Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэдхэн хормын өмнө мэдээлэл хийж ирэх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүсэлтээр нэр дэвших болсноо зарлалаа.
Тэрбээр хурлын үеэр нам дамнасан хуйвалдааны бүлэглэл хийгээд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг онцолсон юм. Ингээд Н.Алтанхуягийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөх үедээ ард түмэндээ сэрэмжлүүлж байсны дагуу улс төрийн үйл явдлууд өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж, өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгож, захиалгын УИХ-ыг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, хуйвалдааныхаа төрийг бүрдүүлэх ажлыг улам эрчмжүүллээ.
Үүний тод жишээ бол сонгогчдын 40 орчим хувийн саналаа салдсан АН УИХ-ын суудалд 10 хүрэхгүй хувийг эзэлж байхад, 40 гаруй хувийн дэмжлэгийг авсан МАН УИХ-ын суудлын 85 хувийг эзэлж байгаа явдал. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл ард түмэндээ амалснаасаа буцаж, өдгөө төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрсдийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж мөнхөд засаглахаар санаархаж байна.
Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж дайрч давшиж, үнэнийг эрх мэдэл мөнгөөр хаана гэж бардамнаж байна. Иймд би Богд хаантны хэлснийг дахин сануулья.
Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь иржээ гэж 1911 онд Монголын цогт их язгууртан, үндэс язгуураа өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэж, эрх чөлөө тусгаар тогтнолоо авч байсан тэр цаг өнөөдөр эргэн ирж байгааг би анхааруулж байна.
Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлаж, чөлөөлөх цаг нь ирсэн.
Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. Яагаад ийм шийдвэр гаргасан гэхээр, улам бүр үнэгүйдэн алдагдаж байгаа монгол ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг дарангуйлал түрэмгүйлэл, улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо.
Өнөөдөр Авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч, хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг шударга зүйл гавьяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья.
Ерөнхийдөө энэ 26 жилийн турш тэмцэж босгож ирсэн Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж хуйвалдааны төр иргэдээ алагчилж, баялаг бүтээгчдээ дээрэмдэж, нийгмийг айдас хүйтсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ашиглах боллоо. Монголын ардчилал анхны зорилго эрмэлзлээ дахин сэргээж, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн чинээлэг дундаж иргэд бүхий нийгмийн төлөөх тасалдсан энэ тэмцлийг залруулах, хуйвалдагчдаас эрх, эрх чөлөөгөө хамгаалах бодит хэрэгцээ шаардлага үүслээ.
Монголын минь заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн тод ялган харж байгаа. Цаг нь иржээ. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх энэ тэмцлийг өнөөдрөөс өргөн фронтоор цэгцлүүлье.
Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг, өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон. Би дахин хэлье. Хуйвалдааны бүлэглэлд битгий давар гэж хэлцгээе. Хүнд бэрх цаг үе тулгарахад эх орон, ард түмнийхээ төлөө бүхнийг зориулж чаддаг тийм хүмүүсээс бидний монгол хэзээ ч дутагдаж байгаагүй юм. Хуйвалдаан, хувааж идэх дээр энэ улс, энэ төрийг бөхөөх гэсэн нам дамнасан бүлэглэлийн хүслийг гүйцэлдүүлж болохгүй. Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улс цаашид ч оршин тогтноно. Бид эрх орныхоо хувь заяаг өөрсдөө мэдэж, өөрсдөө удирдах ёстой. Ард түмний язгуур эрх ашиг гэдэг бол Монголчууд эв нэгдэл харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан үнэт зүйлс, ирээдүй итгэх итгэл юм. Энэ итгэлийг сэргээж, хамгаалж, бэхжүүлж байж л бидний хойч үе сайн сайхан нийгэмд амьдрах болно. Энэ бол миний ард түмэн хойч үеийнхээ өмнө хүлээх үүрэг зүтгэл юм. Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй гол мөрөн ширгэдэг. Монголчуудаа сэрэх нэгдэх, сөрөх тэмцэх, сэргээн тогтоох цаг ирлээ. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмөөрөн, хамгаална. Эх болсон эх орон минь дуудаж байна. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Бидний монгол үүрд мандан бадраг.
Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
-Таны энэ шийдвэр намаас эцэслэн гаргасан шийдвэр үү, эсхүл хувийн зүгээс гаргаж байгаа шийдвэр үү?
-Энэ шийдвэр бол минйи хувь улстөрчийн шийдвэр юм.
-Нам доторх өрсөлдөөнийг хэрхэх гэж байна?
-Тухайн цаг үед нь шийднэ. Би өнөөдөр Монголын нийгмийн байдлыг Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд зүгээр сууж тэвчиж чадахгүй. Уг нь Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодоогүй байсан. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал, энэ дураараа авирлаж буй үйл ажиллагаа, хууль ёсны гажуудал зэргийг хараад сууж чадахгүй учир ийм шийдвэр гаргаж байна.
-Засгийн газрын үйл ажиллагааг товчхоноор дүгнэвэл?
-Байгуулагдаад нилээн хэдэн сар болсон учир олон нийт дүгнэнэ биз. Хамгийн анхны гаргаж буй дүгнэлт бол ямарч л байсан амалснаа хийдэггүй юм байна гэж харж байна.
-Хуйвалдааны төрийн эсрэг ажиллаж эхэлнэ гэлээ. Яг яаж ажиллах вэ?
-УИХ-д байхдаа би боломжийнхоо хэмжээнд үгээ хэлж тэмцдэг байсан. Эд нар бохир аргаар манай засгийн газрыг унагаасан. Биднийг унагаагаад юу хийсэн бэ гэдэг манай засгийн газрыг унагасан гол шалтгаан. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд монголдоо болон ард түмэнд ашиггүй зүйл хийхгүй гэж явсныхаа шанд хамгийн муухай арга хэрэгслээр огцорсон. Үүний дараа хийгдсэн асуудал Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт...
-Улсын орлого болох томоохон аж ахуй нэгжүүдийг өөрсдөө авах гэж байна. Үүнд Эрдэнэт багтаж байгаа юу?
-Оюутолгой, Тавантолгой бусад томоохон ордуудын талаар би урьд нь хэлж ярьж байсан. Эрдэнэт бол миний хэлж байсан жишээнүүдийн нэг.
-АН-ын шинэчлэл, намын даргын асуудал хурцаар тавигдаж байна. Та тэр дундаас намаа авч явна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-АН шинэчлэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ АН-ын ардчилалын гол тулгуурыг хэн мулталж нурааж хаясан бэ гэдгийг тунгаах ёстой. Тэр чиглэлээр ч манай нам ажиллаж байх шиг байна. Зөвхөн нэг дүрэм, дарга хоёр шинэчлэгдсэнээр нам шинэчлэглдээ гэж ойлгож болохгүй. Энэ намыг өөрийн гэсэн толгой, үзэл бодолтой хэн нэгний утсан хүүхэлдэй болдоггүй хүмүүс гарч ирж удирдана гэдэгт эргэлзэхгүй байна.
Одоо АН руу санаархаж шүлсээ үсэргэж байгаа хүмүүст хэлэхэд, өөрийн гэсэн толгой, үзэл баримтлалтай байх хэрэгтэй болохоос хэн нэгний утсан хүүхэлдэй байж болохгүй. Манай намынхан ч зөвшөөрч дэмжихгүй.
-Хэн нэгний утсан хүүхэлдэй гэж хэнийг хэлж байна вэ?
-Хамгийн дээгүүр байдаг хүмүүс л доодохоо хөдөлгөнө шүү дээ.Доод талаас нь дээшээ хөдлөхгүй.
-Бондын мөнгөтэй холбоотой асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь Монгол Улс 1.5 тэрбум америк долларын бондыг олон улсын зах зээл дээрээс босгосон. Үүгээр юу хийж бүтээснийг олон түмэн харж байгаа. Сонгуульд амалсан амлалтаа биелүүлж ажиллахын оронд өмнөхөө үгүйсгэж, өмнөх хүмүүсээ шоронд хийх байдлаар энэ улс хөгжихгүй ээ.
-Таны эхнэрт хилийн хориг тавьсан. Их хэмжээний мөнгө дансаар нь орж ирснийг шалгаж тогтоох шаардлага гарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Манай эхнэр, хүүхэд, эргэн тойрны хүмүүсийн асуудал бол бодитой зүйл биш. Та бүхэн олон жил харж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд байх үеэс огцрууах ажиллагаа эхэлсэн. Тэр ажиллагааны үргэлжлэл явж байна. Одоо бас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэсэн том компанит ажлуудын өчүүхэн хэсэг нь юм. Ард түмнийхээ төлөө 200 мянган төгрөгний үнэтэй нүүрсийг 50 мянган төгрөг болгосон хүн шоронд орж байхад одоо цаашаа юу ч яриад хэрэггүй болно. Тиймээс Монголын нийгмийг ийм болгож байгаа хүмүүсээс салах хагацах цаг болсон.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)