Ч.Сайханбилэг рүү чиглэсэн Ц.Нямдорж довтлогчтой, МАН-ын хөгжөөн дэмжигчдийн “боорхол” 
2016/10/26

Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан нилээн ширүүн уур амьсгалтай болж өндөрлөв. Энэ нь хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцсонтой холбоотой юм. Хуралдааны явц бүхэлдээ яг л Ц.Нямдоржоор ахлуулсан “Боорлох” ажиллагаа байлаа. Боорлох гэдэг нь Монгол хэлний толь бичигт тал талаас нь хоргоох, дайрах гэсэн утгатай.  

Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж гол довтлогч бусад МАН-ын гишүүд нь “хөгжөөн дэмжигч, хамгаалагч”-ийн үүрэгтэй оролцсон хуралдаан болж өндөрлөсөн юм.

Ч.Сайханбилэгийн хувьд ганц дайчин ганцаардахгүй гэсэн янзтай сууж байсан бол Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон гал авалцсан тулааны жинхэнэ “бай” болж байлаа.

Харин хуралдааны гол зангилаа “Цаг хугацааны хайчилбар”-т оршино. Цаг хугацааны хайчилбарт орсон гэдгээ тайлбарла гэж Ц.Нямдорж гишүүн удаа дараа Ч.Сайханбилэгээс асууж, харин Ч.Сайханбилэг хариуд нь “Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унах байсан. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн төлөө гаргасан шийдвэр. Засгийн газарт хувилбар байгаагүй” гэх тоймтой хариулт.

Хуралдаан иймэрхүү байдалтай үргэлжилж байх явцад,

•    Ямар замаар худалдан авалт хийсэн
•    Хэн захиалсан, эзнээ хэл
•    ТУЗ-ийн хуралд ирэхгүй бол төр төмөр нүүрээ үзүүлнэ
•    Санууллаа шүү
•  О.Орхон чи мөн том байна аа... гэх утга бүхий асуулт, хариулт нилээн давтамжтай өрнөсөн юм.  Харин Ч.Сайханбилэг хуралдааныг орхисны дараа дахин гал авалцсан зүйлс болсныг дор сийрүүлье.

Тодруулбал, ЗГХЭГ-ын сайд Ж.Мөнхбат "“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын компани авсныг нь буруутгаагүй. Авсан арга барил нь хууль зөрчигдсөн. ХХБ-ны захирал О.Орхон 49 хувийг төлөөлсөн ТУЗ гишүүн. Тиймээс таны 49 хувийн эзэмшигч болж байгаа компани, 51 хувийг эзэмшигч Засгийн газар өнгөрсөн хэд хоногт муур хулгана болж тоглож байна. ТУЗ-ын даргыг 49 хувь эзэмшигч авна, эсвэл захирлын суудлыг авна гэсэн асуудал дээр гацаад байна. Хэрвээ яаралтай ТУЗ-ын төлөөллөө томилохгүй бол төр үйл ажиллагаагаа цаашдаа шийдвэрлээд явна. УИХ-тайгаа зөвшилцөж байж Засгийн газрын гэрээг цуцалдаг. Гэтэл энэ алхмаа хийгээгүй байж шийдвэр гаргасан. Ерөнхий сайд нь аль яамны хэн гэдэг сайд нь ямар шийдвэр гаргаж байгааг мэдэж байж иймэрхүү асуудлаар шийдвэрээ гаргадаг шүү дээ. Гэтэл Сангийн сайд нь бүхэл бүтэн хууль зөрчөөд Эрдэнэт үйлдвэрийн төрийн 51 хувийг хувийн 49 хувьд нь өгөх тогтоол шийдвэр гаргачихсан байхад нь Ерөнхий сайд нь мэдээгүй гээд сууж байна. Өмнө нь Засгийн газар кабинетын зарчмаар хуулийн хүрээнд бус хариуцлагагүй ажиллаж байсан юм байна гэдэг нь нотлогдож байна. Тийм учраас Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын гаргасан энэ шийдвэрийг хуульд нийцүүлэхийн төлөө энэ Засгийн газар ажиллах болно. О.Орхон захирал “Намайг ингэж хэлж байна” гэж компанидаа очиж мэдэгдээрэй. Энэ долоо хоногт энэ асуудлыг шийдэхгүй бол Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд асуудлаа шийдвэрлээд явна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг Монголын аль нэг компани авсан нь зөв. Буруутгах ямар ч шалтгаан байхгүй. Өнгөрсөн гурван сар “Эрдэнэт”-ээр улстөр хийсэн, одоо боль. Ерөнхийлөгчийн сонгуулиар бас улстөр хийх үү. 51 хувийг яагаад ярихгүй байна вэ. Жаст”-ын н.Батхүүгийн тавьсан өрийг Монголын төр төлж байгаа. 51 хувиар баахан тоглочихсон. МАН ажлын хэсэг гаргаж энэ асуудлаа шалгуулаад, хүлээх хариуцлагаа хүлээлгэ. МАН-д бүрэн эрх мэдэл байна. АН-ын бүлэг үүнд чинь саад хийхгүй. Шударга бус байвал хэлэх үгээ хэлнэ. Төр, хувийн хэвшил рүүгээ орж, ажлыг нь унагааснаар явахгүй. Ж.Мөнхбат дарга яагаад 49 хувийг авсан компанийг дарамтлаад байгаа юм . Хууль зөрчсөн бол тэр хүрээнд шийд. Түүнээс бус “тэдэндээ очиж хэлээрэй, Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээд ажиллана. Очиж хэлээрэй. Би хэлсэн шүү. Хохино шүү” гээд яагаад байгаа юм ер нь. Ингэж хувийн хэвшил рүүгээ дайрч, дарамтлаад сүрдүүлээд байгаа юм. Дарамтлах эрхийг өгөх гэж ард түмэн та нарыг сонгоогүй. Ажлаа хийгээгүй байж хувийн хэвшлийг дарамтлаад байх юм. Хувийн хэвшлийнхэн ажлаа төрөөр заалгадаггүй юм" гэв.

С.Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн Засгийн газрын эрхийг дангаараа барьж байгаа Мэргэжлийн тодотголтой засаг нь асуудлыг улстөржүүлж суухын оронд тодорхой шийдэлд хүрч, нэг тийш болговол дээртэй. Энгийнээр хэлвэл, хэн нэгний буруу зөвийг шүүж, дайрч давшлахаас илүүтэй хийж бүтээх ажилдаа идэвхийлвэл арай дээрсэн.

Д.Дуулим
 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Баньдхүү Самдан
    Мэдээллийг нягтлахуй. Ц.Нямдоржийн Эрдэнэтийн 49-ийн худалдан авалтын талаархи мэдээллээс бусадыг яахаас ч үл буцах, үг унагаж тулгаж ялладаг мэдлэггүй хардамтгай хоцрогдсон, харгис шүүгчийн зан авир, Ж. Батзандангийн хийрхлээс хөөрч дэвсэн коммунист улаан хамгаалагчдын шинж, хэн хэнээс нь улайрсан туйлшрал нэвт ханхлана. Ц. Нямдоржынхоор Эрдэнэтийн 49-ийн худалдан авалт Оросын тал -иа худалдах санал манайд ирсний дараа явагдсан аж. Гэтэл ноцтой нь Монголын талын 51 луйврын гэрээгээр 49 эзэмшигчдээ очсон гэх асуудал аж. Гэтэл гэрээгээр ч биш ТУЗ-өөрөө дамжуулаад авчихсан гэж үзсэн бололтой. Түүний “33=6 гишүүнтэй ТУЗ-ийн болон дотоод аудитын хорооны даргыг цөөнхийн талаас томилсон нь Эрдэнэтийн Монголын 51-ийг хэрэг дээрээ авчихаж” гэх нь арай хэтэрсэн хардлага мэт. Тэрээр үүнийгээ ”ТУЗ-ийн 6 гишүүний саналд нийцвэл цөнхөөс томилсон даргын саналаар бүх шийдвэр гарна” гэх заалт оруулсанаар нь нотлох гэжээ. Тэгвэл гишүүд санал зөрөөгүй дарга асуудлыг шийдэх хоёр адил ба гишүүд цөм санал
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Баньдхүү САмдан
    Эрдэнэтийн 49 Монголд, хувийн хэвшилд ирсэн нь нүдээ олсон. Харин заргалдаад байгаа МАН-ын хувьд энэ хамаагүй өөрсдөд нь ирээгүй гэдэг л асуудал! Хэн ч бодсон Энэ их хөрөнгө Орост байхад нь ямар ч шонгүй гоожуулж байсан шүлс, огт санамсаргүй нэг залууд ирсэнд шээс болон хувирч өөр юу ч биш. Энэ худалдан авалтыг шалгах нь Монголчуудын биш зөвхөн МАН-ын эрх ашиг. ТУЗ-ийн дарга 49-ийн талаас гарсныг төрийн 51-ийг авчихлаа гэх нь эрүүл саруул хэний ч тархинд орохгүй, тийм тэнэг аргаар авах ямар ч маанаг энэ дэлхийд үгүй харин хоцрогдож мөхөж буй Ц.Нямдоржын л сэтгэлд л бууна. Яахав тэгж хар санавал төрийн хүсэлтээр ТУЗ дахин хуралдаад л шийдвэрлэх асуудал болохоос СС-ын тушаал хууль зөрчиж буруу гараагүй ингэж дуулиан тарих юм ч биш.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин
    NYAMKAGIIN ZOBOO,ERDENE CHI BITGII GUC.BITGII HUVIIN HEVSHILIIN NER BARIAD BAI,NAAD LUIVARCHID CHIN HUVIIN HEVSHILIIN TOLOOLOL OGTHONCH BISH
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
Сонин хачин