А.Адилбиш: Чадварлаг, мундаг эмэгтэйчүүд ганцаараа амьдарч болохгүй
2017 оны 4 сарын 7

“Apple” продакшны захирал бүсгүй зөөлөн сандлаа “Ийгл”-ийн мэдээний хөтлөгчөөр солилоо гэх яриа гарч байсан нь аль дөрвөн жилийн өмнөх явдал. А.Адилбиш одоо бол тайзны харууштай, чадварлаг бүрэн боловсорсон, тэр дундаа классик арга хэмжээний нүүр царай болж яваа хөтлөгч.

Хэдийгээр телевизийн суваг олноор гарч ирж хэн дуртай нь хөтлөгч гэж зарлуулан тайзнаа гардаг болсон ч эцсийн эцэст цаг хугацааны шалгуураар зөвхөн чадварлаг нь үлдэх билээ. Түүнийг би хувьдаа “Гэгээн Муза”-гийн тайзнаас харж байв. Саяхан Их дэлгүүрт нээгдсэн “ICinema”-гийн нээлтэн дээр “Хайрын хурим”-ын өвөрмөц загварын дээл өмссөн бүсгүй содон туссан. Тэр бас тайзнаа гардаг хөтлөгчдөөс мэдрэмжээрээ ялгардаг фэшниста. Ийм нэгэн олон талсттай залуу бүсгүй “New generation” булангийн өвөл цагийн салхийг хагаллаа. Бид яагаад энэ булангаа шигшиж шүүсээр тогтмол явуулдаггүй вэ? Яг л Адилаа шиг өвөрмөц, ертөнцтэй шинэ үеийн баатар төрөн гарч ирэхийг, тэр баатартай уулзах тохиромжтой цагийг хүлээдэг учраас тэр. Хүн болгон тамга тэвэрч, захирал болохыг хүсэж байхад тэр буруу хараад алхчихсан зөрүүд бүсгүй. Гэхдээ компаниа дагуул ажил болгож хөтлөгчийг үндсэн ажлаа болгосон. Жинхэнэ орчин үеийн ажил хэрэгч, бүх зүйлийг ягштал төлөвлөдөг, бодлогогүй нэг ч алхам хийдэггүй боловсорсон эмэгтэй. Тун сонирхолтой зочин. 

-Таны нэрний утга учраас яриагаа эхэлье. Адилбиш их содон нэр. Охид ихэвчлэн эмэгтэйлэг нэртэй байдаг даа. Тэр утгаараа таныг хэнтэй ч андуурдаггүй нь давуу тал юм шиг?
-Бодоход өмнө нь надад ярилцлага өгөөч гэж албан ёсоор хандаж байгаагүй юм билээ. Ямар нэгэн үйл ажиллагаатай холбоотой шалтгаанаас би хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа гол төлөв телевизийн ярилцлаганд орж байсан. Өөрт минь, хувь хүнд маань хандаж ярилцлаганд орооч гэдэг хүсэлт ирж байсангүй. Анх удаа намайг өөрийгөө илэрхийлэх боломжийг олгосонд баярлалаа. Нэрний тухайд гэвэл манай гэр бүлд надаас өмнө нэг охин төрсөн юм билээ. Тэр охин хоёр нас хүрээд хүн бололгүй өнгөрчихсөн. Аав ээж маань яг тэр охин шиг бид нарыг битгий орхиод явчихаасай, адилхан биш байгаасай гээд Адилбиш гэдэг нэрийг өгсөн гэж ярьж байсан. Ер нь би боддог юм, хүний нэр гэдэг тухайн хүний том илэрхийлэл. Миний нэр содон хэрнээ Адилаа тэрэнтэй адилхан юм болов уу гэхэд үргэлж хэнтэй ч адилхан биш байх боломжийг надад өгсөн юм болов уу гэж анзаардаг. 
 

-Таны үсний засалт их содон. Энэ үстэйгээ хэдэн жил болж байна вэ?
-2012 он гэдэг чинь бараг 4, 5 жил болж байна. 2012 онд “Ийгл” телевизийн нэвтрүүлэгчээр ажиллах боломж надад тохиосон. Ер нь би аливаа ажлыг хийх гэж зүглэхдээ судалгаатай эхлэхийг хичээдэг. Суралцаж, тодорхой хэмжээний чадвартай болчихоод шинэ зүйл дээр гарахыг хичээдэг гэх үү. Би тэр саналыг хүлээж аваад олон улсын мэдээний сувгуудын хөтлөгч нэвтрүүлэгчид ямар стиль, дүр төрхтэй байна гэдгийг тодорхой хэмжээнд судалсан. Олон стилист загвар зохион бүтээгчид үсчидтэй уулзсан. Анзаарахад ихэнх телевизийн мэдээний сувгийн хөтлөгчид бүгд тайрмал богинохон стилийн үс засалттай. CNN Focus BBS бол дэлхийн стандарт. Харахад ойлгомжтой, засахад хялбар, ямар ч нөхцөл байдалд өөрөө үснийхээ засалтыг хурдхан шийдээд эфиртээ гарах ёстой. Мэдээ чинь өөрөө хурд шаарддаг төрөл жанр шүү дээ. Дикторуудын үүрэг гэвэл тухайн мэдээг үзэгчдэд хүргэх болохоос загварлаг харагдах биш. Энэ засалтыг “Матрикс” салоны Гэрэлээ хийсэн. Өнөөдрийг хүртэл стиль имижээ хадгалаад явж байна.

-Адилбиш гэж яг хэн бэ? Өөрийгөө танилцуулж БИ-гээ тодорхойлооч?
-Хүмүүс бид маш олон дүрээр амьдардаг. Хорвоо ертөнцөд хэзээ ч нэг хүн нэг дүрээр явдаггүй юм байна. Би найз нөхдийнхөө хувьд нэг хүн, гэр бүлийнхээ хувьд өөр нэг хүн, ажлын хамт олныхоо дунд өөр хүн болж чаддаг гэдэг ч юм уу. Нийгмийн өмнө бас дахиад нэг өөр дүртэй. Яг л бид кинонд тоглож байгаа жүжигчид шиг амьдардаг. Би найз нөхөд гэр бүлийнхээ хувьд өөр Адилаа байх. Харин яг одоо тантай ярилцаад сууж байгаа Адилаагийн хувьд монголын олон мянган эмэгтэйчүүдийн л нэг эгэл жирийн монгол эмэгтэй. 
 

-Зөвхөн өөрт чинь байдаг нийтлэг бус ямар чанар байдаг вэ? 
-Бид бүгдээрээ адилхан. Бидний хувцсыг тайлахад адилхан, ижилхэн өгөгдөл бидэнд ирдэг. Гэхдээ тэр болгон хүмүүст байдаггүй болов уу гэмээр миний чанар гэвэл би бусдад буруу өгч чаддаггүй. Ямар нэг алдаа, буруу үйл ажиллагаа, амжилтгүй байлаа гэхэд яг тэрнээс болчихлоо, энэнээс болчихлоо, тэр буруутай гэдэг тэр хандлагыг бусдад гаргаж чаддаггүй. Зөвхөн өөрийнхөө учир шалтгаан өөртэйгөө холбож ойлгодог. 
 

-Фэшн уусан алга болдог ч стиль хэзээд мөнх үлддэг гэж Коко Шанель хэлсэн. Таны мөнхөд үлдэх стиль юу вэ?
-Миний мөнхөд үлдэх стиль миний дүр төрх юм болов уу. Миний одоогийн байгаа дүр төрх, би үнэнч үлдэнэ. 
 

-Хэр моод дагагч бол?
-Тодорхой хэмжээнд моодонд дуртай. Энэ бол эмэгтэй хүнд байх ёстой зүйл. Би ерөнхийдөө өөртөө зохицсон, биед эвтэйхэн байж чадах зохимжтой бусдад сайхан харагдах тийм л стиль имижээр хувцаслахыг хичээдэг. Тэрнээс биш сүүлийн үеийн стиль яг ийм байгаа юм байна гээд тэрийг шууд дагахгүй. Хэзээ ч ямар ч үйл ажиллагаанд үндэснийхээ монгол дээлийг өмсөөд очих дуртай. Өдөр бүр магадгүй бас өмсмөөр санагддаг. 

-Мэдрэмж гэж юу вэ? Тэр хэзээ ямар тохиолдолд хамгийн их хэрэгтэй байдаг бол? 
-Би мэдрэмж гэдгийг амьдрал гэж хэлнэ. Өнөөдөр бидний амьдарч байгаа бүх зүйл, үйл хөдлөл, орчин нөхцөл тэр бүх зүйл мэдрэмж гэдэг зүйлтэй салшгүй холбоотой. Хүмүүс бидний хоорондын харилцаа, хайр сэтгэл, ажил хөдөлмөр энэ бүх зүйл дээр алхам тутамд мэдрэмж салшгүй холбоотой. Мэдрэмж холбоотой байж чадвал энэ бүх зүйл амжилттай байна. Жишээлбэл хайр сэтгэл. Эрэгтэй эмэгтэй хүний харилцаанд мэдрэмж байвал амжилттай байж чадна. Гадаад дүр төрх имиж ч мэдрэмж байвал төгс байна. 
 

-Гоо үзэсгэлэн гэж яг юу юм бэ? Хэнийг гоо үзэсгэлэнтэй эмэгтэй гэх вэ. Та гоо үзэсгэлэнтэй эмэгтэй мөн үү? 
-Минийхээр гоо үзэсгэлэн гэдэг хамгийн гоё тэр зүйл, хамгийн хөөрхөн тэр эмэгтэй биш. Хамгийн гоё хувцастай хүн биш. Харин хүний дотоод сэтгэл, мөн чанар. Би гоо үзэсгэлэнтэй бүсгүй мөн. Аль болох өөрийнхөө дотоод сэтгэлийг тайван сайхан байлгахыг хичээдэг. 
 

-Тан шиг залуухан олны танил бүсгүйгээс хайрын тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хайр гэж таныхаар юу вэ? 
-Хайр гэдэг хүмүүс бие биенийгээ хүндэтгэх, итгэх итгэл юм. Хүмүүс хооронд үүсэж байгаа нандин, хэлж тайлбарлаж болохгүй зүрх сэтгэлийн нандин мэдрэмж. Тэр нь ээж хүү, найз нөхдийн, эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд үүссэн байж болно. Яг ийм юм гэж хэлэх гэхээр чадахгүй тийм нандин мэдрэмж. Тийм мэдрэмж хүмүүс хооронд үүсэж чадсан нөхцөлд итгэж чадвал хайр үүсдэг. 
 

-Тэгвэл хайр дурлалын тухай хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
-Хөгжилтэй гэх юм бол их сургуулиа төгссөн хойноо би ямар хөвгүүдтэй үерхлээ гээд бодсон чинь дандаа нэрнүүдэд нь баатар орсон залуус байсан. 
 

-Уучилж болдоггүй алдаа гэж байдаг юм болов уу? 
-Уучилж болохгүй алдаа миний амьдралд тохиолдож байсангүй. Би маш сайн уучилж чаддаг. Сэтгэлдээ ачаа үүрээд гомдоод цөхрөөд хорсоод яваад байж чаддаггүй. Аль болох хурдан уучилж сэтгэлээ тайван болгоод өөрөөсөө тэр ачааг авч хаяад тайван амьдрахыг хүснэ. Уучлал гэдэг өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл. Тэрнээс биш Болдоог, Төмрөөг, Оюунааг уучилсанаар би тэр хүнд сайн зүйл хийгээд байгаа юм биш. Хүмүүс уучлахгүй яваад ирэхээр олон жилийн гомдол цөхрөлөө сэтгэлдээ тээгээд тэр нь хуримтлагдаад л байдаг. Тэгэхгүйгээр маш хурдан уучлаад өөрийгөө чөлөөлөөд тэр хүмүүсийг ч гэсэн тайван явуулчих хэрэгтэй. 
 

-Яг одоо таны wishlist-ийн жагсаалтанд юу юу байна?
-Тэр жагсаалтанд хамгийн эхлээд одоо ээж маань хүнд өвчтэй байгаа. Ээжийгээ надтай урт удаан хугацаанд хамт амьдраасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт нь би ялангуяа эрүүл зөв амьдралын чиглэлээр шинэ бизнес эхэлчих юмсан гэж төлөвлөж байгаа. Судалгаа хийж байгаа. Гуравдугаарт нь гадаадад сургууль төгсчих юмсан. Ийм зүйлүүдийг хүсэж байна. 
 

-Өнөөдрийн Адилбиш бүрэлдэж бий болоход хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
-Аав ээжийн надад өгсөн хүмүүжил. Миний аав ээжийн надад сургасан яг тэр зүйлээр би эрдэм боловсрол эзэмшиж хүмүүстэй харилцаж нийгэмтэй харилцаж явна. Аливаа хувь хүний төлөвшилд гэр бүл, хүүхэд насны хүмүүжил чухал юм. Зөв хүн байх, зөв хүн гэж хэн юм гэдгийг надад сургасан. Би их сургууль арван жилээ тэр хүмүүжлээр сайн суралцаж төгссөн. Тэр хүмүүжлээр найз ханддаг. 
 

-Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Би Дарханы арван жилийг төгссөн. Багадаа монголжуу төрхтэй охин байсан. Арван жилийнхэн маань намайг маш их өөрчлөгдсөн гэж хэлдэг. Эрс өөрчлөгдөж чадсан. Онц сурлагатан, аймгийн хэмжээн дэх бүх үйл ажиллагааг хөтөлдөг, сурагчдын зөвлөлийн дарга, нийгмийн идэвхитэн. Социалист хүмүүжилтэй байсан юм уу даа. Юмыг их шалгаадаг. Хаана олон хүн бужигнаж байна тэнд явж байдаг байсан гэсэн. Одоо гаднах төрх өөрчлөгдсөн. Урт үстэй, бов бор гадаа их тоглодог охин байсан юм шиг байгаа юм. 
 

-Эрчүүд хэзээнээс хөтлөгч бүсгүйчүүдэд хайр зарлаж шүтээнээ болгож ирсэн гэдэг. Гэнэтийн сюрпризэд хэр өртөх вэ?
-Авна шүү. Томоохон үйл ажиллагаа, ялангуяа дуурийн театр дээр тоглосон тоглолтуудын дараа, илүү классик үйл ажиллагааны дараа маш гоё том цэцэг, мэндчилгээ авах тохиолдол зөндөө байдаг. Ер нь хүн хүндээ сайхан харагдсаны, таалагдсаны буруу байхгүй. Би тухайн эрэгтэй, эмэгтэй хүнд таалагдсан болоод цэцэг, мэндчилгээ илгээх ч юм уу сөрсөн үйлдлийг хийж байна. Энэ байх ёстой. Тэгснээрээ амьдралын аз жаргалыг мэдэрдэг юм болов уу. Ерөнхийдөө үйл ажиллагааг амжилттай хөтлөөд гарсны дараа дуу хоолой, хөтлөлтийн ур чадвар, мэргэжлийн, чадвартай байж чадсаны төлөө баярласан сэтгэлээ илэрхийлж байгаа үйлдлүүд юм. Ер нь би өөрөө яг маш гоё байж чадлаа шүү гэж бодсоны дараа тийм үйлдлүүд болох нь элбэг байдаг. 
 

-Танд хамгийн их таалагддаг хөтлөгч гэвэл хэнийг онцлох вэ?
-Монголоос жүжигчин Ууганааг хэлнэ. Бид олон арга хэмжээг хамт хөтөлсөн. Сүүлд “Харанга”-ын Чука ахын “Амьдралын бэлэг” тоглолтыг хамт хөтөлсөн. Маш чадварлаг. Жүжигчин болоод ч тэр үү уусах, хувьсах, бусдыг байлдан дагуулах чадвар өндөртэй. Олон улсын төвшинд гэх юм бол Опраг хүндэлдэг. Ярилцлагын хатан хаан, шоронд сууж хүчирхийлэлд өртөж явсан хэрнээ яаж тийм өндөрлөгт хүрч чадав аа. Надад тохиолдсон бол би босож чадахааргүй бэрхшээл туулсан байдаг. Амьдралын хүнд нөхцөл дундаас дэлхийн хэмжээний хүн болж чадсан хүндэлмээр эмэгтэй. 

-Монголын нийгмийн залуу, чадварлаг ганц бие бүсгүй амьдрахад хамгийн дутагдалтай тал нь юу вэ?
-Би хувьдаа чадварлаг, мундаг эмэгтэйчүүд ганцаараа битгий амьдраасай гэж хүсдэг. Тэд ганцаараа амьдарч болохгүй. Аль хэдийнээ тэд хийх ёстой зүйлээ хийчихсэн, тодорхой хэмжээнд хүрэх ёстой газраа хүрчихсэн. Тиймээс амьдралын хамгийн сайхан байх, аз жаргалтай байх мөчүүдээ ганцаараа битгий өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл тэд хайрлуулах эрхтэй, хайрлах эрхтэй. Энэ магадгүй Монголын нийгэмд тэдэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл. 
 

-Гэр бүл төлөвлөлтийн тал дээр ямар үзэл баримтлалтай вэ?
-Эмэгтэй хүний хувьд гэр бүл төлөвлөлт 32, 30 наснаас эхлээсэй гэж хүсдэг. Өөрөөсөө дүү эмэгтэй хүмүүст тэгж зөвлөдөг. Гучин нас хүртлээ өөрийгөө боловсруулж, өөрийгөө хөгжүүлж амьдралд бэлдэж энэ амьдралаас ганцаараа байхдаа үзэх ёстой юмаа үзэх ёстой. 21 22-той хүнтэй танилцаад хүүхэдтэй болоод тэр хүнтэйгээ шууд суучихаж болохгүй. Энэ амьдралаас, дэлхийгээр хэрэн хэсэж муу сайн зүйлүүдийг бүгдийг нь үзэх ёстой. Тэгээд суралц. Хөгжих ёстой өөрийгөө бэлдэх ёстой. Гучин наснаас эхлээд гэрлэх юм бол илүү аз жаргалтай байх юм болов уу гэж бодож байгаа. 
 

-Таны бодлоор сайн, төгс эр хүнд байх ёстой шинжүүд гэвэл. Дурын тавыг нэрлэбэл?
-Өөрийгөө би хэн бэ гэдгээ сайн мэддэг, эмэгтэй хүнийг ойлгодог, хайрладаг, биеэ маш гоё зөв авч явдаг, амьдралын алсын хараатай, түшигтэй хүнийг сайн эр хүн гэж хэлнэ. 

-Эмэгтэй хүн түрийвч, түрийвчээ зөв зарцуулах эр хүнийг мөрөөддөг гэдэг. Та санал нийлэх үү? 
-Эр хүний хувьд өөртөө байхгүй байгаа зүйлийг ч хайртай эмэгтэй хүндээ зориулж чадах нь хоншоортой байдал. Түрийвчтэй эр хүний тал дээр санал нийлэхгүй. 
 

-Тэгвэл эмэгтэй хүн эр хүнээс хоншоор авчихлаа. Зөрүүлээд хоншоортой хандмаар байна..?
-Надад хоншоортой байсных нь төлөө би эргээд ямар зүйл дээр хоншоортой байх вэ гэхлээр өөрийгөө маш гоё авч явна. Яг л цаг үетэйгээ хөл нийлүүлж алхдаг байж чадна. 
 

-Мөрөөдлийн гэр бүлээ ямраар төсөөлж байна?
-Карьерын хувьд ч гэр бүлийн хувьд ч би төлөвлөлттэй амьдрах дуртай. Энэ бол амьдралын чухал зүйл. 15 жилийн дараа Адилаа энэ амьдралд хэн байх гээд байгаа юм гэдгээ би аль хэдийнэ тодорхойлчихсон. Би хэн байх юм, хэн байгаад энэ амьдралаас буцах юм бэ гэдгээ ойлгочихсон, тэрийгээ харчихсан. Миний 10, 15 жилийн амьдралын төлөвлөгөө аль хэдийнэ зурагдчихсан гэх үү. Тэрний дагуу бүх зүйл явагдаж байна. Гадны хүн мэдээж байгаа /инээв/. Гэр бүл төлөвлөлтөө хийчихсэн. Ирээдүйд намайг хайрладаг, би хайрладаг тийм хүнтэй учирчихсан байна. Гэхдээ хоёр жилийн дотор төлөвлөгөөнд бол байхгүй. Ер нь бол гурван хүүхэдтэй болчихсон байх байх. Ажил мэргэжил карьерын хувьд би олон улсын төвшинд гарчихсан байхыг зорьж байгаа. Гадаад мэдээний сувгийн хөтлөгчөөр Адилаа аль хэдийнэ ажиллачихсан, тэр салбарт Монголоо төлөөлнө гэж төлөвлөсөн байгаа. 
 

-Мөрөөдлийн болзоонд явах болбол хэнтэй болзох вэ?
-Аягүй амархан /инээв/. Жүжигчин Эрдэнэбилэгтэй. Эбитэй хамт “Найрамдал” зусланд багшилж байсан юм. Надад маш их таалагддаг. Хувь хүнийхээ хувьд ч, гадаад төрх байдлын хувьд ч тэр. Гэхдээ гол төлөв би тоглосон дүрүүдэд нь дурлачихсан юм шиг байгаа юм /инээв/. 
 

-Даруу эмэгтэй түүх бүтээх нь ховор гэж Тетчер хэлсэн байдаг. Адилбиш хэр даруу эмэгтэй бол? 
-Ерөнхийдөө даруухан. Миний байгаа байдал хүмүүжил өмнөх цаг хугацаанаас надад олгогдсон зүйл даруу байдал. Онгирч, өөрийгөө дөвийлгөх зан надад байдаггүй. Хор шар байгаа. Тэр хор шар байсан цагт би хүчтэй байж чаддаг, тэмүүлж чаддаг. Хор шар гэдэг хүнд заавал байх ёстой нэг чанар. 

-Таныхаар хүний агуу чанар юунд оршдог вэ?
-Хүний агуу чанар сэтгэл, тэр дундаа сайхан сэтгэл, бусдад тусалж байгаа сэтгэл дээр орших болов уу гэж бодож байна. Би агуу чанартай байж чаддаг. Хүмүүст туслах дуртай. Яг амин хэрэгцээний өдөр тутмын зүйлд туслахаас илүүтэйгээр тэр хүний ирээдүйг харж тусалчих юмсан гэж боддог. Би яг өнөөдрийн идэх хоолыг нь өгөхгүй. Эгч нь чамайг ийм л мэргэжилтэй хүн болгоод ийм сургуульд сургаад өгье. Харин энэ мэргэжлийг эзэмшсэний дараа чи өөрөө амьдралаа аваад яваарай. Алсыг харсан ирээдүйд хэрэг болох зүйлд нь тусалчих юмсан гэж боддог. 
 

-Та ер нь сахилгагүйтэж байв уу?
-Үгүй. Одоо ер нь нэг сахилгагүйтэж үзмээр санагдаад байгаа. Тэр боломж гадаад ертөнцөд илүү байх байх. Аялж явж байхдаа ч юм уу. Намайг танихгүй хүмүүсийн дунд ороод галзууртлаа бүжиглэхийг хүсэж байна /инээв/. Одоо хийж чадахгүй байна. 
 

-Танд хамгийн их дутагдаж байгаа авьяас?
-Өөрийнхөө хувь хүний хөгжлийн төлөвлөлтийг нарийн гаргадаг. Юмыг гялс сураад төгсгөх дуртай. Төгөлдөр хуурын курст явлаа. Тэр бол үнэхээр бүтэшгүй мөрөөдөл юм байна лээ. Байнгын сонирхол, дасгал сургуулилт хэрэгтэй. Мэдрэмж анхан шатны мэдэгдэхүүн заавал байх ёстой гэж боддог. Яг тэрэн шиг надад дутагдаад байгаа зүйл жүжигчний авьяас. Саяхан жүжигчин Эрдэнэцэцэг сургалтын төвөө нээсэн байна лээ. Би холбогдоод суралцах хүсэлтээ илэрхийлээд ярилцаад хэзээ эхлэхээ тохирчихсон байгаа. Бие баригдаад байгаа зүйлийг гаргаж ирэх зүйл нь жүжигчний ур чадвар. Би мэргэжлийн жүжигчин болохгүй. Гэхдээ жүжигчний чадварт зайлшгүй суралцах ёстой. Аливаа зүйлийг хийхэд эхлүүлэх чухал. Аль хэдийнээ эхэлчихсэн. 
 

-Амжилттай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?
-Өөртөө итгэлтэй, хариуцлагатай, зохион байгуулалттай, сахилга баттай, санхүүгийн хувьд хараат бус хүнийг амжилттай эмэгтэй гэж хэлж болно. Дээр үед сахилга батын тухай их ярьдаг байсан. Одоо ерөөсөө энэ ойлголтын тухай хүмүүс ярихаа байчихсан. Ганц нэгхэн, хувиар тооцвол зууны хоёрхон хувьд энэ сэдэв цухалзаж байна. Амьдралд сахилга баттай байна гэдэг амжилттай байхын хамгийн том үндэс. Цагийн хуваарийн дагуу ажилладаг, өглөө эрт босдог, гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байх. Энэ бүх зүйл сахилга бат. 

-Таны аз жаргал юунд орших вэ?
-Аз жаргал яг одоо цагт байж чадаж байгаагаар үнэлэгддэг юм болов уу. Бид аз жаргалыг гаднаас, нийгмээс, хэн нэгнээс хайгаад хүсээд байдаг. Гэтэл чи яг одоо байгаа цагтаа амьдарч чадах юм бол аз жаргал чиний дэргэд байдаг. Аз жаргал чинийхээр юу юм гэж өөрөөсөө асууж байсан. Хариулт нь ерөөсөө л тайван амьдрал. Чи тайван байж чадаж байвал аз жаргал чиний дэргэд байна гэдэг тодорхойлолтыг би олсон. Гэр бүл нь өвчин зовлонгүй эрүүл саруул би ямарваа нэг зүйлд санаа зовохгүй байж чадаж л байвал аз жаргал надад байна гэсэн үг. 
 

Ярилцсан Б.Ундрал 

Гранд сэтгүүл №88

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-21 20:01
    Retweet (139)
  • Retweet (23)
  • 11-23 05:57
    Retweet (11)
  • 11-23 06:49
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-23 07:50
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-23 08:04
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-23 08:03
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)