Ерөнхийлөгчийн олон утгатай нэг хариулт
2016/10/07

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Э.Бат-Үүл хөнжил дотроо тийчигнэхээс өөр үйлдэл хийж чадахгүй байдалд хүрэв. Өөрийгөө хилс хэрэгт хэлмэгдэж, онц ноцтой гэмт хэрэгт гүтгүүлж байна хэмээн олон ч удаа хэлж, ярив. Эцэстээ бүр намын нөхдөө хардаж сэрдэж, өөнтөглөж эхлэв. 

Тодруулбал, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж энэ бүх хорыг зохиосон гэх утга бүхий зүйл  ч ярьж байсан түүний эл үйлдлийг Монголын ард түмэн бүгд л өөр өөрсдийнхөөрөө бодож дүгнэж байгаа байх. Харин хэргийг шалгаж буй Прокурорын байгууллаас хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа явж буй. Гэмт хэрэгтнийг илрүүлсэн гэх утгатай мэдээллийг олон нийтэд өгсөн. Мөн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг биеийн байдлыг нь харгалзан үзэж түр батлан даалтад гаргаад байгаа зэрэг учир битүүлэг хэрнээ хэм хэмжээндээ л мэдээлэл өгөөд буй.

Харин өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эл хэргийн талаар ам нээв. Ингэхдээ тэрбээр хоёр өөр утга бүхий зүйл ярьж байх юм.

Тодруулбал хэрэгт холбогдоод буй Э.Бат-Үүлийг дэмжсээр ч ирсэн цаашид ч дэмжинэ гэсэн бол хууль хяналтын байгууллагад хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй гэв. Гэтэл түүний дэмжээд буй Э.Бат-Үүл өөрийгөө хэлмэгдээд байна гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөн талдаа Э.Бат-Үүлийг дэмжиж, харин цаад талдаа Э.Бат-Үүлийг сэжигтнээр татсан нь ямар нэгэн хэлмэгдүүлэлт биш шүү гэдгийг илэрхийлээд ч байгаа юм шиг.

Мөн “Хэрэг шүүхийн шатандаа буюу шийдэгдэх хэмжээндээ очиж байгаа юм болов уу гэж харж байна” хэмээсэн нь олон утгыг агуулжээ.

Тухайлбал, Э.Бат-Үүл яллагдагчаар татагдсан болохоор хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх хэмжээний болчихсон ч юм шиг эсхүл шүүхийн шатанд очих гэж байгааг нь асууж сураглаж тодруулсан ч юм шиг.

Ямартаа ч нэг зүйлийг онцлон хэлэхэд, хэн нэгэн хүн онц гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол, тэрбүү хэл сэжигтнээр татагдвал шууд л цагдан хоригдоно. Учир нь хэрэг нь ОНЦ ХҮНД гэмт хэрэг шүү дээ.  Энд ямар нэгэн алдар хүнд, бүрэн эрхийн асуудал ямар ч хамаагүй. Тэгэхээр өнөөдрийг болтол Э.Бат-Үүл эрх чөлөөтэй яваад байгаа хэрнээ хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа хүрсэн бол Э.Бат-Үүл уг хэрэгт шууд хамааралтай бус ч байж болох юм. Өөрөөр хэлбэл үйлдэгч нь биш. 

Гагцхүү сэжигтэн, яллагдагчаар хэрэгт татагдсан хэрнээ хоригдохгүй байх нь ямар хэмжээнд хэрэгт хамааралтай байж болох уу гэдгийг бодох л хэрэгтэй. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин