З.Энхболд: Н.Алтанхуягийг баталгаа, нотолгоогүй зүйлд 2 жил шалгаж байна
2016/12/08

Ардчилсан намын VI Их хурал болсонтой холбогдуулан Ардчилсан намын дарга З.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ удаагийн Их хурал АН-ын шинэтгэлийг эхлүүллээ. Гишүүд энэ дүрмийг нийт гишүүдтэйгээ ярьмаар байна гэдэг шаардлага гарсан учраас намын даргын сонгуультай хэсэг, гишүүнчлэлтэй хэсгээ батлаад дүрмийн бусад заалтаа дахиж аймаг, сум хороондоо яриад 7 дугаар Их хурлаар батлахаар болсон. Мөн зургадугаар Их хурлын төлөөлөгч нараас МАН-ынханд шаардлага хүргүүлж байгаа" гэлээ. 

Түүний сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсныг бүрэн эхээр нь хүргэж байна. 

-Их хурлын хоёр дах өдөр дүрмийн шинэчлэлийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхний ажилласан дүрмийг танилцуулахлаа өөрчилж танилцуулсан гэсэн яриа байгаа. Яагаад тэгж өөрчилсөн юм бол? 

 -Янз бүрийн шалтгаан байгаа байх. Яагаад өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл маш олон гишүүн санал хэлсэн. Зарим нэг хүний санал орхигдсон гэдэг бол жижиг асуудал. Бид том асуудал ярьж байна. Ямар ч байсан ийм том дүрмийн өөрчлөлтийг 1,210-хан цуглаад хоёр хоногийн дотор шийдэж болохгүй гэдэгтээ би санал нийлж байгаа. Их хуралд сум болгоноос нэг хүн ирсэн. Тэр хүмүүс сумандаа очиж, дүрмээ тайлбарлах үүрэг авсан. Дараагийн Их хуралд 1,210 дээрээ нэмээд сум, хороо болгоноос хоёр хоёр хүн ирүүлэхээр бодож байгаа. Тэгэхээр нэлээн өргөн хүрээтэй хэлэцүүлгийг Улаанбаатар хотын ганц зааланд биш 330 сум, 150 гаруй хороонд хийнэ гэсэн үг. 

-Ардчилсан Намын даргад өрсөлдөх хүнд ямар шаардлага тавьж байгаа вэ? 

-18 нас хүрсэн Монгол Улсын иргэн, Ардчилсан Намын гишүүн байна. 

-Намын даргад нэр дэвшигчдэд тооны хязгаар тавих уу? 

-Тоонд хязгаар тавихгүй. Одоо нэг шаттай сонгууль болно. Хэдэн ч хүн өрсөлдөж болно. Үүнээс хамгийн олон санал авсан хүн намын дарга болно. 

-Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа асуудалтай холбогдуулж АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Тэгвэл Их хурлаас энэ асуудлыг юу гэж үзсэн бэ? 

-Хуулийн байгууллын шалгаж байгаа асуудал хуулийн дагуу явах ёстой. Ерөнхий сайд байх үеийнх нь асуудал гэхээр хоёр жил гаруй хугацааны асуудал. Нэг хүнийг Ерөнхий сайд байхад нь эхэлсэн мөрдөн байцаалт одоо хүртэл дуусаагүй байна гэдэг баталгаатай, нотолгоотой юм байхгүй байна л гэсэн үг.  Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэхээр нь нөгөө асуудал нь сэргээд ирдэг. Үүнийгээ зогсоо гэж Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдсэн. 

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Хэрэв АН түүнийг дэмжихгүй бол өөр намаас нэр дэвших боломжтой гэсэн яриа байгаа. Та үүнийг юу гэж үзэж байна вэ? 

-Энэ бол боломжгүй. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гурван нам байгаа. Нөгөө хоёр мэдээж дэвшүүлэх байх. АН нэр дэвшүүлэх эсэхээ Ерөнхийлөгчийн сонгууль болох хуулийн хугацаанаас өмнө АН-ын Их хурлаараа шийднэ. Хэдэн ч хүн хүслээ илэрхийлж болно. Тэр болгоныг бид дотроо ил тод, шат шаттайгаар хэлэлцүүлэг явуулж, олонхийн санал авсан хүнийг нэр дэвшүүлнэ. 

-АН шинээр гишүүн элсүүлэх үү. Нэр дэвшигчид шинээр гишүүн элсүүлээд өөртөө санал өгүүлэх асуудал гарах вий гэдэг болгоомжлол байгаа? 

-Шинээр элсүүлэхийг зөвшөөрөхөөр ярьсан. Яагаад гэвэл шинэчлэгдэж байгаа АН-д элсэж, намын даргыг сонгоход оролцоё гэдэг эрмэлзэл байгаа болохоор. Төрийн сонгууль ямар стандартаад явдаг вэ яг тиймээр намын даргын сонгуулийг явуулна. Ганцхан ялгаа байгаа нь саналыг хар машинаар биш гараар тоолно. Тооллогоо ажиглагч нарын дунд, ил тодоор чанга дуугар уншиж тоолно. 

- Нэр дэвшигчийн босго хэтэрхий нам байгаа юм бишүү? 

-Ер нь бол хэдэн зуун хүн дэвшихгүй. Намын даргад нэр дэвшинэ гэсэн 5-6-хан хүн байна байсан. Тэдэн дээр нэмж чөлөөтэй бүртгэж авна. Маш олон хүн дэвшээд нэг хүний авах  санад олон хуваагдах вий гэсэн шүүмжлэл хурлаар яригдсан. Би бол тэгж бодохгүй байгаа. АН-ын даргын босгыг санад өгөх гэж байгаа 180 мянга гаруй АН-ын жирийн гишүүд шийднэ. Хэдхэн хүн дээр санал төвлөрөх байх. Хэн дуртай нь нэр дэвшиж болох ч хэн дуртайг нь дарга болгохгүй байх. АН-ын сайн муу, унаж босоход цуг байсан тийм л хүмүүсийг сонгох байх. 

-Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн заалт дүрэмд байгаа юу? 

-Тэрийг оруулсан байсан. Хасъя гэдэг санал нэг их гараагүйг бодоход тэр хэвээр нь баталсан байх. Ер нь бол цагаан сарын өмнө бид даргатай болно. Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс намын даргад өрсөлдөөгүй хүмүүс дундаас гарах болов уу гэж бодож байгаа. 

-Намын Их хуралд оролцсон залуучуудын төлөөлөл ямар санал гаргаж байсан бэ. Шинэчлэлийн хөдөлгөөнөөс нэлээд хэдэн шаардлага хүргүүлсэн гэж байсан? 

-Шинэчлэлийн хөдөлгөөн гээд залуучууд гарч ирсэн. Түрүүчийн ҮЗХ-гоор тэднийг бүгдийг нь дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэгт оруулсан. Тэндээс боловсруулсан төслийг Их хуралд оруулсан. Зарим санал нь туссан тусаагүй гэдэг гомдол байсан. Тэр бол байдаг л зүйл. Залуучуудын төлөөлөл сар гаруйн хугацаанд ажиллаж дүрмийнхээ ханыг босгосон. Бид ямар нэгэн олигархын халаасанд багтсангүй. ҮЗХ-ны гишүүд бүгд хоёр сая төгрөгийн хандив өгч байж Их хурлаа зохион байгуулсан. Намын хурал болох бол төв намын ажил учраас ҮЗХ зардлыг даана. Аймгийн намын байгууллага зардлаа даагаад явдаг болж байгаа. Бид хэн нэгэн баян хүний халаасанд оролгүйгээр зардлаа даагаад явдаг болж байгаа. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    ter tsatssan mongo n batalgaa hotolgoo bish yumuu altanhuyg gologdson huuhen gedeg kinonii NAYa zahiragch shig hun shuudee huraaj deeremdehii n bi hiij idehii n ta nar idee bizdee geed AH iiham hoorondoo hereldeed zika ene iigee avrah uhaan siilj b igaa tsari a n yum binalda ZIKA g shalgaval ih yum bigaadaa hun mongoliig zugeer sanar chihii gej bodohgui n lab 25 jil zika enhbold gol hutgan uimuulegch bisan shuudee odoo zailuul taarna
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
Сонин хачин