Р.Эмүжин: Түүнтэй загас наадуулахсан, түүний энгэрт амь тавихсан
2017 оны 10 сарын 5

Рэнцэндоржийн ЭМҮЖИН / Яруу найрагч / 

БУДАГГҮЙ ГОО ҮЗЭСГЭЛЭН 

Яг дурлачихсан байхдаа ярилцлага өгсөн догдлуун, яаруу тэрээр хаврын урин, сэтгэлийн долгистой нэгдэн нэгэн айзамт хэмнэл үүсгэсэн “Гранд”-ын зочин байлаа. Энэ бол Эмүжин. Яруу найргийн босоо цагаан давалгаа болон ерээд онд бадарсан нэгэн үеийнхний  магад хамгийн отгон гүнж, тачаангуй нэгэн фигур. Хориглож байсан ч даашинзыг минь тайч гэж хорь ч хүрээгүй насандаа шүлэглэсэн Эмүжин. Огт унаган авьяас, өөрийнхөөрөө мөн чанар  биз. Бүр хүн чанар ч гэж болно. Гэхдээ гайхалтай нэг юм байна. Тийм янаг тачаангуй шүлэглэдэг түүнийг тэгтлээ эгэл, энгийн гэж хэн санах. Ёстой натурализм гэдэг шиг л “нүцгэнээрээ” бардамхан алхаж явна. Нүүрээ бараг будахгүй. Өндөр өсгийт ч нэг их тожигнуулаад байдаггүй бололтой юм. Хоёр хүүгийнхээ аавуудаас хэдийнэ салчихсан, хайргүй болсон атлаа ханилаад байх нь өөртөө бууж өгөх, өөрийгөө аргацаах нэг хэлбэр маяг юм гэх. Хэзээ ч өтлөх хийгээд эвлэрхүйн үнэнд гүйцэгдэж, цайны хань гэж майжигнахгүй гэнэ. Тэр ийм л хүн аж. Хүн бүхэн баг өмсөж, хүүхэн бүхэн оодож суухад ийм сондгой амьдрах гэж, тийм этгээд шүлгээ бичих гэж ирсэн нэг зочин бололтой.

Найрагчийн зүрх сэтгэл, амьдралын хэв маяг нийтлэг бусдаас өөр, ялгуухан оршдогийг мэдэх ч түүн шиг найрагчийн тавиланг нүцгэнээр нь үүрч яваа, амьдралаа өөрийнхөөрөө гуниггүйхэн зурж яваатай нь учирч, таарч, үг яриа үүсгэж байсан нь үгүй санагдах юм. Тэгээд нэгэн соньхон мэдрэмж төрсөн нь дурлахсан, тэгээд дуу аяланхан гэгэлзэхсэн.   

 ХАЙРГҮЙ БОЛСОН АТЛАА ХАНИЛСААР БАЙХЫГ ОЙЛГОДОГГҮЙ

- Та хэр феминист хүн бэ? 

- Патриарх, феминист, аль нь ч биш юм аа. Дэлхий ертөнц дээр эрэгтэй, эмэгтэй хоёр л хүйс байдаг. Энэ тохиолдолд байгаа хоёрхон юмаа уралдуулаад, өрсөлдүүлээд байх ямар шаардлагатай юм. Би эмэгтэй хүн гэж ялархахын оронд, би эр хүн гэж ихэрхэхийн оронд бие биенээ түшиж энэ амьдралыг босгох ёстой. Бие биенээ нөмөрлөж энэ орчлон ертөнцийг тэнцвэржүүлж байх учиртай. 
Саяхан, Мартын өмнөхөн 23, 24 орчим насны залуухан, сайхан охин, нэр нь А гэнэ лээ, ажлын байрны бэлгийн дарамтын талаар аль ч билээ телевизээр ярилцлага өгөөд сууж байна. Дурладаг, дурлуулдаг, хайрладаг, хайрлуулдаг, хаядаг, хаягддаг, салдаг, нийлдэг тийм сайхан насан дээрээ, хэрвээ ажлын байран дээрээ хэн нэгэн эрэгтэй хүн өөрийн чинь нурууг илвэл эсвэл тань руу аятайхан хараад байвал энэ бол ажлын байрны бэлгийн дарамт шүү гээд яриад сууж байна гэдэг өөрөө сэтгэлгээний асар том доголдол юм. Дурласан эр хүн ямар ч байдлаар сэтгэлээ илчилж болно. Цэцэг навч бариад гүйж болно. Цэрвэж сандраад зугтаж ч магадгүй. Эсвэл өөрийгөө илэрхийлж чадахгүй шаналаад эмэгтэйдээ ширүүн загнаж болно. Тэр болгоныг ажлын байрны бэлгийн дарамт гэж хүлээж аваад байвал тэр залуу сайхан охин, тэр ярилцлагыг үзээд сууж байгаа, өсч өндийж яваа цэцэг цэврүү шиг охид эр хүнийг юу гэж ойлгож өсөх вэ? Хэзээ нэгэн цагт хайр сэтгэлээ олж чадах уу? Хэзээ нэгэн цагт эр хүнээр хайрлуулсан шиг хайрлуулж чадах уу? 

-Тэгвэл эмэгтэй хүн гэж хэн юм бэ? 

-Эмэгтэй хүн сэтгэлийн бол уянга нь, сэрэл мэдрэмжийн нэг эст амьтан нь, амьдралын бол ухаарал, тэвчээр нь. Ханьдаа бол хайр энхрийллийн дээд нь, үрдээ ээж нь. 

Бүсгүй хүн дотроосоо гэрэлтдэг гэж ярьдаг. Ямар нэгэн дэнлүү байлаа гэж бодъё. Дэнлүү бүдэг байхдаа тэрүүхэн орчноо л гийгүүлнэ. Дэргэд нь ном унших ч хэцүү. Тэгвэл дотоод эрчим хүчээ асааж, сайхан сэтгэл, ухаарал, хайр энэрэл, уянга, аялгууг сэтгэлдээ бүтээж чадсан эмэгтэй хүний дотоод гэрэл цаг хугацаа өнгөрөх тусам тодорч, зөвхөн эргэн тойрон, гэр бүлээ төдийгүй нийгмээ хүртэл гэрэлтүүлж чадна. Хэдийгээр бид эрчүүдийг зоригтой, хатуужилтай гэх мэт олон гайхалтай чанарын тод жишээ, супер баатар болгодог ч тэр супер баатрыг эмэгтэй хүн л бүтээдэг юм ш дээ. Эмэгтэй хүний дэргэд, ээж хүний дэргэд хөвгүүд нь өсч өндийн, эр хүн бий болдог. Ирээдүйн өрхийн тэргүүн, үрийн эцэг, төр улсын түшиг болох хөвгүүдээ гал тогооны өрөөнөөс гаргалгүй өсгөчихгүй юмсан л гэж хичээх юм байна шүү дээ.   

-Би буруу анзаарсан байж болно л доо. Яагаад ч юм таны шүлэг зохиол болон нийтлэл ярилцлагуудаас эрчүүдийн эрх ашгийг хамгаалсан өнгө аяс үнэртээд байдаг. Би зөв үнэрлэж үү? Энэ юунаас эхтэй дадал, чанар вэ? Магад хөвгүүддээ хандах эхийн инстинкт ч байж болох? 

-Зөвхөн хөвгүүдээс минь шалтгаалсан зүйл бас биш юм аа. Аливаад тэнцвэртэй хандах сайхан.Та нар санаж байгаа бол ерээд оны дунд үеэс анх жендерийн тухай ярьж эхэлсэн.

 Жендер гэдэг нь өөрөө хүйсийн тэнцвэртэй байдал болохоос, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах явдал биш. Гэтэл анх Монголд орж ирэхдээ санаатай болон санаандгүй буруу орчуулснаас ул суурь, ухагдахуун нь хазгай тавигдаад явчихсан юм. 
Тэгээд энэ нийгмийн хүндийг үүрч, харыг дүүрч, хатууг нь мөрлөж явдаг эрчүүдээ буланд шахаж эхэлсэн. Үүнд би хувь хүн гэдэг утгаараа биш, нийгмийн хүн гэдэг утгаараа хандаж, ялагдаж буй талд зогсох төрөлхийн мэдрэмжиндээ хөтлөгдсөн хэрэг. 

-Гуравдугаар сар үнэхээр онцлогтой сар. Мартын 8, Цэргийн баяр гээд хоёр хүйс хоёулаа л баярлаж, эрх байдаг бол түүнийгээ тунхагладаг. Тийм ч учраас таныг ярилцлагын хоймортоо урьсан хэрэг. Миний хүсч байсанчлан бид хоёрын яриа тэртэй тэргүй хайр сэтгэл, хүн, хүний мөн чанарын тухай сэдэв рүү орчихлоо. Хүн гэж хэн юм, хайр гэж юу юм, хүний мөн чанар нь юу юм? Энэ талаар ярилцъя? 

-Хүний мөн чанар нь өөрөө хайр юм шүү дээ. Хэн нэгнийг хайрлаж байж л бид сэтгэл дүүрэн, хэн нэгнээр хайрлуулж байж бид жигүүртэй юм шиг амьдарч чадна. Гагцхүү ямарваа нэг зүйлд баригдахгүйгээр, айлгүйгээр түүнийг олж нээх, мэдрэх, түүнд цэцэглэж, жигүүрлэж, өсч өндийх боломж олгоход учир нь байдаг байх аа. 

Бид хатуу үгийг харамгүй хэлдэг. Хашгирдаг. Тэгсэн атлаа сайхан үгийг амнаасаа болж өгвөл унагадаггүй. Сайн үг, сайхан магтаалыг харамлаж хэлнэ. Хэллээ гэхэд бараг шүд зуулттай байх нь энүүхэнд. Саяхан л монголчууд уучлаарай гэж хэлж сурч байна шүү дээ. Тэгж хэлэхдээ хүртэл загнаад, зандраад байгаа юм шиг хэлдэг байлаа. Монголд сэтгэлзүйн салбар хөгжөөгүй байна. 
Хүн гэж хэн юм гэж чи асуусан. Бага хүүгийнхээ хариултыг хэлчих үү? 

-Тэг л дээ?

-Ээж ээ, би хүн юм чинь, энэ лууг өөрийнхөөрөө сэтгээд зурчихаж болох уу? /инээгээд/. Мань хүн луунд дурлаад, олон янзын лууны зураг нетээс олоод зурах гэтэл алийг нь ч зурмааргүй санагдаж л дээ. Зурахгүй үлдээчихье гэхээр хайран байдаг. Зуръя гэтэл дуураймааргүй байдаг. Тэгмэгц дээрх асуултыг асууж байгаа юм. Хүүхэд бол худлаа хэлдэггүй амьтан шүү дээ. Тэр лууг хайрлаж байгаа юм. Луунд дурлаж байгаа юм. Зурахыг хүсч байна. Зураад өөрийн гэсэн луутай болохыг хүсч байна. Гэхдээ хайрандаа ч автсангүй, дурлалдаа ч автсангүй. Хүсэлдээ ч автаагүй. Адаг сүүлд нь өөрөө сэтгээд, өөрийнхөөрөө зурчихаж болох уу гэж байгаа юм. Дараа нь тэр зурсан луугаа өөрийнхөөрөө хайрлаад, өрөөнийхөө хананд скочдсон. Хүн ерөөсөө ийм л амьтан юм. 
Хамгийн гол нь хүн гэдгээ ухаарах ухаарал их чухал юм байна л даа. Хүн байх нь чухал. Гэхдээ би хүн гэдгээ сэрж, ухаарах нь чухал. Хайрлах шидтэй, ухаарах шидтэй, хүссэндээ тэмүүлэх шидтэй, мөрөөдөх шидтэй гэдгээ ухаарах, түүнийхээ хэрээр далавчаа дэлгэх сайхан.    

- Таныг шүлэг, найраг үнэхээр нэг уян, яруу. Гэтэл бодит амьдрал дээр та их эршүүд байж мэдэхээр харагддаг. Ер нь Эмүжин гэж хэн юм? Та өөрийгөө ямар ч комплексгүйгээр, БИ-гээ тодорхойлж, өөрийгөө магтаач? Угаас булангийн маань нэр нь “Гранд БИ” юм.

-/Инээгээд/ Чи хоёрхон үечлэл дээр хараад байна. Гуравдахийг нь хар даа. Яана гэхээр би эмэгтэй хүн гэдгээ ухаарч, ойлгож, мэдрэх тусам би үнэхээр бүсгүй хүн л юм даа гэж бахархах тусам тэр хүний сэтгэл нь дотроосоо дотогшоо тэмүүлж, тэр дотогш тэмүүлж, дотор боловсорсон сэтгэхүй нь буцаж гарахаараа бүсгүйлэг шүлэг болж гардаг. Чи болохоор эршүүд, эмэгтэйлэг гэдэг хоёрхон үе дээр авч үзээд байна. Эмэгтэйлэг шинж чанар чинь эргээд цаанаа гурав дахь алхам нь юу вэ гэвэл дотор боловсрох шат. Би жишээ нь эмэгтэйлэг байх гээд хар өглөөгүүр босоод өөрөө ярилцлага авах гэж гүйхдээ даашинз өмсөөд, үсээ буржийлгааад, тэгснээ чамд ярилцлага өгөх гэж байгаа хүн гээд замдаа дахиж харайж очоод хумсаа будуулаад, өмнө чинь муужгай шиг суух нь чухал уу? Эсвэл би бүсгүй хүн гэдгээ ухаарч түүгээрээ бахархаж, бардамнаж эмзэглэж бас өөрөө өөрийгөө үнэлж амьдардаг эмэгтэй хүний хувьд дотоод сэтгэл рүүгээ илүү гүн бүсгүйлэг байсан нь дээр үү? Бүсгүйлэг гэдэг чанарыг өөрөөр хэлбэл үзэгдэх болон далд байдал, боловсорсон болон боловсроогүй байдал гэж ангилж болж байна. 

-Хүн өмссөн хувцас шигээ байдаг гэх үг бас бий. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлийн гоо сайхан байдал гадаад байдлаар, хувцаслалтаар бас илэрдэг гэх. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?  

-Хүн өмсөх хувцсаа өөрөө сонгодог. Хувцас хүнийг сонгодоггүй шүү дээ. Тэгэхээр үнэн л болж таараад байна. Гэвч бас олон талтай. Сааль үнэртсэн гандуу дээлтэй эмээгээ, эсвэл саахалтынхаа эгчийг ямар нүдээр харах вэ гэдэг нь тухайн хүнээс бас шалтгаална. Өөрөөр хэлбэл хувцас, чимэг зуурдын гоёл, хувиршгүй үнэн сэтгэл үүрдийн гоёл юм.  

-  Та нээлттэй юм шиг атлаа хаалттай хүн юм билээ. Их илэн далангүй шиг атлаа тийм биш. Шүлэг найраг чинь задгай, эротик, тэгсэн хэрнээ даруу, эгэл.

- Энэ миний л мөн чанар юм. Эмүжин гэж хэн бэ гэж чи түрүүн асуусан. Би уян зөөлөн хэрнээ омог бардам, ухаантай хэрнээ ялихгүй юман дээр бүдэрч тэнэглэдэг, оюунлаг хэрнээ заримдаа огтхон ч толгой, тархиа  ажиллуулахыг хүсдэггүй. Уйлхай хэрнээ эрс хатуу. Дурламтгай хэрнээ хаяад л явчихдаг. Хайрлахдаа халуун хэрнээ хаяхдаа тулбал харь хөндий. Хайрласан шиг хайрладаг хэрнээ яг түүн шигээ хаясан шиг хаячихаж бас чаддаг. Өөрөөр хэлбэл би өөрийгөө сэтгэлзүйн эрс тэс, туйлын зангуудыг тээж явдаг юм болов уу гэж боддог. Тэгээд туйлын, туйлршамтгай зангаа хэзээ ч барьж, хорьдоггүй. Хорьж, хязгаарлая гээд ч чаддаггүй. Зоргоороо амьдарч, зоргоороо сэтгэж, зоргоороо тэмүүлж, зоргоороо унаж босч, зоргоороо бүдэрч, бүдэрснийхээ дараа зоргоороо нулимсаа арчаад инээгээд цааш алхдаг. Зоргоор салхи гэж байдаг бол тийм л хүн юм болов уу. Сэтгэлзүйн хөдлөл гэдэг үзэгдлийг тухайн нийгэм, цаг үедээ, эдүгээ бидний амьдран байгаа олон хаалттай орчинд тохируулаад, бариад, жолоог нь татаад, хазаарлаад хөлийг нь чөдөрлөөд байхыг хүсдэггүй. Тэртэй тэргүй ундраад байгаа юмыг чинь би яах юм. Уураар дарахаас илүүтэй ухаанаар хөглөж явахыг хичээдэг. 

Б.Галсансүх хэлдэг дээ, сэтгэл гэдэг эрхтэн гээд. Тэгвэл тэр эрхтэн чинь уйлмаар, дуулмаар байна. Битгий тэр нэг амьтныг уйлуулж, дуулуулахгүй, хориод, ухаантай царайлаад бай л даа. Тэр чинь өвдөж байна, зовж байна, жаргаж байна. Жаргалаа мэдэрмээр байна. Түүнийг боловсролоор, жудгаар, болсон болоогүй хууль журмаар битгий богтлоод бай л даа. Хааяа ч болов өөрөөр нь байлга. Өөрөөрөө нисч чадаагүй сэтгэл бол хоригдол. Чиний зүрхэнд хоригдол байна уу, сэтгэл байна уу гээд бодоод үз дээ. Сэтгэлээ сэтгэлээр нь тавьж, зоргоор нь нисгэж чаддаг нь магад миний төрөлхийн зан байх. 
Нөгөө талаар би хоёр хүүтэй хүн. Хөвгүүд маань энэ ертөнцөд надаас тасарч унахдаа хувь хүн гэдгээ зарлан уйлж, хашгирч, бүр хөмсгөө атируулж ирсэн. Тиймээс тэднийг бие хүн, хувь хүн гэдэг үүднээс нь хүндлэх хэрэгтэй. Тэр утгаараа миний амьдрал зөвхөн минийх биш, хөвгүүдийн маань ирээдүй, тэдний маань алдаа онооны хөрс учраас манайх яахаараа хаалга, цонхоо дэлгээд хаячихсан айл шиг байх ёстой гэж? Хөвгүүдэд маань өөрийгөө хүндлэх, Эмүжингийн хүү гэдгээрээ биш өөрийгөө өөрийнхөөрөө илэрхийлэх боломжууд, хувилбарууд, сонголтууд байх хэрэгтэй. Түүнийг нь би нандигнаж, гэр бүлдээ үлдээдэг. 

-Гэвч энэ удаад бичдэг өгүүллэгүүд шигээ, найраг шүлэг шигээ нээлттэй, өөрийнхөөрөө, бардам байна гэж амлаж болох уу?

-Чи панаалдаж байнаа /инээв/. 

-Тань шиг хүний дотоод ертөнцийг нээнэ гэдэг надад тун амттай, сонирхолтой санагдаж байна. Хорь ч хүрээгүй насандаа “Хонгор хүү минь чи намайг энхрийл, Хориглож байсан ч даашинзыг минь тайч” гэж шүлэглэж байсан найрагч бүсгүй одоо хэд хүрч байна вэ? Хорь ч хүрээгүй Эмүжинг ийм янаг тачаангуй, дурламтгай мөртүүд тодорхойлж байсан бол энэ насны Эмүжинг ямар мөртүүд тодорхойлж байна вэ? 

-/инээгээд/ Одоо юу? /бодлогоширсноо/ 
“Намайг шүлэг бичдэг болохоор чи дурласан юм уу
Нар мэт шатааж, сар мэт хайрдаг болохоор хайрласан юм уу
Буцах цагийг дуулахад минь  чи дагаж аялсан уу
Будант талд ангахад минь чи намайг ундаалсан уу 
Намайг уйдамхай болохоор чи явсан юм уу...” гэж шүлэглэж байна. 

-Хэнд зориулсан шүлэг вэ? 

-Уран бүтээлч хүний сэтгэхүй их сонин шүү дээ. Хэн нэгэнд дурлаж байж бичсэн үе бий. Төсөөлөл, сэтгэлийн халил, дурсамжаас төрсөн шүлгүүд байна. Зүгээр л сэтгэл хөдлөлөөс төрсөн сэрэл мэдрэмжүүд байж болно. Чи хэлж байна л даа, хорь ч хүрээгүй Эмүжин тийм задгай, зоргоороо бичиж байсан гэж. Одоо ч гэсэн би тэгж бичиж байна. Зарим шүлгүүдээ уншихаар би бичээгүй юм шиг ичмээр санагддаг /инээв/. Жишээлбэл, 
Түүнтэй энгэр зөрүүлэхсэн
Түүний энгэрт амь тавихсан... Тэгсэн хэрнээ нөгөө талд нь,
Зүрх бүхэнд Монгол минь бий, цохилохыг нь сонордогтун 
Зүг бүхэнд Монгол минь бий, сэрэхийг нь мэдрэгтүн гээд эх орны тухай бичиж л сууна. Бас алдсан, оносон ухаарлын тухай байна. Ерөөс шүлэг, яруу найраг гэдэг бол хил хязгааргүй ертөнц юм. Түүний нэгээхэн судал, хэдхэн жимээр би алхаж байна. Бичээд сууж байхдаа,би яаж энэ хязгааргүй, огт оргүй, уудам ертөнцөд үзэг барьж төрсөн юм бол гэж заримдаа боддог. 
Магадгүй яг над шиг зоргоороо шүлэглэхийг олон хүн дотоод сэтгэлдээ хүсдэг байх. Гэхдээ яг бичихийн цагтаа өнөөх хүний нийгмийн олон олон хууль тогтоомж, хэдэн зуун ёс суртахуунд өөрийгөө боомилдог байх. Гэхдээ шүлэг бол миний сэтгэлээс чиний сэтгэл рүү, миний мэдрэмжээс чиний мэдрэмж рүү, миний хайраас чиний хайрыг зүглэн нисдэг шувуу болохоор түүнийг хориод ч яах юм. Далавчийг нь хяргаад ч яах юм. Зүгээр л нисгэе. Өөрөө зоргоороо амьдарч болж байгаа хэрнээ хэдэн муу шүлгээ зоргоор нь нисгэж яагаад болохгүй гэж. 

-Анзаараад байхад зарим хүн төрөхдөө нэг юм өөрийнхөөрөө төрөөд үхэхдээ арайхийж өөрийнхөө жамаар үхэж байна шүү. Дунд нь баахан хууль дүрэм, ёс суртахуун, хэрэгтэй хэрэггүй барьцаа, хэн нэгнээс нэрэлхсэн сэтгэл. Эсвэл ичиж эмээсэн мэдрэмжиндээ хүлэгдэж явсаар амьдрал дуусдаг. Өглөө босч нүүрээ будчихаад өдөржингөө нүүрний будаг минь арилчихвий гэж амьдрах ял биз дээ. 

-Санал нэг байна. Нэмж хэлэх үг бас байна. Өөртөө бус бусдад таалагдаж амьдрах нийтлэг хэв маяг ялангуяа монголчуудад байх шиг ээ. Үнэнээс зугтдаг, үйл хөдлөл, амьдрал, бүхий л зүйл нь бусдад таалагдах гэж амьдарсаар дуусдаг. Үхэхдээ л яагаад өөрийнхөө төлөө амьдарч, өөрийнхөөрөө байсангүй вэ гэж толгойгоо шаадаг гэж байгаа. Энэ юутай холбоотой чанар юм бол? Би бодохдоо магад жижиг ард түмний зовлон байх...

Монголчууд жижиг биш , том ард түмэн. Том гэдэг нь газар нутаг, хүн ам, түүхийн үечлэлээр хэлж байгаа юм биш. Сэтгэл, мөн чанараар нь том ард түмэн гэж бардам тодорхойлох учиртай. 

-Тийм л дээ, жижиг гэдэг нь цөөн гэсэн санаа. Цөөхөн хүн амтай, хэт бие биеэсээ хамааралтай амьдардаг учраас дотроо муу хүн байсан ч гаднаа сайн, сайхан харагдах гэж хичээдэг, өөрөөсөө урваж, өөрийгөө, өрөөлийг хуурдаг. Явж явж хүчгүй хүний араншин ч юм уу? Эсвэл магад олон жил Манжийн дарлалд байсантай нь холбоотой юм болов уу? 

-Бид өөрсдийгөө жижиг гэж бодчихоод байна. Монголчууд сэлэм бариад, морио унаад хөдлөхдөө Багдад таалагдах гэж, Киргизийн мөрөөдөл нь байх гэж, Оросуудын хайрыг татах гэж ташуур өргөөгүй шүү дээ. Тэр байлдан дагуулалт Монгол гэсэн нэрийг дэлхий даяар тарааж, Монголоор дэлхийг сэрээж, монгол цусаар сэлбэсэн асар том алхам, хөдөлгөөн, үзэгдэл байсан юм. Тэрнээс хойших он жилүүдэд монголчууд “Бид 12-р зуунд амьдарч байсан өвөг дээдэстэйгээ адил байж чадах болов уу” гэсэн эргэлзээ, айдас хоёртоо баригдаж ирсэн. Гэтэл цагийн юм цагтаа л үлддэг. Түүх түүхээрээ л үлдэнэ. Дараагийн түүх, дараагийн цаг үе, мөчлөг, дараагийн шинэ эрин эхэлчихлээ. Илдээ бариад босохгүй ч гэсэн монгол хүнээс гарч болох оюун санаагаа, сэтгэлгээгээ, мэдлэг боловсролоо өмнөө барих цаг ирсэн. 

Бид хэтэрхий цөөхөн болохоороо бие биеэсээ нэрэлхээд байдаг юм болов уу гэж чи хэллээ. Нэрэлхээд нэрээ идэхгүй, гэртээ хариад гэрээ идэхгүй гэж монголчуудын үг байна. Ийм сургааль үлдээж чадсан ард түмний үр сад нэрэлхэх, ичих төдийгөөр өөрсдийгөө хязгаарлаж амьдармааргүй байгаа юм. 

- Ер нь та эротик, задгай имижээр Монголын утга зохиолын ертөнцөд салхи татуулан орж ирсэн юм байнаа. Энэ таны буй мөн чанарыг бүрэн тодорхойлж чадах болов уу? Эротизмын тухайд ямар бодолтой явдаг вэ? 

-Би өөрийнхөөрөө л байсан. Өөрийнхөөрөө шүлэглэсэн. Бүсгүй хүнийг эротик байсных нь төлөө зэмлэх утгагүй. Үүнтэй адил яруу найрагчийг янаг дурлалыг шүлэглэснийх нь төлөө гайхаад байх хэрэггүй. 
Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайз
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юм гэж бичмээр санагдаад л бичсэн. 

-Та хамгийн сүүлд хэзээ дурласан бэ? 

-/инээгээд/ Яг одоо дурлачихаад байна. 

-Тийм үү, ямар гоё юм бэ. Баяр хүргэе! 

-Баярлалаа. 

-Гэрэлтээд, аальгүйтээд байсан нь тийм учиртай байсан юм байна. Таны гэр бүлийн статусыг сонирхож болох уу? 

-Би хоёр хүүтэйгээ амьдардаг. Эхнэртэй эрчүүдийг хэзээ ч сонирхдоггүй. Энэ бол бараг л зарчим. Би өрөөсөн далавчаар нисмээргүй байна гэсэн үг. Хэрвээ миний дэргэд хэн нэгэн өөрийнхөөрөө байж чадвал, би ч бас түүний дэргэд өөрийгөө өөрчлөх шаардлагагүй тийм хайртай учирвал хамтын амьдралаас зайлсхийхгүй. 

-Өөрийгөө хуурах, өөрөөсөө урвах нэг хэлбэр юм даа, тийм ээ? 

-Өөрийгөө хуурах, өөрөө өөртөө бууж өгөх, өөрийгөө аргацаах нэг хэлбэр маяг юм. Энэ мэтээр миний амьдрал эхлэлээсээ дуусах хүртлээ өөрийнхөөрөө байсаар байгаад л дуусах юм шиг байна. Би хэзээ ч ертөнцийн жамд баригдахгүй. Хэзээ ч өтлөхийн үнэнд гүйцэгдэж өөрийнхөө өмнө олон талаараа буулт хийхгүй. Хэзээ ч өвдөж шаналаад ганцаардахаараа за яадгийм, яадаг ч байсан сэтгэл нийлсэн ч, нийлээгүй ч хажуудаа нэг сүүдэртэй ч болов болъё гэж эвлрэхүйн үнэнд бас гүйцэгдэхгүй. Төрөөд үхэх энэхэн хооронд өөрийнхөө үзэл баримтлал, сэтгэл зүрхний дуудлагын өмнө  үнэн, өөрөөрөө үлдэж чадвал тэр миний амьдрал байх болно. 

-Та залуу байна. Дахиад хайр ирнэ. Хожимдсон хайрын тухай ч монголчууд дуулдаг. Гэтэл та орь залуугийнх шигээ омголон хэвээрээ л байна. Ганцаараа үүрч яваа амьдралаасаа бэрхшээдэггүй гэж үү?   

-Мэдээж хэрэг хөвгүүд маань аавгүй өсч байгаа нь нэг талаасаа өрөөсөн дөрөөг нь суллачихсан моринд мордохтой адил юм. Гэхдээ эмэгтэй хүнээс, эх хүнээс гарч болох асар их ухаанаар дутууг нь дүүргэж, дундуурыг нь тэгшилж бас болдог. 

Амьдралд үнэхээр сайн хань тааралдахгүй бол заавал ханьтай байх гээд яах юм. Тэртэй тэргүй асч дүрэлзсэн, гал мэт шатсан залуу халуун насыг ганцаараа барчихаад өтөлсөн хойноо цайны ханьтай болноо гээд майжигнаад гүйх ямар шаардлага байнаа. Тэгэхдээ надад нэг бодол байдаг юм. Эр хүнтэй амьдарлаа гэхэд үр хүүхдийг нь төрүүлэлгүй ханилна гэж төсөөлж ч чаддаггүй. Бие биедээ хайртай болсон юм чинь яагаад хайртай хүний маань хөмсөг, нүдийг ч юм уу дуурайсан, эсвэл надаас ямар нэг өвөрмөц содон шинж чанарыг маань авсан хайрын хөөрхөн бүтээл, содон ертөнцийг бий болгож болохгүй гэж. 

- Таны хайрын бүтээлүүд Умард, Батхаан гэх хөвгүүд. Бас ялгуун, тансаг нэртэй юм. Таны өгсөн нэрүүд үү?

- Аавууд нь өгсөн. Эр хүн удам залгах үр нь төрөхөд өөрөөрөө овоглож, өөрөө алдар нэрийг нь өгөг. Энэ бол эцэг хүний эрх.      

-Та яагаад аавуудтай нь амьдраагүй юм бэ? 

-Өөрийнхөөрөө л үлдмээр байсан. Бас нэг л мэдэхэд хайргүй болсон байсан гээд үнэнээ хэлчихвэл яах уу. 

-Тэгтлээ уйдамхай гэж үү? Хайр их хүчтэй гэдэг шүү дээ. Бүр хайр, нөхөрлөл гэсэн хоёр мэдрэмж л хүнийг өөрчилдөг юм гэсэн?

-Хайр хэдий хүчтэй ч гэсэн илүү ухаалгаар бодоод үзэхэд хэтэрхий олон юмаа золиосолтлоо үнэтэй гэж үү? Би бас уйдамхай бас уйлхай байж болно ш дээ. 

-Та хөвгүүдийнхээ аав нартай амьдраагүйдээ харамсдаг уу?

-Үгүй.   

- Одоо холбоотой байдаг уу? 

- Ер нь их холбоогүй дээ. Энийг бараг, асууж, хариулж, оруулахгүй нь ч дээр байх. Холбоогүй шахуу. 

- Яагаад вэ?         

- Яагаад ч юм ийм л болчихлоо. 

- Сонин юм аа. Эмэгтэй хүнд чинь эр хүний нөмөр түшиг, халамж, амьдралын ая тух, өөрийгөө бодох, амьдралын бас бус ачааг өөр нэгэнтэй хуваалцах, өөрийгөө эрхлүүлэх орон зай бас байх ёстой ш дээ. 

-Тухайн хүний сэтгэлзүйгээс шалтгаална. “Би чинь ганц бие, өрх толгойлсон эмэгтэй, ингэж ч болохгүй, тэгж ч зовж байна” гээд бодоод байвал хорвоогийн өдөр болгон нар мандаагүй юм шиг байх болно. Өөрийнхөө боломж, бололцоогоор, сэтгэл зүрхнийхээ дуудлагаар бүх ажил, амьдралаа амжуулаад явбал тийм ч тээртэй ачаа биш. Урсдгаараа урсаж байгаа амьдрал. Гэр бүлийн амьдралаа өөрөөрөө дүүргэ. Гэрэлтүүл. Сэтгэл зүрхээрээ цэцэглүүл. Ингэж чадахгүй бол нөхөртэй байсан ч ялгаагүй өглөө бүхэн залхуутай эхлэх болно. 

-Та хэт хүчирхэг эмэгтэй юм уу? Өөрөөр хэлбэл таны оюун санаа болоод зүрх сэтгэлийн хүч, зэрэг зиндаанд хүрч амьдрах эр хүн байхгүй байгаа учраас та ганцаараа яваад байгаа байх?

-Тийм биш ээ. Хөвгүүд маань намайг зэмлээд бас эрхлүүлээд байхыг бодоход заримдаа жаахан хүүхэд л болчих юм байна ш дээ /инээв/. Тэгээд бодохоор би хүчирхэг биш ээ. 

- Ер нь хүчирхэг эмэгтэй гэж хэн юм? Хүч нь юундаа оршдог бол?

-Гэрэлтэй, зөөлөн, гэмгүйхэн араншинд эмэгтэй хүний хүч оршдог юм болов уу. Хичнээн хүчтэй мэтээр харагдаж, мэдрэгдэж болох ч тухайн хүнийхээ “Бүсгүй хүн” гэдгийг санахад л хангалттай уян зөөлөн, уучламтгай, эгэл нэгнийг олж харж болно. 

- Хүүшээ би дурласан Эмүжинтэй ярилцаж байгаа ш дээ. Хэзээ ч юм хурим хийх үү? 

- Үгүй. Яагаад хурим хийх ёстой гэж? Ямар хэцүү юм бэ. Хүн болгон яагаад адилхан юм өмсчихөөд адилхан үг хэлээд зогсож байх ёстой юм.  

-Нууц амрагийн талаар ямар бодолтой явдаг вэ? Ямар тохиолдолд тэр байж болох вэ?

-Мэдэхгүй байна. Өрөөсөн далавчаараа нисдэг хүмүүсийг ойлгодоггүй. 

- Эмэгтэй хүн дурлаагүй байгаа цагтаа эр хүнтэй чөлөөтэй харьцаж, ямар ч комплекс үүсгэдэггүй. Тэгэхээр дурлал эмэгтэй хүнийг чөдөрлөж орхидог юм уу. Жишээ нь Эмүжин дурлахаараа яадаг вэ?

-Дурлал харин ч жигүүртэй болгодог. Нэгэн төрлийн эрх чөлөөг олгодог. Тархи, сэтгэл, зүрхнийхээ нэгээхэн хэсэгт байгаа хэзээ ч хаалгыг нь татаж үзээгүй өрөөнүүдээр хэсч өгнө дөө. 

-Сүүлийн үед таны “Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас, Ахиад би ямар залуу явах биш дээ” гэдэг шүлэг их уншигдаж байна. Тэр залуу халуун насны Эмүжин одоо хэвээрээ юу? 

-Алдахаас айдаггүй нь хэвээрээ. Нэг хэцүү нь ээж байхад илүү томоотой байх шаардлагатай л болох юм. Хөвгүүдийнхээ сэтгэл зүрхэн дээр амьдарч байна шүү дээ, ээж бид нар.  

-Таныг Говь-Алтайн дунд сургуулийн сурагч, унадаг дугуйтай, улаан хацартай танхайдуу нэгэн байсныг яруу найрагч, домогт О.Дашбалбар агсан олж харан, их хотод, их найрагт хөтөлсөн гэдэг. Энэ талаарх дурсамжаа хуваалцаач? Чухам яаж яваад О.Дашбалбар агсны нүдэнд өртчихсөн юм? 

-Одоо бодоход их дураараа хүүхэд байжээ. Хөх украйн дугуйг ёстой хаана бол хаана унаж, хөх эрээн шувуу шиг нисч өссөн. Жаахан том болоод аавынхаа мотоциклийг ахтайгаа нийлж хээр аваачаад асаагаад, унтраагаад, гацаагаад, орой нь чирч, түрж авчраад амбаарт буцаагаад сэмхэн хийчихдэг. Ахыгаа дагаж хөвгүүдтэй тоглосоор байгаад тийм сахилгагүй болсон байх. 
Тэр жил Говь-Алтай аймагт шинэ хийдийн нээлт болов оо. Нээлтэнд О.Дашбалбар тэргүүтэй хэдэн яруу найрагч хотоос очсон юм. Аав маань аймгийн захиргаанд хэлтсийн дарга. Үүргийнхээ дагуу зочдыг хүлээн авч, үйлчлэх ёстой. Орой нь дайлж цайлахаар хотын зочдыг гэртээ урьсан юм байж. Би хөх украйн дугуйтайгаа тэнэж тэнэж оройхон гэрийн бараа харна биз дээ. Ороод иртэл аав, миний охин нааш ир, нөгөө зохиосон шүлгээ уншаадах гэлээ. Тэгээд би “Ганц үг” гэдэг анхны шүлгээ уншсан. Дашбалбар багш маш их анхаарч сонссон. Тэр нь л надад их урам өгсөн санагддаг. Дараа нь өөрийнхөө шүлгийг ар араас нь зогсолтгүй уншсан. Би тэгэсгээд томчуудын ярианаас зугтаад алга болсон хэрэг. Охиноо төгсөхөөр хотод очоод уулзаарай гээд аавд гэрийнхээ хаяг, утасны дугаарыг үлдээсэн байсан. 

Сургуулиа төгсөөд Ховдын Багшийн дээдийг зорив оо. Тэнд сурч байгаад 1-р курсээсээ хот руу, харьяалалынхаа дагуу МУИС-руу шилжиж ирлээ. Хотод ахтайгаа ирээд нөгөө утас руу залгалаа. Борхүүхэн эгч утас авч гэрээ зааж өгсөн. Очсон чинь багш гэрээрээ дүүрэн хүнтэй угтсан. 

-Ямар хүмүүс байх уу? 

-Содномнамжил, Болд-Эрдэнэ нарын дарвисан залуучууд. Шүлгээр амьсгалчихсан улсууд дунд яваад ортол, багш, ямар сургуульд сурах гэж байна гэлээ. МУИС-руу шилжиж ирснээ хэлэхэд “Чи ерөөсөө боль” гэж байна. Их дураараа хүн шүү дээ. Зохиолчдын хорооны дэргэд Дорно дахины утга зохиолын дээд сургууль гэж байгуулагдсан, тэнд сур гэлээ. Хүн болгон л МУИС-д сурахыг мөрөөддөг байсан үе. “Яагаад?” гэж асуухад “Тэр сургууль л чамайг өөрөөр чинь үлдээнэ. Өөрөөрөө үлдэх л чиний хамгийн том амжилт шүү” гээд тэр олон хүний дунд над руу хуруугаараа заагаад хэлж байж билээ. Би ч эргэлзэх юмгүй тэр сургуульд орж байсан. 

Манайд Намбарын Энхбаяр лекц уншиж байсан гэвэл чи гайхна. Ш.Гаадамба гуай, Шаравын Сүрэнжав, Ч.Дагвадорж гээд сайхан хүмүүс хичээл ордог байлаа. Дашбалбар багш өөрөө Өрнө дорнын утга зохиол заана. Багшлах арга нь хүртэл их этгээд. Онолоор хэзээ ч бөмбөгдөхгүй. Заримдаа мэнд ус ч үгүй, бүтэн хоёр цагийн турш шүлэг уншчихна. Есенин, Цветаева, Блокоос авахуулаад эцэст нь өөрийнхөө шүлгүүдийг ар араас нь зогсолтгүй уншина. Онолдуулаад сууж байхаар шүлэг сонсохын гайхамшиг, шүлгээ уншихдаа гаргаж буй нүүрний хувирал, ангид үүсч байгаа агаар, эмоци... Тэр бүхэн амьд эс болж тархи, мэдрэлд сууж чаддаг байсан. Нэг улирлын шалгалтаар яасан гээч? 

-За? 

-Бүх оюутнаас, Сергей Есенин, М.Цветаева, Ги де Мопассан нарын том яруу найрагч, зохиолчдын хэрхэн үхснийг асуудаг байгаа. Бүгдээрээ шалгалтандаа нам унадаг юм байгаа биз дээ. Тэр мэтчилэн бусдаас их өөр арга барилтай. Биднийг юуг, хаанаас нь, ямар өнцгөөр харах вэ гэдэг асар том ухаанд сургасан юм шиг санагддаг. Би жишээ нь Мопассоны алдартай өгүүллэгүүд, Хэмингуэйн туужууд олныг уншсан хэрнээ тэдний туулсан амьдралыг мэддэггүй. Үхэхдээ яаж үхсэн, хамгийн сүүлд юу гэж хэлснийг мэддэггүй. Мэдэхгүй байх тусмаа би уран бүтээлчийн амьдлаг сэтгэлгээгээ гээх байсан ч юм билүү.  

-Яагаад үхлийн тухай асуусан юм бол? Тайлбарласан уу?  

-Үг шидтэй гэдгийг ойлгуулахын тулд. Тэгээд дараа нь О.Дашбалбар багш захихдаа “Үгээр хэзээ ч бүү тогло. Үг бол шидтэй. Ялангуяа тэнгэрээс заяасан зөн мэдрэжмээр шүлэг бичдэг яруу найрагчийн үг бүхэн шидтэй бөгөөд үнэн байдаг. Тийм учраас хэзээ ч бүү үхлийнхээ тухай шүлэглэ. Тэр үхэл чинь нэгэн цагт өөрт чинь ирнэ. Хэрэв үхмээр санагдвал хамаа алга, түүнийгээ шүлэглэ, тэгээд үх” гэж байгаа юм. Үг бол амьд гэдгийг бидний сэтгэл зүрх рүү шивж хэлэхийн тулд тэр олон уран бүтээлчийн тэр олон янзын үхлийн тухай асуусан юм билээ. 

- Тэр омог бардам эрхэм хүн танд юу өгсөн гэж боддог вэ?

-Өөрийнхөөрөө амьдрах, сэтгэх эрх чөлөөг мэдрүүлсэн. Би өөрийнхөөрөө амьдарч чадахгүй бол өөрийнхөөрөө бичиж, туурвиж чадахгүй. Өөрийнхөөрөө сэтгэж чадахгүй. Сэтгэх эрх чөлөө гэдэг бол магадгүй оюун ухаант хүний хамгийн эрхэм зүйл. 

- Ингэхэд уран бүтээлийн чинь ертөнцөөр сонин юутай байна вэ? 

-Хөвгүүдээ бага байхад нь орой болгон үлгэр зохиож, ярьж өгдөг байлаа. Үлгэрийн ном гаргахсан гэж ээж хүний хувьд эртнээс мөрөөдсөн. Долоо хоногийн өмнө зургаан үлгэрийн номоо хэвлэлтэд өглөө. Хүүхдэд зориулсан үлгэрийн ном гэдэг зураг чимэглэлээс авахуулаад ажиллагаа ихтэй, олон хүнээс хамааралтай байдаг юм байна. Нэлээн ноцолдсон. Нэгнийх нь зургийг Нью-Йоркт сурч байгаа том хүүгээрээ, нөгөөхийг нь бага хүүгээрээ зуруулсан. Үлдсэн дөрвөн номын зургийг залуу, авьяаслаг зураачид бүтээсэн. 

“Хөх сарны явдал” эротик романаа бичиж дуусгалаа. 
Дашбалбар багш дөч гарсан хойноо “Оюун санааны яруу найраг” гэдэг шүлгийн номоо гаргаж байсан. Тэр номыг нь өнжин, хонон уншихдаа атаархаж, асар ихийг тунгааж билээ. Дөчин хэдэн насанд хүн ингэж л ухаарч, ингэж л омогшиж, ингэж л өөрөө өөртөө эзэн болж, өөрөө өөрийгөө зарлаж, ингэж л эх орноо тунхаглаж, хүний дотоод сэтгэл, хүний дотоод мөн чанарыг “Тэнгэр шиг бай” хэмээн ялгуусан үг, ухаарлаар илэрхийлдэг юм байна гэж бодож байлаа. Гэтэд өнөөдөр би багшийнхаа насан дээр ирлээ. Ямар ч байсан нэлээн сайн яруу найргийн түүвэр бэлэн болж байгаа. 

-Та шүлгийн номныхоо өмнөтгөлийг О.Дашбалбар найрагчаас өөр хүнээр бичүүлж байгаагүй юм билээ? 

-Цаашдаа ч бичүүлэхгүй. 

-Хүүе ээ, та ер нь яагаад тайзан дээр шүлгээ уншдаггүй юм бэ? “Болор цом”-д орохгүй. Гэтэл 1998 онд “Улаанбаатар” зочид буудалд 50 ам.долларын тасалбартай яруу найргийн эротик тодотголт үдэшлэг хийж байсан. Ер нь ийм шоу хийх санаа хаанаас төрсөн юм бэ? 

- Анхны ном маань 1998 онд гарсан. Энэ номноос санаа аваад хэдэн залуу ийм шоу хийе гэж санаачилж, үндсэндээ бүх ажлыг нь нугалсан. Би яруу найрагчийн хувьд шүлгээ л унших шив дээ. 

“Болор цом”-д үнэхээр оролцдоггүй ээ. Тайзан дээрээс унших шүлэг гэдэг арай өөр байдаг. Миний шүлгүүд илүү мэдрэмжийн талдаа. 

Миний оролцсон нэг наадам гэвэл Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Антимир” яруу найргийн наадам. Монголын яруу найрагт шинэ, өөр үе эхэлж байна гэдгийг зарлах зорилгоор хийсэн наадам л даа. Тэндээс “Алтан чоно” тэргүүн байрын шагнал авч байлаа. Түүнээс хойш уралдаанд оролцсонгүй. Бид өнөөдөр мянга уралдаад, болсон болоогүй шүлгээ бөөн алга ташилтын дунд амьсгаа өндөр уншаад яах юм бэ? Тэртэй тэргүй уран бүтээлийг цаг хугацаа гэдэг агуу том шүүгч өөрөө шүүдэг.

-Тэгтлээ яруу найрагчидтайгаа сүжрээд, нөхөрлөлийн түүх хэлхээд байсан нь үгүй юм шиг ээ. Чухам юу таныг найрагч анд нараас чинь тусгаарлаж орхидог хэрэг вэ?

-Хамгийн энгийн хариулт авмаар байна уу? Би уудаггүй юм аа. 

- Найрагчид дарсны ширээний ард л нөхөрлөл хэлхдэг юм шиг сонсогдож байна? 

- Би чинь гэзэг урт, гэр амьтай хүн шүү дээ. 

-Та яруу найргаас гадна сэтгүүлзүйд томоохон орон зайтай. Саяхнаас “Эмүжин бичиж байна” хэмээн дахиад л “Өнөөдөр” сониндоо хурц нийтлэлүүдээ тавиад эхэллээ. Ер нь сэтгүүлзүй, яруу найраг хоёр чухам юугаараа ижилсдэг юм бэ? Бас юугаараа ялгардаг юм? 

- Аль аль нь сэтгэл, сэтгэхүйг хөглөдөг. Бас ухаарал өгч, хүний сэтгэлзүйд задаргаа хийж, задаргаанаасаа гаргалгаа олж бичихэд хүргэдэг. 

-Миний л хувийн бодол шүү, цэвэр яруу найраг, утга зохиолоороо явбал та Монголын ард түмэнд илүү хэрэгтэй юм шиг ээ? 

-Тэгвэл надад уйтгартай. Хүн тархиндаа салхи оруулж байх хэрэгтэй. Би найрагч хүн, шүлэг бичих ёстой гээд хумсаа мэрээд суугаад байвал утгагүй. Өгүүллэг, шүлгээр амьсгалдаг тархинд хааяа ч гэсэн завсарлага өгч, өөр юм уншиж, бичнэ гэдэг оюундаа салхи оруулж байгаа нэг хэлбэр юм.  

-“Өнөөдөр” сонин гэснээс Ц.Балдорж агсан таньтай ойр дотно байсан хүмүүсийн нэг. Тэр хүний талаарх дурсамж хуваалцаач? 

- Маш сайн удирдагч, маш сайн менежер гэдгийг нь олон хүн мэддэг. Дашбалбар багшийнхтай адил нэг чанар эрхлэгчид байсан. Хэнтэй яаж харьцахав, хэнээр юу хийлгэх вэ гэдгийг маш сайн мэддэг. Би боддог юм, “Өнөөдөр” сонинд яагаад тийм удаан, арав гаруй жил ажиллав аа гэж өөрөөсөө асуусан. Одоо ч би энэ сонинтой хамт байна. Тэгсэн чинь Балдорж эрхлэгч “Энэ хүүхдэд эрх чөлөөг нь л өгчихвөл өөрөө юмаа хийгээд байх хүн” гэдгийг олж харж чадсан юм билээ. Тэгж бичих ёстой байсныг ингээд биччихлээ, эсвэл одоо ингээд бичээдэх гээд байсан бол би аль эрт явчих байсан биз. 

- Та юуны фанат вэ? 

- Кино. “Тэнгис”, “Өргөө”-д ирсэн бараг бүх киног үздэг. 

- Хамгийн сүүлд ямар кино үзэв? Гүн сэтгэгдэл үзүүлсэн кино гэвэл?  

-Уржигдар “Чонон сүлд” үзсэн. Тэрнээс гурав хоногийн өмнө “Sponge Bob”, “Бархасвадийн мандалт”-ыг зорьж үзлээ. Хамгийн олон дахин үзсэн кино гэвэл “Аватар”. Хамгийн их сэтгэгдэл үлдээсэн, одоо ч аялгууг нь сонсмоор санагддаг “Up”. Хүүхэлдэйн кино л доо. Бага хүү бид хоёр “Байшингаа үүрдэг өвөө” гэж монголчилж нэрлэдэг юм. Хамгийн их намайг асааж, бодлогоширолд унагасан  “Хар хун” байна. 

- Юугаараа? 

-Шийдлээрээ. Гол дүрийн балетчин бүсгүй сэтгэхүйн өөр өөр ертөнцөд амьдарсаар адаг сүүлд нь өөрөө өөртэйгээ нэг цэгт огтлолцож, тэр нь шийдэл болдог. 

-“Чонон сүлд”-ийн талаар сүүлийн үед янз бүрээр ярьж байна. Та бодлоо  хуваалцаач? 

-Тэр чинь кино ш дээ. Урлаг. Тэр түүх биш. Р.Анхнямыг олон янзаар буруутгаж байна. Би бол тэгэхгүй. Бид яагаад юм хийж байгаа нэгнээ яагаад ингэж элдвээр гоочилж байдаг юм. Харцнаасаа эхлээд дүрээ үнэн бүтээсэн. Хятад зохиолч, франц найруулагчийн кино гэдгийг мартаж болохгүй. Зүгээр яахав, монгол хүний хэт эх оронч үзлээр харах юм бол өмчилмөөр, харуусмаар юмс байсан л даа. Гэхдээ миний хор шар хөдөлсөн. Монголчууд бид хэзээ ийм түвшинд хүрч, үүнийг давж гарсан, магадгүй энэ кинон дээр түүхэн алдаа болж харагдаад байгаа зүйлүүдийг залруулах хэмжээний, үүнээс сайхан кино хийх түвшинд хүрэх бол, яаж хийх вэ гэж шаралхаж бодсон.  

- Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе танд байсан уу?

- Байлгүй яахав. Бууж өгнө, шантарна. Тийм үед хүүхдүүд хүртэл удаа өсөөд, том болохгүй байх шиг санагддаг. 

-Та амьдралынхаа аль хэсэгт илүү хайртай вэ? 

-Бүх цаг үедээ. Учир нь энэ миний бүтээсэн, миний туулсан, намайг тоссон амьдрал минь юм. 

Гранд сэтгүүл, №58

Ярилцсан, М.Уранчимэг


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (31)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (9)
  • 10-23 23:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • 10-23 23:06
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-23 22:41
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 23:15
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 10-23 23:12
    Retweet (0)