М.Батнайдвар: Сэтгэлийн хөөрлөөр гэнэт шийдээд шивээс хийлгэж болохгүй

Бид соён гэгээрүүлэх,  мэдлэг мэдээлэл түгээх үндсэн үүргийнхээ хүрээнд сонирхолтой зочдоор хүрээгээ тэлсээр байна. Залуу боловсон хүчнүүдээ дэмжиж, ирээдүйд зорилго тэмүүлэл, бизнес, уран бүтээлийнх нь талаар хүргэдэг “Дебют” булангийн энэ удаагийн зочдоор “Хурд” салоны tattoo artist Л.Энхмагнай, body piercing М.Батнайдвар нарыг урьж, сонирхолтой яриаг өрнүүллээ.

-Шивээс өндөр хөгжилтэй орнуудад урлаг болтлоо хөгжжээ. Манай улсад хөгжлийн аль түвшинд явж байна. Ер нь цаашдаа урлаг болтлоо хөгжих боломж, бололцоо бий юу?

- Яг үнэндээ зах зээл муутайгаас болоод төдийлөн сайн хөгжиж чадахгүй байна. Шивээс хийлгэж байгаа хүмүүс маань санхүүгийн баригдмал орчинд байдаг. Мөн шивээс хийж байгаа залуус маань өөрийгөө хөгжүүлэх боломж бололцоо нь дутмаг байна. Магадгүй гадны өндөр хөгжилтэй оронд очиж суралцлаа гэхэд энд ажлын байрнаас эхлээд асуудал их.  Гэхдээ цаг хугацааны явцад харьцангуй хөгжинө гэж итгэдэг.  Учир нь амьдралын төлөө шивээс хийж байгаа хүмүүсээс гадна шивээсийг урлаг талаас нь ойлгодог, хөгжүүлэхийг зорьдог хүмүүс олширч байна.  

-Шивээс арчилгааны талаар залуустаа ямар зөвлөгөө өгөх вэ. Магадгүй зарим залуус маань энэ талаар буруу мэдээлэлтэй явдгийг ч үгүйсгэхгүй?

-Шивээс хийхээс илүү шивээс арчилгаа чухал.  Шивээс хийлгэхэд арьсанд гэмтэл үүсч байгаа учир тавладаг. Тав нь будгаа хуулж унах гээд байдаг учир таваа заавал зөөллөж байх ёстой. Зөөллөхийн тулд зориулалтын А, С витаминтай тосыг түрхэж эдгээдэг. Хийлгэснээс хойш хоёр хоногийн дотор ус хүргэхгүй. Долоо хоногтоо ямар нэгэн саун, бассейн зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлвэл халдвар авах магадлал өндөртэй.  Мөн шивээс хийлгээд нэг хоносны дараа шивээсний тосыг 10 хоногийн турш нимгэн түрхэлтээр, түүнээс хойш 20 хоногийн дотор тосоо арай зузаан  түрхэнэ. Ингэснээр шивээс маань гоё эдгэрнэ. Ерөнхийдөө шивээс эдгэрэх явцдаа хуурайшилт их өгч, загатнадаг. Тэр болгонд хүмүүс маажчих гээд байдаг. Эсхүл норгодог тохиолдол бий. Энэ нь маш буруу. Зөвхөн тосоо л түрхэх ёстой.

Түүнчлэн шивээс, пирсинг хийлгэсний дараа архи, согтууруулах ундаа уухгүй байх хэрэгтэй. Архи, согтууруулах ундаа ууснаар хүний биеийн эсэргүүцэл мууддаг. Ийм тохиолдолд шивээс эдгэхгүй уддаг. Шивээс пирсинг хийлгэх гэж ирж байхдаа ч согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

-Вазелин, “Babe oil” зориулалтын тос мөн үү?

-Огтоосоо зориулалтын тос биш. Вазелин шивээсний тосыг бодвол илүү их тослогтой. Мөн витаминлаг байдал багатай байдаг. Тиймээс шархыг нь хэтэрхий зөөллөөд байх талтай. Энэ тохиолдолд шивээсний будаг уусдаг. Тэгэхээр зориулалтын тосыг хэрэглэх шаардлагатай. Хэрэв олдохгүй тохиолдолд эмийн сангуудаас хүүхдийн нуралтанд зориулагдсан тос авч хэрэглэж болно.

-Шивээс хийлгэх гэж байгаа хүмүүст сэтгэлзүйн бэлтгэл байх хэрэгтэй юу?

-Сэтгэлзүйн байдал хамгийн чухал. Манайхны хувьд найзуудтайгаа ярьж сууж байгаад, эсхүл биендээ дурлаад шивээс хийлгэчихдэг. Нөхцөл байдал нь ч амархан. Өөрөөр хэлбэл, хаа сайгүй хямд тарифаар шивээс хийдэг газрууд байна. Гэтэл нэг өрөө түрээслээд зурдаг хүн сууж байхыг үгүйсгэхгүй шүү дээ.  Нөгөөтэйгүүр бодлогогүй шивээс хийлгэснээс болж өнөөх шивээсээ ад үздэг тохиолдлууд элбэг бий.

Европын орнуудад бол шивээс хийлгэхийн тулд заавал цаг авдаг. Тухайн цаг нь 3 сараас 1 жилийн хооронд байдаг. Жишээ нь, би өнөөдөр шивээс хийлгэмээр байна гэхэд 5 сарын дараа хүрээд ир гэдэг.  Ийм тохиолдолд өнөөх хүн маань 5 сарын турш боддог.  Магадгүй өөртөө эргэлзэх хүн байна. Гаргасан шийдвэртээ үнэнч ч хүн байдаг.  Тэгэхээр энэ удаан хугацаанд бодож тунгааж байгаад шивээс хийлгэж байгаа хүмүүс дараа нь хэзээ ч харамсдаггүй.  Тиймээс шивээс хийлгэхэд сэтгэлзүйн байдал маш чухал.

-Шивээсний багаж хэрэгсэлд сайн, муу гэсэн ялгаа бий юу?

-Шивээсний машин бол дотроо олон янз төдийгүй зүү, хошуу нь ч янз бүр байдаг.  Будагны хувьд мөн сайн, муу гэж бий. Шивээсийг арьсанд хийдэг учир байгалийн гаралтай будаг чухал. Хямдхан будаг бол химийн найрлагатай байх талтай. Мөн өнгө нь хувирч өөрчлөгдөх сөрөг үр дагавартай. 

Манай салоны хувьд Америк, Японоос нилээн өндөр өртгөөр багаж, хэрэгслээ оруулж ирдэг.

-Жил жилээ дагаад шивээсний загвар, хэмжээ өөрчлөгдөх үү. Магадгүй тухайн жилийн тренд шивээс ч гэдэг юм уу?

-Шивээс бол үүссэн цагаасаа янз бүр болж өөрчлөгдсөөр ирсэн. Тухайн үеийнхээ нийгмийн байдал, шашин шүтлэг зэргийг илэрхийлээд явж байдаг. Энэ жилийн тренд шивээс, дараа жил энэ төрөл давамгайлна гэх мэтийн зүйл бий. Гэхдээ жил бүр шивээсний янз бүрийн мода дэлгэрдэг. Хамгийн сүүлийн үед  авангард загварын шивээсүүд моданд орж байна.

Гэхдээ хүн бүр өөр өөрийн гэсэн утга агуулгатай шивээс хийлгэдэг. Зарим хүн таалагдсан зургаа шивүүлж байхад, өөрсдийн амьдралд тохиолдсон дурсамжаа хийлгэдэг хүмүүс  ч бий.

-Шивээсийг ангилж болох уу?

-Европ, Ази гэж ангилж болно. Манай Монголын тухайд үндэсний хэв маягаа шингээсэн,  бид бүхний бахархал болсон, өвөг дээдсээс үлдээсэн үүх түүхийг шивээс болгож болно. Өөрөөр хэлбэл, бидний сайн мэддэг үүх түүхтэй холбоотой, зөвхөн Монголд л байдаг уул ус, хувцас хэрэгсэл, ан амьтан, жигүүртэн шувуу, таван хошуу мал, монгол хүний царай төрхийг монгол хэв маягийн шивээс гэж хэлж болно.

Харин Ази, Европ гэвэл шивээсний маш олон урсгал бий. Жишээ нь, Маори үндэстэнгүүдийн уламжлалт шивээс, багира шивээс, Энэтхэг, Мексик, Америк, Якуза гээд маш олон урсгал бий. Бид бүхний огт мэдэхгүй шивээсний урсгалууд ч байдаг.

-Сонирхогчдын түвшин бүр залуужаад байна уу даа?

-Ихэвчлэн 18-26 насны залуус шивээс хийлгэх сонирхол өндөртэй байдаг. Мөн 38-аас дээш насны хүмүүс их хийлгэдэг. Ерөнхийдөө эрчүүдээс илүү охид, бүсгүйчүүд өөрийгөө чимсэн шивээсүүд их хийлгэдэг болсон байна. Шивээс гэдэг чинь нэгт сонирхол, хоёрт өөрийгөө өөрчилж байгаа зүйл.

-Шивээсийг арилгах, хийлгэхээсээ хэцүү гэдэг. Өндөр өртөгтэй юу?

-Шивээс арилгах амаргүй. Арьсыг сорвижуулж, үхжүүлж арилгадаг. Ямар будгаар, хэр гүн хийснээс шалтгаалаад зарим нөхцөлд арилахгүй ч байж болно. Арилгах их хор хөнөөлтэй. Лазерийг мэргэжлийн хүнээр хийлгүүлэх нь зөв. Мэдэхгүй хүн бол олон удаагийн давтамжтай лазердсаар байгаад арьсны хорт хавдар ч болгож мэднэ. Тиймээс арилгах биш, анхнаасаа зөв шийдвэр гаргаж хийлгэх л чухал. 

Мөн хийлгэсэн шивээст засвар хийх ч төвөгтэй. Өмнөх хийсэн хүнийх нь будаг, өнцөг өөр байдаг.

-Гоо сайхны шивээс буюу хөмсөг, контур хийдэг гэж байна. Бусад салоноос ялгарах, өөрсдийн гэсэн онцлогоосоо хуваалцаач?

-Бид гоо сайхны шивээсийг 2-3 жилийн хугацаатайгаар л хийдэг. Будаг болоод хийх арга техник арай өөр байдаг. Хүний арьс, нүүрний хэлбэр зэрэг тодорхой хугацааны дараа өөрчлөгддөг. Тэгэхээр арилгаж, засахад амархан хөнгөн байдлаар хийдэг. Өөрөөр хэлбэл, гүн буюу насан туршийн шивэлт хийдэггүй.  Манайх будгаа түүхийгээр нь хийдэггүй. Тухайн хүнийхээ царайнд буюу арьсны өнгөнд тохируулж өнгө гарган хийдэг. Тэгэхээр цаг хугацааны явцад өнгө хувирна гэсэн ойлголт байхгүй. Мөн хүмүүс гоо сайхны шивээсээ хийлгэчихээд, дараа нь давтан хийлгэнэ гэж ярьдаг. Гэтэл тэгж болохгүй. Эхний шивэлт тест маягийнх байх ёстой. Харин давтан шивэлт хамгийн гол шивэлт байдаг. Эхэлж хийхдээ муухай болгочихсон зүйл давтан хийлт дээр гоё болно гэж байхгүй.

Мөн манай салон халцарсан үстэй хүмүүст шивээс хийж байгаа. Өөрөөр хэлбэл, халцарсан хэсэгт нь үстэй мэт харагдах шивэлтүүд хийнэ. Энэ шивэлтийг манай салоноос өөр газар хийдэггүй.

-Контур?

-Нүдний арьс лазердахад хараа муудаж, арьс  түлэгдэж, сорвижих сөрөг нөлөөтэй. Тиймээс нүдний контур шивүүлэх гэж байгаа бол мэргэжлийн газар нь, мэргэжлийн хүнээр хийлгэхийг зөвлөж байна.

-Залуус сүүлийн үед пирсинг их сонирхдог болжээ. Анхаарах зүйл юу байдаг вэ?

-Пирсинг бол шивээснээс илүү ариун цэвэр шаарддаг. Шивээс бол арьсны өнгөн давхаргад хийдэг. Харин пирсинг бол арьсыг нэвт хатгадаг. Учир нь биед нь ээмэг хийнэ. Төмрийн харшилтай хүмүүс байдаг. Тэгэхээр хятадаас ирж байгаа ээмгүүд зүүвэл харшил өгөөд эдгэдэггүй. Харин манайх бол ээмгээ Америкаас захиж оруулж ирдэг.

-Цаашдын зорилго?

-Зөвхөн шивээс, пирсингээр хязгаарлагдахгүй энэ төрлийн урсгалын бүх зүйлийг сурч, монголдоо хөгжүүлэхийг л зорьж байна.

 

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • зочин
    hayg utasaa uldeegech
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Ламтан Баагий. Шорондоо эргээд орчих воо.
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Залуустаа амжилт хүсье?
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025