“Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын 100 хоног ирэх сарын эхээр тохиож байгаа. Өнгөрсөн 100 хоногт Засгийн газар ямар ажил хийв гэдэгт иргэний нийгмийн байгууллага дүгнэлт хийж, “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг, “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр, “Глоб-Хамтын нийгэмлэг” ТББ-ын тэргүүн А.Алтантуяа, Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар нар оролцсон юм.
Шударга төвийн тэргүүн Х.Оюунцэцэг: Засгийн газрын 100 хоногт хариуцлага тооцож, орон нутгийн сонгуулиар дүн тавих цаг нь болсон
МАН давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулах, хүүхдийн мөнгө олгох, оюутны тэтгэлэг олгох, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй байх, цалин урамшууллыг өсгөх, өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, орлого багатай иргэдээ тусгайлан тэтгэх, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг наашлуулах, цалинтай ээж бий болгох, ханшийн уналт зогсоох, баялгийн сан байгуулж иргэдэд хүртээх, итгэлийн зээл гэх мэт шинэ зээлийг бий болгоно гэж асар олон амлалт өгч байсан. Мөн эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, арилжааны зээлийн хүүг бууруулах, аймаг бүрт үйлдвэр барих, бага орлоготой аж ахуй нэгжийн орлого нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжлийг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалалттай газар нутгийг нийт нутгийн 25 хувьд хүргэх гэх мэт маш олон амлалт өгсөн. Гэтэл өнгөрсөн 100 хоногт томилгоо хийсээр өнгөрүүллээ. Энэ мэт албан тушаал, эрх мэдлийн төлөөх марафон, ялзарсан байдал хэрээс хэтэрч байгааг ард түмэн жигшин зэвүүцэж байна. Тиймээс Засгийн газрын 100 хоногт хариуцлага тооцож, орон нутгийн сонгуулиар дүн тавих цаг нь болсон.
Гамшгийн эсрэг үндэсний төвийн Ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар: Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна
Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна. Тухайлбал, Хонхорын усан сан бүхий газар хар тугалганы боловсруулах үйлдвэр байгуулсан МАН-ын гишүүн БЗД-ийн нэгдүгээр хороонд нэр дэвшиж байна. Мөн улс төрийн намууд увайгүй аашилж байгаа. Нэгнийхээ сонгуулийн хороон дээр тагнах, чагнах төхөөрөмж тавих явдал эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн АН-ын хорооноос чагнах төхөөрөмж илэрсэн байна лээ. МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулж байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж шалтаг тоочиж байгаа. Энэ нь утгагүй шалтгаан. Харин ч жижиг нам болон, бие даагчийг хороодод гаргаж ирснээр МАН-д хяналт тавих боломжтой болж, зөв хөгжлийн чиг хандлага бий болох боломж бүрдэх юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна