Ч.Хүрэлбаатар: Хөдөө аж ахуйн биржийн захирал сарын 9.5 сая төгрөгийн цалинтай байна
2016/11/03

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн эдийн засаг санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Энэ үеэр төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн өр 10.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Бүр тодруулбал, 2012 онд эдгээр аж ахуй нэгжүүд нь 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа юм.

Иймээс ажлын хэсгээс төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн орон тоог зохистой төвшинд нь авчирч бууруулах,  үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах аж. Үүнд, "Герман газ", Монгол мах, "Техник спорт", "Аж үйлдвэрийн цогцолбор", Дархан газрын тос, Монгол тариалан корпораци, Аялал жуулчлалын үндэсний төвийг тус бүр татан буулгах гэнэ.

Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тайлбарласнаар ганц хүнтэй аж ахуй нэгжийг татан буулгана. Өмч хөрөнгө байдаггүй хэрнээ тамга тэмдгээ барин өр зээл тавиад яваа тул ийн хязгаарлахаас өөр аргагүй болжээ.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүд Төрийн өмчит компаниудад орон тоо хязгаараа давсныг цэгцэлж, 15 хувьд нь цомхотгол хийх. Захирлынх нь цалин харилцан адилгүй байгааг ажлын ачаалал, үүрэг хариуцлагатай нь уяж оновчтой тогтоох, төрийн өмчид хайр найргүй хандаж, хэний ч биш болгон хувиргасныг нэг талд нь гаргах. 10.8 их наяд төгрөгийн өр ямар байдлаар бий болов гэдгийг тогтоох зэрэг тодорхой ажлыг цаашид хийх шаардлага байна гэж байлаа. Эцэст нь ажлын хэсгийн санал дүгнэлтийг тогтоолд тусгах нь зүйтэй хэмээн үзлээ.

Энэ үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн " Хөдөө аж ахуйн бирж нь 37 хүнтэй, захирлынх нь сарын цалин 9.5 сая төгрөг байжээ. Гэтэл 1,200 хүн удирддаг компанийн захирлын сарын цалин 2.5 сая төгрөгийн цалинтай байх жишээний.

Төрийн өмчит компаниудын захирлыг улс төрийн лоббигоор томилж ирсэн. Хариуцлагын тогтолцоо эргэж үйлчилдэггүй.

Компани нь алдагдалтай ажиллаад байхад л захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ТУЗ-ийн гишүүдийнх нь цалин өсөөд байдаг. ТУЗ-ийн гишүүн, дарга нарыг хэдхэн газраас буюу Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүрээнээс томилдог жишиг тогтсон. Үүнээс болж эрчим хүч, уул уурхайн салбарыг төлөөлөх хүн нь тавигддаггүй.

Тавигдлаа гэхэд ТУЗ-д нөлөөлөх нөлөөлөл нь бага. ТУЗ-ийн гишүүдийг хоёр гуравхан газраас томилдогоос болж нэг хүн хэд, хэдэн төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн болж, давхар давхар цалин авдаг гээд яривал цэгцлэх шаардлагатай олон асуудал байна" гэсэн юм.

Д.Дуулим

"

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин