Бүсгүй 1998 оноос хойш дуулжээ. Гэтэл бид сарын өмнө, жилийн өмнө дуулж эхэлсэн дуучдыг түүнээс илүү танимхайрах, дууг нь амандаа аялах. Зарим нэг нь гэрлийн хурдаар од болж мандсан шигээ “харвадаг” бол түүн шиг тасралтгүй циклээр урлагтаа үнэнч үлдсэн нь хэд бол гэсэн бодол төрснийг нуух юун. Аядуу зөөлөн ялдам нууцлаг бүсгүйтэй ярилцлагын ширээний ард суулаа. Ганц бие ээж, дуучнаас гадна Олон улсын харилцааны чиглэлээр БНХАУ-д суралцаж одоо мэргэжлээрээ ажиллаж буй дуучин-ажилчин гэх хос морьтон. “Энэ миний огторгуйд” шинэхэн цомгоо өлгийдөн энэ олон жилийн дараа сонсогчдын гар дээр тавьж буй Э.Болор-Уянга гэж чухам хэн бэ? Хажуу өрөөнд нялх охиноо тэврэн үлдсэн гэдгээ хэнээс ч үл нуух бардам оршихуй, бэрхшээлийг сөрнө гэсэн хүчирхэг хандлага нь турьхан төрхтэй нь харьцууламгүй эрэмгий шийдэмгий. Түүний гадаад байдал дотоод ертөнц мэдэх тусам төсөөлснөөс тэс өөр Болор-Уянгыг надад илэрхийлж байлаа. Ингээд та бүхэнтэй хуучны танил атлаа одоо цагт шинэ хүн мэт болсон ховор хүнийг уулзуулж байна. Магадгүй түүний дуучин болсноос хойш хөөрөлдсөн анхны сэтгэлээ нээсэн ярилцлага ч байж мэдэх юм. Энэ бол түүний ертөнц.