Засгийн газар концессын гэрээнүүдийн эрэлд гарлаа
2016/09/16

Концессын ухай хуулийг 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталж, тухайн үеийн Засгийн газар концессын гэрээгээр хийгдэх 200 гаруй төслийг жагсаажээ. Гэвч 2014 он гэхэд концессын гэрээний дагуу хоёрхон төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг.

Тодруулбал, Гашуун сухайт хилийн боомтын авто зам, Завхан аймагт баригдсан Тэлмэний дулааны цахилгаан станцын ажил зэргүүд л хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл шинээр байгуулагдсан Засгийн газар энэхүү концессын гэрээнд анхаарлаа хандуулж, хийгдсэн төсөл, хөтөлбөрийн гэрээнүүдийг эрж хайхаар боллоо.

ЗАМ БАРИХ КОНЦЕССЫН ГЭРЭЭНҮҮДИЙН ЗАРИМ НЬ ОЛДООГҮЙ

Уг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд концессоор маш олон төсөл, арга хэмжээний гэрээнүүд зурагдсан ч эдгээр гэрээ одоог хүртэл Засгийн газарт нэгтгэгдэж ирээгүй тухай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ сарын 07-ны УИХ-ын ээлжит бус чуулган дээр хэлж байсан юм.
Тэрбээр “Концессоор маш олон төсөл арга хэмжээний гэрээнүүд зурагдсан.

Үнэхээр замбараагүй, эх толгойгоо алдсан юм болсон. Одоо Зам тээврийн сайд нь сууж байна. Тус яаман дээр зурагдсан зам барих концессын гэрээнүүдийн зарим нь олдоогүй гээд л байж байна. Эрчим хүчний сайд нь сууж байна.

Аж үйлдвэрийн сайд баахан концесс зурсан. Замаар баахан концесс зурчихсан. Цэцэрлэг сургууль дээр хүртэл эргэн төлөгдөх нөхцөлөөр баахан гэрээ байгуулсан. Гэтэл одоо энэ бүх гэрээ нэгтгэгдэж ирээгүй гэж байна.

Ямартай ч улсын төсөв болон Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гурван их наяд 632 тэрбум төгрөг олгосон байна.

2016 оны аудит, Засгийн газрын хэрэгжилтийн тайланд концесс, Хөгжлийн банкны санхүүжилт, Үнэ тогтворжуулах гэдэгт дөрвөн их наяд төгрөг зарцуулсан байгаа. Энэ бүхний зарцуулалтаар аудитын нарийн дүгнэлт гаргах ёстой гэж бодож байна” хэмээж байсан юм.  

Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн тэр олон концессын гэрээ яагаад өнөөг хүртэл Засгийн газарт нэгтгэгдэн ирээгүй байна вэ гэдэг нь хачирхалтай.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Занданшатар ээлжит бус чуулганы үеэр Монголбанк, Засгийн газартай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн олон их наяд төгрөг хаана байгааг шалгах хэрэгтэйг ч хэлж байсан. Хэрвээ дээрх мөнгөнүүдийг эргэн төлүүлбэл олон зардлын эх үүсвэр эндээс гарч ирэх боломжтой аж.

Ямартай ч улсын төсөв болон Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гурван их наяд 632 тэрбум төгрөг олгосон байна.

Үүнээс 629 төсөл арга хэмжээнд 810 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс удаашралтай хэрэгжиж буй төсөл 58.7 хувь, огт хэрэгжээгүй 10 төсөл, дутуу хэрэгжилттэй 291 төсөл байгаа тухайг албаныхан хэлж байв.

ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРӨӨС КОМПАНИУД МӨНГӨ ЗАВШИЖ БАЙСАН

Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн оны долоодугаар сард Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгө завшсан барилгын компаниудыг хуулийн байгууллагад шалгуулахаар болсон ч энэ асуудал нам гүм болж байсан юм.

Тодруулбал, энэхүү хөтөлбөрийн хүрээнд 58 компани цемент, арматурын үнийг тогтворжуулах гэрээ байгуулаад арилжааны банкаар дамжуулж 131.6 тэрбум төгрөгийн зээлийг долоон хувийн хүүтэй авсан байдаг. Эдгээрээс 10 компани дангаараа 43.3 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй.

Иймээс зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нэр бүхий 10 компанийн зээлийг зах зээлийн хүүгээр төлүүлэх, Сангийн яамны тендерийн хар жагсаалтад нэрсийг нь бүртгүүлэх асуудлыг БХБЯ-нд даалгасан ч бас л замхарсан. Өнгөрсөн онд банкны жилийн зээлийн хүү 18-19 хувьтай байхад компаниуд долоон хувийн хүүтэй зээл авсан.  

Тиймээс тэд хүүгийн зөрүү болох 12 орчим хувийн хүүг улсад төлөх ёстой байсан ч тухайн үеийн БХБ-ийн сайд энэ асуудлыг хаацайлж худал ташаа мэдээлэл хэмээн бидний амыг хааж байсан юм.

Харин тухайн үед энэ асуудлыг шийдээд явсан бол өнөөдөр байдал ийм дээрээ тулахгүй байсан биз. Эдийн засаг хүндэрсэн энэ үед концессын гэрээгээр хийгдэх ажлыг гүйцэтгэх компани нь өөрийн хөрөнгөөр хийчихээд, эргээд мөнгөө Засгийн газраас тодорхой хугацаатайгаар буцааж авах нь хамгийн зөв гаргалгаа гэдгийг эдийн засагчид хэлж байв.

Ямартай ч энэхүү концессын гэрээгээр хийгдсэн төсөл хөтөлбөрүүдэд дахин аудитын шалгалт оруулж алдагдсан гэрээний хойноос Засгийн газар эрэлд гарлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин