Угшил нь булингартсан Ч.Ганзориг
2016/11/19

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал, тэр дундаа Монгол улсын саалийн үнээ гэгдэж байсан энэ үйлдвэрийн дарга хэн болох вэ гэдэг таамгийг амтай болгон нь дэвшүүлж байгаа ч яг таг нэр тодроогүй байна.

Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өчигдөр явагджээ. Шалгаруулалтад 40 хүн материалаа илгээснээс 99 хувь нь улстөрч байсан гэнэ. Уг үйлдвэрийн захиралд 2008-2012 онд захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн нэр хүчтэй яригдсан ч бүх цаг үеийн хамгийн муу менежментээр "Эрдэнэт"-ийг удирдаж байсан гэх эхний шалтгаанаар бүдэрсэн байна. Түүнчлэн "Жаст"-ын Ш.Батхүүгийн өрийг хуваалцахад хүргэсэн "гавьяа" нь түүнийг нэгмөсөн хөмөрч орхижээ.

Төр, хамтран эзэмшигч талынхаа шаардлагаар мэргэжлийн менежерийг томилох оролдлого хийснээ энэхүү сонгон шалгаруулалтаараа харууллаа. Харамсалтай нь горилогч 40 этгээдээс мэргэжлийн гэх хүн байгаагүй учраас дахин сонгон шалгаруулт хийж магадгүй аж.

Ийн “Эрдэнэт”-ийн дарга болох сонирхолтой улстөрчид их байгаа нь сонгон шалгаруулалтаас харагдаж байгаа юм.
Н.Энхбаярын хүн гэх тодотголоор олон ч жил гоёсон Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзориг  сүүлийн үед чимээ багатай байсан ч дахин дуурсагдаж эхэллээ. Н.Энхбаярын асуудал ид шуугиж байх үед тэр ч бас баривчлагдсан удаатай. Уг нь С.Баярын нөмөр нөөлгөөр улстөрд хөл тавьж, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар очихдоо Н.Энхбаярын дэмжлэгийг аван угшил нь булингартаж үзсэн Ч.Ганзориг АН-ын үед ч хөл алдахгүйг чамгүй хичээсэн. Ямартаа л  “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар 2012 онд улиран сонгогдсон ч 2014 онд  чөлөөлөгдөх хүсэлт гаргасан түүнийг АН-д элсэж, Англид элчин сайдаар суух тохироо хийгдсэн гэх мэдээлэл байсан ч, нөхцөл байдал өөрөөр эргэсэн юм.

Ч.Ганзоригийг Хонконгийн банкинд данс нээж Английн “Стандарт” банкнаас 160 сая ам.доллар зээлсэн хэрэгт УМБГ-аас шалгасан гэх мэдээлэл бий. Ер нь бол тэрбээр хоёр дахь удаагаа “аав”-ынд ороод гарсан билээ. 2012 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт МАН-аас нэр дэвшинэ гэгдэж байсан түүнийг 2011-2012 он солигдох гэж байхад буюу шинэ жилээр “Ганц худаг”-т 72 цаг саатуулаад гаргаж байсан.  Хорих болсон шалтгаан нь Эрдэнэтийн ган бөмбөлөгийн луйврын хэрэгтэй холбоотой, бүр тодруулбал Н.Энхбаяр нарын хэд хэдэн нөхдүүд  “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх зорилгоор их хэмжээний валют гаргуулж, хувьдаа ашигласан хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан гэж байгаа.

Гол нь түүнийг хорьсон нь Ч.Ганзориг гэгч нь цагаан цаас шиг цэвэрхэн намтартай нэгэн биш гэдгийг харуулж ирсэн гэж болно.

Түүнтэй холбоотой зарим мэдээллийг доорх линкээр үзнэ үү.

http://www.grandnews.mn/content/read/52500.htm

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • монгол
    одоо хангалттай,эх орноо бодох цаг болсон.энэ хүмүүсийг дахин дахин тавих нь гаж үзэгдэл...
    2016 оны 11 сарын 19 | Хариулах
Сонин хачин