Д.Уламбаяр: Та нарын  “үзүүлдэг хурууг”  л өөрсдөд чинь  гаргамаар   байна
2016/10/03

Бие даагч иргэдийн холбооны зохицуулагч  Д.Уламбаярыг уншигчид маань "Монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХААН" номоор нь, мөн нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ  хийсэн,  тодорхой эрх бүхий хувь хүмүүст   хандсан  цуврал захидлаар нь таньж байгаа биз ээ. Тэгвэл тэрбээр энэ удаад Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд  Б.Чойжилсүрэн нарт хандан ээлжит захидлаа бичжээ.

Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд  Б.Чойжилсүрэн нарт

Өнгөрсөн Баасан гарагт буюу 9 сарын 30-ны өдөр хувийн хэвшлийн гэх тодотголтой МСҮТ-үүдийн хэдэн Захирлууд  бие биенээ сураглаж  ХННЯ,  болон  Сангийн  яамны  үүдэнд  цуглацгаав.  Төсвөөс өгдөг хувьсах зардлыг хассан  тул энэ жил багш ажилтныхаа цалинг тавих боломжгүй болсон гэсэн мэдээллийг  Захирлуудын хэн нэг нь хувийн шугамаар  сонссон тул үүний   учрыг магадалхаар  түргэн авцгаасан  нь энэ.

Яамдын холбогдох албаны хүмүүсийн ярианаас үзвэл энэхүү мэдээлэл үнэн бөгөөд ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол батлах үед энэ зардлыг тэвчиж болох зардал гэдэгт оруулж хасагдсан байна.  Төсвийн тодотголыг хийж байхад Хөдөлмөрийн яамны холбогдох хүмүүс энэ зардлаа Сангийн яаманд  ойлгуулах,  хамгаалах талаар төдийлөн идэвхи санаачлага гаргаагүй тул  тэгэсгээд хэн ч анзааралгүй өнгөрөөсөн бололтой.

Сангийн яамны холбогдох албаны хүмүүс энэ асуудлыг нааштайгаар авч үзэж асуудлыг шийдэх гарцыг хамтдаа эрэлхийлье гэсэн хариу  сонсоод  бага зэрэг тайтгарч Даваа гарагт сайд дарга нарыг ирэхээр уулзалдах болоод тарцгаав.

Мөн энэ үеэр Н.Номтойбаяр сайдын гарын үсэгтэй нэг албан тоот бидэнд ирсэн  нь    зэвүү дургүй хоёр зэрэг хүрэх шалтаг болж энэхүү захидлыг бичихэд хүрэв. Болгооно биз. Бичгийн утга нь “МСҮТ-д сурдаг хүүхдүүдийн  тэтгэлэг болох 70.0 мянган төгрөг төсвийн тодотголоор хасагдсан, бас тодорхойгүй хугацаагаар олгох боломжгүй болсон, энэ тухай хүүхдүүдээ хэл, тэгээд хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн санааг илэрхийлжээ.   Яагаад ч юм мэдэхгүй ойрхон байсан бол  та нарын  “үзүүлдэг хурууг”  л өөрсөдөд чинь  гаргамаар   байна даа.  Одоо учрыг нь  тодруулья. 

Нэгэн зүйл: Хүн бүр хүүхдээ их дээд сургууль дүүргэж “дээд боловсролтой худалдагч”  болгоно гэдэг шуурга овоо намжиж МСҮТ-үүдийн нэр хүнд иргэдийн дунд аажим ч болов өсөхөд нөлөөлсөн хамгийн том хөшүүрэгийн нэг  бол наад 70.0 мянга.  Их дээд сургуулийн оюутнуудад өгч буй тэтгэлэгээс цаад   зориулалт нь  “ Галсан мээрэнгийн эхнэр гэдэг чинь шаал өөр хүн байхгүй юу...” гэдэг шиг юм.    

Нэгэн зүйл: Монгол Улсад үйл ажиллгагаа явуулж байгаа 90 гаран МСҮТ-үүдэд нийтдээ  42.0 мянга орчим хүүхдүүд суралцаж байна.  Эрхэм гишүүд, сайд дарга  та нар  анзаарсан бол энэ хүүхдүүдийн 60 гаран хувь нь бүтэн болон хагас өнчин,  90 гаран хувь нь оюутны 70 нь өрхийн  орлогыг бүрдүүлэхэд багагүй жин дарах нөлөө үзүүлдэг айлын хүүхдүүд. МСҮТ-д сурах болсон шалтгаан нь төлбөргүй сургуульд, цалин авч сурах,  тэтгэлэгээ  ар гэрийнхээ амьдрал ахуйд   нэмэр  болгох  зорилготой байдаг.  Үүнийг ойлгооч гэж гуйж байна.

Нэгэн зүйл: Эрхэм сайд Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн та  нар мэдэж л байх учиртай. Одоо  бизнесменүүдэд, баялаг бүтээгчдэд мэргэжилтэй ажилтан олох ямар хүнд байдаг,  мэргэжилтэй  ажилтан бэлтгэхэд зарцуулсан төгрөг тутам хэд дахин нугарч бизнесменүүдэд ашиг, улс орны эдийн засагт баялаг болж болж бүтээгдэж байдаг шүү дээ. АН-ыг засаг барьж байхад АНУ-ын Мянганы сорилын сангаас овоо хөрөнгө орж ирж энэ салбарыг  өөд нь татаж өгсөн. Тэр ч өнгөрөв бололтой. Тэдний капиталистууд аль салбарт мөнгө хаявал илүү өгөөжтэй гэдгийг мэдэж байна. Өөрсдөө манайдаа л кап-уудын нэгд тооцогдох  байж Америкчуудаас суралцаач, санаа аваач.

Нэгэн зүйл: Ингэхэд та бүхэн МАН-ынхаа “зүүний төвийн үзэл” гээч юмныхаа учрыг ойлгодог юм уу ер нь.  Намын үзэл санааны үнэт зүйл  тань ажилчин анги, нийгмийн хамгаалал, нийгмийн баялагийг цөөн хүний гарт төвлөрүүлэхэд тааламжгүй хандах   гэсэн суурин дээр зогсдог байх ёстой доо.     Намынхаа үзэл санаа, үнэт  зүйлийн эсрэг “бослоо”  доо.

Нэгэн зүйл: Энэ шийдвэр ямар ёс зүйгүй, хүн чанаргүй, төрийн бодлого, залгамж чанарын ямар ч үнэр үгүй байгаа нь гомдмоор бас халаглаж харамасмаар.  Бодоод үз л дээ. Та нар өөрсдийнхөө цалингаа хасч чадаагүй байж хөөрхий хүүхдүүдийн цалинг хасчихаад хүүхдүүддээ хэл хамтарч ажилла хэмээн бидэнд  лүндэгнэж байдаг. Сард хамгийн багадаа 200.0 мянган төгрөгний төлбөр авдаг хувийн цэцэрлэгүүд,  жилийн 4.0-50.0  сая  төгрөгний төлбөртэй хувийн ЕБСургуулиудын хувьсах зардлыг өгчихөөд  суралцаж байгаа хүүхдүүдийнх нь эцэг эхийн төлбөрийн чадвараас хамаарч ямар ч төлбөр авдаггүй, төрөөс өгдөг хэдэн төгрөгөөр амьжигаагаа залгуулдаг сургуулиуд,  үүнээсээ болоод багш нартаа олигтой ч цалин өгч чаддаггүй бор зүрх, сэтгэл хоёроороо халаасаа түнтийгэж явдаг  хэдэн ядарсан багш нарын цалинг  хямрал нэрээр танаж орхив. Тэр хэмнэсэн мөнгө нь 1,9 тэрбум төгрөг юм байна.  Эрхэм сайдуудын  халаасны   мөнгөөр   40 гаруй  сургуулиуд амьдарч байна даа.   

Нэгэн зүйл: Түүх сөхвөл, Эх орны дайны дараагаас Монгол улс МАХН-ын удирдлага дор  мал  аж ахуйн орноос хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болох зорилт тавигдаж нэгдэлжих, атарыг эзэмших анхдугаар аян,  аж үйлдвэрийн комбинатуудыг ашиглалтанд оруулах тэдгээрт ажиллах мэргэжилтэй ажилтан, ажиллах хүчийг бэлтгэхийн тулд ТМС-үүдийг  хот хөдөөд олноор байгуулж эхэлсэн байдаг.  Энэ сургуулиудыг төгссөн алтан гартай мэргэжлийн ажилчин анги бий болж тэдний  хүчээр  САА-нууд,  Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Налайх, аймгийн төвүүдийг  бүтээн байгуулсан. Өмч хувьчлалаар бидний хувааж идсэн  олон үйлдвэр заводуудыг тэд барьж байгуулжээ.

Нэгэн зүйл:  Монгол улсын  “Хөдөлмөрийн баатар” хэмээх цолыг 1956 онд бий болгож түүнээс хойш 400 орчим хүн энэ алдар хүндтэй цол хэргэмээр шагнуулжээ. Эднээс  100 гаруй нь малчид, 50 орчим нь зохиолч, бөх,  тамирчид байдаг бололтой. Бусад  нь өнөөх ТМС төгссөн тракторчид, комбайнчид, жолооч нар, оёдолчид, үйлдвэрийн ажилчид байдаг гэсэн шүү.  Нэг иймэрхүү салбарыг 100  хоногийн дотор багтааж шууд үнсэнд шидлээ.

Нэгэн зүйл: Улс орны эдийн засаг хүнд байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Бид бас сайн дураараа  хувийн сургууль байгуулж ажиллуулж байгаа гэдгээ мэдэрч байгаа. Гэхдээ 70 өгөхөө больсон гэвэл манай хүүхдүүдийн тал нь сургуулиа шууд хаяаад гудманд гарна гэдгийг ч бас мэдэж байгаа тул тэдний өмнөөх хэн нэг нь хэдэн хатуу үг чулуудах ёстой биз дээ. Шивэртэй гээд хөлөө тайрдаггүй  гэдэг.

Нэгэн зүйл: Эцэст нь нэг тоог олон нийтэд зориулж зориуд дурьдая. МСҮТ-д  9-р анги төгссөн хүүхэд элсэн суралцдаг.  Хүүхэд 6 настайгаасаа сургуульд  ордог болсоноос шалтгаалж ихэвчлэн  15 настай хүүхдүүд бидний гар дээр ирдэг. Манай МСҮТ-үүдэд суралцаж байгаа 42.0 мянган хүүхдийн 90 гаран хувь нь  18 насанд хүрээгүй хүүхдүүд.  Өөрөөр хэлбэл тэд  сонгуульд орж санал өгдөггүй.  Орон нутгийн сонгуульд та нарт хэрэг болохгүй “гологдол”  оюутнууд. Энэ нь л тэднийг цалингаасаа салахад нөлөөлөв бололтой хэмээн хардаж байна. Ингэж хардахаас ч өөр арга алга.  Учир нь санал өгдөг Их дээд сургуульд сурдаг оюутнуудын цалинг та бүхэн хасч зүрхлээгүй аваад үлдсэн шүү дээ.  

Одоо тэгээд яах вэ гэвэл: 

1-рт: Ерөнхий сайд, Сангийн сайд, ХНХ-ын сайдууд энэ 42.0 мянган хүүхдээс  хэвлэл мэдээллээр дамжуулж уучлал гуйх нь зүйтэй. Нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чингээр нь ялгавлан гадуурхаагүй юм бол түүнийгээ хэл.

2-рт: Ямар нэг аргаар мөнгө гаргаж энэ хүүхдүүдийн тэтгэлэгийг  энэ ондоо багтааж олго.  

3-рт: Одоо хэлэлцэх  ирэх оны төсөвтөө энэ тухай бүү мартчихаарай. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    has uls oron kesuu bna keden tug keregtei bna
    2016 оны 10 сарын 03 | Хариулах
Сонин хачин