БХЯ-ны сайд ЗХЖШ-ын тайлангийн хуралд оролцож үүрэг чиглэл өгөв
2017/01/13

ЗХЖШ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр БХЯ, ЗХЖШ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тайлангийн хуралд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа болон ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Тайлангийн хурлаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат ЗХЖШ-ын 2016 онд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг тайлагнаж, бие бүрэлдэхүүний санал шүүмжлэлийг сонсов.

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүнд хандан 2017 онд анхаарч ажиллах асуудлуудыг хөндөж, холбогдох үүрэг, чиглэл өглөө.  Тайлангийн хурлын төгсгөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2016 онд ажил үйлсээрээ Зэвсэгт хүчний хэмжээнд манлайлсан анги, байгууллага, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.

ЗХЖШ-ын даргын тушаалаар “Зэвсэгт хүчний 2016 оны тэргүүний хугацаат цэргийн алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн дэд түрүүч Г.Буянсүрэн, “Зэвсэгт хүчний 2016 оны тэргүүний гэрээт цэргийн алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн байлдагч Д.Үржинханд, “Зэвсэгт хүчний 2016 оны тэргүүний ажилчин албан хаагч”-аар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Ж.Энхтайван, “Зэвсэгт хүчний 2016 оны тэргүүний ахлагч”-аар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ахлах ахлагч Б.Цэрэнбат, “Зэвсэгт хүчний тэргүүний офицер”-оор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хошууч Ц.Батзул, “Зэвсэгт хүчний тэргүүний салбар”-аар ахмад С.Дамдинжав захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 103 дугаар салбар, “Зэвсэгт хүчний тэргүүний анги”-д хурандаа О.Баянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 310 дугаар анги, “Бүтээлч анги”-д хурандаа С.Содов захирагчтай Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, хурандаа Д.Нямсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 338 дугаар анги тус тус шагнагдлаа.

Түүнчлэн тайлангийн хурлын дараагаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат бие бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын шинэ дүрмийн талаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг, чиглэл өглөө.

ШИНЭ ОНЫ ГАРААГ ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН ЭХЛҮҮЛЛЭЭ

Энэ онд 85 жилийнх нь түүхт ой тохиож буй ЦДБЭЧ-ын хамт олон 2017 оны ажлын гараагаа эрч хүчээр дүүрэн эхлүүллээ. Оны эхний сарыг тус чуулгынхан “Ажлын байрны орчинг сайжруулах сар” болгон зарлаж, бие бүрэлдэхүүний ажиллах таатай орчныг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдүгээр давхрыг бүрэн засварлаж, өрөө тасалгааны гэрэлтүүлгийг шинэчлэн сольж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий камеруудыг суурилуулаад байна. ЦДБЭЧ-ын ахмад дуучдын нэг, МУСТА С.Оюунтогтох “Миний дуулах хорвоо” уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 15-ны өдрийн 15.00 цагт Цэргийн соёлын төв өргөө /Офицеруудын ордон/-д тоглоно. Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн “Тэмүүжин” хүүхдийн дуурийн Өэлүн эхийн дүрийг бүтээсэн, Хонгор нутгийн дуучин бүсгүйн тоглолтонд ЦДБЭЧ-ын нийт уран бүтээлчид оролцохын зэрэгцээ түүний шавь, “Шуранхай” хамтлагийн дуучин, МУСТА Б.Номин-Эрдэнэ урилгаар оролцох юм байна. Мөн чуулгын уран бүтээлч хамт олон жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Талархалын тоглолт”-уудаа Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудад тоглоход бэлэн болоод байна. Энэхүү хүндэтгэлийн тоглолтуудыг Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудад зориулсан хүндэтгэлийн тоглолтоор эхлүүлэх бөгөөд энэ сарын 23-25-ны өдрүүдэд ЗХЖШ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/09 тоот тушаалаар батлагдсан хуваарийн дагуу цэрэг дайчиддаа урлагаар үйлчилнэ.

2017 ОНЫ ГҮЙЛТИЙН ЦАНЫН АНХНЫ ТЭМЦЭЭН ХЭНТИЙ АЙМАГТ

Хэнтий аймгийн Биндэр суманд "Чингис хааны цом"-ын тэмцээн 4 насны ангиллаар зохион байгуулагдаж дууслаа. Уг тэмцээнд ЗХ-ний тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд ЗХ-ний 311 дүгээр ангийн тамирчин тэргүүн ахлагч П.Гантулга, А.Энхтуул нар мөнгө, С.Дүүрэнбаяр хүрэл медаль, ЗХ-ний 330 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Э.Алтансоёмбо мөнгө, ЗХ-ний 084 дүгээр ангийн тамирчин сургагч ахлагч М.Оюундэлгэр Алт, ЗХ-ний 013 дугаар ангийн тамирчин ахлах ахлагч В.Жамбалсүрэн хүрэл, ЗХ-ний 015 дугаар ангийн тамирчин ахлах дэслэгч Ю.Туяа мөнгө, ЗХ-ний 310 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Б.Амарсанаа мөнгө, ЗХ-ний 065 дугаар ангийн тамирчин ахлах ахлагч Ч.Отгонцэцэг алтан медаль хүртэж шилдэг тамирчнаар шалгарлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин