Ц.Нямдорж: Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг өөрийн болгох луйвар явагдаж байна
2016/09/29

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яг одоо Төрийн ордонд "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. 

Оросууд “Эрдэнэт” үйлдвэрт эзэмшиж байсан 49 хувиа зарах шийдвэр гаргаж, түүнийг нь Монголын хувийн хэвшлийн компани худалдаж авсан. Гэхдээ энэ асуудлыг МАН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн төдийгүй Засгийн газраас эл асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Засгийн газар шинээр байгуулагдсан даруйд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой. Энэ асуудлыг би шахаж ажиллах болно хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэрбээр " "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн талаар шийдвэр гарч зургаан сарын хугацаа өнгөрч байна. Байдал учир битүүлэг хэвээрээ байна. 

Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байна. 

ТУЗ-ийн хурал болоод зургаадугаар сарын 27-ны өдөр дүрэм батлагдсан. Гэтэл өнөөдөр ТУЗ-ийн дарга гэдэг хүн ойлгомжгүй байна.

Хоёрдугаарт "Эрдэнэт" үйлдвэр ноднин жилийн байдлаар 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 

Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй "Оюутолгой" компани 244 гаруй тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад "Эрдэнэт" үйлдвэр 10 дахин бага татвар төлсөн. Яахаараа нэг нь ийм багыг төлдөг билээ. Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг өөрийн болгох луйвар үүний цаана харагдаж байна. 

Гуравдугаарт энэ бүх ажиллагааны цаана ХХБ, УБ банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. Эрдэнэт үйлдвэр тойрсон бүх юм энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. Худалдаа Хөгжлийн Банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна" гэв.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин