“Рэкет” ингэж хийдэггүй юм!
“Бондоолой филм”-тэй би бол эртний танил. “Миний хайр” киног нь үзэгчид санаж байгаа биз ээ. Гэр бүл салалт, хосуудын үл ойлголцол нийгмийн том сэдэв авч урлагт тэгтлээ оновчтой тусгагдаагүй байхад анхны шанг нь татсан санагддаг. Гэхдээ сонирхолтой, уран сайхны, романтик, уянгын өгөөжтэй гэх зэргээр цогц ойлголт өгсөн шүү дээ. Товчхондоо эдний кино престижтэй болдог юм.

Өчигдөр “Бондоолой филм” Orange Entertainment-тай хамтран бүтээсэн “Рэкет” уран сайхны кино нээлтээ хийлээ. Би бол болж л өгвөл киноноос хоцрохгүйг боддог. Сүүлийн гурван жил ер нь кино нээлт алгасаагүй гэх үү дээ. Яаж хоцрох вэ, зорин очлоо.

Киноны баг, жүжигчид тун сонирхолтой. Саяхан “Манжуурын мисс-2016”-ийн шилдэг 15-д шалгарсан, “Мисс Монголиа”-гийн титмийн эзэн бүр тодруулбал МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин Ц.Аззаяа анхны дэлгэцийн бүтээлдээ тогложээ. Мөн саяхан “Face of Beauty international” тэмцээнд эх орноо төлөөлсөн оролцсон мисс Э.Урангоо үзэгчдийн сонирхлыг хамгийн их татсан жүжигчин нь байв.
МҮОНТ-ийн “Цоглог” хөтөлбөрийн анхны цэргүүдийн нэг дэлгэцийн урлагт зам мөрөө тодхон зураад хэсэг сураг алдран саяхнаас эргэж ирж буй залуу жүжигчин О.Цэнгэл, “Үүлэн үст” хонгорхон Б.Мишээл тэдэн дээр нэгэн сонирхолтой “бонус” Т.Бадамжав анхны дебютээ хийв. Шоглож байгаа юм биш шүү, угаасаа кинон дээрээ тэгдэг юм, учрыг үзээд мэдээрэй.

“Рэкет”-ийн халуухан эхлэл
“Гэгээнтэн”-д кино нээлт тун халуухан эхлэв. Гол дүрийн охид өвлийн хүйтнийг үл ажирсан шигээ гоёхон даашинз өмсөж зуныг санагдуулан мишээнэ. Э.Урангоо дуулж олныг хөгжөөв. Урт үст алаг нүдэн бүсгүй зөөлөн төрхөө тэр чигээр нь секси имижээр сольсон байв. Халимаг үстэй халуухан европ стандартын дэгжин бүсгүй гунхаастай.
Б.Мишээл ээж болоод жил болоогүй байгаа ч формдоо хурдан орж. Угийн эфирийн төрхтэй нүдэнд дулаахан охин энэ үдэш нөхрөөсөө баглаа цэцэг гардан нүүр дүүрэн мишээж харагдав. Киноны “бондгор” эршүүд дүрийг амилуулсан Т.Бадамжав бодитоороо тийм ч бондгор биш. Мэдээж бусад охид нь байж болох хамгийн гоолиг нөхдүүд учраас жирийн дундаж стандартын хүн дэргэд нь өөр харагдана л даа. Нээлтийн зочдод тусгайлан зэхсэн ширээ, босоо хүлээн авалт зэрэг нь бүх зүйлд нарийн нягт нямбай хандаж буйг илтгэх аж. Ингээд кино эхэллээ.

“Рэкет” яагаад хийсэн бэ?
Гэснээс, гэртээ зурагт үзээд байна уу гэж эндүүрмээр олон реклам гардаг юм билээ. “Гэгээнтэн” хөл хөдөлгөөн ихтэй маркетинг ч тэрийгээ дагаад сайн байна уу даа. Уламжлал ёсоор гадаад киноны танилцуулга хөвөрч суулаа. “Рэкет” эхэлснийг ч монгол үсгээр нэр, ус гарч эхлэхээр мэдлээ шүү дээ. Яг барууны кино шиг эхэлсэн. Дүрслэл, зураг яасан ч гоё юм. Зүгээр л тэр бичсэн үсэгний шрифтийг хараарай. За ингээд Соко, Халиунаа, Хулан, Тамираа, Анар нар чухам яагаад рэкет хийх болсон учир шалтгааныг хамтдаа сонирхоё.

Охидууд гэв гэнэт хонгилд сэрэв. Хүний наймаа, гадаадад худалдагдсан яасан ийсэн зүсэн зүйлийн юм бодох аж. Урд өдөр нь шоудсан учраас яг юу болсныг хэн нь ч санахгүй. Гэсэн ч охид яагаад охид билээ? Хүнд нөхцөл байдалд хүртэл хөгжилдөж чаддаг учраас тэр. Тэдний яриа үнэн саваана. Хэдэн жилийн өмнө найз охинтойгоо саунд ороод. Тас чимээгүй байх ёстой газар яаж ч хичээсэн дуугүй байж чаддаггүй ээ. Инээдээ барина гэдэг бүр үлгэр. Сүүлдээ хавийн унтаж байсан хүмүүс гараад явчихаж билээ. Тэрэн шиг л юм боллоо.

Охидын ярианаас тэд ямар учраас ч юм 90 саяын өрөнд ороод эрэлд гарч байсан нь тодорхой болов. Тэд хамтдаа муу залуусыг сургадаг халуухан охидын дүрд хувирна. Яг тэр үеэр цагдаад баригдчихна, золоор нэг нь цагдаа найз залуутай тул мултарна. Мөнгө л олох амин чухал асуудал тул дахин нэг оролдлого хийнэ. Тэр нь мөрийтэй тоглоомын газрыг “сэгсрэх”. Үгүй тэр бодож олж байгаа аргынх нь уран нарийнийг яана. Нэг ийм таван охин байхад бол бужигнуулах нь гэтэл дахиад л баригдчихав. Энэ хооронд элэг хөшөөм адал явдлууд өрнөнө. Сүүлийн арга, рэкет хийх.

Мөнгө хүүлэгч тэдэнд даалгавар өгснөөр рэкет хийхээр гарцгаана. Уг нь ч муугүй эхлэл. Гэнэ алдаагүй бол амжилт олох л байлаа. Жинхэнэ рэкетчин юу гэж тэдэн шиг гэнэн цайлган цагаан байх вэ яаж ийгээд л өөрийн хүмүүстээ хэл дуулгачихаж байгаа юм чинь.
Нэг мэдсэн ам халаад ярьж өгч байна, өөрсдөө үзээрэй. Ойрд ийм сонрхолтой, хөгжилтэй адал явдалтай кино үзээгүй болохоор би хэтэрхий баярласандаа дуржигнуулаад байх шиг байна.

Рэкет хийгээд амжилт олох уу?
Том гарын рэкетчин охидод ингэж рэкет хийдэггүй ээ гэж хатуу анхааруулав. Ер нь зүв зүгээр байж байдаг 90 сая ч гэж юу байх вэ. Тэр нээрээ хөшөө санамсаргүй унагаж хагалснаас үүссэн өр юм билээ. Ямартай ч асуудлаа тэд шийдсэн. Хэрхэн шийдсэнийг та бүхэн үзэх тул ингээд орхиё.
Ц.Аззаяа ээрүү мөртлөө гоо үзэсгэлэнтэй охины дүрийг чадварлаг бүтээжээ. УДЭТ-т орсон шинэхэн жүжигчин гэхэд юм юм цухалзаж байлаа. Б.Мишээл хэзээний туршлагатай сүүлийн үеийн кино бүрийг бараг алгасаагүй. Харин энэ удаад өмнөхөөс тэс өөр хурц дүр гаргасан, нэг үгээр өөрийгөө эвдэж чаджээ. Э.Урангоогийн хувьд намуун дөлгөөн “Мартагдашгүй намар” киноны бүсгүйгээс тэс өөр болж хувьссан байна билээ. Этгээд стильтэй нүүрэмгий багийн гол зохион байгуулагч. О.Цэнгэл бол “Нүдний шилтэй нэвтэрхий толь”. Шууд ойлгогдож байгаа биз? Харин бондгор Т.Бадамжав тэднээс бүр тэсийн тэс өөр хүн. Эгдүүтэй “бонус” шүү.

Хөшөө
Кино багийнханд энэ дашрамд талархал илэрхийлмээр байна. Хүн амьдралдаа олон янзын хөшөө босгодог билээ. Гэхдээ 90 саяар үнэлэгдэх хэмжээний өөрийн хөшөөг гудамжид тавьснаас оюун санааны хөшөө босговол ямар вэ? Хүн хүндээ хүн нийгэмдээ тустай амьдарья. Цаагуураа гудамжаар нэг буй хөшөө, хүмүүсийн мөнгөнд хандах хандлага, орчин үеийн залуу охидын амьдралд тулгарч буй бэрхшээл гэхчлэн олон чухал асуудлыг гаргаж тавьжээ. 23-24 насны охид яг үнэндээ яаж амьдарч байгаа билээ? Сургуулийн ширээнээс өндийсөн боловч ажилд орох боломж бүрхэг. Аз дайрвал сайн сайхан хүнтэй сууна. Үгүй бол үгүй. Гэвч залуу хүнийг юу ч үл мохоож чадна. Тэд цог золбоотой сэргэлэн сайхан охид. Өнөөдөр биш ч маргааш амжилтанд хүрнэ. Хамгийн гол нь найз нөхдийн харилцаа, хамтын хүч оломгүй далай.



Аз жаргалтай төгсгөлд бид бүгдээрээ дуртай. Үнэхээр аз жаргалтай орой байлаа. Баярлалаа “Рэкет”-чдээ!
Бэлтгэсэн У.Цахирмаа
Фотог Д.Цэгц
Сэтгэгдэл (6)