С.Эрдэнэ: Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дипломат бодлогын алдаа гаргасан
2016/12/29

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дипломат бодлогын алдаа гаргасан тул хариуцлага тооцох эрх нь Ерөнхий  сайд танд байна. Иймд танхимынхаа гишүүнд хариуцлага тооцно уу гэсэн албан бичгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ шаардлагадаа 

“Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэж хуульчилснаас гадна мөн хуулийн (Үндсэн хууль) 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт “Монгол Улсыэ иргэн нь шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” гэж хуульчилсан. 

Гэтэл Монгол Улсын гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Далай лам энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлахгүй гэж ойлгож болно” гэж мэдэгдсэн ньМонгол Улс 1990 онд Ардчилсан хувьсгалаар олж авсан хүний эрх, эрх чөлөө, шашин шүтэх, эс шүтэх эрхүүдэд халдаад зогсохгүй Монгол Улсыг ардчиллын үнэт зүйлээс ухраалаа гэж үзэж байна.

Түүний энэхүү болчимгүй мэдэгдлээс үүдэн БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа”, “Глобал Таймс” зэрэг“Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсад хандан XIV Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө”, “Монгол улс дээрх үйл явдлаас сургамж авсан гэдэгт найдаж байна” гэсэн мэдээллийг дэлхий дахинд цацсан. 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нь Монгол улсын нэр хүндэд халдсан мэдэгдэл хийгээд зогсохгүй давхар иргэншлийн тухай асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай ярьж эхэлсэн нь Монгол Улсын тусгаар, үндэсний аюулгүй байдалд аюул, занал учирч болзошгүй байна.

Монол Улс “Давхар иргэншил”-ийг зөвшөөрөхгүй байх талаар Харьяатын тухай болон “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д тусгайлан тусгасан байдаг. Иймд иргэдийнхээ шашин шүтэх эрхийг нь хаасан, тусгаар улсынхаа бие даасан бодлогыг цэх шулуунаар хадгалж чадаагүй Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд хариуцлага тооцон огцруулахыг шаардаж байна” гэжээ. 

Ийнхүү тэрээр АН-ын бүлгийн даргынхаа хувиар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан “Алдаа гаргасан танхимынхаа сайдад хариуцлага тооцно уу” гэсэн тус шаардлагаа хүргүүлээд байгаа юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин