Г.Өнөрбаяр:Ажилчдын цомхотголыг залуучуудаас эхлэх хандлага бий болж байна
2016/11/07

Өнөөдөр “Залуучуудын хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд болж байна. ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй арга хэмжээг нээж ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Шинэ Засгийн газар байгуулагдсанаар манай яам залуучуудын асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна. Ер нь асуудлыг залуучуудын оролцоо, үзэл бодолд тулгуурлан шийдвэрлэж байх байр сууринаас асуудалд хандаж байгаа.

Түүний нэг илэрхийлэл нь өнөөдрийн бага хурал юм. Монгол Улсад сая гаруй залуус байгаа нь хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувь мөртлөө хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 50 хувьд хүрч байна уу гэдэг нь эргэлзээтэй. Өр зээл ихтэй улс орнуудад нэг нийтлэг зүйл байгаа нь “lost generation” буюу алдагдсан үеийнхэн гэдэг ойлголт гарсан. Тухайн улсууд өр зээлээ дийлэхээ болиод ирэхээр хэмнэлтийн горимд шилждэг, улмаар ажилчдын цомхотголыг залуучуудаас эхлэх хандлага бий болдог. Гэтэл залуу хүн ажил эрхлэхгүй 10 жил орчим болоход хувь хүний амьдралд маш хүндээр тусдаг гэх дүгнэлтүүд бий. Тэгэхээр өнөөдрийн хурлаар залуучуудын олон талт асуудалд гарц шийдэл хөндөж ярина гэж найдаж байгаа. Та бүхний саналыг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгах зэргээр хамтарч ажиллана аа” гэсэн юм.

Эрдэм шинжилгээний бага хурал нь үндсэн 6 сэдвээр зохион байгуулагдаж байгаа. Залуучуудын хүний эрх, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын боловсрол, залуучуудын орон сууц, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын оролцоо сэдвийн хүрээнд илтгэгчид судалгаагаа хийжээ.

Илтгэгчдийн бүтээлд үнэлгээ өгөх шүүгчээр МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор профессор С.Болд-Эрдэнэ, доктор профессор М.Зулькафил, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн доктор Отгонжаргал, ХНХ-ын Судалгааны институтын эрдэм шинжилгээний ажилтан Гансүх, МЗХ-ны залуусын хөгжлийн “Полиси” төвийн тэргүүн н.Эрдэнэгэрэл нар ажиллаж байна. Хуралд 70 гаруй илтгэгч эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлснээс шалгарсан судалгаануудын илтгэл яг одоо явагдаж буй юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин