Зунтай бид халах ёстой атал яагаад жиндүүлэв гэж маргана, өвөлтэй хүйтрэх ёстой атал юунд заримдаа нуруунд зузаан хувцсыг хүнддүүлэв гэж мэтгэнэ, харин хавартай хэтэрхий олон аашилдагт нь эгдүүцэж тэрсэлдэнэ. Магадгүй хүн бүхний цорын ганц маргаж чаддаггүй хүлээн зөвшөөрдөг улирал намар.

Яаж ч биеэ барьж, яаж ч хичээсэн бүр юу ч хийж байсан нэг мэдэхэд гэгэлзэн намрын уянгад автана. Сэтгэл гэгэлзэнэ, цээжний гүнээс гүнд байх дурсамж сэдрэн өөр хөг аялгуу зөвшөөрөлгүйгээр тоглож эхэлнэ. Бодол оюун юунд ч үл захирагдан хагдрах навчистай хөглөрч орхино. Тэр дундаас өөрийгөө түүж авах гэж ... Ай намар цаг.
Фото түүх булангийн энэ удаагийн зочин залуу дуучин, СТА Энхболдын Чулуунчимэг. Би хувьдаа түүнийг Намар бүсгүй гэж нэрлэмээр санагдлаа. Түүний дуунууд яг л намар шиг хэн бүхний сэтгэлд навч, гуниг, уянга айзам хөглөрүүлэн түгсэн билээ. Унтаа байдалд байсан нийтийн дууны ертөнцөд хаалга тогшилгүй зад татан орж ирсэн гэж болно. Магадгүй тэр өөр чиглэлд явж байсан ч урлаг түүнийг хаа байгаа газраас нь олоод хөтлөөд ирэх байсан биз ээ. Намар мэт гэгэлзүүлж ирсэн дуучин бүсгүйн гэгэлзэм түүхийг та бүхэнд дэлгэж байна.

Үйлэнд уран
Бяцхан охин Э.Чулуунчимэг айлын том. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Айлын том эгч нар нас гэдэг тоон үзүүлэлтээс үл хамааран олон зүйлийг хийж чаддаг болсон байдаг. Эрт биеэ даах ч хувь тавилангийн захиас даалгавар.
Жирийн дундаж гэр бүлээс гаралтай ирээдүйн супер од маань 6 настайдаа утас зүү хөндөлсүүлж сурчээ. Хэтрүүлэн хэлэхэд зүү яаж сүвлэдэг, утас зүү чинь Google-д байдаг юм уу гэж асуухаар орчин цагт бид амьдарч байгаа. Э.Чулуунчимэг ээжийн зааснаар оёж шидэхэд шимтсэн нь хожим үр ашгаа өгсөн байдаг.
Том эгч нийгмийн идэвхитэй, бие даасан, Дарханы дунд сургуулийн урдаа барьдаг сурагчдын нэг байжээ. Харин дуулж хуурдах тал дээр өөрийгөө нээсэн нь ахлах ангид байсан үе. Ээж ааваасаа энэ хүсэл тэмүүллээ ихэд нууцлах нь гэрт нь урлагийн хүн байдаггүй байсантай холбоотой. Юун төлөө оёж шиддэг билээ тоглолтын хувцас сэлтээ өөрөө хийгээд өмсчихнө.

Хүүхэд нас
Энэ үедээ Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багшийн шүүгчээр суусан тэмцээнд түрүүлжээ. Нэгэн цаг үеийн урлагийн супер од, эрхэм багш бяцхан охинд “Заавал СУИС-т” ороорой гэж захиас үгээ хэлсэн нь түүний ирээдүйг заах луужин болсон гэдэг.

Санаандгүй учралаар дүүрэн
Э.Чулуунчимэг Дарханы гэртээ ээж аав, дүүгээ үлдээн хүсэл мөрөөдлөө өвөрлөн нийслэл хотноо ирж оюутан боллоо. Хоёр дээд сургууль төгсөж 6 жил суралцахдаа оюутны байранд олонтойгоо бужигнаж явсан сайхан дурсамж түүнд бий. Урлагийн сургуулийн оюутнуудын сайхан нь өөрөө л сэргэлэн байвал “халтуур” олж хийгээд зутрахгүй амьдраад байх боломжтой. Э.Чулуунчимэг оюутан байхдаа цомгоо гаргаж одоо ч хүмүүс сонсох дуртай “Санаандгүй учирсан дурлал” дуугаа хоёрдугаар курстээ дуулсан юм. Дуу төрснөөс хойш долоон жил өнгөрсөн ч одоо ч догдлом, хуучиршгүй хэвээр байдаг нь сонихон.

Залуу нас
Түүний оюутан цагийн өөр нэг санаандгүй учрал амьдралын хань, тайзны ч хань эр нөхөртэйгөө учирсан явдал. Э.Чулуунчимэг санамсаргүй тохиол бүрт эргэлзэж тээнэгэлзэлгүй шулуухан шийд гаргасан байдаг юм билээ. Эрт бие даасан өөртөө итгэлтэй ийм характерыг эмэгтэй хүнээс тэр бүр олж харах амаргүй.
Магадгүй гэнэтийн тохиол бүрт эргэлзэж тээнэгэлзэн хэн нэгнийг амыг харсан бол өнөөдрийн Э.Чулуунчимэг байхгүй ч байж мэднэ.

Яагаад гэр бүл гэж?
Олон хүн авьяаслаг, сайхан дуучин бүсгүйгээс энэ асуултыг асуухыг хүсдэг. Нийтийн дууны ертөнцөд хослон дуулдаг олон сайхан дуучид байсан ч тэд ард түмний мөрөөдлийг биелүүлж хос болоогүй. Аль аль нь ганцаараа илүү амжилтанд хүрнэ гэж төсөөлсөн эсвэл үнэхээр л болохгүй юм болоогүй биз. Э.Чулуунчимэг гэр бүл эрт зохиож үрийн зулай үнэрлэн хамтдаа уран бүтээл туурвисан нь сонин үзэгдэл байв. Нэг сонголтондоо үргэлж тууштай ханддаг чигээрээ зантай нь холбоотой байж мэдэх юм. Түүний нөхөр Болд энэ цаг үедээ гавьяат Жавхлантай жишигддэг залуу боловч бядтай дуучин эр. Тослогтсон эрдүү хонгор хоолой нь түүнийг амьдрал дээр ч тиймэрхүү нэгэн болов уу гэж дүгнэхэд хүргэдэг. Хосуудын хамтран дуулсан мөн ч олон сайхан дууг бид мэдэх билээ.
Чамайг юу ч өөрчлөөгүй..
Маш энгийн зүйлийг фэнүүд нь анзаардаг байх. Чулуунчимэг үсний засалтаа долоон жилийн өмнөхөөс өөрчлөөгүй. Нөгөө л хэвээрээ байх нь клипнүүдээс нь харагдах. Эмэгтэй хүн бүрт өөртөө огцом, адтай өөрчлөлт шинэчлэл хийх хүсэл нуугдаж байдаг. Долоон жилийн өмнөхөөс стиль имиж хэрхэн хувирч үсний засалт хэрхэн өөрчлөлтөнд орсныг бүгд мэднэ.
Орчин цагт байгаа байрнаасаа хэн, хэр хол үсэрч, хэрхэн хувьсалд хүрснийг бус ямар ч үед байгаагаараа байрандаа байж чаддаг хүнийг илүү нандинаар харах болжээ. Тэр утгаараа Намар бүсгүй олны хайрыг булаасаар байгаа.
Тийм ээ, залуу хүнд баймгүй бас л сонин чанар, сэтгэлийн хат, хамгийн гол нь төлөв тайван амгалан хэв маяг юм уу даа.
Нууц энэ хэсэгт хэдүүлээ охидын яриа өрнүүлье
Э.Чулуунчимэг өндөр өсгийтийн улаан хорхойтон. Түүнд маш содон өнгө, дахин давтагдашгүй хэв маягийн туфль 200 гаруй бий гэсэн. Мөнгө харамлалгүй дурлаж шохоорхож авдаг зүйл нь өндөр өсгийт.
Өндөр өсгийтийг зохиосон хүнд эмэгтэй хүн бүр өртэй гэдэг. Сэтгэлд нийцсэн таалагдсан туфлиэ өмсөөд гарсан тэр өдөр үнэхээр гайхалтай өрнөсөөр дуусдаг даа. Гаднаас нь харахад баригдмал мэт авч туфль бүсгүйчүүд бидний хувьд өд мэт эрх чөлөө бэлэглэдэг ид шидтэй зүйл.

Диет
Түрүүнд өгүүлсэнчлэн дуучин бүсгүйн үсний засалт хэвээрээ байгаа. Өөр нэг хэвэндээ байгаа зүйл нь нүдний харц, тодруулбал гал цог. Шулуухан харцтай тунгалаг нүд нь энэ бүсгүйг сайхан харагдуулдаг хамгийн чухал зүйл юм уу гэсэн бодол төрсөн.
Нүдний харцыг хадгалах диет байдаг юм болов уу? Мэдээж бий. Гэхдээ зөвхөн эр хүний халамж хайраар үүнийг хадгалдаг юм биш. Эмэгтэй хүний өөрийн дотоод сэтгэлийн гоо сайхан, зөв бодол чухал.
Э.Чулуунчимэг магадгүй бусад залуу дуучдаас хамгийн их анхаарлын төвд байдаг зөв буруу мэдээллээр булуулж байдаг хүн. Тэр бүхэнд стресстэхгүй тайван дөлгөөн байж чаддаг нь түүний хүчирхэг араншингийн илрэл.
Бүсгүйчүүдийн хамгийн дуртай хэсэг хоолны дэглэм. Гол баатар маань усанд үргэлж дурладаг. Дэглэм барихыг хичээдэг. Харин спортлог нэгэн биш. Анзаарвал тэр нийтийн дуучид дундаа өндөр нуруулагт тооцогдоно.
Энд дахиад л хэлэхэд сэтгэлийн амар амгалан хамгийн том диет гэсэн гаргалгааг түүнээс олж харж болохоор. Цаг үргэлж яарч адгаж тэр ч цаг, энэ ч дэглэм, тэр ч ажил гэж стресстсээр бид илүүдэл жинг хураадаг юм биш байгаа. Нөгөө үргэлж таргалалтын талаар бодож явдаг хүн бүдүүн бүдүүн бодол санаатай болоод хэзээ ч турдаггүй гэсэн ишлэлийг нэхэн санахад хүрсэн шүү.

Тайлал: Намар бүсгүй
Эхэнд өгүүлсэн намрын тухай намар шиг бүсгүйн тухай хүүрнэлээ энд үргэлжлүүлье гэж бодлоо. Жилийн дөрвөн улирал ээлжилдэг ч хүн бүрт намар шиг гэгэлзэж гэгээн мэдрэмжтэй байх хүсэл байдаг билээ. Энэ бүсгүйн дуунуудыг сонсоход цаг хугацаа яг тэр мөрөөдлийн намар дээр зогсох шиг болно.
Яагаад? Түүний дуу чихэнд биш зүрхэнд хүрэх ажээ. Ард түмэн тэгтлээ хайрлаж тоглолт хийх бүрт нь хөл гишгэх зайгүй бүчиж байдгийн нууц энэ. Дотоод сэтгэлийн уужуу тайван амгалан байдал нь дуу хоолойгоор нь дамжин мянга мянган хүмүүст намрыг мэдрүүлж яваа сайхан бүсгүйг аргагүй урлагийн бурхан тэнгэр олжээ.

Олон сайхан дуучдаа бид тайзнаа гарахыг, од болж мандахыг тэр тавцангаасаа буухыг харсан сан. Эм амьтны энэ орчлонд ирсэн захиас даалгавар, хэн нэгний гэргий, үрийн ээж болох заяа тавилан тэднийг их урлагаас нь холдуулдаг.
Намар бүсгүйн хувьд нэг өөр зүйл байсан нь тэр өөр шигээ урлагийн хүнтэй амьдрал тавилангаа холбосон явдал. Харилцан бие биенээ ойлгож дэмжиж хамтдаа их урлагийн төлөө нэгэн түүхийг бичиж явна. Авьяастныг л хайрла, бусад нь учраа олчихно гэдэг. Ээж аавын энхрий охин, их урлагийн үнэнч цэрэг Намар бүсгүй орчлонд үүрсэн захиас даалгавараа биелүүлж явна. Биелүүлсээр ч байх чигч шулуун сэтгэл түүнээс, түүний уран бүтээлээс үнэртдэг.
Хүний амьдрал баялаг. Хэнд хэзээ юу тохиолдохыг таашгүй. Э.Чулуунчимэгийн хувьд нэг л тохиолдохгүй зүйл байгаа нь урлаг түүнийг тийм ч амар өөрөөсөө явуулахгүй. Илүү их захиас даалгавараар дарсаар байсан ч хийх сайн цэрэг болохыг олж харсан байх нь гэсэн мэдрэмж төрөх аж. Өмнө чинь уртаа гэгчийн зам хүлээж байна Намар бүсгүй минь!
Эх сурвалж: "Гранд" сэтгүүл номер: 86
Бэлтгэсэн У.Цахирмаа
Сэтгэгдэл (40)