А.Мөнхгэрэл:  Эрх мэдэл бол бусдын төлөө ямар нэгэн юм хийж чадах гарц юм!
2017 оны 3 сарын 9

New generation

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны дарга шавилхан бүсгүй “New generation буланд уригдлаа. Урд нь цэл залуухан карьертай яваа модель, жүжигчин, хилийн чанадад сурч буй чадварлаг оюутан, брэнд бизнес эхлүүлэгч зэргийн салбар салбрын залуус манай буланд саатан өөр өөрсдийн өнцгөөр хөөрөлдсөнийг уншигчид маань санаж байгаа байх. Харин А.Мөнхгэрэл бол энэ буланд зочилсон анхны төрийн албан хаагч, намын залуу гишүүн. Нам гэхээр л залууст хамаагүй ойлголт юм шиг нэг л хөндий дандий хандаж ирсэн дээ, бид. Орчин цагт шижигнэсэн залуус тодорч Их хурлын гишүүн ч залуу хүн байх болсон. Нэг бодлын нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байгаа шинэ цагийн салхи. А.Мөнхгэрэл үүнээс өмнө ч удирдах алба олонтаа хашсан, үзэл бодол төлөвшил нь хүүхэд байхаас нь тавигдаж 2008 оноос МАН-д элссэн нь бас л улс төрийг залуус одоогийнх шиг ойлгож сонирхохоос эрт байж. Сонирхолтой ертөнц хийгээд өнцөг.

Цэл залуухан хэрнээ нам, улс төрийн аппаратанд удирдах алба хашиж ирсэн карьерист бүсгүйтэй уулзах сайхан байна. Таны энэ амжилтын нууц юу гэж та боддог вэ?

Би өөрийгөө бусдад ярих хэмжээний амжилтанд одоогоор хүрсэн гэж бодохгүй байна. Гэхдээ юун түрүүн аав, ээж хоёр минь санаанд бууж байна. Сайн эцэг эхийн буянд сайхан орчинд өсч хүмүүжин, сайн боловсрол эзэмшсэндээ би баяртай байдаг. Амжилтын төлөө Тийм ч учраас сурч, мэдсэнээ бусдын төлөө зориулах нь үүрэг гэж боддог. Бас нэг том шалтгаан бий. Нөхөр минь миний арыг маш сайн дааж яваа гол түшиг тулгуур. Хүүгийнхээ сайн эцэг, миний гайхалтай хань байдагт үргэлж талархаж явдаг

Багадаа ямархуу хүүхэд байв? Аав ээжийнхээ тухай яриач?

Сэргэлэн, хөдөлгөөнтэй, эршүүд, сониуч, шазруун, олон юм шалгаадаг хүүхэд байсан гэдэг. Аав ээж хоёр насаараа төрдөө тууштай зүтгэхийг үлгэрлэсэн хүмүүс. Аав, УИХ-ын гишүүн асан  Рэгзээгийн Амарсайхан, 25-хан цэл залуу насандаа дүүргийн Санхүүгийн хэлтсийн даргаар томилогдож байсан хүндээ. Аав шигээ олонд хүндлэгдсэн, мундаг хүмүүсээр хүрээлүүлсэн машин унадаг том дарга болно гэж хүүхэд байхаасаа боддог байдаг байж билээ. Аав маань албан тушаалын шатаар зогсолтгүй өгсөж улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргаар тасралтгүй ажилласан. Дараа нь сонгогч түмнийхээ итгэлийг даан УИХ-д сонгогдож төр барилцсан. Мөн Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч зэрэг олон хариуцлагатай ажлуудыг хашиж явсан. Халуун эх оронч, үзэл бодолдоо тууштай, нэр цэвэр, хамгийн гол нь сонгогч олондоо шударга түшээ гэж хайрлагдсан гайхамшигтай хүн байсныг одоо хүртэл хүмүүс дурсан ярьдаг. Аав минь бурхны оронд одсон 2008 оноос хойш үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр шийдсэн. Хэдийгээр бага залуу байсан хэдий ч нийгэм, улс төрийн амьдралд ухамсартайгаар эргэж буцалтгүй хөл тавьсан. Үе дамжсан санхүүч, төрийн ажлыг насаараа хийсэн ээж минь миний энэ сонголтоос эхлээд болгоомжилж байсан болов ч одоо намайг дэмждэг.

Магадгүй өссөн орчин чинь өнөөдрийн Мөнхгэрэлийг бүтээсэн юм байна гэж бодогдлоо. Багаасаа л амбицтай, зорилготой, хор шартай охин байжээ дээ?

Би шартай. Гэхдээ зөв шартай гэж хүмүүс хэлдэг. Аливаа зүйлийг буруугаар ойлгоод, буруугаар шаралхаад байдаггүй гэх үү дээ. Хийх ёстой зүйлээ хийж, давах ёстой зүйлийг даван туулах ёстой, үүний төлөө хүн зүтгэлтэй, тэмцэлтэй байх ёстой гэж боддог.

Карьер хөөхийг хүсч байгаа залуу хүнд байх ёстой чухал 3 юмуу 5 чанар дурьдаач?

Төрийн ч бай, бизнесийн ч бай ямар нэгэн ажил хийж л байгаа бол хувийн зохион байгуулалт, цагийн менежмент чухал. Аливаа бурууг муу муухай зүйлсийг бусдаас хайж болохгүй, зөвхөн өөрөөсөө эрж, өөртэйгөө ажиллах ёстой гэж аав ээж минь сургасан. Залуу хүн хоосон толгойтой байж төрд ажиллаж болохгүй биздээ. Толгойгоороо дүүрэн мэдлэгтээ ч зүрх сэтгэл нь хоосон бол хол явахгүй.

Мөнгө таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Мөнгө бол хэрэгцээ. Хэрэгцээнийхээ хэрээр түүнийг хэрэглэх ёстой, харин шунаж, ихийг хүсч болохгүй. Хэвийн амьдрахад надад яг юу хэрэгтэй байна, тэр хэмжээнд аль болох минималист амьдрах юмсан гэж бидний үеийнхэн хичээдэг болсон нь сайшаалтай.

Тансаг хэрэглээ гэж юу вэ?

Тухтай мэдрэмж төрүүлэх зүйлс юм. Энэ мэдрэмжийг хүн юунаас ч авч болдгоороо давуу талтай. Материаллаг байдлаас ч авч болно, сэтгэлзүйн түвшинд ч авч болно. Материаллаг байдлын тухайд чанар юм даа. Алдартай брэндийг шошготой ч алхаж гишгэхэд төвөгтэй гутлыг би яасан ч өмсөхгүй. Залуу хүн барьсан цүнх биш хэлсэн үг хийсэн үйлсээрээ ялгарах нь залуу хүний чимэг.

Өөрөө гэр бүлийн хувьд карьертай боломжтой айлын хүүхэд гэдэг ангилалд орохоор. Их хурлын гишүүний хүүхэд гэхээр бүр тасарчихсан юм шиг ойлголт байдаг нь нууц биш. Мөнгө зарцуулалтан дээр ямраар ханддаг вэ?

Аав минь Их хурлын гишүүн байсан ч ах бид хоёрыг буруу эрхлүүлээгүй. Дэмжлэг тэтгэлгийн тухайд аав, ээж хоёр хоёулаа төрийн байгууллагад ажилладаг учраас сургалтын төлбөр тал хувь хөнгөлөгддөг байсан. Мэдээж гадагшаа явж, өндөр боловсрол эзэмших боломж байсан. Гэхдээ ах маань гадаадад сурдаг байсан болохоор би ээж аавтайгаа хамт байхыг, тэднийхээ мөнгө санхүүг хэмнэхийг боддог байлаа.

Мөнгө зарцуулалтын хувьд гэвэл 5 дугаар ангидаа “Залуу Хатагтай Ноёдын сургууль”-д сурч, тэнд мөнгөө хэрхэн зарцуулах талаар зааж байсан нь чухал нөлөө үзүүлсэн. Аав, ээжээсээ мөнгө авах ямар үндэслэл байгааг сайн бод, яг хэрэгтэй зүйлээ бич, түүнийгээ аав ээждээ үзүүлж зөвлөлд, хүссэн бүрээ өөрийн болгоно гэдэг эрүүл эрмэлзэл биш гэдгийг тэнд зааж байсан. Ингээд яг хэрэгцээтэй байгаа хүссэн зүйлээ авхуулаж чаддаг байсан. Гэтэл ах, чи аав ээж хоёроос хэрэгтэй юмныхаа мөнгийг хэлээд л авчих юм, намайг хэлэхээр өгөхгүй юм гэж байна. Тэгэхэд би энэ аргаа зааж өгч байсан. Энэ мэт хувийн зохион байгуулалт амьдрал дээр ч олон зүйлд хэрэг болж мөн зөв, шударга байхад бага ч гэсэн сургасан гэж боддог.

Анхны ажил, анхны цалин бас дурсгалтай зүйлсийн нэг, танд сайхан дурсамж байдаг байх?

Сургуулиа төгсчхөөд хурим, конфэрэнц, сонгодог урлагын тоглолт зохион байгуулж под хийсэн мөнгө олдог байлаа. Харин Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн хүний нөөцийн мэргэжилтэн, Нийслэлд хэлтсийн даргаар ажиллаж байсан. Цалингаа аваад хамгийн түрүүн ээж аав руугаа гүйдэг юм байна лээ.

Карьерист бүсгүйн хувьд бага залуу настай холбоотой бэрхшээл гардаг уу? Бас давуу тал гэвэл?

Аль аль нь байдаг тохиолддог зүйлс. Гэхдээ би залуу байгаа нь миний сул тал гэж хэзээ ч боддоггүй. Яагаад миний амжилт ололт байж болохгүй гэж гэсэн байдлаар өөрийгөө хурцалдаг. Зарим институц,  байгууллага хүмүүстэй ажил алба ярьж эхлэхэд жаахан хүүхэд гэж голсон, гайхсан шинж илрэх тал бий /инээв/  

Боловсрол гэж диплом мөн үү?

Дипломын тоогоор боловсрол эзэмшсэн хүн гэвэл зарим утгаараа өрөөсгөл. Тэндээс юуг олж авсан,  түүнийгээ амьдралдаа хэр хэрэгжүүлсэн нь чухал үзүүлэлт. Би одоо 27 настай, 3 их дээд сургууль төгссөн. Тэглээ гээд би боловсролтой болчихсон гэсэн үг биш. Боловсрол гэдэг дипломын тоо гэхээсээ хүн өөртөө олж авсан мэдээллээ, мэдлэг, мэдлэгээ туршлага болгож чадах чадвар байх. Гэхдээ би цаашид ч суралцана.

Удирдах албан тушаал хүнд ер нь юу өгдөг юм бол?

Үүрэг хариуцлагыг хэд дахин илүү нэмэгдүүлдэг. Мэргэжилтэн байхдаа би өөртөө оногдсон ажлыг олон хувь давуулж хийхэд ч асуудал тулгардаггүй байсан. Бэрхшээл болгоныг нь даваад гарчихдаг байсан. Хүн удирдана гэдэг үүнээс өөр. Бусдын өмнөөс үүрэг хариуцлага хүлээж эхэлдэг. Үүгээрээ хүнд илүү их дадал, чадвар туршлага өгдгийг алхам тутамдаа мэдэрсээр явна.

Төсөөлье л дөө. Арван жилийн дараах өөрийнхөө ирээдүйг ямраар төсөөлж байна?

-2027 онд уу? Би өөрийнхөө хүссэн тодорхой карьерт хүрчихсэн байх болно.

Хар багаасаа төлөвшиж, томоожсон, 2008 онд л нам, улс төр гээд явдаг байсан Мөнхгэрэл. Энэ тохиолдолд үеийнхнээсээ тасрах, тусгаарлагдах тал байх уу?

Энэ харьцангуй тухайн хүрээллээс хамаарах асуудал байх аа. Би 2008 онд МАН-нд гишүүнээр элсэж, НАМЗХолбоонд улс төрийн ажилтан, зохицуулагчаас бага хурлын гишүүн хүртэл ажиллаж байсан. Маш их зүйлийг сурсан. Боловсорсон. Үеийнхэнтэйгээ зэрэгцэн хөгжиж эхэлсэн он жилүүд харин ч эндээс эхэлсэн гэж болно. Гэхдээ багын найзууд ангийнхантай уулзалдаж хөгжилдөх цаг яагаад ч гаргаж чадахгүй байгаа даа эмзэглэдэг. Тэгэхээр харьцангуй байгаа биз?

Шулуухан асууя, “Цүнх баригч” гэсэн нэр томьёо гарчихлаа. Залуус мэдэхгүй байж мэддэг юм шиг, чадахгүй байж чаддаг юм шиг намд ороод явж байвал ямар нэг албан тушаалд хүрнэ гэсэн бодолтой явах нь их болсон гэдэг. Өөрөө тэднээс юугаараа өөр юм?

Би итгэл үнэмшлээрээ өөр өө. 2 өвөө 2 эмээ аав ээжийнхээ нэгэн адил би МАНамыг унаж босох аль ч цаг үед дэмжиж ажиллаж байсан. Би Аавынхаа үргэлжлэл. Цүнх баригчид байдаг л байх би таарсангүй ээ.

Эрх мэдэл гэж юу юм?

Бусдын төлөө ямар нэгэн зүйл хийж чадах гарц юм байна гэж хардаг.

Өөрөө нэлээн эрх мэдэл бүхий хүн болчихлоо гэж бодьё. Тэр үед хамгийн эхлээд юу хийх вэ?

Аль болох нийгмийн шинж чанартай хүмүүнлэг ажил хийх болов уу. Юу тарина түүнийгээ л хураана гэдэг байх аа. Би өнгөрсөн зун улаанбурхан өвчний дэгдэлтийн үеэр сайн үйлсийн аян эхлүүлж, захдуу дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдэд 3000 сиропон витамин тараасан юм. Витамин, амин тэжээл гэдэг алив өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг том боломж. Иймэрхүү ажлыг хүн эрх мэдэлтэй, мэдэлгүй сэтгэл л байвал хийх боломжтой, хийж байх ёстой биз дээ.

Өөрөө  сэхээтэн давхаргын шийдвэр гаргах төвшний ажил хийж байсан гэр бүлээс гаралтай бүсгүй. Гэр бүл сонголтын тухайд ямар байр сууринаас хандсан бэ? Нөхөртэй чинь танилцаж болох уу?

Манай хүн Япон, Америкт боловсрол эзэмшсэн. Олон улсын байгууллагад мэргэжлийнхээ чиглэлээр ажилладаг. Нуулгүй хэлэхэд олны танил айлын хүүхэд. Гэхдээ манай хүн төрд орж ажиллаж байгаагүй.

Гэр бүл төлөвлөхөд юу их чухал юм шиг санагдсан бэ?

Бид хоёр хар багаасаа бие биенээ таньдаг, олон жилийн өмнөөс мэддэг байсан. Энэ нь гэр бүл болж, ханилж суухад дөхөмтэй болсон нь мэдээж. Ер нь залуу хосуудад тулгардаг гол бэрхшээл нь үл ойлголцол юм шиг санагддаг. Тиймээс бие биенээ сайтар ойлгосон хойноо гэр бүл болох нь зөв.

Ямар нэгэн спортоор хичээллэдэг үү?

Цанаар гулгаж усанд сэлэх дуртай. Аав маань Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч байсан. Тэр нөлөөгөөр багаасаа ширээний теннис, талбайн теннис тоглож өссөн. Одоо цаг гарвал ширээний теннис тоглож, гэр бүлээрээ усанд сэлж, Нөхөртэйгөө цанаар гулгадаг.  

Хүний зиндаа гэж юу юм?

Хүний байгаа байдлаас хамаарч өөрийнх нь хүрээлэл нь тогтдог. Хүн байгаа зүйлээрээ гоёно гэдэг нь хүнээрээ байхын нэр болов уу. Тэгэхээр олонтой, олны хайрыг татдаг хүнийг зиндаа өндөртэй хүн гэж тодорхойлж баймаар.

Өөрөө хэр ном уншдаг вэ?

Миний үеийнхэн бүгд өрсөлдөн уншдаг Интер ном, Аз Хур руу ороод үздээ дүүрэн залуучууд.  Сул чөлөөт цагаа нийгмийн сүлжээнд зориулна гэдэг бол цаашид хөгжихгүйн цондон. Нийгэмд манлайлах битгий хэл нийгмийн жирийн идэвхтэй гишүүн байхын тулд уншихаас өөр сонголт байхгүй. Харин юу унших вэ? Аав ээж минь ах бид хоёрыг багаас системтэй унших, сорчилж сонгож унш гэж хатуу болзол тавьдаг байсан. Аав ээжийн маань аль ч талын авга, нагац нар ном эрдэмд үнэнхүү шимтсэн эрдэмтэн, гүн ухаантан, судлаач нар хэд хэд бий. Ард түмэндээ танигдсан Төр нийгмийн зүтгэлтэн, Философийн ухааны Доктор, Дипломатч Б.Даш-Ёндон ахынхаа Аристотель Улс төр ба ёс суртахуун, Евдемийн ёс зүй, А. Н. Чанышев “Аристотель”, Эзопын Ёгт үлгэрүүд, Платон “Захидлууд”, Лаозын “Гүн ухаан”, Күнз "Лунь-Юй буюу бодрол агаад яриа"  гэх номууд миний ширээний ном.

Сүүлийн хоромыг танд үлдээе.

Уламжлал шинэчлэлийг хослуулж улам их уншиж боловсрон хөгжлийн шинэ гарцыг олохын төлөө эвтэйгээр урагшлан хамтдаа хөгжихийг ерөөе.  

Ярилцсанд баярлалаа, танд улам их амжилт хүсье!  

 

 

 

Танд баярлалаа.

Ярилцсан Б.Ундрал

Фотог Д.Цэгц

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (18)
  • Retweet (16)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)