Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг ширүүн уур амьсгал дунд хэлэлцэж байна. Мөн уг хувьчлалын асуудалд Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Уг хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал О.Орхон нар оролцож УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч байна.
Ингээд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ч.Сайханбилэг нарын асуулт хариултыг хүргэж байна.
Ц.Нямдорж: Ч.Сайханбилэг өрөвдөлтэй юм ярьж байна
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ.Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээс ээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм. Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлэлцэл хийх байх. УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал огт яригдаагүй байхад ХХБ-ныхан очоод яриа хэлэлцээ хийсэн юм. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ? Энэ асуудлаар хэзээ яамдад тараагаад хэзээ хариу нь ирсэн бэ? Засгийн газрын хуралдаанд н.Орхон ХХБ-ны захирал бас компанийн захирал гэсэн хоёр албан тушаалтай орж ирсэн байсан. Хэний зөвшөөрлөөр, хэн даалгавар өгснөөр 49 хувийг авах ажиллагааг хийсэн бэ? Засгийн газрын хуралдаанд хуульчид оролцсон гэж яриад байна. Засгийн газрын хуульчид УИХ-д танилцуулахгүй бол болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм билээ. Харин нөгөө талын н.Орхон, Пүрэвтүвшин нар УИХ-аар хэлэлцүүлэхгүй, автоматаар хүчингүй болж болно гэсэн юм билээ. Энэ асуудлуудад хариулт авъя. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ? ГХ-ийн яамнаас ирүүлсэн үү, хувь хүн авчирч өгсөн үү?
Ч:Сайханбилэг: Ц.Нямдоржийг ямар нэг эмоцгүй ярих болов уу гэж горьдож орж ирсэн
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Ямар нэг эмоцигүй ярих болов уу гэж горьдож орж ирсэн. Намайг яаж ярьж байгааг ҮХЦ ч юм уу, бусад байгууллагууд нь тодорхойлох биз. ОХУ-д болж байгаа зүйлийг бид яаж мэдэх вэ Ц.Нямдорж гишүүнээ? ОХУ-ын өмчид байсан 49 Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Оростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар энэ асуудал дээр байхгүй байсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведвийн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд “Орос-тех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа. Мөн “Орос-тех”-оос манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Орос-тех ямар компанийн мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Орос-тех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал цаг хугацааны хувьд хайлчилбартай байсан Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд дэмжсэн. Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон. Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх дебдент энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна. Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан.
Ц.Нямдорж: Цаг хугацааны хайрцаг гэдгээ тайлбарла
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Яаралтай хэлэлцэх асуудлаар яамдаас санал авдаггүй гэх асуудал байхгүй. Туйлын ноцтой асуудал хөндөгдөж байхад цаг хугацааны хайрцагт ороод шийдсэн гээд байх юм. Засгийн газар энэ асуудалд Монголын гэдэг утгаараа яаж ажилласан юм бэ? Хэзээ энэ асуудал яригдаад О.Орхоныг явуулсан бэ? Төрд үнэнийг хэл. Танай Засгийн газрын сайд байсан З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Зоригт нар чинь “мэдээгүй, санал аваагүй”, хачин зүйл гаргалаа гээд яриад байна лээ.
Ч.Сайханбилэг: Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана гэсэн цаг хугацааны хайчилбар байсан
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Гүйцэтгэх засаглал дээр олон асуудал гардаг. Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй. Монгол Улсын төр, засгийн ажил хийж байсан хүмүүсээс Эрдэнэтийн 49 хувь Монголд оруулж ирэх нь ашигтай гэж ярьсан хүн байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачлага. “ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. “Орос-тех” өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна, Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайлчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой.
Д.Ундрах
Сэтгэгдэл (1)