“Energetix ” брендийн Монгол дахь төлөөлөгч  Б.Номинтуул: Гоё сайхан зүйлсийг монголчууддаа хэрэглүүлэхийг зорьж “Energetix”-ийг оруулж ирсэн 
2017 оны 3 сарын 30

“Гранд Бренд” булангийн салхийг цэл залуухан үзэсгэлэн төгс бизнес хатагтай хагалж байна. Бид та бүхэнд шинэ тутам брендүүдийг эх орондоо амжилттай нутагшуулж байгаа бизнес эрхлэгчид, тэдгээрийн амжилтын түүхийг энэ булангаараа танилцуулах болно. “Energetix Mongolia” хэрэглэгчдэд хэдийнэ танигдсан бүтээгдэхүүн. Германы энэхүү соронзон энергийн бүтээгдэхүүн манайд орж ирээд даруй 7 жилийг үджээ. Харин брэндийг нутагшуулсан хүн нь хэвлэлд ил гарч байсангүй. Хэвлэлд төдий л нээлттэй ханддаггүй урдах ажлаа чамбай хийдэг бүсгүй бидний шинэ булан хийгээд ярилцлага хийх саналыг хүлээж авсанд талархал илэрхийлье. Бид л анзаарахгүй байгаа болохоос монгол залуус бизнесийн бүхий л салбарт амжилтын тугаа хатгасаар байна. Б.Номинтуул тийм нэгэн шинэ үеийн төлөөлөл юм. 

-Energetix брэндийн нэрийг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Энэ брэндтэй өөрөө хэрхэн анх танилцаж байв?
-Юм гэдэг их сонин юм байна лээ. Зарим тохиолдолд их бодож төлөвлөж хийх үе байдаг бол зарим тохиолдолд санаандгүй бүтэх зүйл ч байдаг юм билээ. Нөхөр бид 2 Солонгост сурч амьдарч байгаад ирээд  манай хүн нэг компанид ажилд орж, би хүүхдээ хараад гэрт суудаг оюутан л байлаа. Гэтэл нөхөр маань орой ажлаасаа ирээд бизнес хийх талаар их ярьдаг байсан. Гэрт хүүхэд хараад байж байгаа оюутан ямар бизнес хийдэг юм гэж боддог байлаа. Гэтэл бид далд ухамсартаа бизнесээ эхлүүлчихсэн байсан юм байна лээ. Өмнө нь байнга хажуугаар нь өнгөрөхдөө анзаарч байгаагүй хуучин байр нүдэнд тусаж энийг засчихвал ингэж болох юм байна гэж бодоод, найзууд ийм цүнх хувцас авсан гэж ярихад монголд яаж орж ирдэг юм бол гэж сонирхоод, сонин уншиж телевиз үзэж байхад зарын хэсэг нь тодорч харагдаад их сонин юм болдог юм байна лээ. Би нэг л мэдэхэд ресторан ажилуулах  гэж байгаа ч юм шиг , дэлгүүр нээх гэж байгаа юм шиг маш олон бизнесийг өөрөө ч мэдэлгүй судалчихсан байсан. Жирийн яриан дундаас ээжийн маань соронзон бүтээгдэхүүн биед сайн гэсэн яриа чихэнд тусаж нөхөр судалгаа хийж, олон тийш нь харилцаж үзээд нэг мэдэхэд амьдралдаа хэзээ ч очиж үзээгүй Европ тив, тэр дундаа  Герман улсад очоод гэрээ хийгэд сууж байсан даа.
Энэ бүтээгдэхүүн энгийн зүйл биш. Хүнд маш их эерэг, гоё энергийг бэлэглэж байдаг. Бид анх хэрэглээд гайхамшгийг нь мэдэрч байсан. Монголын хүн болгон энергийн үйлчлэлийг мэдрээсэй, 8 настай балчраас 80 настай буурал хүртэл соронзон энергийн бүтээгдэхүүнд татагдаасай гэсэн үүднээс энергийн талаас нь илүү таниулахыг зорьсон. Бүгдээрээ сайхан эерэг энергитэй амьдрах шиг сайхан юм хаа байх вэ. Хүнд ямар ч байсан сайхан зүйл түгээе гэсэн зорилго маань хэрэглэгчдийнхээ урмаар тэтгэгдэн 7 дахь жилдээ явж байна. Манай хэрэглэгчид их өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Одоо ч талархлын үг байнга сонсдог болохоор сэтгэл өөдрөг байдаг шүү. 

-Германчууд анх та нарыг санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ? Азиас зөвхөн манай орон л энэхүү брендийг нэвтрүүлсэн юм билээ. Өнөөдрийг хүртэл хэрэглэгчдээс өндөр үнэлгээтэй яваа нь бүтээгдэхүүний чанар, хийц, биед үзүүлэх нөлөөтэй салшгүй холбоотой. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Анх 25, 26-тай дэрчгэр хоёр хүүхэд гэрээ хийж дээж бүтээгдэхүүн авч ирж байсан маань санаанд илхэн байна. Өнөөдөр анх 2002 онд Германы Бинген хотод үүсэн бий болсноос хойш дэлхийн олон оронд дестрибьютерийн төлөөлөлтэй, 50 гаруй улсад 20 сая орчим хэрэглэгчтэй Energetix хэмээх их айлын нэгэн хэсэг болсондоо баяртай явдаг. 
Energetix брэндийн бүтээгдэхүүн нь гоёлын болон өдөр тутмын загвар дээр соронзонг суулгаж өгснөөр хүний хэрэглээнд соронзыг шууд нэвтрүүлэх боломжийг олгосон. Манай бүтээгдэхүүнийг зүүхэд гоё сайхан харагддаг хэрнээ давхар эрүүл мэндэд тустай соронзон үйлчилгээг нэгэн зэрэг авч байдгаараа онцгой юм. 1954 онд хүний улаан эсийг соронзон шинж чанартай болохыг нээсэн эрдэмтэн Лайнус Паулинг химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Соронз нь цусны улаан эсэд үйлчилсэнээр бөөгнөрч, наалдсан эсүүд цусаар жигд, хурдтай тархах нөхцөлийг бүрдүүлж цусны эргэлтэнд сайнаар нөлөөлдөг. Цусны эргэлт сайжирч бодисын солилцоо нэмэгдсэнээр өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрддэг. Толгой өвдөх, хуян хөөрөх, булчин болон үе мөч өвдөх, нойргүйдэх зэрэгт маш эергээр нөлөөлнө. Өнөөдөр энэ давуу талуудыг хэрэглэгчид бүрэн дүүрэн мэдсэн болохоор соронзон бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээндээ тогтмол хэрэглэж заншсан байна. 

-Манайхан шинэ брэндийг нутагшуулахдаа ихэвчлэн олны танил хүмүүст юмаа зүүлгэх, хувцас байвал өмсүүлэх байдлаар хэрэглэгчдэд таниулж байгаа харагддаг. Танай брендийн нүүр царайгаар дандаа дэлхийн алдартай одууд харагддаг. Их содон. Брендийн имиж бүрдүүлэлтийн талаар сонирхуулбал? 
- “Загвар + Энерги” гэдэг  бол манай  брендийн философи юм. Тийм ч учир энерги эрч хүчийг үзүүлж чадах оддуудтай хамтран ажилладаг.  Тухайлбал, холливудын од Kevin Costner, Boyzone хамтлагийн дуучин Ronan Keating, Kelly’s family хамтлагийн дуучин, экстрим спортоор хичээллэдэг “Төмөр хүн” хочит Joey Kelly, Германы  үндэсний од жүжигчин Ralf Bauer,  дуучин Sarah  Connor, телевизийн хөтлөгч Barbara Schoeneberger нар сонгогдож байсан. 
Бид монголдоо гоо үзэмжийг төлөөлүүлэн топ модель О.Уянга, эрч хүч, энергийг төлөөлүүлэн “Харанга” хамтлагийн Ц.Энхманлай, Н.Пүрэвдаш ах нартайгаа хамтран ажилласан. Тэд манайд зориулж  ая зохиож өгсөн нь миний хувьд үргэлжид хит хөгжим  байдаг /инээв.сэтг/. 

-Их сонирхолтой юм. Эрчүүдэд зориулсан юм ер нь л ховор гээд тэд маань гомдоллодог. Танайх 50/50 хувьтай нь аятайхан юм байна.

-Баярлалаа. Манай бүтээгдэхүүнийг ихэвчлэн хайртай дотны хүмүүс болон гэр бүлээрээ бүгд хэрэглэдэг. Эхнэр нь бугуйвч, ээмэг зүүлт ч юм уу авлаа гэхэд нөхөр нь цаг, хүүхдэд зориулсан бугуйвчийг дараа нь ирж авдаг ч юм уу. Тэгээд аав ээж, ажлынхаа газрын хүнд бэлэг сонгохдоо манайхыг зорьж ирдэг. 500 гаруй загварын сонголттой учраас хүн нэг бүрт тохирох бүтээгдэхүүн бий. Бид өнөөдрийг хүртэл амжилттай яваа нь хэрэглэгчидтэй маань салшгүй холбоотой. Хамтдаа эерэг энерги түгээж, эерэг энерги авч явна даа. 

-Ингэхэд танай брендийн нэр олонд тод танигдсан атал та бүхэн өөрсдөө ер ил гарч байсангүй. Долоон жил гэдэг урт хугацаа шүү. Гэтэл бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн нь танигдахаас өмнө өөрсдөө од болчих нь элбэг шүү дээ. 
-/инээв.сэтг/ Энэ талаар ёстой бодож үзээгүй юм байна. Долоон жил нүд ирмэх зуур л өнгөрчээ. Нөхөр бид хоёр сайн баг бүрдүүлж ажиллахыг зорьсон юм. Өөрсдөө бүх зүйлийг хийж олны өмнө гарах чухал биш байлаа. “Гоёл” ч юм уу томоохон наадмуудыг ивээн тэтгэж тайзнаа шагнал гардуулах, телевиз сонин сэтгүүлд ярилцлага өгөхөд тус бүрт нь хариуцсан хүмүүс маань явдаг байсан. Хариуцсан ажилдаа дор бүрнээ эзэн болдог сайн баг бүрэлдэхүүнтэй. Ер нь шинэ бизнес эхлүүлж байгаа залуустаа хандаж хэлэхэд өөрөө бүх зүйлийг хийж амжихгүй. Тиймээс сайн баг бүрдүүлэх нь чухал гэж зөвлөмөөр байна. Жижиг компанийг захирал удирдаж том байгууллагыг соёл нь удирддаг гэсэн үг бий. Манайх аль болох алхам тутамдаа байгууллагын соёл дээрээ анхаарч ажилладаг юм. Анхнаасаа сууриа зөв тавьсан болохоор ажил урагштай өөртөө ч цаг гаргах бололцоотой байдаг шүү. 


-Energetix брендийн 2017 оны загварын чиг хандлагыг сонирхуулаач. 
-Энэ онд чамин тансаг, классик, өдөр тутмын гэсэн загварын сонголтууд байгаа. Хүн байгаль хоёрын холбоог илтгэсэн байгалийн сэдэвтэй загвар голлох хандлагатай байна. Манай шинэ загвар хэрэглэгчид дунд өндөр хүлээлттэй байдаг. Шинэ загвар чинь ирж байна уу гэж идэвхитэй асуудаг юм. Бид ч цаг тухай бүрд нь мэдээллээр хангаж түргэн  шуурхай ажиллахыг зорьдог. 

- Энэ дашрамд гэр бүлээ танилцуулаач. 
-/инээв.сэтг/. Би дөрвөн хүүтэй айлын дунд хүүтэй гэр бүл болсон. Үеийнхнээсээ харьцангуй эрт амьдрал зохиосон гэж болно. Хоёр хүүхэдтэй. Том охин маань дунд ангийн сурагч, хүү маань цэцэрлэгийн насан дээрээ яваа. Нөхөр маань Монгол болон БНСУ, АНУ-д боловсрол эзэмшсэн үе тэнгийн залуу бий. 

-Таны хувьд харьцангуй эрт гэр бүлийн амьдралд хөл тавьсан, бизнесээ амжилттай удирдаж яваа, тогтвортой гэр бүлтэй, дээр нь нийгмийн идэвхитэй орчин үеийн хэллэгээр төгс эмэгтэй гэж болохоор байна. Яаж энэ бүгдийг зэрэг амжуулж байна вэ? 

-Баярлалаа. Ойлголцол. Энэ үгнээс бүх юм эхэлдэг гэж ойлгодог. Харилцан бие биенээ ойлгож байна гэмээ нь хамтын зорилго, алсын хараа, хүүхдүүдийн хүмүүжил, аав ээж нарын хайр халамж хандлага, хийх дуртай зүйлс, сургалт хувь хүний хөгжил гээд л  амьдралын өнгө бүр зөв зүйтэй болно. 
Нээлттэй байдал. Бид бие биенийхээ хүсэл сонирхол зорилго зорилт санаа бодлыг ойлгохын тулд нээлттэй байдлыг чухалд тооцдог. Ингэснээр амьдралд тулгарах аливаа саад бэрхшээлийг даван гарах хүч, өөд нь тэтгэх аливаа хөгжил дэвшлийг бахдах сэтгэл хамтынх байж чаддаг. 
Нөхөр маань намайг их ойлгож дэмжиж тусладаг болохоор бэрхшээлтэй тулгардаггүй. Зөрчил гарвал тэр дор нь шийдвэрлэнэ. 

-Та бизнес эрхэлдэг хүн. Залуудаа эхэлсэн болохоор мөнгөний үнэ цэнийг эрт мэдэрсэн гэж шууд утгаар нь ойлгож болно. Мөнгө таны бодлоор юу вэ?

-Мөнгө бол хүний мөн чанарыг илтгэдэг хэмжүүр.  Хүний зорилго амьдралын хэв маяг, зарчим эргэн тойрныхондоо нөлөөтэй эсэх, сахилга бат, чухлын дараалал , хувь хүний хөгжил гээд маш олон зүйл мөнгөөр хэмжигдэж болно гэж бодож байна.

-Таны нүдээр орчин үеийн охид бүсгүйчүүдэд ямар чанар давамгайлж байна. Бас юу дутагдаж байх юм. Мэдээж бүгд л тэгш дүүрэн байхыг хүсдэг?

-Би ч бас энэ үеийн нэг төлөөлөл л дөө. Ажиглаад байхад бидний үеийн бүсгүйчүүд өөртөө их цаг гаргадаг, гоё сайхан байх дээр анхаардаг, хөдөлмөрч боловсролтой болсон байна. Өөрөө эерэг энерги түгээж хүнд хэрэгтэй сайн сайхан юм хийх сэн гэж хүсдэг болохоор тэр бүр юмны өө сэвийг олж харахыг хичээдэггүй. Мэдээж дутагдал байгаа л байх. Гэхдээ залуу нас шүү дээ. Алдаан дээрээ хүн суралцдаг тул залуусыг шууд дүгнэх хэрэггүй гэж бодож байна. 

-Ингэхэд таны бодлоор аз жаргал гэж юу вэ?

-Амьдралд яг ингэж амьдарвал зөв тэгж амьдарвал буруу гэсэн жор байдаггүйтэй адил аз жаргалыг томьёолох боломжгүй байхаа. Хүн болгон өөр өөрийн үзэл бодол байр суурьтай. Тэр утгаараа аз жаргал авдаг зүйлүүд нь өөр өөр байдаг. Харин сүүлийн үед надад нэгэн бодол төрсөн нь амьдралыг таашаах аз жаргалтай байх эхний алхам нь зөв хандлагатай байхад оршдог юм болов уу. Аль талаас нь харахаас бүх зүйл эхлэх байх. Жишээ нь улирал дээр аваад үзэхэд өвөл муухай хүйтэн гэж бодвол бухимдалтай. Утаа бол бүр том асуудал. Эсрэгээрээ харин ч утаанаас болоод ээж аавууд хүүхдүүддээ илүү чанартай цаг зарцуулж салхинд гардаг болсон гэвэл сайн тал. Хамгийн гол нь бүх зүйлийн эерэг талыг олж харж чадвал хүн маш жижигхэн зүйлээс ч аз жаргалыг алхам тутамдаа мэдэрч чадна. 

Бидний ярилцлага ийнхүү өндөрлөв. Эерэг сайхныг түгээх чин хүсэлтэй эерэг энергитэй сайхан бүсгүйтэй уулзсандаа би ч эерэг болчих шиг. Ямар ч ажил хийсэн хүний төлөө, эерэг үр дүнд анхаарал хандуулбал бэрхшээлийг даван гарах тийм ч хэцүү биш. Залуу хүмүүс, залуу гэр бүл шинэ юм хийх амар хялбар биш. Монголын мянга мянган залуус амжилтын төлөө тэмүүлж хөдөлмөрлөж байна. Бид та бүхэнд ажилсаг шинэ үеийнхнээ үргэлжлүүлэн танилцуулсаар байх болно. 

Ярилцсан У.Цахирмаа 
Фотог: Б.Сайханбилэг 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-19 16:17
    Retweet (8)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 09:45
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 09:31
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 09:27
    Retweet (0)
  • Retweet (0)