Төрийн албан хаагчдыг дөрөв хоног ажиллуулъя
2016/09/22

Улсын данс улайж, эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгаа энэ үед төрийн албанаас эхлээд жирийн айл өрх ч хэмнэлтийн горимд шилжин идэх гурил, уух усаа хэмжих дээрээ тулсан.

Харин мэргэжлийн гэх тодотголтой МАН-ын Засгийн газрын эл хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй сөрсөн базаа нь шаардлагагүй зардлаа танаж, томоохон төслүүдийг хөдөлгөх.

Энэ дагуу ч тодорхой ажлууд хийгдэж, хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлж, цалинг нь танан, тэтгэмжийг нь бууруулж эхэлсэн юм. Өнгөрөгч зургаадугаар сарын байдлаар манай улсын нийт төрийн алба хаагчдын тоо 179,300 байжээ.

Харин эдүгээ энэ тоог 20 мянгаар цомхотгоно гэх мэдээлэл ч эдүгээ нийгэмд хэрүүлийн алим болж байгаа нь нууц биш. Гэхдээ дэмжигчид нь олон байгаа болов уу. Төрийн албаны зөөлөн суудалд тухалж, хүнд сурталд идэгдэн улсаас өндөр далин хүртэгсдийн тоо бага ч болов буурахыг дэмжихгүй хэн байх билээ.

Төрийн албаны өндөр босго, нэр хүндийг тэд л шороотой хутгасан. Тиймээс Ерөнхий сайдад дайх нэг санал байна. Ерөөсөө төрийн албаныхны ажлын өдрийг дөрөв болговол ямар вэ.

Эдүгээ хууль ёсоор долоо хоногийн таван өдөр ажиллах ёстой ч, баасан гараг төрийн гэх тодотголтой албан хаагчдын хувьд аль хэдийн амралтын өдөр болсон. Гэвч цалингаа авахдаа таван өдрөөр тооцож, цалингаа бүтэн хүртэж суугаа нь шударга систем биш.

Шуудхан хэлэхэд, цаг нөхцөөж, суудлын тоо бөглөн твиттер фэйсбүүкээр аялсных нь төлөө нэг өдрийн цалинг тэдэнд зүгээр бэлэглэдэг бичигдээгүй хууль үйлчилсээр хэдэн арван жилийг ардаа үдчихжээ. Харин одоо ажил хийж байгаа нь хохирч, ажилгүй суусан нь хождог үе өнгөрсөн.

Эдийн засаг хямарч хүн бүр бүсээ чангалж байхад энэ мэт үргүй зардлаа танах хэрэгтэй байна. Тухайлбал, Венесуэлээс үлгэрлэж яагаад болохгүй гэж. Газрын тосны арвин их нөөцтэй ч, тус улс манайх шиг эдийн засгийн хямралд нэрвэгдсэн.

Улмаар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эдийн засгийн онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд шилжсэнийг дэлхий нийт харсан. Эрчим хүчний хомсдол, эдийн засгийн хямралын улмаас төрийн албан хаагчдын ажлын өдрийг хоёр болгон бууруулж дэлхийд дуулиан тарьж байсан удаа бий.

Гэхдээ эрчим хүч сэргэх үеэс дахин таван өдөр болгон өөрчилж байсныг уншигчид санаж буй биз. Тиймээс ажлын өдрийн тоог бууруулж хоёр болгодоггүй юм аа гэхэд дөрөв болгочихвол айлын нялх үрсийг алагчилж, сарын 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нь “дараа өгье” хэмээн амлаж, нүүрээ ширлэж байснаас илүү боломжит хувилбар биш үү.

Тэднийг дөрөв хоног ажиллуулна гэж тооцвол нэг ажилтнаас сардаа хамгийн багадаа 80 мянган төгрөг хэмнэнэ. Харин 159 мянган төрийн албан хаагчтай гэж тооцвол сард 12 тэрбум, жилдээ 152 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байна.

Энэ мөнгөөр хэчнээн хүүхдэд сарын тэтгэмжийг нь олгох бол. Үүнээс гадна нэг өдрийн сул урсах эрчим хүчний хэрэглээ, бусад зардлыг ч хэмнэчихэж болж байна. Харин эдийн засгийн байдал сайжрах үед хэвийн байдалд нь шилжүүлэхэд болохгүй гэх газаргүй шүү дээ, эрхэм Ерөнхий сайд аа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • зочин
    Ажлын 6 цаг
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • зочин
    хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. илүү цаг хуралдсан гэж хоол худалдаж авсан, хурал зарласан мессежний зардал, хуулийн хэрэгжилт судлах нэрээр гаргасан зардал, ламаар ном уншуулах, өрөөгөө засварлах , бэсрэг наадам хийж гадаадад олноороо аялж байгаа зардлуудаа хэмнэх хэрэгтэй. төрийн албан хаагчдыг цомхон чадварлаг болгоно гэж ярьж байгаа боловч шинэ бүтэц орон тоогоор хэлтэс алба дэд дарга нарын тоо нэмэгдэж байна. жирийн төрийн албан хаагчдыг олноор нь хууль бусаар хоморголон халж эхэлж байна даа. оронд нь мөнгө төлсөн төрийн албан д битгий хэл улсад ч ажиллаж үзээгүй нөхдүүд орж төрийн ажил анхан шатандаа замарч байна даа
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
Сонин хачин