АН-ыг аварч эсхүл унагаж болох ганцхан зүйл Эрдэнэт үйлдвэр болоод байсныг Монголын ард түмэн яахан мэдэх билээ. Гэнэт л үйлдвэр Монголын талд 100 хувь шилжлээ гэж байснаа хэдхэн хормын дараа гадныханд хувьчлагдсан гэх асуудал сөхөгдөх нь тэр. Мэдээж Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой эерэг мэдээллийг АН-ын зүгээс олон нийтэд хүргэж ГОК үнэлгээ авах зорилготой байсан ч гол өрсөлдөгч МАН-ынхан байдлыг эсрэгээр нь эргүүлж орхих нь тэр. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь монголд хамааралгүй болсох гэх “аймшигт” мэдэгдэл. Яг энэ үед ард түмний АН-ыг гэх үнэлэмж газар унасан. Үүнээс болж АН сонгуульд 5:0-дуулсан.
Тэгвэл энэ асуудал өнөөдрийг болтол үргэлжилсээр ёстой л олон гол дүртэй үлгэр аятай болж хувирав. Улс төрийн зорилго агуулсан гэмээр мэдэгдлүүд ч ар араасаа хөвөрч олон түмний толгойг ч жинхэнэ утгаар нь эргүүллээ. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу, яг юу болоод байгааг ч ойлгох энгийн ард түмэн тун цөөхөн байх юм. Гэтэл тэдний буруу, тэрний буруу гэсэн улстөрчид л их байна.
Ингээд та бүхэнд асуудал анх сөхөгдсөн үеээс өдийг хүртэлх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хэн юу хэлэв гэдгийг эргэн тунгаая.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгуулийн санал хураалтын өмнөхөн шуурхай хэвлэлийн хурал зарлаж энэ Эрдэнэтийн хувьчлалыг сөхсөн. Тодруулбал, тэрбээр, “Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг зарлах гэсэн юм. ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр боллоо. Монголын компани гэдэг нь ХХБ-ны төлөөний компани болох “Монголын зэс” компани юм. Ингээд Эрдэнэт үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм. Мөн тус үйлдвэрийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсад үлдэх болж байна.
Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг дагасан бүх барилга байгууламж Монгол Улсад дагаж шилжиж ирнэ. Монгол Оросын хамтарсан “Монросцветмет” компани энэ жишгээр 100 хувь Монгол Улсын аж ахуйн нэгж болж байгаа.
Хоёрдугаарт, зургаадугаар сарын 30-наас эхлэн хоёр тал ал¬бан ёсоор байр сууриа илэр-хийлж мэдэгдлүүдээ гар¬гаж эхэлнэ.
Гуравдугаарт, энэ асуудлыг Оросын талын хам¬гийн өндөр төвшинд шийд¬вэр¬лэсэн гэдгийг хэлэхийг хүсч байна.
Дөрөвдүгээрт, “Ростех” компани зөвхөн энэ хэлбэрээр хэлэлцээрийг хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримт энд байгаа. Энд Монголын Засгийн газар болон аль нэг улсын Засгийн газар аль нэг гуравдагч этгээдэд 49 хувиа зарахгүй.
Тавдугаарт, хэн нэг гуравдагч этгээд энэ хэлэлцээрт оролцохыг хориглосон гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.
Зургаадугаарт, хэрвээ Монгол Улсын компани худалдан авсан 49 хувиа зарах тохиолдолд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт эхний ээлжинд зарна.

Энэ мэдэгдлийн дараа улс төрийн намууд ээлж дараалан мэдэгдэл гаргаж эхэлсэн юм. Тодруулбал, МАН-ын зүгээс УИХ-ын сонгуулийн са¬нал хураалт явагдах гэж бай¬гаа эгзэгтэй мөчид АН-ын удирдлага, тухайлбал Ерөн¬хий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувь¬даа завших луйвар хийж бай¬гааг Монгол Ардын Нам эрс эсэргүүцэж байна. 49 хувийг Монгол Улсын иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хувь болгон эзэмшүүлэх ёстой. Мөн УИХ, Засгийн газарт огт танилцуулалгүйгээр гадаадын оффшор компанид сонгон шалгаруулалтгүйгээр өгсөн асуудлыг Үндсэн Хуулийн Цэцэд өгнө.

Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нар 49 хувийг Монгол Улсын мэдэлд өгч буй асуудлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Сонгуульд бүгдээрээ анхаарал хандуулсан энэ цаг үед Засгийн газар УИХ-д танилцуулахгүйгээр хамгийн нэр хүндтэй, чухал асуудлыг хувийн компанид зарна гэдгээ сайн мэдээ гэж зарлаж байна. Аль нэг тал нь өөрийнхөө хувийг зарах гэж байгаа бол нөгөө талынхаа Засгийн газарт мэдэгддэг. Нөгөө талын Засгийн газар нь авах эсэхээ албан ёсоор ил тод нээлттэй хэлэлцэж шийдвэрлэдэг. Тэр утгаар нь аваад үзэхэд үнэхээр Оросын тал өөрийнхөө хувийг зарахаар болсон бол манай Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой. УИХ Засгийн газарт ав гэсэн үүрэг даалгавар өгөх ёстой. Бид Оросын 49 хувийг зөвхөн Монгол Улсын Засгийн газар авах ёстой гэсэн байр суурийг барьж байгаа. Эрдэнэтийг авч байгаа нөхдүүдийг харахад 2.2 хувь буюу 49 хувь нь Монголд бүртгэлтэй, бусад 51 хувь нь гадаадын нөхөд авч байгаа мэдээлэл бий. Тиймээс үүнийг зогсоох ёстой” гэв.

Харин УИХ-ын дарга асан З.Энхболд Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж буй асуудлын талаар байр сууриа сонгуульд санал өгөх үедээ илэрхийлэв. Тэрбээр “Манай улсын олон жилийн бодлого бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оросын талд тавьдаг байсан. Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдэж, Оросын талаас албан ёсоор зарах санал ирсэн. Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэр Монголынх болох гэж байна. Хуулийнхаа дагуу УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Үүнийг сонгуулийн улс төр болгож байгаа нь туйлын харамсалтай. Энд ямар ч улс төр байхгүй, Монгол Улсын баялаг Монголын мэдэлд ирж байгаад дургүйцэж байгаа зарим нэг хүмүүсийг огт ойлгохгүй байна. Гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй юм. Энэ дагуу л манайд санал тавьсан, тэр дагуу бүх ажил явагдана. МАН, МАХН болон хууль бус шахааны бизнесийнх нь эрх ашиг хөндөгдөж буй зарим бизнесийн байгууллагууд цуу яриагаа зогсоох хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт Рио-Тинто өртгөө нөхсөнийхөө дараа Монголын талд зарах санал тавих байх. Тэр үед бас л өнөөдрийнх шиг хий хоосон улс төр хийж болохгүй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдах саналыг Оросын талаас тавьсан, бас ингэж улстөржиж байгаад аваагүй байдаг юм. Энэ бол сургамж Битгий улстөрж” хэмээж байсан юм.

МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын “Ростех” компанийн эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна. Манай ХХБ-ны 95 хувийг монголчууд эзэмшдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон “Монгол зэс” компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна. ОХУ-ын “Ростех” компани “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа Хөгжлийн Банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд “Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улстөржүүлж буй нам, эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.
Хэрэг явдал иймэрхүү маягтай өрнөж байгаад сонгуульч дуусч МАН ч үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэтэд дахиад л хэрэг явдлыг сөхөж, бөөн шуугиан дэгдээж эхэлж буй цаг мөчтэй одоо бид учран золгоод байна.

УИХ-ын дэд дарга болсон Ц.Нямдоржийн тухайд “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн талаар шийдвэр гарч, зургаан сарын хугацаа өнгөрч байна. Байдал учир битүүлэг хэвээрээ байна. Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байна” гэж онцолсоор арав гаруй хоногийн өмнө хэвлэлийн хурал зохион байгуулав.
Улмаар “Эрдэнэт” үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон. Сангийн сайд байсан Б.Болорын “Эрдэнэтийн 51 хувийг нөгөө талд бэлэглэсэн хоёр нууц тушаалыг хүчингүй болго. “Эрдэнэт”, Монголросцветмент”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг шинээр дахин хий. Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх хүмүүсийг шинээр дахин томил. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг томилохдоо 51:49 гэсэн харьцаагаа баримтал гэв.
Мөн Ростнекийн гүйцэтгэх захирал Монголын засгийн газарт 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалз. “Монголиан коппер корпораци” зөвшөөрөл олго гэсэ албан бичиг илгээсэн байдаг. Уг нь ийм саналыг хувийн байгууллагын захирал бус засгийн газар нь илгээх учиртай. Үүний дараа ОХУ-ын ерөнхий сайд Монголын засгийн газар зөвшөөрвөл 49 хувийг зарахыг зөвшөөрч байна гэсэн захирамж гаргасан байгаа юм. Засгийн газар ОХУ-ын хувийн хэвшлийн байгууллагаас ирсэн албан бичигт үндэслэн, тогтоол гаргаж, бүх нөхцлийг нь хүлээн зөвшөөрсөн нь буруу. Хэсэг бүлэг хүмүүс далдуур хуйвалдаж, Монголын ард түмнийг 30, 40 жил тэжээсэн ганц үйлдвэрийг сонгуулиар далимдуулж, хувийн болгож байна. Одоо 51 хувийг эзэмшиж байгаа Монголын төр, 49 хувийг худалдаж авсан гэх хүмүүстэй дотооддоо учраа олох хэрэгтэй.
Энэ асуудлаар надад Засгийн газарт байхгүй мэдээллүүд хүртэл байна шүү. Нотлох баримтын хэмжээнд үнэлж болохуйц хангалттай мэдээллүүд байна. Энэ Эрдэнэтийн 49 хувийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн Ц.Элбэгдорж. Хэрэв энэ асуудал Ерөнхийлөгчийн хүрээнд яригдах байсан бол УИХ-д үүнийг оруулж ирэхгүй яасан юм. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны өдөр 49 хувийг шилжүүлэх Засгийн газрын хурал дээр Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилчин өдөржин танилцуулга хийсээр байгаад шийдвэр гаргуулсан байсан.

Тэрбээр “ Эрдэнэтийн хувьчлал гэсэн нэр томъёо хэрэглээд байна. Хувьчлал явагдаагүй. Гадна талд байсан 49 хувь Монголын ААН-д ирсэн гэж харж байна. Нэр томъёоны хувьд ингэж ойлгох нь зүйтэй. Монголын Засгийн газар "Эрдэнэт"-ийн гадна талд байгаа хувийг авах талаар үеийн үед л ярьж байсан. "Эрдэнэт"-ийн асуудлыг ҮАБЗ-өөр яриагүй. Ярих ёстой гэсэн хууль тогтоомж байхгүй. “Эрдэнэт үйлдвэрийн тоос шороонд хутгалдаж явсан үе надад бий. 10 дугаар ангиа төгсөөд анх би тэнд ажилд орж, анхны цалингаа авч байсан. “Эрдэнэт”-ээс Ардын их хурлын депатутаар сонгогдсон. “Эрдэнэт”-д миний хувийн сонирхол байхгүй, цаашаа ч сайн яваасай гэж боддог. Хүмүүсийн сонирхлыг Эрдэнэтийн асуудал татаж байна. Хувьчлал явагдаагүй, худалдан авалт явсан болохоор хувьцааны тухай асуудал байхгүй. Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийн асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан юм харагдаж байгаа. Наадмын өмнө би МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн, "Эрдэнэт" дээр хууль зөрчсөн юм байгаа бол хамгийн түрүүнд хэлэлцээрэй гэж. Буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Тэгэхээр би үүний ард улс орны эрх ашиг бодсон яриа байхгүй. Цэвэр улс төр гэж харж байна. Та нар нэг зүйлийг сайн мэднэ дээ. Сүүлийн 20 гаруй жилд илүү анзаарагдсан. Улс төрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг. Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл. Нэгнийхээ янзыг үзэх гэсэн, эсвэл дээшээ албанд шунасан л үйлдэл. В.Путин Ерөнхийлөгчөөс асуухад монголчууд өөрсдөө Эрдэнэт үйлдвэрээ аваад явчихна гэдэгт би итгэж байна гэсэн” хэмээн сэтгүүлчидтэй Зангиагүй уулзалт хийх үеэрээ онцлов.
Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёрын аль нь үнэн ярьж байгаа эсэх удахгүй тодорхой болох биз.
Нэг талаараа “Эрдэнэтийг нууцаар авсан нь үнэн бол хамгийн ухаалаг байдлаар дараачийн алхмаа яаж хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй ч юм шиг. Нөгөө талаараа Эрдэнэтээ салгаж авсан нь аз завшаантай ч юм шиг болж хувирсан энэ асуудалд хэн цэг тавих бол оо.
Гэхдээ нэг зүйлийг тодотгон хэлэхэд, "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалтай холбоотой энэ маргаан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр яригдах нь дамжиггүй боллоо.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна