхцахгүй яах юм гэдэг хүмүүсийн зүгээс хэр эсэргүүцэлтэй тулгарч байна?

- Зарим нэг нь угаасаа тоодоггүй ш дээ. Барууны дууг яг тэр чигээр нь хуулчихсан ч байгаа. Миний хувьд бол аль болох өөрийн  дотоод мэдрэмжээ гаргаж байж юм хийсэн юм шиг болдог. Тийм л зүйлийг хүмүүст сонсуулахыг зорьж байгаа. Тэр хүмүүсийн хувьд өөр аянаас авсан мэдрэмжээ надаас нэхээд байдаг. Яг энэн шиг ая хийлгэмээр байна гэдэг ч юм уу. Уул нь тэр аялгуу нэг л хувь байгаа. Адилхан хэмжээтэй байж болно, гэхдээ хөгжим нь өөр байх ёстой. Энэ сэтгэлгээг хамтлаг дуучдад суулгах гэж багагүй тархи угаалт хийсэн. Урлагийн төлөө хийж байгаа болохоор санаа зовохгүй байгаа л даа.

-Рок поп, хип хоп гадаадын ая хулгайлдаг. Зохиолын дуучин гэхээрээ хуучны дууг дуулахгүй бол танигддаггүй. Энэ хоёрын голоор өөрөө хүчтэй салхи болж орж ирж байгаад баяртай байна.

- Баярлалаа. Би өөрийгөө продюсер гэдэг нэрний 20 хувьд нь ч хүрэхгүй юм хийж байгаа гэж боддог. Одооны хөгжмийн зах зээл, дэлхийн чиг хандлагаруу монголын хөгжмийг ойрхон байлгах нь миний ирээдүйн зорилт. Шинэ залуу дуучдын сэтгэлгээ, дуулах, үглэх ур чадвар, мэдрэмжийн хувьд дэлхийн хэмжээнд нэлээн ойртож байгаа. .

Солонгос  ч юм уу бусад азийн орнуудад соёлын бодлого гэж байдаг. Манайд бодлого байхгүй. Бор зүрхээрээ, урлагт хайртай хүмүүс л үүнд амьдралаа зориулж байгаа. Урлагийг хөгжүүлэхийн төлөө л явж байгаа. Тэрний өчүүхэн хэсэг нь би.

-Дуу төрсөн түүх ярья.. Сүүлд “Flashхамтлагийн Нандиагийн “Учирсны дараа” дууг хийсэн байсан?

- Нандиа бид хэд хуучны танилууд, нэг үеийнхэн. Хамт дуулдаг Энка бид хоёр бас багадаа нэг хамтлагт байсан. Энэ дууны хөгжмийг би хийгээгүй, үгэн дээр нь ажилласан. “Хуримын даашинзтай бүсгүй” киноны цаг хугацаа давчуу байсан учраас эхний бадгийг нь хүнээр бичүүлээд таалагдахгүй болохоор яалт ч үгүй өөрөө үгийг нь бичихэд хүрсэн.

NANDIA ft NK - Uchirsnii daraa /Хуримын даашинзтай бүсгүй OST/

- Эрэгтэй артист үгүйлэгдэж байна. Өөр шиг чинь шүлгээ бичдэг, аяа хийчихдэг бүх талын чадвартай хүн цөөхөн. Өөр ингэж хийдэг уран бүтээлч мэдэх үү?

-Тийм уран бүтээлчид олон бий. Олон нийтэд танигдаагүй боловч авьяаслаг олон залуучуудыг би мэднэ. Тэдний уран бүтээлийг олон хүнд хүрээсэй гэж хүсдэг.

Би өөрөө ичимхий талдаа, олны өмнө гарахад сэтгэлзүйн хувьд бэлтгэлгүй, уран бүтээлчийн хувьд харах өнцгөө олоогүй байсан болохоор ч юм уу хэсэг нуугдаж, ажиглалтын байдалд байсан. Гэхдээ олонд танигдсан хамтлаг дуучидтай оюутан байхаасаа л хамтарч ажилласан. Продюсерын хувьд, мөн дуулалт талаасаа өөрийн гэсэн шинэлэг хэв маягийг гаргаад практик дээр туршаад явж байна. Ний нуугүй хэлэхэд 10 жилд байхдаа дуулах ямар ч авьяасгүй хүүхэд байлаа, хаа нэг бүжгийн номерт ордог. Гэтэл нэг найз маань намайг сүрхий урлагийн хүн гээд найранд дуулуулахаар хүмүүстэй ярьчихаж. Яалт ч үгүй дуулах болоод нэг ардын дууг бүтэн долоо хоног бэлдсэн. Тэгэхэд л дуу гэж юу байдгийг бүтэн анализ хийж, дуулалт гэдгийг ойлгосон гэх үү дээ. Тэрнээс хойш өөрөө аялгуу зохиож эхэлсэн.

-Өнөөдрийг хүртэл хэчнээн уран бүтээл дээр ажилласан байна?

-Нийтийн хүртээл болсон гэвэл 20 орчим, цацагдаагүй 60 гаруй бүтээл бий. Бүтээл төрөх үедээ нэг өдрийн дотор ч бүтнэ, гарахгүй үедээ нэг сар суугаад ч гарахгүй. Өөрийнхөө хувьд би чамлалттай байдаг. Залхуу уран бүтээлч гэх юм уу даа.

-Урлагийн карьер хөөхөд эдийн засгийн хувьд ямархуу байдаг юм бол?

- Намайг клипээ хий, дуугаа хий гэж аав, ээж маань нэг  ч төгрөг өгч байгаагүй. Арван жилд байхдаа байрныхаа найзтай хамтлаг байгуулаад, өдрийнхөө хоолны мөнгийг цуглуулж байгаад студид нэг цагийн дотор хоёр дуу бичүүлээд л явдаг байсан. Ер нь бор зүрхээрээ л өдий хүртэл уран бүтээлээ хийгээд явж байна. Хамтлагт байхдаа өөрөө хүртэл клипээ хийж үзсэн.

- Өөрийнхөө БИ-г тодорхойлооч. Төөгөө гэж яг хэн юм?

-Ер нь бол нэг хэлбэрт удаан байж чаддаггүй. Байнгын янз янзын хэлбэрт орж байдаг, ус шиг хүн л дээ. Тэгээд магадгүй ганцаардмал. Жирийн хүмүүсийн сэтгэлгээтэй санал нийлдэггүй. Бас дээр нь анхнаасаа бусдаас өөр байх гэж багаасаа сонин содон зүйлс сонирхож, эгэл биш зүйлд дурладаг байсан. Дуу хөгжим над шиг ганцаардмал, дотогшоогоо хүнд бусад хүмүүст өөрийгөө ойлгуулах, мэдрүүлэх хамгийн чухал зүйл гэж боддог. Ярианаас илүүтэйгээр... Миний амьдралыг илүү утга учиртай аз жаргалтай болгодог зүйл бол яалт ч үгүй дуу хөгжим.

-Танай үеийнхний талаар бүтэхгүй төсөөлөлтэй болчихлоо. Зугаа цэнгэлд хэт автдаг, ямар нэг юм хэрэглэдэг гэдэг ч юм уу.

- Үнэнийг хэлэхэд хэрэглэдэг, татдаг зүйлс залуучуудын дунд тахал шиг тархсан байгаа. Би үүний эсрэг байдаг. Гэхдээ өөрийгөө мэдэхгүй байж бусдын амьдралыг шүүх дургүй. Яг ойрын найз нөхдөдөө бол шууд хэлчихдэг. Миний хувьд тэр зүйлд уруу татагдах, орох боломжтой нөхцөл байдалд байсан.

-Хар тамхи хэрэглэж үзсэн үү?

- Үзсэн. Би худлаа ярих дургүй. Сайн хүн байхын тулд энэ мэтийн асуултан дээр худлаа ярих хэрэг байна уу. Зөв хүн гэдэг нэрээ авч үлдэхийн тулд худлаа ярьж байхаар үнэнээ ярьчихсан нь дээр санагддаг.

-Ямар мэдрэмж төрж байх юм. Тэрийг хэрэглэхээр үнэхээр тэгж урлагийн хүн болдог юм уу?

- Хүмүүс амьдрал дээр ухамсартаа захирагддаг, ухамсартаа базуулчихсан байдаг. Тэр нь бидэнд хүлэгдмэл мэдрэмжийг өгдөг юм шиг. Ухамсраасаа чөлөөлөгдөөд ирэхээр хүн өөрийгөө аз жаргалтай байна гэж төсөөлдөг, тэр мэдрэмжиндээ донтож эхэлдэг юм шиг байгаа юм. Миний хувьд донтолт гэдэг зүйл ямар зан үйлийг давтан үйлдэж байгаа нь болохоос 100 гр архи уулаа гээд хүн архичин болчихгүй. Би тэрнийг хэрэглэж үзээд ямар зүйл байдгийг нь ойлгосон, гэхдээ автаагүй. Тэнцвэртэй ойлголтыг өөртөө авсан гэж ойлгодог. Хэн амьдралаа юунд  үрэх нь өөрийнх нь эрхийн асуудал ч гэлээ, би залуучуудад тэрнээс илүү гоё зүйл амьдралд зөндөө байгаа гэж хэлнэ.

-Одоо цаг дээр өөрийн чинь амьдралыг юу аз жаргалтай болгож байна?

-Миний амьдралыг материаллаг зүйлсээс илүүтэй, намайг сайн ч явсан, муу ч явсан намайг гэж итгэсэн, итгэж байгаа тэр хүмүүс аз жаргалтай болгодог. Намайг хайрладаг тэр хүмүүс миний амьдралыг аз жаргалтай болгодог. Дээр нь мэдээж намайг хэн ч байсан өөрөөр минь хайрлах тэр хүн. Миний талд зогсох. Ер нь тийм хүнээ олсон гэж бодож байгаа.

-Урлагийн хүний хувьд эмэгтэй хүн таны амьдралын хэдэн хувийг эзэлдэг юм бол?

-Миний хувьд эмэгтэй хүн байхгүй бол надаас гарах тэр мэдрэмжүүд байхгүй гэж хэлнэ. Эрэгтэй хүнийг хараад надаас ямар ч аялгуу төрөхгүй шүү дээ. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хөглөж өгч байдаг. Миний бодлоор эмэгтэй хүн яг хөгжим шиг. Тэр хөгжмийг яаж тоглох нь эрэгтэй хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.

-Өөрөө тэгвэл эмэгтэй хүн гэдэг хөгжмөөр өөрийнхөө хэмжээнд хүртэл хангалттай тоглож чадаж байна уу? Нөгөө хүнийхээ сэтгэлд бас хүртэл?

-Тэрийг мэдэхгүй.

-Урлагийн ертөнцөд чадвартай авьяаслаг хэрнээ зарим залуус яагаад танигддаггүй юм бол?

- Авьяастай хүн тэр зүйлийг хүртэхгүй байхыг хараад би өөрөө жаргалгүй болчихдог. Хувь хүний аз хийморь гэж байдаг байх л даа. Урлагаар амьдарна гэдэг ний нуугүй хэлэхэд аймар том эрсдэл, аймар том аз жаргал. Санхүүгийн хувьд гэх юм бол монголд урлагаар яваад санхүүгийн эрх чөлөөтэй амьдрах хэцүү. Би бол өөрийгөө азтайд тооцно. Хүссэнээрээ амьдрахын тулд би өөрийнхөө хүсдэг амьдралаас татгалзсан. Далд ертөнц, шашин сонирхож эхлээд эдэлж хэрэглэх бол түр зуурын зүйл гэдгийг ойлгосон. Дээр нь хүний хүсэл хэзээ ч дуусахгүй. Дотоод эрх чөлөөгөө тэр үед олсон. Дотроо эрх чөлөөтэй болохоор мөнгөгүй байсан ч тэрийг зовлон гэж бодохоо больчихсон.

-Ингэхэд оддын өвчин хэр тусаж байна?

- Уран бүтээлээ идэвхтэй хийж байтал тодорхой цаг хугацааны дараа олны танил болох л байлгүй. Үүнийг миний сэтгэлзүй хүлээж авахад бэлэн болсон. Надад мянган шүтэн бишрэгчээс илүү намайг хэн ч биш байхад сонсож байсан найз нөхөд, дүү нарын минь ганц коммент байхад л болно. Тэрнээс бусад хүмүүсийн сэтгэгдлийг тийм өндрөөр хүлээж аваад тэрэнд нисэх ч юм уу тиймэрхүү зүйл болохгүй дээ.

-Нөхөрлөлд ер нь болзол тавьж болох уу?

-Болзол гэхээс илүү хэн хэнийгээ сайн мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Сэтгэлгээний түвшин ойролцоо байх юм бол удаан хугацаанд нөхөрлөж болох байх. Хэдий олон жил найзласан ч гэсэн өөр сэтгэлгээтэй хүмүүс найзлах худлаа болдог. Би тэгж л хардаг.

-Өөрийн чинь үеийн өндөр мэдрэмж, олон талын чадвартай, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа залуучууд гэр бүл төлөвлөлт дээр ямар үзэл баримтлалтай байдаг юм бол?

-Одоо цаг үед гэр бүл гэдэг асуудал хурцадмал байдалтай байгаа. Урдны тогтсон дэг жаяг, ёс жудаг байхгүй, эмх замбараагүй болоод эрэгтэй хүн нь яах ёстой юм, эмэгтэй хүн нь яах ёстой юм бүгд тодорхойгүй болчихсон. Эрэгтэй нь эрэгтэйгээрээ, эмэгтэй нь эмэгтэйгээрээ байгаа юм уу үгүй юу бүү мэд.

Миний анзаарч байгаагаар залуучууд арай эрт гэрлээд байх шиг. Уул нь 30 гараад үзэл бодол нь тогтсоны дараа өөрсдөдөө ямар хүн тохирох вэ гэдгээ тодорхойлсны үндсэн дээр хүнтэй суухгүй бол зүгээр л сэтгэлзүйн романс үүсгээд, амлалт өгөөд явчихаж байгаа байхгүй юу. Явц дунд хүлээн зөвшөөрөхгүй зүйлс гарахаар хоёр тийш болдог. Тэр дунд хүүхдүүд хохирч байна. Энэ бол миний эмзэг сэдвүүдийн нэг. Ийм зүйлс дээр эмзэглэдэг. Алдсан талынх нь төлөөлөл болмооргүй байсан болохоор гэр бүлийнхээ төлөө урлаг, уран бүтээл бүх зүйлээ хэсэг хаясан. Бүх юманд золиос байдаг. Цаг хугацаа бүх юмны хариултыг өгдөг. Аль алиных нь хариултыг өгөх байлгүй. Залуучууд эхлээд сайн хүн болох гэж нэгэндээ жүжиг тоглохоос илүү шударга хандаж сурах хэрэгтэй гэж бодож байна.

-Өөрийнхөө уран бүтээлээр ямар мессэж өгөхийг хүсдэг вэ?

-Хайр гэдэг зүйл ариун байгаасай, хүмүүс ариун байлгаасай гэж хүсдэг. Хөгжмөөр дамжуулж хүний сэтгэлийг эмчлэх гэж оролдож байгаа. Хүний сэтгэлийг явж явж эмнэлэг биш хайр, хайрын аялгуу ч юм уу тийм зүйлс эмчлээсэй гэж хүсдэг. Миний уран бүтээлийн гол зорилго бол зүрх, сүнсний эм бүтээхийг зорьж байгаа. Шашин судалсан, бясалгал хийдэг, бага сага тэр зөв хандлага маань тэр жорыг сайн болгоход тусалдаг болов уу гэж боддог.

Би анх хип хоп дуулдаг байсан. Тэгээд цаашаа уран бүтээлчийнхээ хувьд хип хоп гэдэг нэг газраа удаан зогсохыг хүсээгүй. Уран бүтээлийнхээ хувьд цаашаа аяллаа үргэлжлүүлэхийн тулд ардын хөгжим сонирхож, Жонон хамтлагтай хоёр ч уран бүтээл дээр ажилласан. Цаашдаа иог бясалгалд зориулсан chill out CD хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэрийгээ би энэ зун хөдөө нөүтбүүкээ аваад ууланд очиж байгаад гадаа байгальд хийхийг хамгийн их хүсэж байна.

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Artist Tugu уран бүтээлүүд:

SIENTE - STARRY NIGHT (Feat. TUGU)

OPOZIT - UULEN DEEGUUR (VISUAL) prod. by T.U.G.U.

Ice Top - Asar basar

Seryoja ft. Enerel & Tugu - I Don't Care [LYRICS]

Enerel ft. Tuugu & Ujin - Бүү ай[LYRICS] 2016

Jonon ft Tugu - Memories

JONON - Ariun dagshin /The Sacred/

Digital Харьд

                                                                                                                                                                                        Ярилцсан У.Цахирмаа 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (39)
  • 12-01 11:05
    Retweet (20)
  • Retweet (10)
  • Retweet (10)
  • 12-01 11:13
    Retweet (7)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 12-01 11:04
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)