УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр/2016.10.04/ болж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 72.6 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заажээ.
Төсөл батлагдсан нөхцөлд татварын хөнгөлөлт эдлэх хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжих юм.
Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Монголчууд бие биендээ бараа зараад баяжихгүй, хөгжихгүй. Дэлхийн зах зээл рүү гарч байж хөгжинө. Экспортыг дэмжих чиглэлд татварын хөнгөлөлт үзүүлэх нь илүү оновчтой. Мөн салбар харгалзахгүйгээр жилийн орлого нь 1.3-1.5 тэрбум төгрөг дотор эргэлддэг бол ААНОАТ-ыг нь 50 хүртэл хувиар хөнгөлдөг байдлаар шатлалтай тогтоох нь зөв болов уу" гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Засгийн газрын өргөн барьсан агуулгаар УИХ энэ хуулийг баталбал Үндсэн хуулийн зөрчил үүсгэх учраас татвар төлөгч бүртээ төр тэгш хандах гэдэг агуулгаар нь нэг бол салбараар нь ялгаварлаж байгааг болих, эс бол орлогоор ялгаварласнаа устгах хоёр арга замын нэгийг нь сонгох шаардлага үүсэж байна" гэлээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна