Давхар дээлтэй уяачдын “ Мэргэжлийн бус” Засгийн газар гэж тодотгов
2016/11/03

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2016.11.03/ "Засгийн газрын 100 хоног"-той холбогдуулан гаргасан Засгийн газрын мэдээлэл болон тайлан сэтгүүлд няцаалт хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт өгөх үнэлэлт, дүгнэлтийг танилцуулав. Мөн Өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажлыг өөрсдөө хийсэн мэтээр, хэрэгжиж эхлээгүй, зарим хэрэгжих боломжгүй ажлаа өөрсдийн 100 хоногийн тайландаа тайлагнаж буй Мэргэжлийн гэх тодотголтой "Мэргэжлийн бус" Засгийн газрын 100 хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг төдийгүй ард түмэн тааруу үнэлгээ өгч буйг онцоллоо.

Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж болон АН-ын бүлгийн ажлын албаны дарга Г.Золжаргал нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад мэдээлэл өгөв.

Тэд "2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Монгол Ардын намын Мэргэжлийн гэх тодотголтой хамаатан садан, ураг төрөл, давхар дээлтэй уяачдын “ Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн тайлангаа Төрийн ордоноо сүржин тайлагналаа.

Гэвч тэдний 100 хоногийн тайлангийн агуулга нь ард иргэдийн хүлээлтийн эсрэг, өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажил дээр тууз хайчилсан тухай, Ирээдүйд хийхээр төлөвлөсөн эх үүсвэр нь тодорхойгүй ажлуудаа жагсаасан, хийхээр төлөвлөсөн ч хэрэгжих боломжгүй, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хийж чадаагүй нь харагдаж байна. 

"Хурдтай, бүтээлч ажиллахыг эрхэм болгоно" уриатай Ж.Эрдэнэбатын Засгийн газар ард түмэндээ баттай үнэн, бодит тоо баримтыг хэлнэ гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлж байснаа умартан 100 хоногийн тайлангаараа “мэлхийн хурдаар” ажилласанаа харууллаа.

“Мэргэжлийн бус” Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 23-нд 8 төрлийн татвар нэмэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулах, тэднийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг 1-12 сар хүртэл багасгах,  бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагчид олгож байсан 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг  3 сар болгох, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох, Хүүхэд хамгаалах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулийн үйлчлэлийг хойшлуулах, хүчингүй болгох, Нийгмийн даатгалын тэтгэврийн санд  ажилтан болон ажил олгогчоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг таван нэгжээр нэмэгдүүлэх, оюутны тэтгэлэг, гадаадын их дээд сургуульд засгийн газрын тэтгэлгээр сургаж байсан тогтолцоог хүчингүй болгох хуулийн төслүүдийг өргөн барьсан. 

Монгол Ардын нам УИХ-ын сонгуулиар иргэдэд амлаж байсан амлалт, намын мөрийн хөтөлбөр нь олон нийтийг хууран мэхлэх, худал амлалтууд байсан нь Мэргэжлийн гэх МАН-ы Засгийн газрын Ээлжит бус чуулган, Намрын Ээлжит чуулганаар УИХ-д өргөн барьсан, батлуулсан хуулиудаас тодорхой харж болно.

Энэ мэтчилэн Засгийн газар ажлаа эхлүүлээд 100 хоногт юу амжуулсан бэ гэдгээс хэр урт удаан настай, ямар чадамжтайг бид харлаа.

Өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажлыг өөрсдөө хийсэн мэтээр, хэрэгжиж эхлээгүй, зарим хэрэгжих боломжгүй ажлаа өөрсдийн 100 хоногийн тайландаа тайлагнаж буй Мэргэжлийн гэх тодотголтой “Мэргэжлийн бус” Засгийн газрын 100 хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг төдийгүй ард түмэн тааруу үнэлгээ өгч буйг энд онцолж байна" гэлээ.

Д.Ундрах

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин