М.Алтанцэцэг: Гэр бүлийн боловсролын асуудал ХАРАНГА дэлдэж байна
2017 оны 12 сарын 22

Хүний амьдралын хамгийн нандин зүйл гэр бүл. Тиймч учраас бид сэтгэлзүйчийн булангаар энэхүү асуудлыг онцгойлон авч үзлээ. М.Алтанцэцэг бол сүүлийн үед хит болж буй сэтгэлзүйч. Амьдрал дээр алдарт эхийн одонт үлгэр жишээ эзэгтэй. Хувийн амьдралаа төвхнүүлсэн байдал нь өөрөө хэр бусдад зөвлөх хүн бэ гэдгийг нь илтгэж байгаа юм. Хоосон цэцэрхэж, цээжээ дэлдэгсэд олон. М.Алтанцэцэг үйл хэргээрээ танигдсан ч тийм ч celebrity хүн биш. Бид түүнтэй 2016 оноос хамтарч ажиллаж байгаа билээ.

-Гэр бүлд гарч байгаа харилцааны асуудлыг мэргэжилтны зөвлөгөөний дагуу шийдэх боломжтой болсон. Таны хувьд залуу хосуудад юу гэж зөвлөмөөр байна?

-Гэр бүл болно гэдэг хүний амьдралдаа гаргах шийдвэр, сонголтын хамгийн чухал нь. Хүний амьдрал гэр бүлийн дотор оршин тогтнож байдаг. Гэр бүлгүйгээр хэн нэгний амжилтыг, аз жаргалыг, баяр хөөрийг төсөөлөхийн аргагүй. Таны өнөөдрийн амьдрал, амжилт, хэн байгаа тань хүүхэд нас, ээж аавын олгосон хүмүүжил, гэр бүлийн орчноос шууд нөлөөгөө авсан байдаг. Тэгэхээр залуус маань гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн боловсролыг анхаарч үзэх, бодох цаг болсон. Өмнөх уламжлалт үетэй харьцуулах аргагүй өөр хөгжил, хурдтай өөрчлөгдөж буй цаг үед бид амьдарч байна. Гэр бүл болоогүй, үерхэж нөхөрлөж яваа залуус хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. 

  • Өмнөх үерхэл нөхөрлөлийн алдаанаасаа суралцах, өөрөөр хэлбэл анх удаагаа танилцсан хүнтэйгээ шууд гэр бүл болох нь олон алдааг дагуулж байдаг
  •  Мөн өмнөх  харилцаандаа цэг тавьсан байх ёстой. Эргэж буцсан хоргодсон байх ёсгүй. Хуудсаа хаагаад шинэ хуудас эхлүүлсэн байх ёстой.
  • Хүнд итгэж сурах хэрэгтэй. Хайр дурлал, гэр бүлийн амьдралд итгэлцэл маш чухал байдаг.
  • Ганцаараа байж сурах хэрэгтэй. Ганцаараа байж, өөрийгөө чангаж, өөртэйгээ ярилцаж, өөрийгөө таньж мэдэхэд цаг гаргаж сурах хэрэгтэй. Гэр бүлд асуудал гарахад өөрийгөө таньж, өөртэйгээ ажиллаж чаддаг хүн даван гарах зохицуулах боломжийг олж харж чаддаг чадвартай болдог.
  • Хайртай хүнээ байгаагаар нь хайрла. Алдаатай оноотой нь, сайн муутай хайрлаж сурах хэрэгтэй. Төгс төгөлдөр хүн хаа ч үгүй. Үнэндээ та өөрөө ч төгс биш гэдгийг байнга санах
  • Яагаад гэрлэх гэж байгаагаа тунгаан бод. Ирээдүйд ирэх үүрэг хариуцлагаа ухамсарла. 
  • Гэрлэх гэж байгаа хүнийхээ ар гэрийн амьдрал, найз нөхөдтэй нь уулзаж ярилцах, судлах. Эдгээр зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй. Залуу хосууд сэтгэл хөөрлөөр асуудалд хандах нь их. Тэднийг буруутгах аргагүй, орь залуу нас гэдэг сэтгэлзүйн хувьд эмзэг, эгзэгтэй нас. Тэдэнд зөвийн зүгт залж заах, түшиж тулах хүн хэрэгтэй байдаг. 

-Ойлголцохгүй, нэгэнтэйгээ илэн далангүй ярилцахгүй байгаагаас болж маш хурдан цэг тавих болж. Гэтэл салалтын хамгийн муу үр дүн нь хүүхэд шүү дээ?

-Гэр бүл салалт их байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Өдөрт 10 гэр бүл салж байна, нийт гэр бүл цуцлалтын 70% нь 1-3 жил амьдарсан залуу гэр бүлүүд байна гээд л тоо баримт харвал энэ үзэгдэл нийгэмд хортой гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болохоор болоод байна. Эргэн тойронд хадам ээж аавтайгаа учир зүйгээ олох, бие биенээ хүндэлж ойлгож харилцах чадваргүй залуус хүүхдээ тэвэрч айл хэсч явааг бид харсаар байна. Саяхны судалгаанаас харахад гэр бүл салалтын шалтгааны эхний тавд үл ойлголцол, үзэл бодлын зөрүүтэй байдал гэсэн шалтгаан орсон байна лээ. Энэ нь хүмүүс бие биенээ ойлгох, харилцах, хамтрах, хүндэтгэлтэй хандах, уучлах өршөөх зэрэг хүний ёсны, ёс зүйн наад захын соёлд суралцаагүй, сэтгэлийн хатгүй байгааг харуулаад байна. Амьдрал дардан замаар явах нь тун ховор. Тэгэхээр тохиолдож буй саад бэрхшээлийг даван туулж байж дараагийн шатанд гарах ёстой гэдгийг нь бага балчир байхаас нь, гэр бүл болохоос нь өмнө, хүүхэдтэй болохоос нь өмнө ойлгуулж ухааруулах үүрэг хариуцлага гэр бүлүүдийн өмнө, эцэг эх, багш, ахмадууд цаашлаад төр засгийн өмнө тулгараад байна даа.

Гэр бүл салалтаас хүүхэд хохирдог гэдгийг бид мэднэ. Тэдний бяцхан зүрх ямар их зүйлийг мэдэрдэг, хардаг, сонсдог гэдгийг насанд хүрэгчид тооцоолдоггүй. Гэр бүлийн хүчирхийлэл амь насанд халтай болсон, хосуудын хувьд үргүйдэл, сэтгэцийн өвчин зэрэг цөөн хэдэн тохиолдлоос бусад шалтгааныг оюун ухаант хүмүүн бид даван туулах, зохицуулах боломжтой байдаг. Гэтэл өөрийн зөвийг батлах гэсэн муйхар бодол, хэн нэгний ятгалга, харилцаа хамтын ажиллагааны хоцрогдол, ирээдүйн амьдралаа бүтэн зургаар харж чадаагүй охор хараа, үр хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг тооцоолоогүй хувиа хичээсэн явцуухан үзэл зэргээс болоод салж байна. 

-Нийгмийн олон янзын стресс бухимдлаас ангижруулдаг ганц газар бол гэр бүл, гэр орон. Гэтэл гэрт ч мундахгүй асуудалтай. Энэ бүгдээс яаж өөрийгөө болон гэр бүлээ авч гарч, даван туулах вэ?

-Хүний амьдралдаа баримталдаг зарчим, үнэт зүйлс гэж бий. Ялангуяа үнэт зүйлсийн баримжаалал хүний шийдвэр гаргалтад шууд нөлөөлж байдаг. Тэгэхээр өөрийн үнэт зүйлсийн жагсаалтыг хүн бүр гаргадаг байх хэрэгтэй. “Юу миний хувьд хамгийн үнэ цэнэтэй вэ? Аль нь урт удаан хугацаандаа надад үнэ цэнээ өгөх вэ?” зэрэг асуултыг өөртөө тавь. Тэгээд аль нэгийг сонгох шийдвэр гаргах үедээ дээрх асуултыг асууж байгаарай. 

Ажил, найз нөхөд, албан бус уулзалт, клубууд гээл гэр бүлээс гадуур цагаа зугаатай өнгөрүүлэх боломжит хувилбарууд олон болсон. Тиймээс “хаашаа... хэнтэй...” гэдэг сонголт хийх үедээ “үнэ цэнэ”-ийн тухай бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй. Гэр бүл гэдэг таны хувьд хамгийн үнэ цэнэтэй гэдгийг өөрийн цээжний самбарт хадгалж чадах аваас олон зүйлийг зөв зүйтэй зохицуулах боломжийг та өөртөө нээж чадна. Гэр бүлийн орчноо халуун дулаан уур амьсгалтай, баяр хөөртэй, хөгжилтэй байлгах үүрэг хариуцлагыг эхнэр нөхөр хоёр хоёулаа хамтран үүрэх ёстой. Амралт зугаалга, хамтдаа хоол идэх, гэртээ зугаатай байх, болзоонд явах, хүүхдүүдэээ баярлуулах зэргээр хамтын амьдралаа сонирхолтой байлгаж чадвал олон төрлийн стресс бухимдал танаас холдох болно. 

-Хайрласан сэтгэлээ хэвээр нь хадгалж, өөрсдийн гэсэн бэлгийн амьдралын хэв маягийг бий болгох нь гэр бүлийн харилцаагаа үнэ цэнэтэйгээр нь хадгалах нэгэн боломж мөн үү?

-Хосуудын харилцааны амин чухал бөгөөд амттай, аз жаргалтай нэгээхэн хэсэг бол бэлгийн амьдрал бөгөөд гэр бүл дэх уур амьсгалыг тодорхойлж байдаг. Бие биедээ хайртай, хайр сэтгэлийнхээ төлөө тэмцдэг, хайраа хамгаалдаг хосуудын хувьд бэлгийн амьдралд тийм ч их саад учирдаггүй.  Гэр бүлийн харилцаагаа үнэ цэнэтэйгээр авч үлдэх харилцааны, хамтын оролцооны олон сайхан аргууд бий. Сексийн хувьд ч бас хосууд ярилцаж, ойлголцсон, тохиролцсон өөрсдийн сонирхолтой хэв маягтай байхыг үгүйсгэхгүй. 

-Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал. Гэр бүлийн харилцааны асуудал улам нарийсан төвөгтэй болж, шийдвэрлэх асуудлууд дэвшин гарч ирэх хандлага ажиглагдаж байна?

-Монголчууд бидний уламжлал, түүх соёл маань гэр бүлийн хүмүүжил дээр тулгуурлсан байдаг. Гэр бүлд байгаа соёл, хүмүүжил, дүрэм журам нь өөрийн онцлогтой байж түүгээрээ дамжуулан үр хүүхдээ хүмүүжүүлэх суурь болж ирсэн. Харин одоо цаг үеийн байдал өөр болсон. Доктор Т.Намжил гуайн судласнаар “Монгол гэр бүл эгзэгтэй, хямралын үедээ орсон бөгөөд 15-20 жилийн дараа гэр бүл байхгүй болно. Оюутолгой, Таван толгой гэх зэргээр эдийн засагтаа хамаг анхаарлаа хандуулж байх хооронд нөгөө талд гэр бүлийн харилцаа сулраал байна” гэсэн дүгнэлт хийсэн байна лээ. Мөн “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө гуай нэгэн ярилцлагадаа “Монгол гэр бүл задарч, орших эс оршихдоо тулаад байна” гэж ярьж байсан. 

Би ч санал нэг байна. Зөвлөгөө авахаар ирж байгаа, манай төвд хандаж байгаа хүмүүсийн 80% нь гэр бүлийн харилцааны зөрчил маргаан байдаг. Тэгэхээр гэр бүлийн харилцааны асуудал, гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжил боловсролын асуудал харанга дэлдэж байна даа. Монголын 30 жилийн дараах ирээдүйг төсөөлөн бодьё гэвэл өнөөдөр өсөн бойжиж буй бяцхан үрсдээ ямар хүмүүжил, ямар боловсрол олгож байгаагаа тунгаан бодох хэрэгтэй болов уу. 

Танд баярлалаа. 
“Гранд” сэтгүүл №100


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (32)
  • Retweet (25)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)