П.Цагаан: Бид ямар тасалбар авч, жүжиг үзэх гэж байгаа юм уу?
2016/12/16
АН-ын даргад өрсөлдөх тухайгаа хамгийн анхлан зарласан П.Цагаан сунгаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн мөн л эхний хүн боллоо. Төрийн өндөр албан тушаалыг өөрийн сайн дураар өгөн байж, АН-ын даргад үзэхээр шийдсэн П.Цагаан юуны учир ийм алхам хийсэн бэ? Намаа хэрхэн яаж шинэчлэх талаар 16 аймагт очиж, 1300 гишүүнтэй уулзаж, долоон мянган км явсаныхаа дараа энэ хүн юуны учир сунгаанд орохоо больчихов оо? Тэр бүр хэлээ билүүдээд байдаггүй П.Цагааны амнаас тийм ч амархан гарахгүй үгс унав. “Бид ямар тасалбар шахсан жүжиг үзэх гэж байгаа юм уу?... Намын шинэчлэлийг кааш, зутан, жонхуу болгоод тавганд хийчихлээ…”
Гурван үндэслэлээр намын даргын сунгаанд орохоос татгалзсанаа тайлбарласан хэлсэн бичлэг нь сошиалд багагүй анхаарал татаж, асуултын тэмдэг үүсгэж байна.
Хув хуучин юмыг шив шинэ гэдэг юм уу?
Зургаан жил болсоны дараа сая нэг цугласан АН-ын 6 дугаар их хурал гишүүдийнхээ хүсэл хүлээлтийг замхрууллаа гэж П.Цагаан дүгнэж байна. Үүргээ гүйцэтгэж дууссан ҮЗХ татан буугдах хэмжээнд шинэчлэл өрнөх болов уу гэсэн хүлээлтийн хариуд “Тэнгэрт нартай хамт мөнхлөв” болчихсон энэ байгууллага ноён П.Цагааны ёжтой хэлсэнээр харин ч бүр бүдүүрч зузаарч 380-уулаа болж аваад хурлаа тараалаа. Алдар нэрсээ мөнхжүүлсэн сандлынхаа тоог бүр зуугаар нэмж засаад явцгаалаа. Намын даргаа намын гишүүд сонгох гоёмсог найруулгатай ганц нэг өгүүлбэр нэмсэнээ Үндсэн дүрмээ өөрчилсөн шинэчилсэнд тооцов. Тав давтагдсан ялалт яагаад хоёр дараалсан хожигдол болов гэдгийг долоо хэмжиж нэг огтолсонгүй. Ялагдалдаа онош тавьсангүй. Юу болохгүй байгааг яс дүгнээгүй атлаа юу ч гэсэн болгоно гэцгээсээр гэр гэртээ харилаа. Ялсан нам хуралдаж байгаа юм шиг л хөөрөлхсөөр тарцгаасан. Яагаад гэвэл хэн ч “Уучлаарай. Миний буруу” гэж хэлсэнгүй. Дэлхийн аваргад бут ниргүүлсэн хөлбөмбөгийн шигшээ багийн удирдлага өөрсөддөө хир халдаахгүй, үргэлжлүүлж ажиллана гэсэнтэй ялгаагүй. Монголын улс төрийн соёл биш соёл нь энэ. ҮЗХ, ГЗ, үндсэн бүтэц, арга яс, бүрэлдэхүүн нь яг л янзандаа, харин бүр тарга тэвээрэг нэмсэн, Үндсэн дүрэм нь ч бахь байдгаараа шахам үлдсэнийг П.Цагаан шинэчлэл гэж үзэх ямар ч боломжгүй тухайгаа хэллээ. АН шинэчлэгдэх түүхэн гараагаа эхлэв үү? гэж санал асуувал “Тэгэлгүй яахав. Ёстой мундаг шинэчлэл эхэллээ” гэх хариу үнэндээ бараг гарахгүй гэдгийг олон бүгдээрээ л мэдэж байгаа. “Чамайг юу ч өөрчлөөгүй, яг л хэвээрээ…” гэж дуу аялсан шинэчлэл.
Зохиол нь бичигдсэн, найруулга нь бэлэн жүжиг үү?
Фракцгүй нам болно гэж тун сүртэй ярилцлага, нэн нухацтай мэдэгдэл хийцгээсээр цугласан АН-ын 6-р Их хурлын 7 тэргүүлэгчээр 7 фракцаас хүн тохоон суулгаж эхэлсэн. Тарлаа бутарлаа гэж зарласан фракц нэг эгнээнд суучихсан “албан бус” байдалд орсоноос бусдаар бол яг хэвээрээ л хуралдаж харагдсан.
Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нартай адил аль нэг фракцид хамаардаггүй П.Цагааны хувьд сунгаа шударга болно гэх баталгаа байхгүй. “Татвар төлсөн гишүүн саналын эрхтэй” гэсэн журам аймаг, дүүргүүдэд нам гэдэг үл хөдлөх хөрөнгөтэй фракциудын лав барьц, зэр зэмсэг нь. Засна ч, хусна ч гэдэг шиг жагсаалтыг тэд үйлдэнэ. Татвар төлсөн эсэх шат шатны дарга мэднэ. 180 мянган гишүүнтэй гэгддэг АН-д 10 хувь нь буюу 18 мянга орчим нь татвар төлдөг юм байна. Ерэн хувь нь эрхгүй гэсэн үг. Арван хувь нь АН болох уу? Намын даргын сунгаагаар энэ хувь хэмжээ суга өсөх байх. Эдийн засгийн өсөлт шиг төлсөн биш төлүүлсэн тоо болно. Өөрийн талынхнаа өмнөөс нь төлнө, өрөөлийн талыг пялна гээд юм юм болно. “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална” гэж уншмаар заалт шүү дээ. Фракцгүй хүн борлуулалтын сүлжээгүй. Бэлэг, урамшуулал хямдрал зарлахгүй, жижиглэнгийнхэн, ченжүүд байхгүй. Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Баабар хэн ч, ямар ч сайн бараа ченжгүй, борлуулалтын сүлжээгүй бол энд зарагдахгүй.
Нөгөө талаар П.Цагааны гэнэтийн мэдэгдлийг мөр хоорондуур нь уншвал, “Зохиол нь бичигдсэн, найруулга, тавилт нь бэлэн жүжигт би тайзны дүр бүтээхгүй” гэж байгаа юм байна. Хуучин суурин дээр намын даргаа намын гишүүд нь сонгох гэх зэрэг ямар ч шинэчлэл генийн өөрчлөлтөнд энэ мэтээр ордог. Эрүүл хөрсөн дээр л цэцэг ургадаг. Цагаанаар эхлээд цагаангүй үргэлжлэх болсон АН-ын даргын сунгаа эхлэх гэж байна. Цагаан сарын өмнөхөн АН-ын 7-р их хурал болно. Үнэний мөр цагаан л гэдэг.
Б.Гэрэл