Очтөгсийн Номуундарь: Гоо сайхан болгон дэглэмтэй, дэглэмтэй хүн бүр гоё сайхан байдаг
2017 оны 12 сарын 22

Манай энэ удаагийн зочин БНСУ-д гоо сайхны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн ховор “бараа”. Яагаад ч юм гоо сайханч гэхээр бид мэргэжилгүй, 10 жил төгссөн хүмүүс байдаг гэсэн ойлголт авсан байна. Гэтэл эсрэгээрээ энэ салбар дэлхий дахинд мэргэжлийн өндөр түвшинд хөгжиж байна. Номуундарь БНСУ-ын хэмжээнд байдаг цор ганц гоо сайхны чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг дээд сургуулийг төгсжээ. Мэргэжлийн хүрээндээ тэр мэдээж нэлээд эрэлттэй өндөр зэрэглэлийн гоо сайханч. Түүний салон E Mart-д энэ сард нээлтээ хийх гэж байгаа сайхан мэдээг манай бүсгүйчүүд олзуурхан хүлээж авч байгаа. 

Салон гэхээр танд хэдэн ор зэрэгцүүлээд тавьчихсан орчин төсөөлөгдөж байна уу? Эднийх тэс өөр. Солонгосын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр арьсыг оношилж, тэнд өндөр зэрэглэлийн салон хэрэглэж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэнэ гэхээр хорхой хүргэнэ. Жирийн бус онцгой энэ салонд одоогоор 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа аж. Гэхдээ эцсийн байдлаар дуусчихаагүй байгаа гээд бод доо. Бид сая нэг төгс салонтой болох нь. 

Номуундарьтай олон зүйлсийн талаар ярилцлаа. Ялангуяа гэрийн нөхцөлд хэрэгжүүлэх зөвлөгөөнүүд нь урд хожид сонсож байгаагүй энгийн мөртлөө асар үр дүнтэй зүйлс байсанд олзуурхан шууд өөр дээрээ туршиж эхэлсэн. Мэргэжлээ төгс эзэмшсэн, бусдыг гоё сайхан болгох туйлын хүсэлтэй, эрх чөлөөт залуу бүсгүйн ертөнц сонирхолтой юм. Ид төлөвшлийн үеэ БНСУ-д өнгөрүүлсэн түүнээс “хангүг” салхи нэвт салхилах мэт. Амьдралын хэв маяг, өөрийн үзэл бодол ер нь бүх зүйлийг нь сонирхож ханашгүй л юм билээ. Монголд цор ганц байгаа дээд боловсролтой гоо сайхны мэргэжилтэн гэж бодохоор бахархмаар ч юм шиг. Бид оюунлаг залуусаараа үнэхээр бахархахгүй байх аргагүй юм шүү. 

1.  Таны хамгийн тод ааш  
-Шийдэмгий зарчимч. Ихэнх зүйл дээр нэг шийдвэр гаргасан бол эргэж буцдаггүй зантай. Бас нэлээн гүргэр зантай. 

2. Таны хамгийн том айдас  
Хүмүүсийн итгэлийг алдах вий гэдгээс айдаг. 

3. Таны уриа 
Эерэг бодолтой зөв амьдрах 

4.   Таны гоо сайхны идеал  
Гоо сайхныг дотоод гоо сайхнаас үүдэлтэй гэж үздэг. Дотоод гоо сайхан .... тухайн хүнийг улам үзэсгэлэнтэй болгон тодотгодог юм болов уу. Мөн инээмсэглэл бол хамгийн төгс нүүр будалт. 

5.  Уран зохиолын хамгийн хайртай баатар  
“Араатны хаан арслан” ккк

6.  Тэгвэл амьдралд  
Эргэн тойрны хүмүүсээ хамгаалахыг хүсдэг. 

7.  Танд ямар авьяас хамгийн ихээр дутагддаг вэ? 
Дуулах авьяас ёстой байхгүй. Бас машин барьж чаддаггүй. 

8.  Та амьдралдаа юу хийж чадаагүй вэ? 
Одоогоор залуу байгаа болохоор тийм юмыг хийж чадсангүй дээ гэсэн зүйл байхгүй. Харин бодож санаж байгаа зүйлүүдээ биелүүлэхийн төлөө хичээж байна. Гэхдээ аливаа зүйлд харамсахгүйн тулд эцсийг нь тултал хийдэг. 

9.  Та ямар он цагт амьдармаар байна? 
Яг одоогоороо 

10.  Таныг юу тайтгаруулдаг вэ? 
Бясалгал 

11. Таны амьдралын хамгийн аз жаргалтай агшин  
Тааламжтай баяртай мэдрэмж авч байгаа бүх зүйлийг аз жаргал гэж боддог. Халуун кофегоо тав тухтай орчинд уугаад сууж байх ч аз жаргал. 

12. Таны хамгийн өвөрмөц худалдан авалт 
Өмсөж үзэхгүй авдаг ккк

13.  Хэрвээ өөрчлөгдөх боломж олдвол чухам юугаа өөрчлөх вэ? 
Илүү эмэгтэйлэг зан чанартай болохыг ... 

14.  Ямар тохиолдолд худлаа ярьж чаддаг вэ? 
Гарцаагүй байдалд орсон үедээ 

15. Хүний мөн чанар юу вэ? 
Хүмүүжил хүн чанар 

16.  Мөнхий хайр гэж байдаг уу? 
Мэдээж гэр бүлийн хүмүүсээ хайрлах нь мөнхийн хайр. Харин эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд мөнхийн хайр байлгахын тулд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Гэхдээ мөнхийн хайр байдаг гэдэгт итгэдэг. 

17. Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй гэж юу вэ? 
Өөртөө цаг зарцуулж чаддаг байх. 

18. Танд эрхэмсэг эмэгтэй таалагддаг уу эсвэл ихэмсэг эмэгтэй таалагддаг уу? 
Эрхэмсэг эмэгтэй 

19. Дур булаам, тачаангуй эмэгтэй гэж хэн бэ? Та хэн нэгнийг нэрлэж чадах уу? 
Юм юм нь таарчихсан хэт туранхай биш эмэгтэй л тачаангуй. 

20. Таны амьдралын философи  
Мэргэшсэн мэргэжилдээ эзэн нь , аливаа зүйлийг эерэгээр харж зөв амьдрах. Хүн чанартай байх. 

-Кофенд дурлагч, инстаграмм фэйсбүүкийн “хурган од” ганц бие сайхан бүсгүйтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хэд хэдэн телевизийн нэвтрүүлэгт орж байсныг чинь бас мэдэх юм. Энэ бүгдийг нийлүүлээд дүгнэвэл та нэлээн нийгмийн идэвхитэй хүн бололтой. Би зөв таасан уу? 

-/инээв/ Би бусад хүмүүс шиг тийм аймаар од “мод” нь биш. Гэхдээ фэйсбүүк инстаграммыг ашиглаж аль болох гоо сайхантай холбоотой үнэн зөв мэдээллүүдийг өгөхийг хичээдэг. Сүүлийн үед инстаграммд видео бичлэгүүд түлхүү оруулж байна. Mongol HD-ийн “Өнөө өглөө”, “Наашаа цаашаа” нэвтрүүлэгт мэргэжлийнхээ холбогдолтой сэдвээр орсон.

Би ер нь нийгмийн идэвхитэй, өөрийгөө ажиглаад байхаар амралтын нэг өдөр гарах юм бол ерөөсөө зүгээр байж чаддаггүй хүн. Яаж ийж байгаад өөртөө ажил гаргадаг. Цаг зав гарвал хоол хийх дуртай. Mongol HD-гийн “Ороод гараач” хоолны нэвтрүүлэгт дам дамаа санал ирээд орсон. Тэгэхээр миний хоол хийх хобби телевизээр гарах хэмжээнд хүртэл нэлээн хөгжсөн юм байна гэж бодоод байгаа ш дээ.  

-Манай New Generation булан гоё CV-тэй, боловсролтой залуусын араас ярилцлага авья гээд гүйчихдэг, шинэ цагийн оюунлаг юм бүхний фанат л даа. Манай уншигчидтай боловсролын түүхээ хуваалцаач? 

-Би Монгол-Туркийн хамтарсан сургуулийг төгсөөд Солонгос руу дээд сургуульд суралцахаар явсан. Тухайн үед гоо сайхнаар сурна гэхээр хүмүүс “Гоо сайхнаар 4 жил сураад байхдаа яадаг юм, ямар сонин юм” гэж байсан. Би гоо сайхны чиглэлийн сургуулиа олоод энэ л сургуульд сурна, миний хүсэл мөрөөдөл яг энэ юм байна гэж эцсийн шийдвэр дээрээ бат зогсоход гэр бүлийнхэн маань их дэмжиж байсан. Гэхдээ бусад хүмүүс яг л нөгөө өнцгөөрөө харж байлаа. Нэгэнт мөрөөдөл, дуртай зүйл маань байсан болохоор нэлээн идэвхитэй оюутан байлаа. Гоо сайхнаар сурахад их юм судлах хэрэгтэй болдог. Арьсны чиглэлээр гэхэд анагаахын анатомиос эхлээд нарийн судлах зүйлс их. Нэн тэргүүнд солонгос хэлээ сайжруулж байж энэ бүгдийг илүү сайн судлах боломжтой болох байсан. Маш их хичээл зүтгэл гаргасан даа. Тэр их сургуульд байсан хоёр монгол оюутны нэг нь би. Бакалавраа хийгээд эх орондоо ирсэн. Цаашдаа сурах бодолтой байгаа. 

- Гадаадад сургууль төгсч, боловсрол эзэмшсэн нь Номуундарьт ямар давуу тал, боломж олгосон бэ?  

-Хүн ямар ч мэргэжил эзэмшсэн тэрэндээ үнэнч, эзэн нь болж явах хамгийн чухал гэж боддог. Дуртай мэргэжлээ төгс эзэмшээд тэрнийхээ төлөө явах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Надад олдсон хамгийн анхны том боломж гэвэл нэгдүгээр курст тэмцээн боллоо. Багш намайг шууд ор гээд. Тэр нь гоо сайхны улсын томоохон тэмцээн. Тэгээд бэлдээд нурууны массажны төрлөөр ороод алтан медаль авчихдаг юм байна. Тэгэхэд л энэ миний явах ёстой зам, надад таарах мэргэжил юм байна гэж урамшиж байсан. Дараа нь өөр тэмцээнд ороод мөнгөн медаль авлаа. Сургуулиа төгсөхдөө их том хүсэл мөрөөдөлтэй Монголд буцаж ирсэн. Сурснаа  бусдад түгээе, багш болъё гэсэн мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлж “Сити” их сургуульд багшилсан. Гоо сайхнаар гадаадад дээд боловсрол эзэмшсэний давуу тал зөндөө байна. Солонгос өөрөө энэ салбарт дэлхийд тэргүүлж явж байгаа орнуудын нэг. Солонгос улсын хэмжээнд гоо сайхны сургууль нь яг бакалавр, магистр докторын зэрэг олгодог ганцхан сургууль Сөүлдээ байдаг. Би тэр сургуулийн төгсөгч гэж хэлэхэд тэндээ ч нүүр бардам. Манай багш нар ихэвчлэн Австрали, Англид сурч ирсэн мундаг хүмүүс. Тэр хүмүүсээс гадны орны юмнуудыг сурч байна гэдэг үнэхээр их өгөөжтэй  байсан. 

-Орчин цагт хувь хүний мэдээлэл, ерөнхий background-ыг фэйсбүүк инстаграмаас нь шууд харж дүгнэж болохоор болчихсон. Энэ өнцгөөс та загварын өндөр мэдрэмжтэй, бараг фэшниста гээд хэлчихэж ч болохоор жинхэнэ орчин цагийн ажил хэрэгч дэгжин залуу хатагтай гэж дүгнэхээр юм билээ. Энэ нь таны мэргэжилтэй холбоотой чанар уу эсвэл?  

-Мэргэжилтэй холбоотой байж магадгүй. Гоо сайхан гэдэг чинь ерөөсөө л эмэгтэй хүнийг гоё сайхан байлгах, тэр үүднээсээ хувцас загвар ч холбогдолтой. Би учиргүй фэшниста гэхэд хаашаа юм. Гэхдээ энгийн юманд дуртай биш. Энгийн цамц байлаа гэхэд тэр нь детальтай, эсвэл ямар нэг оруулгатай ч юм уу тиймэрхүү юмнуудад илүү нүд унадаг. Би ирээд сургуульд багшлаад оффис ажил хийгээд ирсэн чинь ялгаа байсан л даа. Монголд оффисын ажилтан гэхээр энгийн нэг костьюм пиджактай. Би тэгж өмсмөөргүй санагдаад. Заавал оффис гэхээрээ баригдмал биш өөр стиль байж болдог. Солонгосын залуучуудыг харж байхад нэлээн загварлаг. Би ирээд нэг хэсэг уусах шахсан. /инээв/ Жилдээ нэг удаа солонгос яваад загварын мэдрэмжээ сэргээчихдэг шүү. 

- Номуундарийг брэндэд дурлагч гэж болох уу? Ямар брэндийг илүү таашаадаг вэ? 

-Эмэгтэй хүнд гутал, цүнх хоёр чухал. Бусад зүйл дээр заавал брэнд хөөдөггүй. Залуу хүн залуу насаараа гоёж явах хэрэгтэй. Магадгүй 35-аас дээш 40 нас хүрэхээрээ брэнд хэрэглээд явбал илүү нийцтэй  гэж боддог. Таашаадаг брэнд гэвэл яг тэр энэ гэж онцлоод байдаггүй. Загварлаг юманд л их дуртай. 

- Орчин үеийнхэн ном уншихгүй байна, хэт хөнгөмсөг байна гэх шүүмжлэл их байдаг. Өөрөө жишээ нь хэр сайн уншигч вэ? Сүүлд ямар ном уншив? 

-Ном уншихыг их хичээдэг. Манай ээж их ном уншдаг. Хажууд уншаад байдаг тэр нөлөөлөл байдаг байх. Ээж уран зохиолын ном уншиж бай гэдэг. Сүүлийн үед мэргэжлийн холбогдолтой солонгос хэл дээрх ямар гоо сайхны ном гарсан байна тэрийг уншихыг хичээж байна. Одоо цүнхэндээ аваад явж байгаа ном Бүсгүйн код. Их таалагдаж байгаа. 

- Танай салон “EMart” дотор нээгдэх гэж байгаа гэх мэдээллийг авсан нь нэг жилийн өмнөх явдал. Үүд хаалгаа нээх гэж нэлээн дунших шиг боллоо. Тэр хэрээр өндөр хүлээлт ч үүссэн гэж бодож байна. “The Bon Esthetic” салоны бусдаас ялгарах онцлог юу байх вэ? 

-Нэгдүгээрт би яг тэр мэргэжлийн хүн. Ажилчдаа ч мэргэжлийн түвшний хүмүүс авахыг хичээсэн. Өөрөө багшилдаг байсан учраас бүх ажилчдаа өөрийнхөө техник, арга барилаар жилийн өмнөөс сургаж авсан. Сайн боловсон хүчин манай нэг онцлог давуу тал. 

Манайх солонгост хамгийн сүүлийн үед гарсан мэргэжлийн оношилгооны 3D аппаратыг авч ирсэн байгаа. Арьсны онцлогийг 3D-гээр харуулахад настай нь харьцуулаад энэ хүний арьс ямар байна, хөгшрөлт хэр явагдаж байна, ямар үйлчилгээ энэ хүний арьсанд хэрэгтэй байна. Үүн дээр тулгуурлаад ямар үйлчилгээ хийхээ шийднэ гэсэн үг. Манай нэг оношилгооны аппарат 8 сая вонны үнэтэй, нийт 8 төрлийн аппарат байна. Товчхон танилцуулахад арьс  цэвэрлэгээний, арьс чангалах, чийг өгөх, цайруулах үйлчилгээг хийх аппаратууд байгаа. Ихэнх хүмүүс нүүрэнд ямар нэг юм массаж хийгээд л гоё болчихно гэсэн ойлголттой  байдаг. Биеийн булчингууд өөр хоорондоо хамааралтай. Нүүрийг гоё болгохын тулд хүзүү, нурууны булчин чухал. Цусны эргэлтийг сайжруулж зангирсан булчинг суллаж өгсний дараа нүүрэнд өгөх үзүүлэлт өндөр байдаг. 

Гоо сайхан, спа гэж ямар үйлчилгээ гэхлээр ерөөсөө л мэс засалгүйгээр хүн гоё болох боломжтой гэдгийг үзүүлнэ гэсэн үг. Тариа, филлер, ботокс хийдэг эмнэлгүүд олон байгаа болохоос яг манайх шиг гоо сайхан, спа чиглэлийг өргөн утгаар нь нэвтрүүлж байгаа газар ховор. 

-Нууц биш бол салоны нийт бүтэж байгаа өртөг. Аппаратанд л гэхэд нэлээн хөрөнгө зарсан байна. Бүтээгдэхүүн бас дээд зэрэглэлийнх байх?

-Ер нь бол солонгосын нэлээн гайгүй салонуудад хэрэглэгддэг мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байгаа. Салонд одоогоор 400-аад сая төгрөгний хөрөнгө оруулалт зарцуулагдаад явж байна. Тарифаа гаргахдаа аль болох хүн болгонд үйлчилгээгээ хүргэхийг зорьсон. Учир нь эмэгтэй хүн 30 нас хүрсэн, 30-аас дээшээ гарсан бол өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Долоо хоногт ядаж нэг, чадахгүй юмаа гэхэд сардаа нэг удаа гоо сайхны үйлчилгээ авч байгаасай гэж боддог. Яг 30 нас өнгөрөхөд хүний хөгшрөлт ид хурдацтайгаар явагдаж байдаг. Миний ажиглаж байгаагаар энэ нь эмэгтэйчүүд завгүй байдаг үе. Ажил төрлөө хийж байна дээрээс нь гэр бүл, ид хүүхдүүд өсдөг, эсвэл хүүхэд гаргадаг үе нь болохоор бүр өөрийгөө мартчихдаг юм шиг.  Тэгээд л сая нэг хүүхдүүд нь гараас гараад ажил нь тогтвортой болчихсон 40 насны босгон дээр гэнэт хартал өөрөө хөгширчихсөн, гундчихсан байдаг. Битгий тэгээсэй гэж их хүсдэг. Тарифаа би энэ энэ зүйлсийг бодоод дундаж үнээр бодож хийж байгаа. 

-Номуундарийн бас нэг сонирхолтой өнцөг бол Солонгос-Монголын хооронд гүүр болж хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцдог байдал. Залуухан бас ганц бие бүсгүйн тухайд талархууштай явдал. Хэдийнээс хүмүүнлэгийн ажилд гар бие оролцох болов?

-БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгэмлэг бол хорин жилийн түүхтэй байгууллага. Хамгийн анхны гараа нь монголоос эхэлж байсан. Манай ээж солонгост магистр хамгаалж байхдаа анх энэ байгууллагад орчуулгын ажил хийх болоод. Тэр үеэс өнөөдрийг хүртэл 17 жил ээж маань энэ байгууллагат ажиллаж байгаа. Монголын төлөөлөгч нь. Намайг солонгост очсоны дараахан монголоос хүүхэд ирчихсэн эмнэлгийн орчуулга хийх монгол хүн хэрэгтэй байна гээд би очиж байсан. Тэрнээс хойш 12, 13 жил энэ ажлыг хийж байгаа. Жилд 3-4 удаа монголд ирж хүмүүнлэгийн ажил хийдэг. Тэрний зохион байгуулалтыг нь би хариуцдаг юм. Надад энэ ажлыг хийгээд явж байхад тодорхой хэмжээнд хүнд тус болж байна гэдэг нь их сайхан санагддаг. 

-Ганц бие бүсгүйн завгүй амьдралын хэмнэлтэй өдрүүд ид өрнөж байна. Ойрын таван жилийн төлөвлөгөөг чинь сонирхож болох уу? Ойрын төлөвлөгөөнд гэр бүл, нөхөр хүүхэд харагдана уу? 

-Ойрын таван жилийн төлөвлөгөөнд гэр бүл мэдээж хэрэг байгаа. Хүн аз жаргалтай амьдрахын тулд нэгдүгээрт мэргэжлээ, хоёрдугаарт хань ижлээ зөв сонгосон байх хэрэгтэй. Хүний амьдрал ерөөсөө энэ хоёр юман дээр тогтдог. Ингэхдээ мэргэжил бол аз жаргалтай байхын 10 хувь үлдсэн 90 хувь нь гэр бүл гэнэ лээ. Би өөрийгөө аз жаргалтай байлгадаг мэргэжлээ олчихсон гэж боддог. Одоо бас гэр лүүгээ яардаг болох хэрэгтэй байх. Гэхдээ гурван жил би энэ ажлаа тасралтгүй удирдаад жигдрэхээр нь дахиад сургуульд явах төлөвлөгөө байна.

-Монголын нөхцөлд эмэгтэй хүн ганцаараа амьдарна гэдэг төдийлөн дасал болоогүй үзэгдэл. Ганцаараа амьдраад нэлээн олон жил болсон уу? 

-Арван жилээ төгсөж очоод Солонгост ганцаараа амьдарч эхэлсэн. Бүх юмыг өөрөө шийддэг, хийдэг болно. Манай гэрийнхэн монголд бий. Дүү солонгост сурдаг. Би айлын том. Аав ээж дээрээ очдог ч гэсэн хамт амьдардаггүй. Манай ээж хэзээ ч ингэ тэг гэж тулгаж байгаагүй. Чиний л амьдрал. Чи зөв явбал хийж байгаа юм чинь зөв байна. Буруу шийдвэр гаргалаа гэхэд чамд туршлага л болно гэхээс биш муу юм болохгүй. Гэхдээ чи өөрөө шийд гээд. Багаас ер нь дандаа надаар шийдвэрийг гаргуулж байсан. Сургууль сонгоход ч гэсэн чи л амьдарна чиний л амьдрал гээд. Ээж бол асар том зөвлөгч. Яг найз шиг л байдаг. Манайх дундаж давхаргын гэр бүл. Манай ээж аав намайг гадагш нь сургуульд явуулаад боловсрол эзэмшүүлсэн. Хүсэл мөрөөдөлтэй тэрэндээ үнэнч зориод явах юм бол бүтэхгүй юм гэж байхгүй. Хүнд боломж олддог. Боломжийг тэр үед нь ашиглах хэрэгтэй. Солонгосчуудтай хамтарч ажилж байгаа. Солонгосоос хөрөнгө оруулалтаа аваад мөрөөдлөө биелүүлж байгаад баяртай байна. Энэ хэрээр надад их хариуцлага ирж байгаа. Би өмнө  өөрийнхөө хэмжээнд салон ажиллуулаад явж байсан ч одоо   15 хүнтэйгээр үйл ажиллагаа эхэлж  байна. Ээж аав маань 18 настайгаас бие даалгасны ачаар өнөөдөр энэ бүхнийг хийхдээ эмээхгүй өөртөө итгэх итгэлтэй болсон гэж бодож байна. Эмэгтэй хүн, ер нь залуу хүн ээж аавынхаа өврөөс гарч бие дааж амьдарч үзэх хэрэгтэй. Манайд л шинэ үзэгдэл болохоос гадаадад бүгд л энэ жишгээр амьдардаг шүү дээ. 

-Мэргэжлийн хүнтэй уулзсаных манай уншигчдад амьдралд хэрэгжүүлж болох хамгийн энгийн зөвлөгөөнүүдийг өгөөч?

-Уг нь гоё сайхан арьстай байна гэдэг нь тийм ч хэцүү биш. Өдөр тутмын амьдралдаа 4 зүйлийг баримтлах хэрэгтэй. Нэг дүгээрт арьсаа маш сайн цэвэрлэх. Ямар ч үнэтэй бүтээгдэхүүн сайн цэвэрлээгүй үед  арьсан дээр шингэж орохгүй. Нэгээс гурван үе шатлалтайгаар арьсаа цэвэрлэж байх хэрэгтэй. Хоёр дугаарт нүүрээ долоо хоногт 1-2 удаа гуужуулж байх. Гуравт, чийгшил. Чийгшил алдагдсанаас үрчлээ үүснэ, арьс суларна. Дөрөвт, нарнаас хамгаалж байгаарай. Нарны тосыг 365 хоног түрхэж байх хэрэгтэй.. Нарны хэт ягаан туяа арьсыг шууд хөгшрүүлдэг.Мөн арьсаа гоё байлгахад нойр хамгийн чухал. Оройн 10 цагаас 02 цагийн хооронд хүний шинэ эд эсүүд  боловсорч гардаг. Энэ үед аль болох тайван амгалан амарч байх нь шинэ эс эдүүд нөхөн төлжихөд нөлөөлнө.

-Гоо сайханд баримталж болох хамгийн энгийн дэглэм, хооллолт?

-Гоо сайханд хоол маш чухал. Юу иднэ, нүүрэн дээр чинь илэрч гарна гэж ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн ногоон төрлийн хүнсний ногоо их идвэл арьсанд сайн. Броккли, шар чинжүү, бууцайнд витамин С их агуулагдсан байдаг учир Витамин С түлхүү хэрэглэх хэрэгтэй. Батгатай арьстай бол хашийг хэргэлэснээр үрэвслийг нь дарж өгдөг. Өвлийн улиралд цагаан гаа, лимонтой цай уувал дархлаа сайжруулна.  Сайхан арьстай байхад   С витамин олон төрлийн үр дүнтэй.Жишээ нь  цайруулах үйлчилгээтэй, хөгшрөлтийн эсрэг, бодисын солилцоо, цусны эргэлтийг сайжруулдаг. Өдөрт нэг удаа уух нь сайн. Жимснүүд дундаас алим гоо сайхны номер нэг жимс гэж ярьдаг. Хорыг сайн гадагшлуулдаг, бохирдол сайн цэвэрлэдэг, чийгшил сайн өгдөг. Манайхан хүнсэндээ мах түлхүү хэрэглэдэг учраас   хажуугаар нь ногоо сайн идэх хэрэгтэй. “Дэглэмтэй болгон гоо сайхантай, гоо сайхантай болгон дэглэмтэй” гэдэг үгийг би хэлэх дуртай. Дэглэм барихын хэрээр эмэгтэй хүн гоё болж дотроосоо эрүүлжиж арьс үс хүртэл гоё болдог. 

-Таны өөрийн баримталдаг дэглэмийг сонирхож болох уу? 

-Би өглөөдөө бууцай, алим, лийрээр өтгөвтөр смүүти хийж уудаг. Өдөр 11 цагийн үед 7, 8 ширхэг самар идчихдэг. Тэгээд нэг цагийн үед өдрийн хоолоо иддэгдээ. Ингэхдээ аль болох ногоотой, жигнэсэн хоол идэхийг боддог.Харин  4, 5 цагийн үед хөнгөхөн алим жимс ч юм уу идээд орой шаардлагагүй тохиолдолд хоол аль болох иддэггүй. Ерөнхийдөө тараг овъёос ч юм уу иддэг.

Дэглэм барихаас гадна бид амьдралдаа түгээмэл хэрэглэгддэг кофе, алкохолийг тухай бүрт нь блансыг тааруулах нь чухал. Кофе уудаг хүмүүст зөвлөхөд биеийн  шингэнийг маш их алдагдууладаг тул 1 аяга кофе уухад  4 аяга усыг байж тэнцдэг юм шүү. Харин алкохоль хэрэглэсэн үед хажуугаар нь ус сайн ууж байх хэрэгтэй. Нэмж хэлэхэд  вино арьсанд сайн гэдэг. Уухдаа багахан хэсгийг үлдээгээд яг нэг нэгийн харьцаатай устай хольж нүүрээ угаах юм бол арьсны хөгшрөлтийн эсрэг таны төсөөлснөөс  илүү үйлчилгээг үзүүлэх болно. Долоо хоногт хоёроос гурван удаа ингэж хэрэглэж болно. Мөн устай хольсон виногоо хөвөнд шингээж байгаад  шавших маягаар тоник болгож хэрэглэж болно. Энэ мэтчилэн хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ арьсандаа хэрэглэх боломжтой Жишээ нь  цагаан будааны шүүс арьсыг цайруулна.Мөн  далайн замаг(дашима) ийг усанд 5-10 минут дэвтээхэд нялцайгаад өтгөвтөр шингэн болчихдог. Үүнийгээ нүүрэндээ жигд түрхээд  20-30 минут болсны дараа бүлээн усаар угааж өгнө.Ингэж долоо хоногт 1-2 удаа хэрэглэснээр арьс өнгөлөг толигор болдог. Мөн сүүлийн  давсыг гоо сайханд их хэрэглэдэг болсон Давс нь арьсны бохирдлыг сайтар цэвэрлэж нян бактерийг  устгадаг. Долоо хоногт 1-2 удаа давс (хурууны өндөгний хэмжээтэй)-ыг нүүр угаагчтайгаа /cleansing foam/-тэй  холиод хөөсрүүлээд  угааж өгвөл давхар гуужуулагч болж өгдөг.. Мөн Давсаа шампуньтайгаа холиод үсээ угааснаар үс гялалзаж уналт багасдаг.

 -Үнэхээр алт шиг хэрэгтэй зөвлөгөөнүүд байна. Тэгвэл нүүрний арьсыг гэрийн нөхцөлд чангалах дасгал? 

-Солонгос одууд жижигхэн нүүртэй болохын тулд мэс заслын аргаар  ясаа авахуулдаг. Үүнийг массажны аргаар бас жижигэрүүлж болно. Ингэхийн тулд  “А” гээд ангайхаар хацрын ясны доод хэсэг (шанааны яс эрүүний хооронд ) хонхойж орсон цэгийг массажлаж өгөх хэрэгтэй. Эхэндээ их өвддөг ч яваандаа багасдаг. Бид зажлуурын булчинг ихээр ажлуулсанаар нүүр өрөгсөж дөрвөлжин болдог.Тиймээс зажлуурын булчингаа зөвөөр массаж хийснээр V-Line хэлбэртэй болдог.
Нүүрний  лимпийн урсгал нь чихний урд, хойно, болон эгэмний яс, суганд байрладаг. Үүгээр биед хуримтлагдсан хор гадагшилдаг.  Уг цэгүүдийг дээрээс нь доошооо массажилж өгсөнөөр нүүрний хаван арилж хор гадагшилна.

Хүмүүс фитнесст явж  булчингаа чангалдаг шиг массажны аргаар нүүрний булчингуудаа чангалах боломжтой байдаг. Тогтмол гоо сайхандаа анхаардаг эмэгтэй болон төдийлөн анхаарч чаддаггүйн эмэгтэй хоёрын хооронд яваандаа  5-10 насны ялгаа гардаг. Тиймээс долоо хоногт 1-2 удаа массажинд орох ч юмуу нүүрний дасгал(иог)уудыг хийж өгсөнөөр булчингаа чанга байлгах боломжтой.  Мэс заслын аргаар биш энэ мэт хялбархан аргаар төрөлхийн гоо сайхнаа сэргээж болно гэдгийг онцолмоор байна.

Зарим хүмүүс төрөлхийн гоё арьстай болхоор арчлах шаардлагагүй гэж эндүүрдэг нь буруу юм. Яагаад гэвэл цаг агаар,нас,нүүр будалт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалаад тодорхой хэмжээгээр  хөгширөл явагддаг. Тиймээс эмэгтэй эрэгтэй гэлтгүй арьс  арчилгааг амьдралын нэг хэвшил болгоосой гэж хүсч байна.

Танд баярлалаа. 
Ярилцсан Б.Ундрал 
“Гранд” сэтгүүл №100 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (25)
  • Retweet (8)
  • 10-19 06:42
    Retweet (4)
  • 10-19 01:24
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)