Эр хүний хайр сэтгэл ходоодоор нь дамжин өнгөрдөг гэдэг. Ингээд бодохоор дэлхийн топ эрэлттэй шилдэг 5 мэргэжлийн нэгд тогооч ордог нь ч аргагүй юм байх л даа. Хамгийн сонирхолтой нь хайр сэтгэлээ ходоодоороо арилжиж орхидог нөхдүүд нь өөрсдөө шилдэг сайн тогооч нар байдаг нь дэлхий нийтийн жишиг. Эрэгтэй тогооч л хамгийн шилдэг, шедээвр нь байдаг гэж хаа сайгүй л дуулаа биз дээ. Манайд ч ялгаагүй шилдэг брэнд тогоочид нь эрчүүд байдаг юм байна.

Итали Г.Тэнгис
“Онгорхой шүдээрээ имиж хийсэн” ойгүй стильтэй Г.Тэнгис мэргэжлийн тогооч болохын тулд Итали тогоочийг дагалдан хоёр жил цалингүй ажилласан гэдэг. Тийм ч учраас Итали Г.Тэнгис нэрт болсон. “Монголын Итали тогоочдын холбооны тэргүүн”-ээр хүртэл сонгогдсон мань эр өөрийн эзэмшлийн дөрвөн ч ресторантай. “Venezia” итали хоолны ресторан нь гэхэд л нутгаа санасан Италичуудын ходоодыг сэтгэлтэй нь дүүргэдэг ганц газар гэж байгаа. Тэрээр “Хоол бол зөвхөн ходоод дүүргэх төдий зүйл биш. Харин хамгийн чухал хэрэгцээтэй зүйл төдийгүй хачин гоё урлаг” хэмээн афоризм маягийн үг айлдсан байдаг. Хэлсэн үг, хийж байгаа хоолоороо үйлчлүүлэгч нарынхаа сэтгэлийг эзэмдэж, итгэлийг олсон Г.Тэнгис он солигдох мөчид ёстой л ховрын бараа болдог. Ялангуяа Итали хоол, дарсанд дурлагсад түүнийг гэртээ урьж залан, заавар зөвлөгөө авах гэхдээ амар заяаг нь үзүүлдэггүй юм гэсэн.

Пиццаны анхдагч Я.Энхээ
Явж үзээгүй газар, амталж үзээгүй хоол тун цөөхөн үлдсэн тогооч Я.Энхээ бээлий өмсдөггүй, шүлсээ үсчүүлэн телевизээр хоол хийхийг заадаг хэмээн нэгэнтээ шүүмжлүүлж байсан удаатай. Харин хариуг нь тун соёлтойгоор ил шулуухан ийн хариулсан. «Тогооч хүн хэзээ ч бээлий өмсдөггүй, тэр чинь зүгээр шоу. Яагаад гэвэл хоол биш хуруугаа амталдаг учраас» хэмээн товхийсэн хэдэн үгээр амыг нь тагалсан. Арааны шүлс асгарам хоолоо амттай яриагаар хачирлан “Хоолондоо” нэвтрүүлгээр нэгэн үе үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж байсан эр дөрвөн рестораныхоо дунд үүргэвч үүрэн, дугуй жийж гүйсээр өдрийг бардаг гэнэ лээ. “Silk road”, “Saffron Bistro”, “40K”, “Gandan View” зэрэг ресторанууд түүнийх.
Германд долоон жил ажиллаж амьдарсан тэрээр анх зөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж улмаар тогооч болох хүсэл сонирхолд хөтлөгдсөн гэдэг. Ингэхэд түүнийг Монголд анх пицца оруулж ирсэн гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Чухам пиццаны онцлогоор ресторануудынхаа үүд хаалгыг нээсэн нь нэгэнт түүх болон үлджээ.
Физикч, технологичоос тогооч болсон Дэми
Дэлхийн номер нэг тогоочийн шавь гэдгээрээ бахархаж, хаана ч хийсэн бүтээснээрээ илүүрхэж явдаг Дэми буюу С.Батмөнхийг шилэгдмэл ресторанаар үйлчлүүлдэг эрхэм дээдэсүүдээс эхлээд жир ардууд ч андахгүй. Анх Англид мэргэжлээ дээшлүүлэхээр суралцаж байхдаа сургалтын төлбөрөө олох зорилгоор Хятад ресторанд зөөгч хийсэн нь хамаг хэргийн эхлэл байсан гэдэг. Ийн цөмийн физикч, технологич эр тогооч, хоолчин болсон түүхтэй. Өнөөдөр тэр Монголын шилдэг тогоочдын тэргүүн эгээнд бичигддэг. Хувьдаа ресторангүй хэдий ч Монголын номер нэг бэлтэй эрхмүүдийн үйлчлүүлэх дуртай Будда Вистагийн “London pub”, “Asiana”, Сентрал тауэрын “Monet” зэрэг ресторануудыг хариуцан, зөвлөх тогоочоор ажиллаж байна. Дэмиг хувийн ресторантай болохыг хүсэн хүлээсэн үнэнч үйлчлүүлэгчид бөөн бөөнөөрөө бий боловч мань хүн театр шиг ресторантай болж байж өөрийн ресторанаа нээх байх. Учир нь Дэмигийн ходоод гижигдсэн, хорхой хүргэм хоолыг амтлахыг хүсвэл та театрт ирж байгаа юм шиг хувцаслаж ирэх шаардлагатай. Тэгж байж Дэмигийн шүлс асгаруулам хоолноос зооглож амтны таашаалыг мэдрэх болно хэмээн нэгэнтээ хэлсэн нь бий.

“Гүн Шим”-ийн Ш.Эрдэнэхүү
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний соёлын салбарт өөрийн мэдлэг оюунаа зориулж, хоолыг хэрхэн зүй зохистой энгийн аргаар боловсруулж идэхийг цэнхэр дэлгэцээр сэтгэлд хоногштол заасан тогооч бол Ш.Эрдэнэхүү. Ихэмсэг, цэмцгэрээрээ алдартай Ш.Эрдэнэхүү тогооч жижиг цайны газраас ажлын гараагаа эхэлж “Гүн–Шим” сургалт төв болтол нь өргөжүүлсэн байдаг. Насны хувьд дээрх тогоочдоос ахимаг хэдий ч залуусаас дутахааргүй орчин үелэг түүний хэлэх дуртай үг нь “Хоол хийх, хайрлан дурлах хоёртоо үнэн сэтгэлээсээ хандъя”.
Эцэст нь ганц өгүүлбэр нэмэхэд тогооч нар төрөхдөө цэвэр цэмцгэр, дэгжин ганган төрсөн юм шиг биеэ авч явах соёл, өмссөн зүүсэн нь бусдаас нэг л өөр харагдах. Чухам ганган хээнцрээрээ, зөөгчөөс тогооч руу шимтсан замнал нь тэдний нийтлэг нэгэн онцлог юм уу.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (8)