Ж.Эрдэнэбатын засгийн газар хүндхэн эдийн засаг хүлээж авсан. Хүнд эдийн засагтай манай оронд гараа сунгачих олон улсын санхүүгийн байгууллага ч гарч ирээгүй. Улмаар Дэлхийн зах зээл дээрээс бонд босгоё гэсэн ч манай эдийн засаг тэнцэхгүй байсан. Харин сүүлийн боломж нь ОУВС-гаас зээл тусламж авах явдал байлаа. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хамгийн түрүүнд ОУВС-аас тусламж хүссэн. Энэ дагуу ОУВС-гаас манай улсад ирж эдийн засгийн бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, судалгаа явуулсан. Монголын засгийн газар ч ОУВС-тай хэд хэдэн удаа хэлэлцээрт орсон.
Гэтэл 20 гаруйхан хоногийн өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-тай хамтарч ажиллах нь арай эрт байна гэсэн хариулт өгч байв. Харин өнөөдөр байдал эсрэгээрээ эргэлээ.

ОУВС-тай Мэргэжлийн засгийн газар хамтарч ажиллах нь тодорхой боллоо.
Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 26-ны өдөр ОУВС-гийн Суурин төлөөлөгч Нейл Сакерийг хүлээн авч уулзсан билээ.
Уулзалтын үеэр Нейл Сакер, ОУВС-гаас улс орнуудад орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн уян хатан нөхцөлийн талаар Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуулж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд онцгой анхаарч, энэ талаар “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллах, энэ чиглэлээр удахгүй Улаанбаатарт ирэх тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн.
Ер нь ОУВС хүндхэн эдийн засагтай орнуудад тусалдаг. Гэхдээ энэ нь цаанаа учиртай. Эрдсэл ч их дагуулдаг.

Тодруулбал, 1952 оноос эхэлсэн энэхүү зээлийн хөтөлбөрийг эдийн засаг нь дампуурсан, эсвэл дампуурахад тун ойртсон орнуудад санхүүгийн өндөр шаардлага дор хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн зээлийг авч байгаа улс орнууд ОУВС-тай тодорхой асуудлаар тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулдаг. Түүнийг нь тухайн улс үг дуугүй мөрдөх үүрэгтэй. Төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийг танах, мөнгөний хатуу бодлого явуулах, зээлийг хумих зэрэг шаардлагуудыг хамгийн түрүүнд тавьдаг байна. Тийм учраас энэ хөтөлбөрийн хүнд хэцүү нь ард түмний нуруун дээр шууд буудаг. Энэ нь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ОУВС-гийнханд огт падгүй. Тэд хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд төсвийн орлогоо ингэж нэмэгдүүл, үүний тулд татвараа нэм, зардлаа хас гэж тулгадаг. Үүнээс гадна манай улсын санхүүгийн эрх мэдлийг удирдана. Өөрөөр хэлбэл, монголчууд бид эдийн засгаа өөрсдөө удирдаж чадахгүй боллоо гэдгээ хоёр гараа өргөн хүлээн зөвшөөрч Сангийн яам, Монголбанкны эрх мэдлээ гаднынханд өгч байгаагаас бараг ялгаагүй.
Үүгээр зогсохгүй гадаад ертөнцөд Монголын тухай сөрөг сигналь л түгнэ. Эдийн засаг нь дампуурч байгаа, тогтворгүй улс учир хөрөнгө оруулах хэрэггүй гэдэг үгс л дэлхийгээр тэнэнэ.
Гэвч бид вальютын сангаас зээл авч хэвтэрт орсон эдийн засгаа түр сэхээнд орруулахаас өөр аргагүй байдалд байгаа бололтой. Одоогоор хэдий хэмжээний зээл авах нь тодорхойгүй байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна