Сурвалжлага: ”Найрамдал” ордод найр тавихгүй байх ХАНГАЛТТАЙ шалтгаан байна
2017 оны 11 сарын 20

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Найрамдал” шаврын ордоны үйл ажиллагаатай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар биечлэн танилцах явцад иргэдийн эсэргүүцэл, бухимдал өндөрөө авч байгаа нь ажиглагдаж байв. Чухам яагаад иргэд тэдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг эсэргүүцсээр он удаан жилийг үдэв гэдэг юу юунаас илүү анхаарал татаж байлаа. Мөн үе үеийн удирдах албан тушаалтнууд эл асуудлыг цэгцэлж чадахгүй өдийг хүрсэн нь оршин суугчдад ямар үр дагавар авчирсаныг тодруулахыг зорьсон юм. 

Суурьшлын бүс дэх үйлдвэрүүдийг цэгцлэхэд 5 үндэслэл л хангалттай

Нэгдүгээрт, иргэдтэй залгаа шахуу орших “Найрамдал” шаврын ордонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд тээвэрлэлт хийхдээ хүүхэд дайрах, хүн мөргөх тохиолдлууд их гаргаж байсан. Учир нь оршин суугчдын гудамжаар тээвэрлэлтээ хийж байгаа нь энэ нөхцөл байдлыг үүсгээд байна. Зам талбай ихээр эвдэгддэг талаар бүр дурсаад ч хэрэггүй биз.

Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн улмаас үүссэн нүх, хонхор, гуу жалга. Эргээд шороогоор битүүлдэггүй учир нүхэнд хүүхэд унаж осолдох тохиолдол нэг бус удаа гарч байсан. Тэр дундаа урин дулааны улиралд борооны ус тогтож, тогтоол усанд хүүхэд живж амиа алдах тохиолдол гардаг. 

Гуравдугаарт, нөхөн сэргээлтийг нэрлэж болно. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийдэггүй. Нийгмийн үүргээ биелүүлэхгүйгээс гадна мэргэжлийн хяналтын байгууллага хийгээд холбогдох газруудад хүчрэгдэхээ больсон.

Дөрөвдүгээрт, агаар, хөрс, орчны бохирдлыг ихэсгэдэг тоосжилтыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Захын нэг айлруу нь ороход л хуруу дарам тоосон дунд аж төрж байгаа дүр төрхтэй учирна. Астам, уушигны өвчлөлийг суурийг тавьж өгч байна. Энэ нь ойр орчимд нь амьдрах 27286 мянган иргэний аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчихөөс гадна, эрүүл мэндэд нь чимээгүй заналхийлэл учруулж байна.

Тавдугаарт, үйл ажиллагаа эхэлмэгц архидалт, түүний үр уршигаар гарах гэмт хэргүүд харьцангуй өсдөг. Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшин доогуур ажилгүй иргэдийг цалинжуулж, ажлын байраар хангаж буй нэрийдлээр хүнд хүчир ажлаа хийлгэнэ. Ийм нөхцөлд архидалт ихэсдэг талаар ажиллагсдын гэр бүлийнхэн цухалзуулж байна. Бодит үнэн.

Тус дүүрэгт нийт 153 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 33 тусгай зөвшөөрөл, 2378 га талбайд ашиглалтын 11 тусгай зөвшөөрөл 574,4 га талбайд нийт 44 тусгай зөвшөөрөл 2952,4 га талбайд олгогджээ. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хайрга, дайрганы тав, шаврын зургаан ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байна. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Найрамдал” шаврын орд нь 1962 оноос хойш олборлолт, ашиглалт хийсэн. Нийт 149 га газарт "ЦДЦ", "Шинэ Тоосго", "Сүмбэрхунтан", "Эрэл" "Солонгобил" компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 

НМХГ-ын Байгаль орчин, биологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Бат-Өлзий: Айлууд тусгай зөвшөөрлийнх нь талбай буюу нүхнийх нь ирмэг дээр суурьшиж байна

СХД-т одоогоор 11 түгээмэл тархац, ашигт малтмалын зөвшөөрөлтэй аж ахуй нэгж бий. Үүнээс шавар буюу тоосгоны орд 6, дайрга буюу хайрга чулууны орд 5 ширхэг байдаг. “Найрамдал” ордын хувьд хотын суурьшлын бүстэй хэтэрхий ойртсон байгаа учраас айлууд нь тусгай зөвшөөрлийнх нь талбай буюу нүхнийх нь ирмэг дээр суурьшиж байна. Үүнээс болж хотоос гаргах асуудлыг тавьж байгаа. Мөн нөхөн төлбөрийн асуудал яригдаад шийдэгдээгүй учир 3 жилийн хугацаанд ажилуулах талаар ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Манай мэргэжлийн хяналтын байгууллагаас бол хяналт шалгалтыг жил бүр хийж байгаа бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд 18 аж ахуй нэгжид албан шаардлага өгсөн. 15 сая 800 мянган төгрөгний торгууль тавьсан. Нийслэлийн хотын даргын захирамжаар 31 байгууллагадхайгуулын тусгай зөвшөөрөлийг олгосон.

Мөн “ЦДЦ” ХХК-ийн эвдэрсэн талбайн тогтоол усанд бага насны хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар ч дүүргийн иргэд ярьж байлаа. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъабазар  "Суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулна гэдэг байж боломгүй зүйл. Олон мянган хүн амьдарч байна. Дүүрэг орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулав. Хэр их хэмжээний татвар төлж байна. Нөхөн сэргээлт хийж байна уу" хэмээн компанийн захирлуудаас асуув. 

Харин түүний асуултад компанийн захирлууд "Дүйцүүлэх нөхөн сэргээлт хийж, дүүрэгтээ мод тарьсан" гэв. Гэвч яг хаана тарьсан юм, хэчнээн мод тарив гэхэд хариулж чадсангүй. Тиймээс УУХҮ-ийн сайд Д.Сумъабазар "Иргэдийн амьдарч буй суурьшлын бүсээс үйлдвэрлүүд нүүх хэрэгтэй. Улаанбаатар хотын 80 км радиус дотор үйлдвэрлэл явуулахгүй. Технологио сайжруулах хэрэгтэй" гэлээ. 

Нэг жил, хоёр жил, гурван жил, нилээн хэдэн жил яригдаж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох уг асуудалд Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болсон. Ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй тоног төхөөрөмжүүдийг нь сайжруулж, нөхөн сэргээлт хийлгэх, цаашлаад суурьшлын бүсээс нүүлгэх цэгцлэх ажил хийгдэх нь дамжиггүй болоод байна. 

Дашрамд дуулгахад, Д.Сумъяабазар сайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа болон боловсруулах үйлдвэрүүдийг цэгцлэхээс гадна Налайхын уурхайн асуудалд нилээн нухацтай хандаж байсан юм. Тэрбээр “Налайхын уурхай Улаанбаатар хотод маань буянаа өгсөн. Гэхдээ ийм маягаар хүний амь насанд заналхийлсээр байвал хаах хүртэл арга хэмжээ авна. Монгол Улсын уул уурхайн эмгэнэлт дүр төрхийг Налайхын уурхайгаас харж болно. Тиймээс хоёрхон алхамын цаана буй эдгээр уурхайгаа цэгцэлчихээд  орон нутгийн бичил уурхайн асуудал руу орно” гэсэн юм. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)