Шинэ хуулиуд: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг боллоо
2017/01/02

УИХ-аас 2016 онд өргөн баригдсан хэд хэдэн шинэ хуулиуд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалтай. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр өчигдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 мянган төгрөг боллоо.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хэрэгжиж байна 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2016 оны хоёрдугаар сарын 5-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн өөрчлөлтийн дагуу зарим аж ахуйн нэгжийн татвар буурах юм.

Тодруулбал, тус хуулийн 19.12-т заасны дагуу Улаанбаатар хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувиар буурна.

Мөн Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулж буй аж нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Гэвч Улаанбаатар хотоос 550 болон 1000 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж дээрх татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Учир нь, хуульд үйл ажиллагааных нь чиглэлийн дагуу татварын хөнгөлөлтөд хамруулахгүй аж ахуйн нэгжүүдийг тусгайлан зааж өгсөн юм.

Тодруулбал, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, согтууруулах ундаа худалдах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, авто бензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эхүүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйлажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын энэхүү хөнгөлөлт нь хоёр жил буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үйлчлэх юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжинэ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Харин хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацаан нь ирэх сарын 1 юм. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгожээ.

Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэллээ

Органик хүнсний тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулиар органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Хуулийн төслийн хамрах хүрээг органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн хүнс, мал  амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарахаар тодорхойлжээ.

Харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан байгальтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уламжлалт, арга технологи зонхилсон манай улсын хувьд олон улсын жишгийн дагуу органик хүнсийг үйлдвэрлэж, баталгаажуулан, тогтсон шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргаснаар малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, хэрэглэгчийг хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх боломжийг бүрдүүлэх, хүнсний тэжээллэг чанар дээшилж, улмаар хүн амын эрүүл мэнд сайжрах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь бэлтгэгдэх, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин