У.Хүрэлсүх: 2018 онд Азийн сайд нарын хоёрдугаар хурал Монголд болно
2016/12/06

“Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар яг одоо Төрийн ордны их танхимд болж байна. Энэхүү семинарт Шадар сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс онцлох ишлэлийг хүргэж байна. 

-Дэлхий дээр тохиолдож байгаа байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан аюулт үзэгдэл, ослын 60-70 хувь нь Ази номхон далайн бүс нутагт тохиолдож байна. Тэр дундаа гамшгийн улмаас гэмтэж, бэртсэн, амь насаа алдсан хүмүүсийн тоо дэлхийн бусад тивтэй харьцуулахад Ази тивд өндөр байна.

-Ази номхон далайн бүс нутагт сүүлийн 10 жилд 1625 удаагийн гамшигт үзэгдэл бүртгэгдэж, үүний улмаас 700 мянган хүн амь насаа алдан 1.5 тэрбум хүн өртсөн тоо байна.

-Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэл өндөртэй бүс нутаг юм. Тийм учраас байгаль, цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэл, гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах асуудал зөвхөн нэг улс, нэг Засгийн газрын хүчин чадлаар зохицуулагдах боломжгүй болж байна.

-Азийн бүс нутгийн хэмжээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-ыг Энэтхэг Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран анх удаа зохион байгууллаа.

-Хурлын төгсгөлд 2018 онд болох Азийн сайд нарын хоёрдугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэснийг мэдэгдсэн.

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүч чармайлтаас бус, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн түншлэл, хамтын ажиллагаа дээр тулгуурлан хэрэгжсэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, улмаар тогтвортой хөгжлийг хангах чадавх дээшлэх учиртай.

-Олон улсын чиг хандлага нь олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд гол анхаарлаа чиглүүлж байна.

-Иймд Эрүүл мэнд, боловсрол, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын удирдах албан тушаалтнуудыг урьж газар хөдлөлт болон түүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдлаа хангах талаар мэдээлэл өгөх, мэдлэгээ амьдрал практик дээр хэрэгжүүлснээр аюулгүй амьдрах мэдлэг, дадлыг хэвшүүлэх нь энэхүү үндэсний семинарын гол зорилго оршиж байгаа учир та нөхдийн үүрэг, оролцоо их чухал байж болно.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин