Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны тухай, Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын мэдээллийг сонслоо. Хүүхэд харах үйлчилгээг зогсоож түр хойшлуулаад байсан ч 2017 оны төсвийн төсөлд үргэлжлүүлэхээр тусгасан юм. Тус үйлчилгээнд зориулж 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм.

Энэ ажлын хүрээнд НХХЯ-наас Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах шаардлага, стандарт зөрчигдсөн зүйл ажиглагджээ. Хуулиар нэг хүүхэд харагчид оногдох тоо 5 байдаг. Гэтэл энэ тоо илүүдэлтэй байсан байна. Хүүхэд харах нэгжид стандартаар 15 хүүхэд байхаар заасан. Шалгалтын явцад 60 хүртэл хүүхэдтэй нэгж байсан байна. Хуулиар Хүүхэд харах үйлчилгээнд 2 ба түүнээс дээш ЕБС-д суралцах нас хүртэлх хүүхдийг хамруулна гэж заасан. Гэтэл 2-оос доош насны хүүхэд ихээр хамрагдсан тал ажиглагджээ. Түүнчлэн хуульд заасны дагуу 7 хоногийн хоолны цэсийг эцэг эхтэй зөвлөлдөх заалт зөрчигдсөн байжээ. Хоол хадгалах, дээж авах, хүүхдийн аяга, халбагын ариун цэвэр зөрчигдсөн гэнэ.
Нэг хүүхдэд асран хамгаалагч буюу аав ээжээс нь төлөх хоолны зардал сард 70 орчим мянган төгрөг байх салбарын сайдын тушаал байдаг байна. Гэтэл зарим газарт эцэг эхчүүдээс сард 150 мянган төгрөг хүртэл хэмжээний мөнгө авсан байжээ.
Хүүхэд харах үйлчилгээний төв гэртэй ойр байгаад эцэг эхчүүд таатай ханддаг байна. Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлснээр ажлын байр нэмэгдсэн байна. Цаашдаа Хүүхэд харах үйлчилгээг Х хамруулах, хуулийн орчныг сайжруулах, стандартыг мөрдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна. Хүүхэд харах үйлчилгээний төвд камер байршуулах, хорооны эмч, цагдаагаар хяналт тавиулах, цэцэрлэгийн стандарт ойртуулах зэрэг санал гаргасан байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна