Фото түүх: Мисс Т.Туяамаа
2017 оны 6 сарын 12

Саяхан юмдаг. “Хааны хоёр нар” ч билүү зүрх ч билүү нэг кино үзээд. Нэр нь тийм ч чухал биш, хоёр Солонгосын харилцаа, хааны гэр бүлийн амьдрал дэг жаяг, тэр дунд сүлж явдаг зэвсгийн наймаачин ойгүй баян эрхэм гэхчлэн үйл явдал сүлэлддэг. Мисс Т.Туяамаа зэвсгийн наймаачныд бэр оржээ гэх мэдээ гарахад тэр кино санаанд орж байв. Биднээс бол хол сэдэв, хол ч наймаа. Чихэр шоколад, гутал хувцас, үсрээд машин тэрэг, үсрээд уул уурхайн ашигт малтмал дамлахыг бид мэдэхээс хэтрэхгүй. Т.Туяамаагийн хадмууд бүр тэр кинон дээрх шиг нүсэр биш, галт зэвсэг буюу сумны наймаа эрхэлдэг, Орос-Монголын хооронд гэж байгаа. Яагаад эхэнд урт оршил тавьж учиргүй задлан тайлбарлаад гэхээр яг эндээс энэ бүсгүйн тухай бичих сэдэл төрсөн учраас тэр л дээ. Энүүхэндээ л гэж хэлэхэд монголын сайхан охид бүсгүйчүүд мисс, моделиуд хэн нэгэн улс төрчийн бэр болж сая нэг нойртой хонодог мэт амьдардаг. Т.Туяамаагийн сонголт тэс өөр. Ямар айлын бэр болсон нь чухал биш. Үе тэнгийн эгэл жирийн залуутай тэр амьдралаа холбов. Маш цэвэрхэн өрнөл хийгээд гэр бүлийн амьдралын эхлэл. Энэ бүсгүйд ер нь “маш цэвэрхэн” гэмээр зүйл олон юм билээ. Магадгүй цор ганц цэвэрхэн намтартай загварын ертөнцийн бүсгүй ч байж мэдэх юм. Ингээд мисс Т.Туяамаагийн фото түүхийг та бүхэнд хүргэж байна. 

14 насандаа цахилсан гөрөөс

Тун өвөрмөц содон төрхтэй Т.Туяамаа Дорнод нутгийн охин. Түүнд загвар өмсөгч болох мөрөөдөл хар багаас нь байсан. Байрныхандаа ээжийнхээ оёсон хувцасыг өмсөж үзүүлэн бяцхан шоу дэглэдэг байсан учир “орцны мисс” гэж өхөөрдүүлдэг байж. Түүнийг 14 настай байхад “Азийн модель” агентлаг Дорнод аймагт сургалт явуулжээ. Угийн загвар өмсдөг сонирхолтой байсан охин энэ үеэр Ч.Содтуяад шавь орж ёстой модель болох гараагаа эхэлжээ. Улаанбаатараар нэг гоё охид дүүрэн, хөдөө гэхээр хөдөө л төсөөлөгддөг байж мэднэ. Гэхдээ зөвхөн зарим хүмүүст. Ч.Содтуяа ёстой хясаанд нуусан сувд гэмээр охиныг Дорнодоос олсон нь өнөөдрийн бидний мэдэх Т.Туяамаа. МУИС-ийн Социологийн ангид суралцаж төгссөн тэрбээр 17 настайгаасаа “Шилмэл загвар”-т загвар өмсөж байсан. Т.Туяамаагийн гарч ирсэн тэр цаг үе бол бас л шандасаа сорьж уралдаан тэмцээнд байр эзэлдэг байсан үе. “Мисс Монголиа-2010” тэмцээний “Авьяаслаг мисс”, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байр, Солонгосын “Керасис” бүтээгдэхүүний нэрэмжит “Шилдэг загвар өмсөгч” шагналын эзэн, 2011 онд “Азийн супер модель” шагналын эзэн болсон юм. 14 наснаас эхэлсэн түүний загварын карьер 22 нас хүрэх үед нь бат суурьтай тогтсон байлаа. 

Уран зураг мэт бүсгүйн өөр тавилан

Оюутан ахуйдаа л од болж олны нүдэнд өртөх болсон Т.Туяамаа их сургуулиа дүүргэсний дараа бас нэг тэсрэлт хийв. “Catwalk” загварын охидоос бүрдсэн хамтлагт тэр багтсан. Сонин бас содон шийдэл. Социологич биш бол гарцаагүй урлагийн мэргэжил сонгох байснаа өгүүлдэг бүсгүй номыг нь үзэж ногоотой шөлийг нь уугаагүй ч урлагтай ойр байсан хэрэг. Нэгэнт хүний гэргий хүүхдийн ээж болж сайхан амьдарч байгаа бүсгүйн өнгөрснийг ухаад яахав. Гэхдээ түүнд тэгтлээ олны нүд, чихнээс эмээх гашуун түүх байхгүй юм билээ. Нэгэн урлагийн залуутай бага балчраасаа хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр үерхэн дотноссоны эцэст 7 жилийн дараа хоёр тийш болсон. Бараг л 7 хоногт хос нь солигдох болсон орчин цагт тэдний түүх бараг л Шекспирийн сонгодог зохиол мэт яригддаг. Залуу хүн, үерхэл нөхөрлөл, хайр дурлалын зах зухаас амсахгүй өнгөрвөл харин гайхах зүйл биз. Т.Туяамаад үүнээс өөрөөр эрчүүдийн талаар намтар түүх байхгүй. Мэдээж араас нь хуйлардаг дагадаг нэр ч болсон холбогдчих юмсан гэж хүсдэг хүмүүс олон байсныг үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч тэр урлагт ойр байж дуучин болж үзлээ, урлагийн салбарын зовлон жаргалыг үерхэж байсан залуугаасаа мэдэрсэн нь дамжиггүй. Харин мисс бүсгүй кинонд тоглож байсангүй. Салбартаа үнэнч урдахаа л хийсээр ирсэн түүний замнал хилийн чанадад үргэлжилсэн учир өдөр бүр нээлтээ хийх олон киноноос хоцорсон хэрэг. 

Одоо цаг

Эх орондоо баруун солгойгүй том компанийн реклам сурталчилгаанд уригдан завгүй явсан Т.Туяамаа сүйт залуу Төр-Энхийн хамт Австралид амьдрахаар явсан. Гэхдээ түүнийг Топ модель болох хэмжээний зангарагтай гэдгийг загварын хүрээнд ярьж л байдаг. Т.Туяамаа зүгээр ч нэг ая тух, шинэ мэдрэмж тав тух хайж хилийн дээс алхсан юм биш. Одоогоор “Winkmodels”, “Platform models” агентлагуудад 2-3 жилийн гэрээтэй ажиллаж байгаа. “IMG Models” дэлхийн хамгийн том агентлагийн Австралийн салбарт ажиллах кастингд тэнцсэн аж. Австралийн Bridal Fashion Week-т оролцох урилга авсан нь түүний карьерын талаарх сүүлийн үеийн мэдээлэл. Мөн Австралид бизнесийн чиглэлээр мастер хамгаалж буй. Шинэ хүнээ өлгийдөн авахын зэрэгцээ бүгдийг зэрэг зэрэг амжуулж буй бүсгүйтэй төрсний дараах стресс, baby sindrom, дэглэм форм алдалт ярих ч хэрэггүй байгаа биз? Эмэгтэй хүний жинхэнэ галбир, гоо үзэсгэлэн ээж болсны дараа тодордог гэдэг. Т.Туяамаа онцын өөрчлөлтгүй яг л хэвээрээ. Нууц жор нь юу юм бол гэж хүмүүс сониучирхаж байгаа байх. Хүний өгөгдөл, бурханаас зурсан зураг төөрөг биз ээ. 

Мөрөөдлийн хурим

Т.Туяамаагаас одоо хүмүүс нэг л зүйл хүлээж байгаа. Мөрөөдлийн хурим, модель бүсгүйчүүд дунд тогтоох гэрлэлтийн зэрэг зиндаа. Орчин цагт загварын охид карьераа ч хөөж гэр бүлээ ч төвхнүүлэн хурим найр хийх нь элбэг болсон. Үнэхээр ч залуу насны ажил тул үүний төлөө хамаг байдгаа тавьж тууж нэг насаар ганц бие олны нүдний харцанд өртсөн бүсгүй явах аниа нарын замналыг давтах хэрэг юун. Т.Туяамаа хуримын бэлтгэлдээ орсон. Хосууд сүйн бөгжөө солилцсон бөгөөд намар хуримлах тов дуулгаад буй. Бүсгүйн зүгээс дахин давтагдашгүй гайхалтай зургийн цомогтой болохоор сэтгэл гарган бэлдэж байгаа гэх юм билээ. Охид бүгд гүнж болохыг яг л үлгэрт гардаг шиг сайхан хурим, гоё даашинз мөрөөддөг. Гэхдээ тэр хүн бүхэнд өгөгдөхгүй. Бүсгүй хүн бүхэнд өөрийн давуу тал, гоо үзэсгэлэн хэн нэгний сэтгэлд онцгой нар болон мандах тавилан бий. Харин хэд нь мөрөөдлийн залуугаа танин олж эсвэл өөр дээр нь ирэх цаг хүртэл сэвгүй цэвэр амьдардаг билээ? Загварын ертөнцөөр дүүрэн өнгө зүс сайхан охид байгаа ч бүгд Т.Туяамаа шиг биш нь хариултыг нь бодож олж цөхөх юмгүй юм уу гэсэн бодол төрсөн. Магад энэ бүсгүй ойрын таван жил дотор мисс алдрын эзэн болсон охидоос хамгийн тэгш амьдарч буй нь байж мэдэх юм. Гэвч нэг удаа цээжээ дэлдэж БИгээр өвчилж байсангүй. Ийм нэгэн бүсгүйн түүхийг та бүхэнд хүргэлээ. Монголын тэгш сайхан гэр бүлүүд маш олон болох болтугай. 


Бэлтгэсэн Б.Ундрал 
Фотог Д.Цэгц 

Гранд сэтгүүл №94

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-21 12:28
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-21 12:03
    Retweet (2)
  • 09-21 12:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:35
    Retweet (1)
  • 09-21 12:29
    Retweet (1)
  • 09-21 12:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:14
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)