“Miss Mongolia-2017” ч гэх шиг ...
2017 оны 10 сарын 3

 Би та нарт үсээ зулгааж хэлье, цусаа буцалгаж хэлье, ямар ч арга хэмжээнд цагтаа ир, болж өгвөл 30-аас дээш минут битгий хоцрооч. Тусгаар тогтнолын ордонд өчигдөр миссийн тэмцээн үзэх гээд 18 цагт очсон хүн байна. Уг нь 19 цагаас эхлэх байсан юм “малдаа”. Гэтэл бүр 20.30 болж байж сая нэг юм эхэллээ. Айхтар алдартай Виктория Секрэтийн моделиуд биш дээ. Үзэгчдийг тэгтэл нь чилээх хэрэг байсан уу? Аль 18 цагт л зааланд хашгичаад л “Ингээд алх, бишээ ингээд алхаач” гээд л нөгөө муу хэдэн охидууд нь загнуулж байх шиг байсан. За тэд ч яахав. Гол нь заал дүүрэхийг хүлээгээд байсан бололтой юм. Үгүй тэгээд дүүрвэл дүүрээд үгүй бол болино л биз. Үзэгчдийг гуйхааргүй хийснээрээ үнэ цэнтэй байж чаддаг тасарчихсан миссийн тэмцээн зохион байгуул л даа.

За ингээд эхэллээ. Охидууд үндэсний бүжгийн хувцастай мөртлөө гоёлын засалт, зарим нь абам бэбэм үстэй тачигнатал бүжиглэх янзтай байна. Дэгдээд гараад ирцгээлээ. Бүр өмнөөс нь ядраад. Бүжгээ хийхдээ түүртэж байна, гар нь хөшүүн байна, эгнэсэн охидууд дундаас яг сайхан яралзтал инээж байгаа нь гарын 5 хуруунд багтахаар байсан байх. Бүр бэлдсээр байгаад залхчихсан ч юм уу. Ямар ч байсан тэр богинохоон бүжиг дуусахад дийлэнх нь амьсгаадаж байв.

Хөтлөгч: “Зөрлөг” киноны галт тэрэгний буудлаа андуурч төөрдөг залуугийн дүр нь сэтгэлд үлдсэнийг бодоход хамгийн их оноо авсан дүр нь юм болов уу. SBN-ийн хөтлөгч Б.Батзаяа бараг тэнд байсан бүх эмэгтэйчүүдээс гоё, ньюанстай хувцастай тайзны хөтлөлт хийж байв. Итгэхгүй бол зургийг хар. Харин эмэгтэй хөтлөгч нь топ О.Уянга. Яагаав, нөгөө хоёр ихэр охинтой, дээр үед “Шүрэн бугуйвч” кинон дээр нэг айлгүйвтэр охины дүрийг бүтээдэг. Харин миний хувьд бол өнгөрсөн “Гоёл” наадам дээр бикинитэй гарч ирэхийг хараад бусдаасаа хол илүү санагдсан мэдрэмж маань үлдэж. Манай хүний алхаа гишгээ нөгөө л бикинитэйгээ алхаж яваа мэт. Уг нь гоёлын даашинз өмссөн байгаа юм. Ер нь тэр бикини модель л байх. Ямартай ч хамаг л сайхан хүүхнүүдтэй хамтдаа хөтлөлт хийсэн Б.Батзаяагийн хамгийн муу партнер байлаа.

О.Уянгын хэлийг монголоор ч ойлгоход төвөгтэй, англи ганц нэг ивээн тэтгэгч байгууллагын нэрийг хэлэхдээ бараг “Америкийн буриад”-аар яриад байна уу бүү мэд. Яахав, топууд ээлж дараалан телевизийн салбарт эсвэл тайзнаа хөтлөлт хийж байгаа нь амбиц. Топ Пүүжээ “Академи Авардс” наадмыг, топ Э.Одгэрэл “Бүрэн зураглал” хөтөлбөрийг хөтөлсөн. Араас нь О.Уянга нэхэж яваа юм байна.

Гэхдээ би бол хувьдаа хамгийн сайн хөтлөлт хийдэг загварын ертөнцийн хэн нэгнийг үнэхээр нэрлэ гэвэл Б.Хандыг хэлнэ. “Манжуурын мисс”-т эх орноо төлөөлөн явах миссийг шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн өвөл билүү дээ үзсэн юм. Б.Ханд тайзнаа зөвхөн монголоороо биш хятад, англи хэлээр чадварлаг хөтлөлт хийж байсан юм.

Мисс авьяасын мисс бүдрэлт: За ингээд шилдэг гурван миссийн авьяасын үзүүлбэрийг үзээрэй гэж байна. Мэдээж бүгд авьяасаа үзүүлсэн, "алаад өгсөн", төгс байсан, энэ гурав зүгээр л жишээ ... Хөтлөгчийн үг шүү. Хөтлөгчийн үг ч гэж зүгээр л уянгын халил уран сайхны хэтрүүлэг. Яахав дээ зарим талаар сулхан байх нөхцөлд иймэрхүү хэтрүүлгийг мэр сэр ашигладаг. Тэгээд ойлгочих.

Нэг мисс бүсгүй Belly Dance хийнэ гэнээ. Та нар мэднэ биз дээ, нөгөө бэлхүүсээ өгзөгтэйгөө хэрхэн уян налархай хаях вэ гэдэг бүжиг. Маш өндөр хэмнэлтэй, эрч хүчтэй савлуулдаг. Нэг бүсгүй тэгсэн чинь 21 дарь эхийн бүжгийн малгайтай өмсгөлтэй гарч ирдэг юм байна. Уг нь тэр чинь бол арай өөр утга агуулгатай бүжиг л дээ. Илүү бурханлаг. Тэр бүжиг энэ зарласан бүжиг хоёр чинь тэс ондоо. За тэгээд нөхөр бол гарч ирснээ шууд шон тэврүүлчихвэл “баарны” гэж хэлж болохоор хөдөлгөөн хийж эхэллээ. Гол нь нөгөө л 21 дарь эхийн малгайтай хувцастайгаа шүү дээ ... 

Дараагийн мисс ёочин тоглоно, дуулна. Нөгөө "Лимбэ дамбадана" гэдэг шиг. За ёочингоо ч яахав дарчихдаг юм байна. Гэхдээ ёочин тоглодог аниа нараа бас харах хэрэгтэй л дээ. Зүгээр л үндэсний хувцасаа өмсөөд даруухан цэх суу л даа. Хонхны баяраа хийх гэж байгаа аятай годойсон бариу загварын дээл өмсчихөөд хүний гараар тоглоод байгаа юм шиг модон. Хэрэв үнэхээр характер гаргаж айлгүйтмээр байвал ятгачин Мөнх-Эрдэнэ шиг хөгжмийн зэмсэгтээ эзэн болмоор. Жинхэнэ характер гэдэг чинь тэр болохоос худлаа “далжигнах”-ын нэр биш.

Гэв гэнэт нөгөө нөхөр чинь босоод ирлээ. Тайзан дээгүүр алхах юм, тэгснээ гэнэт “Алсын газрын зэрэглээ нь ...” гээд л өнгө алдаад солонгороод явж өглөө. Гүй нээрээ караокед ороод халз дуулсан ч энэнээс арай илүү дуулчих хүн манайд олон байх. Богинын дуу биз дээ? Манай топ хөтлөгч гарч ирснээ “Сайхан уртын дуу дуулж өгсөн миссдээ баярлалаа” гээд ташаагаа хаялан тайзны араар орчихов. Үзэгчид доогтой хөхрөлдөх. Гэхдээ инээх хэрэггүй дээ. Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад агсан, сүүлд МУГЖ Т.Баясгалан амилуулсан Дарьганга ардын дууг захын нэг учир мэдэхгүй бацаан авч дуулах болоогүй гээд алгадаад авмаар санагдсан байлгүй.

Дараагийн бүсгүй аман хуур хөгжмийг тоглож хальт балетын зогсолт хийж бас хувцасаа сольдог илбэ үзүүлсэн. Өнгө алдах асуудал бол наад захын. Гэхдээ эхний хоёроо бодвол арай дөнгүүр санагдсан. Ядаж л юм юмны зах зухтай. За ингээд арван жилийн хүүхдүүдийг цуглуулаад “Авьяасаа үзүүл” гэхээр дуртай дургүй нэг нэг юм хийдэг шиг хэсэг өндөрлөв.

Тэгш эрх хаачив? Дараагийнх нь үндэсний хувцастай үзүүлбэр. Яахав дээ нэг хонхны баярын дээлнүүд шиг "юм хум" өмсөөд гол нь тайзнаа алхаж дэмжигчдээр хэн нь баян болохоо мэдрэх агшин. Гэхдээ нэг л сонин. Бүгд морины туурай шиг туфльтэй. Урдаа ардаа өндөрлөгчтэй гэсэн үг. Их л болхи харагдах. Тэр тусмаа үндэсний хувцастай үзүүлбэр шүү дээ. Ямар ч утга авцалдаа байхгүй. Гол нь охидууд тийм ч өндөр бол биш юм байна. Нүдээ аниад тэр танилцуулгыг сонсвол чухам л өндөр, биеийн харьцаа гэж тасарчихсан охидууд байгаад байна гэж төсөөлөхөөр. Гэхдээ тийм өндөр ч байсангүй, бэлхүүс нь яагаад ч 60, 64 байхааргүй бондгор бикинитэй зураг ард нь гараад байдаг. Шүдэнзний мод шидэхэд зоогдохоор шавран нүүрнүүд.

Ер нь тэгээд будагтай хүүхэнд нүд хууртдаг нас өнгөрсөн бололтой. Ичихгүй бол миний фэйсбүүк найзууд хамаагүй царайлаг гэсэн юм бодчихсон сууж байх юм. Ер нь бол тэгээд хэн ч гэсэн нүүрийг нь аятайхан өөг нь дараад хөмсөг нүдийг нь тэгшлээд засаад будчихад тэд нарын дайны бараг илүү харагдахаар байна билээ. Өө тийм, гол юмаа яг мартах шахлаа. Зарим нь тайзан дээр нэлээн удах юм, бараг л гэр бүлийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэх дайны. Зарим нь болохоор тэр дороо орчих юм.

Нэг оролцогч бүр дараагийн хүн нь гарч ирчихээд байхад орохгүй, дараагийн хүн нь орчихоод байхад орохгүй тайзан дээр яваад үзэгчид “Орооч ээ” гэж орилж байж оруулсан. Тэгснээ бүх охидуудыг тайзнаа урьчихаад байхад хамгийн сүүлд хоёр хөтлөгчийн араас гарч ирж анхаарал татах жишээний. Энэ явдлыг та нар юу гэж ойлгох уу?

Тэгээд юу гэж? Цахирмаа яагаад өчигдөр миссийн тэмцээн үзэх болсон бэ? Киногоо л үзэж хэвтэхгүй “динэг” гэж зарим нэг нь бодож байгаа байх. Нэг постноос болсон юм.

Мисс охидууд хоёр залуугийн ард зогсоод авахуулсан сошиал медиад хамгийн олон лайк, шэйр, коммент авсан зурагнаас болоод. Бараг тэр зурагны ачаар миссийн тэмцээн болж байгааг хүмүүс мэдсэн шүү. Тэмцээний зохион байгуулалтын багт сүүлийн үеийн хамаг л тансаг хурим, гоё арга хэмжээг зохион байгуулж буй “Brand media group” багтсаны ачаар олон хүн энэ талаар мэдсэн. Угаас чамбай юм хийчихдэг тус группийн хамт олон тэмцээний зохион байгуулалтанд оролцож, захирал Аагий нь фото миссийн шалгуурыг нь шүүсэн болохыг танилцуулга сэтгүүлээс мэдэв.

Сэтгүүл нь нуль алдаа, зохион байгуулалтын багийн гишүүдийг танилцуулахдаа бүгдэнгийнх нь фэйсбүүкнээс зураг татаад тавьчихсан байх жишээний. Ингэж болохгүй ээ найзууд аа! Ядаж л сэтгүүл хийж байгаа бол дээр нь гарч байгаа бүх хүмүүсийнхээ зургийг нэг нэг дарчих сэтгэлтэй бай л даа. Наанадаж цаг зав, цаанадаж нэр хүнд, мөнгө төгрөгөөрөө тэр хүмүүс чинь энэ тэмцээнд оролцоод байгаа юм биш үү?

Цаана чинь дунд сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тараах материал хүртэл хөгжлийн шинэ шатанд гарчихаад байна. Тэр сэтгүүл нь ивээн тэтгэгчдийн танилцуулга, охидын зураг бүхий, текст гээд байх юм бараг байхгүй байхад л үг үсгийн алдаатай. Найзууд аа үнэхээр болохгүй бүтэхгүй чадахгүй мэдэхгүй юм байвал хэвлэлийнхнээс туслалцаа, зөвлөгөө ав л даа.

 Нэг ийм л юм боллоо. Би лав дуусгаагүй. Өглөө ирээд сонсохнээ нөгөө тайзан дээр удаад байсан нөхөр түрүүлсэн юм шиг байсан. Мэдээж тэмцээн юм чинь хэн нэгэн заавал ялах ёстой. Гэхдээ бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн, үнэхээр хүчтэй өрсөлдөгчдийг ялж гарч ирсэн тийм мисс, тийм тэмцээн болвол сайхан аа. Нэг үе миссийн тэмцээнийг шимтэн үзэж нийтээрээ тэр миссийг таньдаг байсан цаг сайхан байж дээ.

Миссүүд нь ч үнэхээр мисс шиг мисс байж. Харин одоо чухам хэн юу нь мэдэгдэхгүй хөл толгой нь олдохгүй баахан л мисстэй болчихлоо. “Хамар хашааны хачин сайхан мисс” гэж шалгаруулах л дутаж байна. Нэг дор ямар олон мисс гэдэг үг орчихоо вэ? Зүгээр л нэг үг олон байхад төвөгтэй санагдаж байгаа юм чинь өөр бусад юм ямар санагдах нь тодорхой. Мэдээж ач холбогдолтой чухал тэмцээн. Алдаа мадгаа засаад яг одооноос тэмцээнээ чанаржуулж унасан нэр хүндийг нь сэргээх restart хийх цаг нэгэнт болжээ. Миний эх орон олон мисс, олон миссийн тэмцээнтэй орон билээ л ...

Бэлтгэсэн У.Цахирмаа

Фотог: Б.Сайханбилэг

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (31)
  • Retweet (10)
  • 10-23 22:48
    Retweet (9)
  • 10-23 23:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • 10-23 23:06
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 10-23 22:41
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 10-23 23:15
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 10-23 23:12
    Retweet (0)