УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хуулийн төслийг Засгийн газар бүрэн боловсруулаагүй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр энэ үеэр "Оффшор бүсэд 32 их наяд ам.доллар төвлөрч байна. Энэ мөнгө нь хөгжиж байгаа орнуудын өрнөөс хол давсан. Зөвхөн тэр мөнгөнөөс татварыг нь суутгавал зарим орны гадаад дахь өрийг бүрэн дарах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Өнөөгийн нөхцөлд гадны улс орнууд Сангийн яам болон татварын байгууллагатайгаа хамтарч тэдгээр мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг нь төвлөрүүлэх, улс орон руугаа татах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, ажлын хэсэг хүртэл байгуулж байна. Мөн тусгай хуулийн төсөл боловсруулж байна. Зарим улс орнууд оффшор бүсэд хүүхдийнхээ нэр дээр данс нээсэн гэх удирдлагаа хүртэл шүүх өгчээ. Гэтэл манай улс оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирлээ. Нэгдүгээрт, "албан үүргээ гүйцэтгэж байхдаа” гэсэн заалтыг оруулж өгсөн нь амарч сувилуулж байхдаа данс нээлгэж болно гэсэн агуулгыг агуулж байна. Хоёрдугаарт, оффшор бүс гэдгийг нарийн тодорхойлолгүй, зөвхөн гадаад дахь данс хэмээн тусгасан нь сурах, сувилуулах нэрээр данс нээх бололцоог бүрдүүлж өгчээ. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна" гэлээ.
Ингээд Т.Аюурсайхан гишүүн гадаад дахь данс гэдэгт ямар бүс орох эсэхийг нарийвчлан заагаагүй. Гэр бүлийн гишүүдийг оффшорт данстай байхыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүдийг мөн оффшор бүсэд данстай байх бололцоог олгосон гэх үндэслэлээр хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүнтэй адил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн ба эл асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр шийдэх нь гэснээс таван хуудас орчим бие даасан хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэх хэрэгтэй гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хилийн чанадад сурдаг оюутнууд ихэнхдээ сурахын зэрэгцээ цагийн ажил эрхлэдэг. Тэр дансыг оффшор данс гэж үзэх үү гэх мэт бодолцмоор, амьдрал дээр байдаг асуудлыг ялгаж салгаж хуулинд тусгах шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн О.Батнасан хуулийн төсөл дээр судлаачдын үгийг сонсох хэрэгтэй гэлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Т.Аюурсайхан гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулахад 80 хувь нь дэмжлээ. Ингэснээр оффшорын тухай хуулийг Засгийн газарт буцаав.
Сэтгэгдэл байхгүй байна