Үлгэр үнэн болох цаг
2016/09/14

МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-аас хэд, хэдэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байгаа. Тодруулбал,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан байцааж эхлээд байгаа юм.

Тэгвэл түүний хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясманаас тодруулахад "Ерөнхийдөө мөрдөн байцаах ажиллагаа дуусах шатандаа явж байгаа аж. Хуулийн байгууллагаас Н.Энхбаярыг 7 удаа дуудсан ч өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирээгүй. Ер нь бол өмгөөлөгчтэй ч үгүй ч заавал ирэх үүрэгтэй. Харин ирсэн хойно байцаалт өгөхгүй байх нь тухайн хүний эрхийн асуудал. Цаашид мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахгүй байх нь зүйтэй. Н.Энхбаярыг Худалдан авахаар гэрээгээр халхавчилж бусдын обьектийг үнийн зарим хэсгийг төлөөгүй залилан мэхэлсэн, бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож өдөөн түлхсэн, гүйцэтгэх ажлын хууль тогт оомжийг зөрчсөн зэрэг хэргүүдэд яллагдагчаар татан шалгаж байна" гэлээ.  

Харин АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлсэн юм. Прокуророос уг хэргийг 2 сарын хугацаанд шалгаад шүүх рүү шилжүүлэх хуулийн заалттай. Эсхүл хэргийг мөрдөн байцаалтад буцааж болох юм. Тэгэхээр Н.Энхбаярт холбогдох хэргийг ирэх 11, 12 сард шийдвэрлэх нь гарцаагүй болж байгаа юм.

Н.Энхбаярын шалгагдаж буй нэг хэрэг: БАЙРНЫ АСУУДАЛ 

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Имтериал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий уг байрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр АНУ-ын иргэд Гинсбургаас худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан гэдэг. Уг АНУ-ын иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар МАХН-ын дарга Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. МАХН байрлаж буй хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь өнөөг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн А.Генсбургэд онц их хэмжээний хохирол учруулсан гэж түүнийг буруутгаж буй.

Хоёр дахь заалт: ЗУГТАЛТ

Нөгөөтэйгүүр тэрбээр мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байцаалт өгөхөөс удаа дараа зугтсан гэх асуудалд унаад буй. Энэ нь мөн хууль журмын дагуу шийдвэрлүүлэх ёстой. Тиймээс эл асуудлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1-ээр хэрэг үүсгээд байна.

Н.Энхбаярын тухайд өмгөөлөгч байхгүй гэсэн шалтгаанаар удаа дараа байцаалт өгөхөөс татгалзсан. Ингэхдээ өөрийнх нь хэрэгт өмгөөлөл үзүүлэх хүн олдохгүй байна гэдгийг тухайн үед онцолж байсан. Гэвч АТГ-аас өмгөөлөгчдийн холбоонд хүсэлт гаргаснаар түүнийг өмгөөлөх хүмүүс томилогдсон юм. Харамсалтай нь өмгөөлөгчтэй болсон ч мэдүүлэг байцаалт өгөөгүй. Энэ бүх шалтгаанаар шалгагдах хэргийн тоо нэгээр нэмэгдсэн гэсэн үг.

Тиймээс хууль тогтоомж үл биелүүлсэн, мөрдөн байцаалтад санаатайгаар саад учруулсан асуудлаар ч давхар шүүгдэх юм.

Гуравдахь хэрэг: Г.Шийлэгдамбын ноцтой мэдэгдлүүд ҮНЭН болох цаг

Харин бусдыг хээл, хахууль авахад хамтран оролцож өдөөн түлхсэн гэдэг нь Г.Шийлэгдамбын хэрэгтэй шууд холбоотой.  Г.Шийлэгдамбын ажлын өрөөндөө “гардуулсан” гэх 120 мянган ам.доллар Н.Энхбаяртай холбоотой гэх. Мэдээж Н.Энхбаярын хувьд Г.Шийлэгдамбын хэлж буйг үгүйсгэж буй ч эл асуудлаар давхар шалгагдаж байна. Ерөнхийдөө АТГ-аас түүнийг энэ бүхэнд буруутай гэж үзэн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан прокурорт шижлүүлсэн гэсэн үг.

Тэгэхээр Г.Шийлэгдамбын Н.Энхбаярын талаар хэлж байсан ноцтой гэмээр мэдэгдлүүд хуулийн байгууллагаар шалгуулаад үнэн мөн нь тогтоогджээ гэж ойлгож болох нь. Өөрөөр хэлбэл, үлгэр үнэн болох цаг айсуй.

Юутай ч санхүүжилт олж ир гэж шахаж шаарддаг, Г.Шийлэгдамбаас 50 мянган ам.доллар авч байсан гээд Н.Энхбаяртай холбоотой олон фактууд тун удахгүй шүүхийн танхимд үнэн мөн нь тогтоогдох нь. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    аймшигтай хүн шүү. нүгэл нүдээрээ гэж
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин
    gargalgaa jinhene utgaaraa yvj bna
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
Сонин хачин