Тээврийн ”дэлбүүрчлэл” ба Ногоон тээвэр
2017 оны 3 сарын 17

Тээврийн судалгааны институцийг бэхжүүлье.



Өнөөгийн Монгол улсад тээврийн хэрэгсэл эзэмшигч болон түүгээр зорчиж яваа хэнбугай ч тээврийн субъект болж байгааг тэр бүр сайн мэддэггүй. Өнөөгийн тээврийн салбарын эрх зүйн зохицуулалт нь зөвхөн төрийн байгууллагын үйл ажиллагаагаа явуулах дүрэм төдий мэт зүйл болжээ.
 
Ирэх гурван жилд ажиллах мэргэжлийн засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс үзэхэд Зам, тээврийн салбар нь бүтээн байгуулалт малгайн дор барилгын аж ахуйн нэгжийн шинжтэй ажлыг хийхээс хэтрэхгүй ба зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш тээврийн инстуциудын дампуурал, үйл ажиллагааны явцуурал, хүний нөөцийн хомсдол үргэлжлэх нь тодорхой дүр зураг ажиглагдаж байна.

Монгол улсын тээврийн салбарын хөгжлийн үндсэн дөрвөн үед хувааж үзэж болдог. Үүнд: Тээврийн хөгжлийн эхэн үе/1922 -1940/, тээврийн нэгдсэн тогтолцоо бүрэлдэн төлөвшсөн үе /1941-1960/, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе /1961-1990/, тээврийн зах зээлийн харилцааны үе /1991-2020/ яагаад 2020!? онд зах зээлийн харилцааны үеийг дуусгавар болгож байгаа вэ? гэсэн асуудал зүй ёсоор тавигдах нь гарцаагүй.

Учир нь тээврийн салбарын үйлдвэрлэл, технологи, судалгаа-шинжилгээний инстуциудыг 1991 оноос хойш ямарч бодлоггуй, сохороор хувьчилсан түүний дотор эрдэм шинжилгээний байгууллагыг татан буулгасан нь түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд цаашид эрх баригчдын шинжлэх ухаан, инновацийн талаар бодлого хөтөлбөрийг шинээр боловсруулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргээс дээрх хугацаанд хэрхэн өөрчлөлт оруулахыг бид харах л үлдэж байгаад учир нь байгаа юм.
 
Төрөөс баримтлах бодлогогүй, алсын хараагүй, тогтвортой, хөгжлийн судалгаа шинжилгээний байгууллагагүйгээр цаашид тээврийн салбарын хөгжлийг төсөөлөхөд бэрх болохыг бидний сүүлийн жилүүдэд туулж ирсэн ажлын туршлага, үр дүнгээс болон олон улсын болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн бодлогын судлаачдын дүгнэлт, хөгжингүй улс орнуудын тээврийн хөгжлийн туршлага, дүр зургаас харж болох юм.

Ганцхан жишээ хэлэхэд л тээврийн салбарт ажиллаж байгаа эрхэм мэргэжилтнүүдийн бичиж хэрэглэж байгаа нэр томьёо болох“холимог тээвэр”, “тогтмол тээвэр”, “тусгай замын автобус”, “уян хатан тээврийн сүлжээ”, “хүртээмжтэй тээвэрлэлт”гэсэн томьёоллоос юу гээч холион бантан болоод байгааг бэлхнээ харж болно.
 
Тээврийн салбарын судалгаа шинжилгээний институцийг хэрхэн бэхжүүлснээс, технологийн болон төлөвлөлтийн бодлогын алдаа болон үйл ажиллагааны явцуурлаа хэрхэн засаж, залруулснаас дээрх хугацаанд өөрчлөлт орохыг дахин хэлэх нь зүйтэй юм. Тээврийн салбарт 2008 оноос сансрын холбоо, мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэхээр багагүй ажил хийж эхэлсэн боловч цаашид тогтвортой судалгаа-хөгжүүлэлт хийх хүний нөөц, чадварлаг менежерүүд дутмаг байна. Зарим талдаа сэтгэлгээний хоцрогдол ч нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм.
 
Бидийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

Хүн төрөлхтний түүхэнд анх удаа, хүмүүс технологийн томоохон үсрэлтийн өндөрлөгт хүрээд байна. Хөрш орнуудын болон бүс нутгийн орнуудын тээврийн хөгжлийн чиг хандлагаас үзэхэд Азичууд яг одоогийн Америкчууд шиг амьдрахыг үргэлжлүүлэн эрмэлзэж, түүндээ амжилттай хүрвэл, хүн төрөлхтний амьдралыг тогтвортой хангах нөөц, байгалийн хангамжийн систем нь сүйрлийн байдалд хүрэх талаар судлаачид үгээ хэлсээр байна.
 
Жишээ болгон автомашин эзэмшигчийн талаар авч үзье л дээ. Харамсалтай нь энэ нь хөгжиж буй орнуудын өсөлт, хөгжлийн шаардлага хөдөлгүүр болсоор байгаа нь харагдаж байна. Энэтхэг, Хятад болон бусад Азийн орнууд нь өмчлөлийн түвшингээр баян, үйлдвэржсэн орнуудтай ижил түвшинд хүрэх хандлагтай байгааг судлаачид онцолж байна.

Ойрын 30 жилийн хугацаанд одоогийнхоос 4 дахин их буюу 3 тэрбум автомашинтай болох болно. Энэ нь олон түвшинд гамшиг дагуулах юм. Манай орны хувьд ирээдүйн 10 жилийн дотор гэхэд л автомашины хэрэглээ 3 дахин өсөх тооцоо гарч байна. Газрын тос, байгалын шатдаг хий, нүүрсийг шингэрүүлэн ашиглах боломж нөөц хумигдаж, олборлолтоос шалтгаалан үнэ нэмэгдэх ба био түлшний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшинд ч дарамт учруулах магадлал тун өндөр байна.
 
Манай орны дундаж хэм +2 хэмээр дулааруулахад мөсөн гол, мөнх цаснууд хайлж, гол нуурууд ширгэж, цөлжилт маш ихээр явагдаж, амьдрах боломжгүйд хүрэхийг анхаарах шаардлагатай. Дулааруулахгүй байлгахын тулд CO2 –ын хуримтлалыг 450ppm-ээс ихгүй байлгах ёстой. Энэхүү хуримтлал одоогоор жилд 2ppm нэмэгдэж байгаа нь бидэнд аюулын түвшинд хүрэхэд тийм ч их цаг үлдээгүйг харуулж байна. Энэ чигээр байвал 450ppm-ээс одоо байгаа 390ppm хасахад бидэнд ердөө 30 хүрэхгүй жил байна. Энэ бол сүйрэл.
 
Бүс нутгийн тээврийн хөгжлийн стратеги
 
Юун түрүүнд хоёр хөршийн тээврийн хөгжлийн стратеги, төлөвлөлтийг анхааралтай судлах хэрэгтэй.  Хятад, Оросын сансарын холбоо, байршил тогтоох, тандан судалгааны хиймэл дагуулын технологийг тээврийн салбартаа хэрхэн ашиглах боломжоос эхлэн тэдний зам, тээврийн стратеги төлөвлөгөөнөөс гарах үр дүн, нөлөөлөлд шинжилгээ хийж чадах бодлогын институцийг яаралтай байгуулах нь нэн чухал энэ талаар хожим өгүүлэх болно. Бүс нутгийн хувьд хотжилт маш хурдацтай явагдаж байна.

Судалгаагаар 2020 онд Азийн хүн амыг 2.7 тэрбум болох бөгөөд хүн амын 55 хувь нь хотын оршин суугч болсон байх тооцоолол байна. Азийн улс орнуудын хотжилтын хурдацтай хөгжлөөс бий болж буй хүрээлэн буй орчны доройтол нь нийгмийг давхаргуудад харилцан адилгүй нөлөөлж байна. Азийн тээврийн тогтвортой хөгжил нь амьдралын стандартад шинэ хэв маягийг бий болгож Багота, Куритиба, Киото нэвтрүүлсэн “автобусны хурдан дамжин өнгөрөх” систем нь Бээжин, Гуанжу, Истанбул, Жакарта, Колката Нанжин, Нью Дели, Сөүл зэрэг дэлхийн 140 гаруй хотуудад амжилттайхуулбарлагджээ.

Сэрүүн уур амьсгалтай Европ болон Өмнөд Америкийн орнууд ногоон тээврийн нэг болох дугуй унах аргыг туршиж үзсэн байна гэхдээ Азийн халуун орон болон эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд энэхүү санаачлагыг зохицох хувилбар гэж үздэггүй агаад нийтийн тээврийн маршрутын төлөвлөлттэй уялдуулж хөгжүүлэх боломжтой байдаг.
 
Монгол улсын хувьд түлшний стратегийн хараат байдлаас ангижрах бодлогыг хэрэгжүүлэх нэн шаардлагатай ба нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг тээврийн хэрэгслийг Энэтхэг улс шиг зоригтойгоор сэргээгдэх эрчим хүч хэрэглэх, эрчим хүчний хэмнэлттэй тээврийн хэрэгслээр солих цаг нь хэдийнээ болсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.
 
Монгол улсын хувьд тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж чадаагүй бодлогууд нь газрын хэмжээ, байрлал болон хөгжлийн загваруудад нөлөөлж, ялангуяа тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн саад учруулж байна. Тээврийн сүлжээний загвар болон төлөвлөлт нь хотын тэлэлтэд маш их нөлөөтэй ч харамсалтай нь бодлого тодорхойлогчид энэ хөгжлийн менежментийн загварчлалыг хэрэглэхгүй байна.

Энэхүү зааварчилгааг бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд Нэгт. Төлөвлөлт болон хэрэгжүүлэлт, Хоёрт. Хөгжлийн бодлого нэн шаардлагатай байгаа гол болон туслах замын сүлжээ, Гуравт. Бага орлоготой иргэд болон хэрэглэгчдийн хэрэгцээ, хөрөнгийн чадварт нийцсэн барилгын хэмжээ болон загвар, Дөрөвт. Нийтийн тээврийн дэд бүтэц үр ашигтай ба байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зэрэг шат дамжлага шаардлагатай байдаг.
 
Тогтвортой тээврийн хөгжил
 
Тийм ээ. “Тогтвортой, сайн сайхан” хөгжлийн оронд “шатах ашигт малтмалын түлшний эдийн засгийн хөгжил”-ийг анхаарах амбиц алга болохгүйд судлаачид санал нэгтэйбайгаа боловч Тогтвортой байдал, сайн сайхан гэсэн энэ хоёр үгийн утгыг нарийвчлан тодорхойлох шаардлагагүй юм.
 
Тогтвортой тээврийн хөгжил гэдэг нь эдийн засаг, байгаль орчин, нийгмийн ашиг тусыг хамгийн дээд зэрэгт, сөрөг үр дүнг байж болох хамгийн бага түвшинд байлгах горим, журмын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны юм. Сүүлийн жилүүдэд тогтвортой тээврийн ухагдахуунд Зайлсхийх-Шилжих-Сайжруулах хөтөлбөрийн дор нэгдсэн байдаг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эхний ээлжид тээврийн үйлчилгээний юуг сайжруулах чиг хандлагыг тодорхой болгож өгсөн байдгийг цухас дурдах нь зүйтэй биз ээ.
 
Жишээ болгож Улаанбаатар хотыг авч үзье л дээ. Нийтийн тээврийн системийн хөгжлийн үндэс нь автомашины хэрэглээтэй өрсөлдөх чадвартай байх шаардлагатай. Нийтийн тээвэр нь Нэгт: Нийтийн тээврийн чиглэл, орон зайн зөв зохистой төлөвлөлт, бүтэц бий болгох, Хоёрт: Аюулгүй, тав тухтай, цаг агаарын хүнд нөхцөлөөс хамгаалагдсан зогсоолтой байх. Гуравт: Зогсоол нь зорчигчдын бууж суухад хүндрэлгүй, Дөрөвт: Бусад төрлийн тээврийн хэрэгсэлд дамжин суухад хүндрэлгүй. Тав: Нийтийн тээврийн хэрэгсэлд суухаас өмнө төлбөрөө төлөх болон хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг үндсэн шаардлагыг хангаж чадсанаар автомашинтай өрсөлдөж чадна.
 
Инновацийг чухалчлах буюу хөгжилд хүрэх зам
 
Алив шинэ технологийн үнэ их өртөг өндөр байх нь олонтой. Монгол улсын хувьд түүнийг шууд худалдан авахад санхүүгийн бэрхшээл учирч болзошгүй. Монгол улсын хувьд хоцрогдсон байдлаа давуу тал болгох ганц боломж бол гагцхүү судалгаа шинжилгээний институцийг яаралтай бүрэлдүүлж, тогтвортой хөгжлийг бий болгож үндэсний инноваторуудад технологийн суурь, судалгаа хийх боломжийг нээж өгөх явдал юм.

Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийг үр ашигтайгаар нэвтрүүлснээр Тогтвортой тээврийн хөгжлийн үндсэн ухагдахуун “Зайлсхийх” буюу шаардлагагүй хөдөлгөөн, чиглэлээс зайлсхийх, хөдөлгөөний хурдцыг нэмэгдүүлэх, өөр төрлийн тээврийн хэрэгсэл сонгох зэрэг бололцоог бүрдүүлэх юм.
 
“Шилжих” ухагдахуун нь зах зээл дэх байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн хувийг нэмэгдүүлэхэд оршино. Хөгжингүй улсуудын хувьд бол Шилжих гэдэг нь одоо хэрэгжүүлж буй тогтвортой тээврийн хэрэгслийн эзлэх хувийг тогтвортой байлгах замаар иргэдийн хувийн автомашиныг нэмэгдүүлэхгүй байх юм. “Шилжих” нь өөрөөр хэлбэл нийтийн тээвэр, механикжаагүй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх стратеги юм.
 
Сайжруулах стратеги бол тээврийн хэрэгслийн түлшний зарцуулалтыг багасгах, шаталтыг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах, түлшний хэмнэлт, агаарын бохирдлын талаарх стандарт, бодлогыг чангатгах зэрэг болно. Нийт тээврийн хэрэгслийн 90 орчим хувь нь нефтиэс шууд хамаарах бөгөөд бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбартай харьцуулахад зөвхөн нэг төрлийн түлшнээс хамаарч байна.

Сүүлийн жилүүдэд нефтийн үнэ тасралтгүй өсч байгаа нь цахилгаан болон бусад байгальд сөрөг нөлөөлөл бага хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг дэмжих бодлогыг улс орнууд хэрэгжүүлж эхлээд байна. Манай орон хувьд гадаадаас зуун хувьнефтийн бүтээгдэхүүнээр хараат байдалтай байгаа улсын хувьд түлшний хоёр дахь эх үүсвэрийг бий болгох нь стратегийн хараат байдлаас ангижрах бодлого байх ёстой билээ.
 
Дээр дурдсанчлан зах зээлийн харилцааны үе рүү шилжихэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үүргийг дангаар үүрэн түүхэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн цор ганц хотын унаа бол троллейбус гэдэгтэй маргахгүй биз. Сүүлийн жилүүдэд инновацийг идэвхтэй эрэлхийлсэн ганц гэрэл гэгээтэй мэдээ бол Монгол инженерүүд троллейбус аа угсарч үйлдвэрлэж эхэлсэн явдал байлаа.

Магадгүй эхнийх алдаатай, дараагийх арай дээр, түүний дараагых сайн болсон нь бидний нүдэн дээр болсон үйл явдал билээ. Хуучин ашиглаж байгаа шугамын зэсийг зарж борлуулалгүй, газрыг нь арилжиж багахан ашиг ололгүй өргөтгөн “сайжруулж”, хуучин цахилгаан хангамжийн дэд станц, бааз суурин дээр нь зай хураагуур цэнэглэх, ирээдүйн эрэлтэд нийцсэн, дэвшилтэд технологи бүхий дуу чимээгүй, бидний амьдралын орчинд сөрөг нөлөөлөлгүй, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, дэлхийд өндрөөр үнлэгддэг, туршлагтай инженерүүдээ ажлын байран дээр нь байршуулж, зохион байгуулалтад оруулж инноваци шингэсэн “автобусны хурдан дамжин өнгөрөх” монгол системээ бий болгож гадагш чиглэсэн мөнгөн урсгалыг сааруулж чадах билээ.
 
Монгол хүний эрдэмтэд, инженерүүдийн чадавхид суурилсан инноваци шингээсэн Эрэлтэд нийцсэн, Байгаль сөрөг нөлөөгүй, Тогтвортой тээврийг бий болгоход чиглэсэн үг, үйлдэл бүхнийг дэмжиж гагцхүү монгол судлаачид, инженерүүддээ итгэл өгч шинжлэх ухаан, инновацид суурилсан ирээдүйн технологийн шинэчлэлийн үеийг эхлүүлэх нь чухал юм.

Инженер Н.Баттулга

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 05-25 15:45
    Retweet (16)
  • 05-25 15:43
    Retweet (12)
  • Retweet (7)
  • 05-25 15:30
    Retweet (7)
  • Retweet (3)
  • 05-25 15:34
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 05-25 15:53
    Retweet (2)
  • 05-25 15:41
    Retweet (2)
  • 05-25 15:37
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 05-25 16:31
    Retweet (1)
  • 05-25 16:28
    Retweet (1)
  • 05-25 16:10
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 05-25 15:59
    Retweet (1)
  • 05-25 15:45
    Retweet (1)
  • 05-25 15:44
    Retweet (1)