УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цаг, үеийн асуудлаар хамгийн сүүлд хэрхэн ярьсаныг онцлох 10 ишлэлээр хүргэж байна.

-Би бол худалдагдахгүй. Өдий болтол худалдагдаагүй юм. Улс төрийн карьер хожуу үед ирчихээд байхад нэр нүүрээ барж яахав дээ.
-Өнгөрсөн дөрвөн жилд Монголд эрх мэдэлтнүүдийн хамтарсан олигархи тогтолцоо биежсэн байна. Би намаа өмөөрөөгүй. Өнгөрсөн 20 жилд ингэж улаан цайм идэж уудаггүй байсан юм. Энэ 20 жилийн 10 жилд нь би сайдаар ажиллаж байсан хүн мэднэ шүү дээ. Эрүүгийн шинжтэй ийм ажлууд хийгддэггүй байсан.
-Манайхан хамтарсан Засгийн газарт орж ажиллах үед Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын баталгааг гаргаж өгсөн.
-Эрдэнэт, Дархан, Сэлэнгийг дамжсан уул, уурхайн баялаг алга болох нь. Дарханы хар төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт яг ийм луйврын процесс явагдсан.
-Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авсан Эрдэнэбилэгийн компани нэг км төмөр замыг 3.4 сая доллараар барих тооцоог УИХ-д оруулж ирж байна. Х.Баттулгын элдэв юм ярьж байсан төмөр зам тавих гэрээ нэг сая доллараас бага байсан.
-Улсаа хулгайлаад байвал улс чинь хөгжихгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол одоохондоо алга. Эрдэнэтийн луйврын ард яаж гаръя даа гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн магтаад байдаг хүмүүс улсын мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг авсан за юу.
-Оффшортой хүн улс төрд орох гэж байгаа бол хэмжээгээ зарла гэж байгаа. Сонголтоо өөрөө хий, ийм л зүйл би яриад байгаа.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой материалуудыг С.Жавхлан үзээгүй юм чинь би яах гэж мэтгэлцэх юм. Намайг айгаад ирэхгүй байна гэж ярьж байна лээ. Асуудал түүндээ биш. УИХ-ын гишүүн чинь асуудлаа уншиж судалж, байнгын хороон дээр саналаа хэлэх ёстой биз дээ. Асуудалтай танилцаагүй хүнтэй би юугаа ярих юм. УИХ бол сайн дурын уран сайханчдын газар биш.
-Монголын худалдааны 90 хувьд Хятадаас хамааралтай. Тэрийгээ л сана. Далай лам ирэхэд би дургүйцээд байх юмгүй. Манай өмнөх 8,9 богдыг яаж тодруулсанг мэднэ шүү дээ. X богдоор нэг даргын хүүхэд тодорчихсон байвал яана.
Эцэст нь тэрбээр Н.Алтанхуягийн талаар ингэж ярив
-2014 оны 11 дүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад АН-ын нөлөө бүхий хүмүүс зугтаж алга болсон. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь би “бөөр рүү чинь хүн явуулна даа” гэж би хэлж байсан. Миний хэлснийг тоогоогүй. Саваад л явж байсан.
-Н.Алтанхуягийг унагахад би үүний цаана маш том эрх ашиг байна даа гэж харж байсан. Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь Ерөнхий сайдаа түлхэж унагаад өөрөө Ерөнхий сайд болсон. Тэгээд манайхтай хамтарч ажилласан.
-Н.Алтанхуяг байсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр ингэж шогтохгүй байсан.Н.Алтанхуяг асуудлыг аваад л гарах байсан. Н.Алтанхуяг хийхгүй байсан болохоор Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм байна гэж харагдаж байгаа.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)