Хог хаягдлыг ангилж ялгаж чадсанаар түүнээс өөр нэгэн баялаг бүтээх боломж байгаа. Гэвч бид үүнийг ашиглаж чаддаггүй. Нийгмийн хамгийн том сэдэв, асуудал болоод буй ч дорвитой арга хэмжээ төдийлөн хийгддэггүй. Тэгвэл хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх ёстой ажлуудын нэг Хог хаягдлын тухай шинэчлэсэн найруулгыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав анхааралдаа авч, бодит үр дүнг авчрах ажлуудыг нэн яаралтай хэрэгжүүлж эхлэх талаар ярьж байна.
Тэрбээр байнгын хорооны хуралдааны үеэр хог хаягдлын тухай зарим зүйлийг онцолсон нь олон нийт, иргэдийн анхаарлыг татаад байгаа юм.
Ингээд түүний хэлсэн үгийг дор онцолж байна.
-Хог хаягдлын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төсөл орж ирж байгаа нь үнэхээр цаг үеэ олжээ. Энэ асуудлыг байнгын хорооны гишүүд маань ч санал нэгтэйгээр дэмжиж байна. Ер нь хог хаягдал гэдэг Монгол Улсад тулгамдсан асуудлуудын нэг. Угтаа анхан шатнаас нь буюу цэцэрлэг, сургуулиас нь эхлээд хог хаягдлын тухай ойлголтыг суулгах, хог хаягдал гэдэг нь ямар хор хөнөөлтэй вэ гэдэг асуудлаар бага ангиас нь хичээл оруулж, сургалтын хөтөлбөрт нь тусгаж өгөх хэрэгтэй байгаа. Хог хаягдлын материал бол нийгэмд хаа сайгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн элбэг түүхий эд бол хог хаягдал. Тиймээс хог хаягдлын талаар ойлголт өгч, тодорхой дадал хэвшилтэй болгоход хамгийн ойлгомжтой сэдэв. Тэгэхээр үүнийг аль болох яаралтай, хөрөнгө санхүү гэж шалтаглахгүйгээр сургууль цэцэрлэгүүддээ чиглэл удирдамж өгөөд холбогдох яамд, хэрэгжүүлэгч байгууллагууд анхан шатны программуудыг боловсруулаад хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй юм уу гэж бодож байна. Бид дэлхийн соёлт ертөнцөд нэвтэрч харилцан аяладаг. Гэтэл хог хаягдлаа ангилж ялгадаггүй газар гэж байхгүй байдаг шүү дээ. Бүгд хог хаягдлыг баялаг болгож чаддаг. Тэгэхээр манай улс ч баялагийг ашиглах үйлдвэр байгуулах, мөн үүнийг хийж чадах иргэдээ дэмжих хэрэгтэй” гэлээ.
Мөн тэрбээр “Үнэхээр бид хог хаягдлаасаа болоод олон төрлийн вирүс, нян бактер, өөрсдийнхөө амьдарч байгаа эргэн тойронд бий болгож байгаа. Тиймээс хөрсний бохирдол, хөрсөн дээр ил хаягдаж байгаа хог хаягдалтай тэмцэх арга бол хуулиа боловсронгуй болгохоос гадна анхан шатнаас нь боловсрол олгож, хог хаягдлыг хэрхэн ангилж баялаг болгох вэ гэдэг асуудал юм. Мөн аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулагдахгүй байх тал дээр Засгийн газар зохицуулалт хийж байгаа нь сайн хэрэг. Харин үүнийг аймгуудтайгаа ойрын үед ярьж зохицож аюултай, хортой хог хаягдлуудыг нэг дор цуглуулж улсын хэмжээнд бодлоготойгоор зохицуулж байх нь зүйтэй юм” гэдгийг онцолсон юм.
Юутай ч том сэдэв гэж тойрч зугталгүй, харин ч нэн яаралтай шүүрч авч ажил хэрэг болгохоор санал нэгдээд буй УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавын хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно.

400.000 тонн хог хаягдал 3 дахин нэмэгдсэн АНХААР!!!
Дашрамд дурьдахад, 2006, 2007 онд хийсэн судалгаа, тооллогоор Улаанбаатар хотоос жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг гэж тогтоосон. Тухайн үед Улаанбаатар хотоос жилд 400 000 тонн хог хаягдал үүсдэг байсан бол одоо энэ тоо бараг 3 дахин нэмэгджээ. Аюултай хог хаягдлын үүсэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29–58 мянган тонн байхаар байна. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69 мянган литр бодис хадгалагдаж байгаа нь тогтоогджээ.
Түүнчлэн Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй, аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрс усанд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна. Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа юм байна.
Иймд тогтвортой хөгжлийн болон ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж, олон улсад тавигддаг шаардлагатай нийцүүлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хог хаягдлын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)