Ангела Маркель бид хоёр төстэй юм уу даа

Станфордын их сургуулийн анхны Монгол багш, Физикийн ухааны доктор Агваанлувсангийн Ундраа:

Тийм ээ, Ангела Меркель бол Германы Канцлер. Онц сурлагатан хүмүүс тэр бүр улс төрч болоод байх нь ховор. Харин дэлхийд алдартай энэ улс төрч бүсгүй Лейпцигийн их сургуулийн физикийн факультетийг дүүргэн Ардчилсан Германы шинжлэх ухааны академийн физик-химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байсан байдаг. Фото түүх булангийн энэ удаагийн баатар мөн физикийн салбарын хүн. 29 насандаа АНУ-ын Хойд Каролинагийн их сургуульд Физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан А.Ундраа эх орондоо газардсан үе нь 2009 он. Ливерморын Үндэсний хүрээлэнд судлаач хийж байсан түүнд Станфордын их сургуульд багшлах боломж тохиосон нь аз гэхээсээ ур чадвар нь дэлхийн хэмжээнийх байсантай холбоотой. Сургуульдаа багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээний 60 гаруй бүтээлээ нийтлүүлсэн. Монголоос Станфордод суралцсан хүн бид хэдийг мэдэх билээ? Тэгвэл багшилж байсан анхны монгол хүн, монгол бүсгүй сонин содон хүн байлгүй яахав. Эцэг эх бүр хүүхдээ ирээдүйд эрдэм мэдлэгтэй хүн болоосой гэж хүсдэг. Тэгвэл хэрхэн охиноо түүн шиг доктор болгох вэ? Бүр дэлхийн хэмжээний ...

Неругийн захидлаар хүмүүжсэн хүүхэд нас

Одоогийн доктор А.Ундраа 6 настай сургуульд орж байж. Тооны багш ээж, уурхайчин аавын том охин болон мэндэлсэн тэрбээр багаасаа физик, математикт дурласан. Онц сурлагатан, олимпиадын аварга. Түүний аав охиндоо Энэтхэгийн ерөнхий сайд асан Жавахарал Неругийн 3 боть номыг 7 настайд нь авч өгч байсан гэдэг. Хожим энэ хүний охин Индра Ганди Энэтхэгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон билээ. Аав нь шоронд байхдаа бяцхан охиноо өөрийн захидлаар хүмүүжүүлсэн нь ном болсон түүхтэй. Бяцхан охин А.Ундраа аавынхаа өгсөн номнуудыг уншиж ээжийнхээ ярьж өгсөн үлгэрүүдийг сонссоор бодит ертөнцөөс тасарчихсан гэлтэй. Тиймдээ ч багаасаа номон дээр гардаг эрдэмтэд шиг хүн болно доо гэж мөрөөдөх болжээ. Хувь тавилан хүний бодсон бодлын бодит тусгал, мөрөөдлийн зүг хөдөлдөг. Энергийн хүч таталцлын хууль энэ бүсгүйн амьдралд бодит утгаараа биелсэн гэмээр. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монголын сурагчдын онцгой авьяасыг эрт нээн илрүүлж эрчимтэй хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан МУИС-ийн дэргэдэх Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид охин Налайхаасаа шалгарав. Онц суралцсан охин МУИС-д элсэн Монгол улсад магистрын сургалт шинээр нээгдэхэд анхны суралцагчаар мөн элссэн байдаг. Физикийн чиглэлээр 22 насандаа магистрын диплом хамгаалсан нь түүний эрдмийн зам, жимийн эхлэл байв.

Хилийн чанад ба залуу нас

Үеийнхэн нь их сургуулиа төгсөж байхад аль хэдийнэ магистрын дипломоо гардсан Ундраа. Эргэлзэх зүйл үнэндээ байсангүй. ЮНЕСКО-гийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч залуу магистр Итали улсын Триест хотыг зорилоо. Физикчдийн мөрөөдөл болсон Олон Улсын Онолын Физикийн Төвд Их энергийн физикийн чиглэлээр суралцан дипломаа хамгааллаа. Бүсгүй төрөлх МУИС-даа Онолын физикийн тэнхимд орны онол, цахилгаан соронзон динамик зэрэг хичээлүүдийг зааж байв. Мэдээж тэнхимийнхээ хамгийн залуу багш. Эхэнд өгүүлсэнчлэн эрдмийн ажлаа толгой өөд таталгүй хийсээр 29 насандаа докторын зэрэг хамгаалж нэр хүнд бүхий Ливерморын Үндэсний хүрээлэнд ажиллаж байхдаа Станфордод багшлах боломжтой болсон юм. АНУ-д тэр амьдралынхаа арав гаруй жилийг өнгөрүүлсэн. Харин загварын эх орон Итали түүний залуу насны мөчлөгт тохиосон нэгэн үе. Аливааг хэрхэн хийвэл хийсэн шиг хийх, амарвал хэрхэн амарсан шиг амрахыг тэр Италиас сурсан. Итали хүмүүс юманд ур дүйтэй бүтээл туурвин туурвитлаа орхидоггүй нямбай чанартай учраас хувцас загвар, гайхалтай бүтээн байгуулалт, уран зургийн үе дамжсан суут бүтээлүүд, хамгийн наад зах нь салахын аргагүй амтат хоол … Харин Америк бол орон орны хүмүүсийн чуулбар болсон асар том ертөнц. Тэнд зөвхөн чадвар л чухал. Тиймдээ ч буурай орны залуу бүсгүй гэх өнцгөөс түүнийг нэг ч удаа харж байсангүй. Ямар ч гадуурхал хийрхэл, хоосон амбицгүй энэ ертөнц түүнд хүссэнээрээ хөгжих өөрийгөө танин мэдэх боломж олгосон. Дэлхийд алдартай сургуульд эгэл жирийн бүсгүй багшилж болж буй нь магад бидний ярьсаар бичсээр ирсэн даяаршлын бодит илрэл юм уу даа.

Олонтой докторын Монгол дах гялбаа

Цэл залуухан доктор бүсгүй эх орондоо газардсан 2009 он Монголын уул уурхайн өсөлт мэдрэгдэж эхэлж байсан мөч байлаа. Энэ л үед одоо ч ирээдүйд ч домог болон яригдах Оюутолгойн гэрээ үзэглэгдэж, ураны тухай хууль, санал санаачилга гарч, хөрөнгө оруулагчид хил дээр багтаж ядан овоорсон. А.Ундраа цөмийн энерги, ураны талаар олон жилийн туршлага, сурсан мэдсэндээ үндэслэн дуу хоолойгоо гаргаж байв. Уул уурхай хэмээх асар өргөн цараатай хүнд сэдвийг монголчууд угийн онцгой ой тогтоолтойнхоо хүчээр маш богино хугацаанд ойлгож авсан онцгой цаг мөч. Д.Зоригт салбарын сайд байх үед залуу доктор зам мөрийг нь чиглүүлэлцэж байв. Тэр монголд шинэ хүн. Харин мэдлэг нь түүнийг олонтой хурдан ойлголцолд хөтөлж байв. Эх орондоо ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, ГХЯ, ЭБЭХЯамны сайдын зөвлөхөөр тэр ажиллаж байсан. Бас нэг содон орон тоог энд дурдах хэрэгтэй. ГХЯамны Тусгай үүрэг гүйцэтгэгч анхны эмэгтэй Элчин сайдаар А.Ундраа ажилласан байдаг. Гайхалтай! Түүний нэрний урд “анхдагч” гэдэг тодотгол хэдэнтээ дурдагдсаныг та анзаарсан байх. Юмыг эхлүүлэх хамгийн хэцүү. Нэг эхэлчихсэн байхад цаашаагаа хөтлөгдөөд явчихдаг нь нотлогдсон үнэн. Тэр юм болгоны эхлэлийг тавьж байлаа. Харин хэмжүүр, жишиг нь жирийн хүмүүс хүрэхэд арай өндөр босготой байсан байж мэдэх юм. Гэхдээ зүгээр. Босго өндөр байх тусам үлдэх үлдэц арвин билээ.

Гэр бүл

Ангела Меркелийн нөхөр Йохам Зауэр дэлхийд нэртэй химич эрдэмтэн. Харин А.Ундраагийн нөхөр мөн л түүнтэй адил физикийн салбарын эрдэмтэн юм билээ. Арван зургаан насандаа учирсан анхны хайрын эзэн нь түүний ирээдүйн хань, хоёр хүүхдийнх нь аав болох учиртай байж. Охин яг л мөрөөдлийнхөө дагуу амьдарсан. Хайртай хүнтэйгээ сууна, эхлээд нэг хүүхэд гаргана, эрдэмтэн болно, дараа нь бага хүүхдээ гаргана гэж дуржигнуулсан охин ирээдүйн нөхөртөө гүн сэтгэгдэл үлдээснээ хожим мэдсэн. Тийм зоригтой мөрөөдөгч, оо энгэсэгний оронд ном дэвтрээр цүнхээ дүүргэсэн, үлгэрт итгэмтгий цайлган охин ... Хичээл хийдэг, онц сурдаг охид хөөрхөн байдаг гэдэг. Ертөнц нь хөөрхөн, дэндүү гэгээн учраас тэр байх л даа. “Ном уншдаг хүнтэй л гэрлээрэй” гэж орчин цагт ярих болсон. Хэрэв бодит дүр нь ямар байх талаар уншигч дүү нар бодоод олоогүй бол доктор А.Ундраагийн түүх танд хүүрнэж буй нь энэ.

Карьер

-А.Ундраа 2009 оноос “Монголын залуу удирдагчдын хөтөлбөр”-ийг санаачлан зохион байгуулсан. Өдгөө 100 гаруй залуус эгнээнд нь нэгдээд байна. Тэрбээр АНУ-ын Эрчим хүчний яамны шилдэг судалгааны шагнал, 2012 онд Азийн Нийгэмлэгийн “Asia 21”-ийн шилдэг залуу удирдагч”-аар шалгарчээ. Мөн Америкт төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч.

-Түүний докторын зэрэг хамгаалсан бүтээл нь салбарынхаа шилдэг бүтээлээр шалгаран АНУ-ын Нэнси Поллокийн нэрэмжит шагналаар шагнуулсан. Хийсэн нээлтийг нь анагаах ухаан, мэдээллийн технологи, үнэт цаасны зах зээл зэрэг олон салбарт хэрэглэсэн байдаг.

-Тэрбээр АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморын Үндэсний хүрээлэнд судлаачаар ажиллаж багаа амжилттай удирдан Онц тэргүүний судалгааны шагнал хүртэж байв. Станфордын их сургуулийн Олон Улсын бодлого судлалын тэнхимд багшлахдаа судалгааны ажил хийж 60 гаруй бүтээл хэвлүүлсэн. Энэ нь олон улсын тэргүүлэх зэргийн сургуулиудын дунджаас 2-3 дахин давуу бүтээлчид тооцогдох үзүүлэлт.

-Доктор А.Ундраа Америк, Орос, Хятад, Япон, Норвеги, Чех, Гуатемала, Швейцарь зэрэг олон оронд уригдан илтгэл лекц уншиж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан эрдэмтэн.

-Түүний Африк тивийн Өмнөд хэсгийн улс орнуудын цахилгаан шугам сүлжээний бат бэх байдлын болон эрсдлийн шинжилгээ хийж санамсаргүй матрицын онолын арга боловсруулан “Ухаалаг Цахилгаан Шугам Сүлжээний /Smart-grid/ анализийн арга” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн нь олон оронд өргөнөөр тархаж буй.

-А.Ундраа Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд байх хугацаандаа уран, газрын ховор элементийг ашиглах олборлох чиглэлийн бодлогын асуудлууд, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудал, Монгол улсын Цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаар ажилласан.

-Тэрбээр АНУ-д төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр мөн ажиллаж байв.

-2012 онд Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах занар болон нүүрсний давхаргын метан хийг ашиглах чиглэлээр ажилласан.

-Тэрбээр 2007 онд Монгол, Америкийн хэсэг эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүдийн хамтаар Монгол-Америкийн шинжлэх ухааны МонАме төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв Митчелл Сан болж үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн нийгэмд үйлчлэх, шилдэг сурагч оюутан залуучуудад тэтгэлэг олгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

- Доктор А.Ундраа Олон Улсын Эмэгтэй Удирдагчдын Форум /International Women Leaders Forum/ зохион байгуулах санаачлагыг УИХ-ын гишүүн С.Оюунтай хамтран гаргасан. Түүний удирддаг МонАме Шинжлэх Ухаан Судалгааны Төв, эрхэм гишүүн С.Оюуны удирддаг Зориг Сан, АНУ-ын Азийн сантай хамтран 2002 оны 7 сард Улаанбаатар хотноо дэлхийн олон орны 100 гаруй шилдэг эмэгтэй лидерүүдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирж хүндэтгэлийн үгээ хэлсэн нь түүхэн үйл явдал байлаа.

Анхдагчийн анхдагч цэл залуухан доктор бүсгүйн амжилт, амьдралын түүх энэ цагт үргэлжлэн бичигдэж буй. Бид сод ухаант Монгол охид, Монгол хөвгүүдээр дэлхийг гайхашруулсан хэвээр буй нь их хувь заяа. Дэлхийн сор сургуульд багшилж байсан, хэмжээлшгүй их оюуны баялаг өөртөө хураасан эрхэм хатагтай танд мэхийе. Сурсан мэдсэн бүхнээ эх орон, элэг нэгтнүүддээ түгээж, мянга мянган залууст дэлхийг ойртуулах гүүр нь болж яваарай. Эх дэлхий эрхэм доктор таны мэдлэгийн охь шимээр энэ Монголыг илүүтэй танин мэдэх болтугай.

Эх сурвалж: "Гранд сэтгүүл" дугаар 81 

Б.Ундрал 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Зочин
    Хятадын эрлийз. Миегомбын Энхболдын хамаатны хүн. Монголд цөмийн хаягдал булшлахыг дэмждэг. Арева-д лиценз авч өгөхөд маш их нөлөө үзүүлсэн эмэгтэй дээ. Яаж ийж байгаад л их хуралд сонгогдчих юм даа
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Төрийн сангийн зээлээр сурсан мөнгөө төлөө авгай минь. Одоо бололцоотой болоо байлгүй
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Ulsturiin zunuglul tuschee huurhii enend
    2016 оны 07 сарын 12 | Хариулах
  • Bor
    Orthodox communist physician
    2016 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Udahgui tsumiin hig hayagdal mongoliin gazar shoroon dor bulshlagdah boljdee
    2016 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Uuruu uuruiguu het duviilgejdee buruu zunuj bgaa yum bndaa huurhii
    2016 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин
    bayngoloos garsan URAN Undraa ene ym uu uranii asuudliig ih demjdeg hun gesen herev tiim asuudal suhugdvul ard tumen delhiigees zailuulna shuu UNDRAA
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • zuv
    Yamar hun songogdchihov doo gej bodoj baisan chin sanasniig bodvol mundag emegtei bnaa. Amjilt ard tumen huleej bgaa shuu !!!
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • зочин
    яасан мундаг бүсгүй вэ,өөрийгээ тэр байтугайтай нь харьцуул,чи чадна
    2016 оны 06 сарын 30 | Хариулах
  • mandarvaa
    yu gene yy tiim tom hyntei ooriigoo haritsuulaj genee
    2016 оны 06 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025