Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг өчигдөр хэлэлцэв. Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэх Худалдаа хөгжлийн банкний захирал О.Орхон нарыг байлцуулсан нь нилээн ширүүн уур амьсгалыг авчрав.
Ч.Сайханбилэг болоод Ц.Нямдоржийн хооронд гал авалцсан яриа гарснаас гадна Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нилээн “ванга” хүртсэн юм.
Ч.Сайханбилэгийн хувьд “ Монгол Улсын төр, засгийн ажил хийж байсан хүмүүсээс Эрдэнэтийн 49 хувь Монголд оруулж ирэх нь ашигтай гэж ярьсан хүн байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачлага. “ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. “Орос-тех” өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна, Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайлчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой” гэсэн юм.
Харин Ц.Нямдорж гишүүний хувьд хурлын төгсгөлд “Ч.Сайханбилэгийн ярианаас нэг зүйлд их гутарлаа. Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор Засгийн газартай байсан юм байна гэдгийг ойлголоо. Бид чадахгүй байхад эд нар явж байгаад хийсэн гэж хэллээ.
Хоёрдугаарт “Орос тех” компанийн захирал хүн бичиг явуулсан байгаа юм. Тийм хүн бичиг явуулахаар Монголын Засгийн газар ямар ч гарц байсангүй гээд бүх хүссэн шийдвэрийг нь гаргуулж өгсөн юм. Ийм байж болох уу. Шаардлага гарвал буюу Монголын эрх ашиг хөндөгдөх юм бол онц байдал зарлаж бүх удирдлагыг гартаа авах эрхтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн шүү дээ. Ингэж Монголын Засаг төрийг доромжилж болох уу. Сайхан доромжиллоо. Шившиг ээ. Ийм Ерөнхий сайд, ийм засагтай байхыг үздэг л юм байна” гэлээ.

Д.Дуулим
Сэтгэгдэл (2)