П.Цагаан ”Хубилай хаан” одонгоор шагнууллаа
2016/11/11

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааныг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал  “Хубилай хаан” одонгоор шагналаа.

П.Цагааныг Монголын ард түмэн “гавьяатай хүн” гэх нь бий. Учир нь тэрбээр хийж бүтээсэн, санаачилсан олон ажилтай. Мөн эх орондоо ардчилалыг түгээн дэлгэрүүлсэн нөр их ажилд одоо ч хүчин зүтгэсээр байгаа төдийгүй эх орныхоо үнэт зүйл, түүх дурсгалыг шинжлэх ухаанч талаас нь нээж илрүүлж, бодитой ажил болгохын төлөө хүчин зүтгэдэг гэдгийг нь иргэд андахгүй биз ээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр язгуур түүх, хэл, соёлоо хамгаалах, дэлгэрүүлэх талаар дорвитой олон ажил хийж байгаа юм.

Мөн түүний хувьд олон мянган иргэнийг шагналд тодорхойлж, баярын үг хэлж явдагаас биш өөрөө тэр бүр шагнал аваад байдаггүй. Харин энэ удаад “Хубилай хаан” одонгоор шагнуулж байгаа явдалд нь олон нийт бахархалтай байна.

ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, академич Д.Рэгдэл шагнал гардуулах үеэрээ, “П.Цагаан түүх, эх хэл, үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах, хойч үедээ таниулах зэргээр Монгол Улсын шинжлэх ухаанд маш их хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна Монгол Улсын ШУА-ийн гүйцэтгэж амжаагүй ажлыг гүйцэтгэсэн түүхэн гавьяатай. Энэ нь түүний үүсгэн байгуулсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв юм. Энэ судалгааны төвийг байгуулснаар Монгол Улсыг цаашлаад аймаг, дүүргийн хөгжлийн хэмжүүртэй болгож өгсөн. Мөн газрын гүний дулаан, нарны эрчим хүчийг ашиглан 500 малчин өрхийн лааны хэрэглээг халж, хөдөөд соёлын үрийг тарих эхлэлийг тавьсан гавьяатай. Тиймээс түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү медалиар шагнаж байна” гэв.

Эдийн засагч, хууль эрхзүйч П.Цагаан хэлэхдээ, “Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнгийн 95, ШУА-ийн 55 жилийн ой таширлан тохиож буй энэ онд академийн дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагнуулж байгаагаа ихэд бэлгэшээж байна. Миний санаачилж, оролцож, дэмжиж хийж хэрэгжүүлсэн ажлын ихэнх нь монгол хэл, соёл, түүхийн салбартай холбоотой байдгийг Та бүхэн анзаарсан буй за. Энэ нь төрж өссөн монгол ахуй, эцэг эхийн сургаал, унаган хүмүүжил, таньж нээсэн ертөнцтэй минь уялдаатай. Улс орон оршин тогтнох дархлаа, алтан аргамжаа болсон эх хэлээ яруу тансаг хэвээр хадгалахын тулд хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачдыг уриалж, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан 60 мянга гаруй толгой үг, 80 мянган холбоо үг бүхий “Монгол хэлний их тайлбар толь” бүтээх ажлыг зохион байгуулж, бодит ажил хэрэг болгож чадсандаа баяртай явдаг. Өнөөдөр энэхүү толь хамгийн олон хандалттай сайт болсныг сонсоод бүр ч их баяртай байна.

Монголчуудын хэдэн зуунаар далай мэт хураасан шинжлэх ухаанч эрдэм мэдлэгийг цаашид улам ихээр түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн хөдөлгүүр болох захиа даалгавар гэж хүлээн авч байна. Монгол хүн бүхэн их түүхийнхээ, эх хэлнийхээ, үндэснийхээ соёлын үнэнч манаа нь, өвлөн тээгч нь, өртөөлөн үлдээгч нь байгаасай гэж ерөөе” гэв.

Grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zochin
    tengeriin xaya shirteed suuj bui erxem yu xiij tom shagnal avsanaa mongolchuudad tailbarlana uu ?
    2016 оны 11 сарын 14 | Хариулах
Сонин хачин