Эдийн засгийн уналттай үеэр банк дампуурдаг түүх давтагдах уу?
2016/11/08

1990-ээд оны дунд үе хүртэл инфляцийн түвшин өндөр байсан учир банкны зээлийн хүүгийн хувь нэмэгдэж, зээл нь үйлдвэрийг бус, түргэл эргэлттэй худалдаа, үйлчилгээ зэрэг салбарыг л тэтгэх болсон гэдэг. Энэ нь эргээд банкийг эрсдэлд оруулах эх үндэс болсон гэх. Мөн үйлдвэрийн салбар уналтанд орсноор банкууд найдвартай эх үүсвэргүй болж, богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээр л аргацаах болсон. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, банк хоёрын харилцан бие биенээ дэмжиж хөгжих бололцоо бүрдээгүй юм.

Нөгөөтэйгүүр банкууд төр болон хувийн өмчийн оролцоотой байснаас эхлээд олон шалтгаанаар дампуурч байв. Тодруулбал, 1996-1997, 1999, 2008-2010 оны гурван удаагийн хямралын шуурганд 30 банкнаас 16 нь дампуурах, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Энэ нь банкны салбар ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарч ирснийг харуулж байгаа юм.

1990-1999 оны хооронд дампуурсан банкны шалтгаан Анод, Зоос, Монгол шуудан банкинд давтагдсан. Гэхдээ Зоос, Монгол шуудан бакны хувьд бол төрийн зохицуулалт хийсэн. Харин “Анод”-ыг татан буулгасан. Гэхдээ авч үлдэх боломж байсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр хувьцаа нь зарагддаг банк байсан болохоор үнэт цаасны захын механизмыг ашиглаад, татан буулгахгүйгээр асуудлыг шийдэж болох байсан аж.  Мөн өөр банктай нэгтгэх эсхүл худалдах зэрэг боломжуудаа ашиглаагүй гэжугай. 

Нөгөөтэйгүүр тухайн үед ойрхон хугацааны давтамжтайгаар банкуудыг татан буулгах нь банкны системд эрсдэлтэй учир аргагүйн эрхэнд мөн хүмүүсийн банкинд итгэх итгэлийг алдахгүй тулд Монгол шуудан банкыг, Хадгаламж банктай нэгтгэж, “Зоос”-ыг Төрийн банк болгосон.

Энэ үед Монголбанкнаас “Зоос” банкинд хийсэн шалгалтаар тус банк нь жил гаруйн өмнөөс эхлэн Банкны тухай хуулийг зөрчин их хэмжээний зээлийг нэг зээлдэгчдэд олгосон нь илэрсэн байдаг.

Эл хэргээс хойш Монгол банкны удирдлагууд сайн дураараа огцрох хүсэлтээ гаргаж, зарим холбогдох эрх бүхий мэргэжилтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэгдэн УМБГ-ын хаалга элээж явна. “Анод”, “Зоос” банкууд дараалан дампуурал зарласны гол буруутан бол яах аргагүй Монгол банк. Жил бүр банкуудын үйл ажиллагааг дүгнэж “хэвийн” үйл ажиллагаа явуулж байна гэх дүгнэлтийг гаргаж нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж 15-25 сая төгрөгийн хахууль авч хуурамч дүгнэлт гаргаж өгдөг байсан нь мөрдөн байцаалтын шатанд илэрсэн гэх.

Олны яриа ортой гэдэг шиг “Анод” банкыг дампуурахаас нэг жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэрбүү хэл гар утсаар SMS илгээгдэж, удахгүй дампуурна шүү, болгоомжтой байгаарай, хэрвээ та тус банкинд мөнгө байршуулдаг бол татаж авна уу гэх зэргийн мэдээлэл явж байсныг эрхэм та санаж байгаа биз ээ. Харин “Анод”-ын зүгээс энэ талаарх мэдээлэл үндэслэлгүй хэмээн яаран сандран мэдээлэл хийж байсан. Гэвч бодит байдал тэдний мэдээллээс арай өөрөөр эргэсэн.

Энд анхаарал татсан нэг зүйл байгаа нь манай улсад банкны хямралууд тохиосон цаг хугацааг харахад эдийн засгийн мөчлөгийн уналттай үеүдтэй давхцсан байгаа юм.  Тэгвэл шинэ Засаг дөнгөж бүрэлдээд буй энэ үед дахин нэг банк дампуурах талаарх яриа саарал ордонд гарч эхэллээ. Энэ бол Капитал банк. Эл банкийг бүр бодлогын хүрээнд дампууруулах гэж байгаа гэх яриа байгаа ч өөр хүчин зүйлүүд ч байгааг үгүйсгэж болохгүй. Ер нь банкны дампуурлын цаана улстөрийн бүлэглэлийн эрх ашиг байдаг гэлцдэг. 

Юутай ч арилжааны банкны дампуурлаас сэргийлэхийн тулд Төвбанкны төвлөрсөн үйл ажиллагаа буюу төрийн зохицуулалт хийх банкны хяналт шалгалт чангатгах, даатгалын аргаар өөр банктай нэгтгэх зэрэг арга хэмжээ авч болно.

Банкны тухай хуулинд банкны эрсдэлийг хувьцаа экэмшигчид даадаг. Гэтэл төрөөс төлбөрийн чадваргүй болсон банкуудын хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг төрөөс 100 хувь төлөх хууль баталсан. Энэ ч дараагийн банк дампуурах үндэс болсон гэж судлаачид үзэж байна. Банкны тогтолцоог улс орны нийгэм, эдийн засгийн яс мод гэж томъёолсон байдаг. Иймд банкны салбар эрүүл байж эдийн засгийн өсөлтөнд нөлөөлж байх ёстой.

Дампуурсан банкууд

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин