Ардчилсан намын зургаадугаар Их хурал энэ сарын 6-7 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Хонхны дуугаар эхэлсэн Ардчилсан Намын энэхүү зургаадугаар их хуралд аймаг, сум, дүүргүүдээс ирсэн 1200 гаруй төлөөлөгчид оролцов.

Ардчилсан намын зургаадугаар их хурлын эхэнд намын дарга З.Энхболд илтгэл тавьсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Их хурлын нийт төлөөлөгчдөд намын шинэтгэлийн хөтөлбөрийн төслийг танилцуулж, нийт төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлэн баталлаа.
Хэлэлцэн баталсан энэхүү шинэтгэлийн хөтөлбөрт Ардчилсан нам цаашид хэрхэн шинэтгэлээ хийх вэ гэдэг талаар үндсэн долоон зарчмыг тусгасан юм. Нээлттэй, оролцоотой, итгэлтэй, хариуцлагатай, цахим нам, бодлогын нам болохоор тусгаж, энэ хүрээнд ямар ажлуудыг ямар хугацаанд хийх вэ гэдэг хувиараа гаргаж шинэтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр боллоо.
Түүнчлэн энэ хүрээнд үндсэн дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа. Дүрмийн өөрчлөлтөөрөө намын гишүүдээ цахимаар бүртгэдэг болох намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ сонгохоор их хурлын төлөөлөгчид байр сууриа нэгтгэж тогтов.
Монгол Улсын улс төрийн намуудаас анх удаа намын даргаа нийт гишүүдээс сонгох дүрмийг баталж, АН-ын намын даргын сонгуулийг орон даяар 2017.01.29-ний өдөр нэгэн зэрэг явуулахаар намын VI их хурлаас баталлаа.
Сэтгэгдэл байхгүй байна